Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/139

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч  В.Батдэлгэр,

 шүүгдэгч Д.М,

 шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гансүх /№1685/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д-ийн М-т холбогдох эрүүгийн 2031001600123 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: И овогт Д.М, Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн “****” суманд төрсөн, 37 настай,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Ш**” ХХК-д ачигч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, * дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/М*********/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

  Шүүгдэгч Д.М нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, 1-13 тоот хашааны гадаа өөрийн эхнэр Ж.Сийг хардалтын улмаас цохиж, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.М нь 2020

оны 05 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, 1-13 тоот хашааны гадаа өөрийн эхнэр Ж.Сийг хардалтын улмаас цохиж, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн: “...Эхнэр Ж.С нь ажлын шугамаар Сэлэнгэ аймгийн “Хушаат” суманд амьдраад 5 жил болж байна. Хагас бүтэн сайнд гэртээ ирдэг юм. Тухайн өдөр залгасан чинь утсаа авахгүй салгаад байсан. Эмнэлгийн жолооч аваад явсан гэсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Ж.С-ий2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 07-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ө” ХХК нь аварга тариаланч хамт олон болсон учир сум орон нутгийн байгууллагуудын удирдлагууд хүлээн авалтад очиж хүндэтгэл үзүүлсэн. Тухайн үед манай нөхөр хамт байсан. Тэгээд хүлээн авалт дуусаад би гэртээ ирэхэд манай нөхөр араас машинтай ирээд “Над руу үлээ” гэхээр нь үлээсэн чинь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Яг тухайн үед манай цэцэрлэгийн үйлчлэгч Б.М, нөхөр болох Н.Б хоёртой манай нөхөр ирсэн байсан бөгөөд тэр 2 юу болсныг харсан. Тэгээд намайг цохисны дараа би “гэртээ орохгүй” гээд Н гэдэг найзындаа очсон. Гэтэл намайг дагаж ирээд “Гэртээ харья” гээд хөл, гараас чирээд миний өвдгийг зулгалж, зүүн гарын бугуй, зүүн гарын булчин хэсгийг хөхрүүлсэн” гэсэн мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Н-н 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би “Юу хийж явж байгаа юм бэ?” гэж асуусан чинь “Д.М намайг зодоод, миний нүүр рүү цохисон” гэж хэлсэн. Д.М Ж.Сийг “Гэр рүүгээ явъя” гээд нилээн удаан маргалдсан. Тэгээд байж байтал Ж.С “Би гэр рүүгээ явахгүй, энд хононо.” гэсэн чинь Д.М түүний хөлөөс чирээд манай гэрээс гарсан. Би “Чи хүн алах нь” гээд салгасан. Тэгээд тэр 2 зогсохгүй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд Ж.С “Би айгаад байна. Та манай гэрт хамт очвол би гэр рүүгээ явъя” гэхээр нь би хамт явж тэдний гэрт хоносон” гэсэн мэдүүлэг[3],

4. Гэрч Н.Б-ы 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэтэл Д.М нь Ж.С-ий нүүр рүү шууд гараараа нэг удаа цохисон. Тэгээд эхнэр бид 2 салгаад Сийг өөрийнхөө машинд суулгасан юм. Тэгтэл Д.М дахиж ирээд машины хаалга онгойлгоод дахиж нэг удаа нүүр рүү нь цохисон. Гэтэл Ж.С “намайг Гэрлээ/ Б.Н/ эгчийнд хүргээд өгөөч” гэхээр Д.Мын хамт хоёуланг нь машинд суулгаад аваад явсан. Тэгээд хүргэж өгчихөөд бид 2 гэр рүүгээ явсан юм” гэсэн мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн 143 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ж.С-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун  зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Ж.С-ийн биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэж цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6.Яллагдагч Д.Мын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би эхнэр Ж.Стэйгээ маргалдаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Мөн ******* гэдэг айлд очоод гэрээс нь гарахгүй гээд байхаар нь 2 гараас нь татаж чангаасан” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Д.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[7], Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], Хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын санал[9] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.С хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Дийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Дийн Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 17 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 34 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 37 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 38 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 54 дүгээр тал