Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2231000110011 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 65 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Хуурч 2 дугаар баг, Хойд гарам 4 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамж, 17 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй

******* овогт ******* Энхболд /РД:,/

Холбогдсон хэргийн талаар, /яллах дүгнэлтэд дурьдсанаар/, :

Шүүгдэгч А.Энхболд нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн 10-82 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ хадам эцэг болох ******* толгой тус газар нь заазуураар цохиж биед нь дагзны баруун хажуу, зүүн чамархайн ар хүзүү, хурууны үзүүр хэсэгт зүсэгдсэн шарх, цээжинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй ...” гэжээ

Шүүгдэгч*******ын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А Баясгалангийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 223100110011 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл мөн санал хүсэлт байхгүй.....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хохирогч ******* 2021 оны 12 дугар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүргэн******* архиндаа согтоод агсан тавих маягтай болоод байхаар нь гэрээс гарахаар гэрийн үүдэнд ирсэн чинь намайг зүүн гараараа заамдаж татаж унагаагаад баруун гартаа барьсан байсан манай талх зүсдэг заазуураар миний толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч ******* 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхрийн хамтаар 10 цагийн үед Цагааннуур сумын 9 дүгээр баригдаад гэх газар өвөлжөөн дээрээ байж байгаад наашаа машинтайгаа явж байсан чинь машины маань нэг дугуйны боолтууд нь тасраад ганцхан боолтоор нь зөөлхөн яваад Энхболд ахын хашаанд оруулаад жижиг машинаа тавьчхаад гэрлүү нь орсон чинь Энхболд ах согтуу гэртээ унтаж байсан. Тэгээд нөхөр бид хоёр Бадамханд эгчтэй юм ярьж байсан чинь Энхболд ах сэрээд бид хоёртой мэнд ус болчхоод бид хоёр яарч байна гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд гэртээ очоод байж байтал манай хашаан дотор машин ирээд сигналдаад байхаар нь манай охин ******* хаалга онгойлгож хараад Энхболд ах байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Гантөмөр машинаа үзэх гэж гараад эргэж орж ирээд Энхболд ах хөл нүцгэн явж байна ш дээ гэж хэлээд Уянгааг наад углаашаа тайлаад өгчих гэхээр нь гаргаж углааш өмсүүлээд манай нөхөр Энхболд ахтай хамт гэрт орж ирсэн юм. Ингээд манайд орж ирээд бид хоёртой юм ярьж байгаад бид хоёр хөдөө явах гэж байна гэж хэлсэн чинь өө тэгвэл би аавтай орж юм ярина гээд гарсан. Тэгээд би яг хөдөө явахын өмнө аав би хөдөө явлаа гэж хэлхээр ороход аав Энхболд ах хоёр зүгээр юм яриад сууж байсан. Тэгээд хөдөө мал дээрээ очоод эргээд гэрлүүгээ явж байтал 16 цагийн үед манай том охин Уянга миний утас руу залгаад Энхболд ах өвөөг ална гээд гэр тойруулаад хөөгөөд байна гэж хэлсэн, тэгэхээр нь би миний хүү өвөөгөө хамгаалаад гэртээ оруулаад байлгаж бай гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг байж байгаад залгасан чинь манай охин өвөөгөөс цус гараад байна ш дээ хурдан ирээч ээ гээд байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг гэрийн гадаа ирээд машинаа зогсооход Энхболд ах гэрийн тотгоны эсгийг онгойлгоод хаалгаа онгойлгохгүй бол бүгдийг чинь ална шүү гээд орилж байсан. Ингээд би юу? болсон талаар асуухад би яагаач үгүй гээд байхаар нь гэрлүү орсон чинь аав маань цустайгаа хутгалдсан байдалтай цус нь тогтохгүй байхаар би эмнэлэг цагдааруу дуудлага өгсөн юм. Ингээд би Энхболд ахад яагаад ингэсэн талаар асуухад би ямар ч хамаагүй гээд орилоод байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аавын аваад явсан юм....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ******* 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энхболд ах өвөөгийн гэр рүү орж байгаа харагдсан юм. Тэгээд гэртээ ороод 30-с 40 минутын дараа манай өвөө “Уянгаа” гээд маш чанга орилохоор нь гэрээсээ гүйгээд гарсан юм. Тэгсэн чинь өвөө хоёр гэрийн гол хэсэгт хүзүүнээс нь их цус гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод гэр лүү оруулах гээд дагуулаад явж байхад өвөө “авраарай наадах чинь алах нь байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...би гэртээ байж байхад өвөө Уянгаа гээд чанга орилсон. Тэгээд Уянга аниа гэрээс гарахад өвөө хоёр гэрийн хооронд зогсож байсан. Тэгсэн Энхболд “алнаа” гээд орилсон. Өвөө тэгээд тонгойгоод байсан чинь хуруунаас нь чихний араас нь цус газар унаад байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү болох Бадамзул анх над руу өөрийн 88393668 гэсэн дугаараас залгаад “Энхболд ах заазуур хутга бариад аавыг цус нөжтэй нь холиод хаячихсан байна ш дээ. Аав энд үхлүүт хэвтэж байна" гэж хэлэхэд нь би анх ийм хэрэг болсон талаар мэдсэн. Тэгээд утсаар ярьсны дараа гэрээсээ гараад аавын гэрлүү хүргүүлэхээр гэх найзруугаа залгаад гэрт нь хүргүүлсэн юм. Ингээд аавын хашаанд ирэхэд Энхболд өөрийнхөө машины урд зогсож байхад нь цагдаа ирчихсэн Энхболдыг машиндаа суулгаж байсан юм. Ингээд юу болсон талаар асуугаад аавыг эмнэлэг рүү аваад явсан гэж сонсоод эмнэлэг рүү яваг гэж байхад цагдаа залуу та суучих таныг эмнэлэг рүү дөхүүлээд өгөе гээд намайг эмнэлгийн гадаа буулгаад Энхболдыг аваад явсан....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.******* биед дагзны баруун хажуу, зүүн чамархайн ар хэсэг, хүзүү, хурууны үзүүр хэсэгт зүсэгдсэн шархтай, цээжинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-13 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 14 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 32-36 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42-43 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Энхболд нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн 10 дугаар гудамжны 82 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ хадам эцэг болох ******* толгой тус газар нь заазуураар цохиж биед нь дагзны баруун хажуу, зүүн чамархайн ар хэсэг хүзүү, хурууны үзүүр хэсэгт зүсэгдсэн шарх, цээжинд улаан хүрэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь    

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, прокурорын тогтоолтой маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч *******   “...манай хүргэн******* архиндаа согтоод агсан тавих маягтай болоод байхаар нь дөхөж очсон ... зүүн гараараа заамдаж татаж унагаагаад баруун гартаа барьсан байсан манай талх зүсдэг заазуураар миний толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг, гэрч *******, Г.Мөнхнаран, Б.Бадамханд, Б.Бадамзул нарын болсон үйл явдлын талаар өөрийн харсан, мэдэх зүйлээ хэлж мэдүүлсэн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн “... ******* биед дагзны баруун хажуу, зүүн чамархайн ар хэсэг, хүзүү, хурууны үзүүр хэсэгт зүсэгдсэн шархтай, цээжинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч А.Буриад нь шүүгдэгч*******оос хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.    

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг ахуйн хэрэглээний заазуурыг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбат нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ