Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2019/0051/З |
Дугаар | 110/ШШ2020/0061 |
Огноо | 2020-10-09 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2020/0061
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: А.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сонгуулийн хороонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сонгуулийн хорооны тус сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшигчийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.Мийг сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сагсай сумын сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Алтангүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгуулийн хорооны дарга Х.Е болон Я.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сагсай сумын сонгуулийн хороо нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч А.Мадетханыг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Гэвч сумын сонгуулийн хороо нь энэ талаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сагсай сумын Ардчилсан намын даргад утсаар мэдэгдсэн. Сагсай сумын Ардчилсан нам нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай мэдсэнээс хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр намын Тэргүүлэгчдийг хуралдуулж, А.Мадетханы оронд Ардчилсан намын гишүүн миний бие А.Мийг нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, сумын сонгуулийн хороонд нөхөн нэр дэвшигчийг бүртгүүлэхээр холбогдох материалыг хамт хандсан билээ. Гэвч Сагсай сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэсний дараа бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон учраас бүртгэх боломжгүй, Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзаж, нэр дэвшигчийг хасах нь зүйтэй байна гэдгээ мэдэгдсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “...тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нөхөн нэр дэвшигчийн ирүүлсэн холбогдох баримт бичгийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд бүртгэх ёстой гэж үзэж байна. Сумын сонгуулийн хороо нь хуульд заасан хугацаанд нөхөн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас А.М миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх минь зөрчигдөж байна гэж үзэж байна. Иймд Сагсай сумын сонгуулийн хорооны сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшигчийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сагсай сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшигч А.М намайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сагсай сумын сонгуулийн хороо хуулийн хугацаанд багтааж ажлаа сайн хийгээгүй.
Түүнээс болж Сагсай сумын Ардчилсан нам болон иргэн А.Мий хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн учраас шүүхэд хандсан. Сонгуулийн хороо аливаа асуудлыг хугацаандаа шийдвэрлэж, энэ талаар аль аль талдаа хугацаандаа мэдэгдэх ёстой. Тэрний дагуу бид нөхөн нэр дэвшүүлэх асуудлыг шийдэх ёстой байсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд 2020 оны 9 дүгээр сарын 20-ний өдрөөс өмнө нөхөн нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх заалт байгаа.
А.Мээс өмнө Сагсай сумын Ардчилсан намаас А.Мадетхан гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн байсан. А.Мадетхан нь Сагсай сумын 6 дугаар багт 180 хоногоос бага хугацаанд оршин суусан. Өөрөөр хэлбэл сонгуулийн ажилд оролцохоос өмнө 180 хоног тухайн багт амьдарсан байх ёстой гэдэг үндэслэлээр хасаж, бүртгэхээс татгалзсан гэсэн шийдвэрийг бичгээр биш, амаар 9 дүгээр сарын 21-ний өдөр үдээс хойш утсаар хэлсэн. Уг нь 09 дүгээр сарын 20-ний өдрөөс өмнө хэлсэн бол бид нар хугацаандаа багтааж, дараагийн хүний нэрийг дэвшүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Тэгээд тэр даруйдаа Сагсай сумын Ардчилсан намын Тэргүүлэгчид хуралдаад А.Мадетхан нь нэр дэвшигчээс хасагдвал бид өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх ёстой гэж үзээд, А.Мд “манай намаас нэр дэвшиж өгөөч” гэж тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн учраас Сагсай сумын Ардчилсан намаас тогтоол гаргаж, Сагсай сумын сонгуулийн хороонд А.Мадетханы оронд А.Мий нэрийг дэвшүүлсэн тухай шийдвэрийг хүргүүлсэн. Гэтэл Сагсай сумын сонгуулийн хороо А.Мийг бүртгэхгүй гэдэг хариу өгсөн гэв.
Нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Сагсай сумын сонгуулийн хороо санаатайгаар нөхөн нэр дэвших боломжийг хаасан. Анзаараагүй гэдэг үйлдлийн улмаас намын эрх ашиг, цаашлаад нөхөн нэр дэвших боломжийг хааснаар нэр дэвшигчийн эрх ашиг хохирч байна. Анзаараагүйн улмаас хэн нэгний эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Сонгуулийн хорооны алдааны улмаас нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа учраас нөхөн нэр дэвших боломжийг хангах нь зүйтэй гэсэн саналтай байна. Сумын сонгуулийн хороо 7 хоногийн хугацаанд тухайн зөрчлийг тогтоох ёстой байсан. Энэ нь хуулиар олгогдсон сонгуулийн хорооны эрх үүрэг байгаа. Захиргааны үйл ажиллагааны зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан. Тэр зарчмын хүрээнд Сагсай сумын Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нөхөн нэр дэвшигчийг бүртгэж, сонгуульд оролцох боломжийг олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад “дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно”, 33.1.1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, 33.1.2 нэр дэвшигч нас барсан, 33.1.1 нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн гэж тус тус тодорхой зааж өгсөн тул А.М нь хуулийн энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүйгээс нөхөн нэр дэвшигчээр бүртгэгдээгүй.
Сагсай сумын Монгол Ардын намын хорооны даргаас 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/12 тоот албан бичгээр 16:50 цагт ирүүлсэн гомдлын дагуу 6 дугаар багт нэр дэвшигч А.Мадетхан нь тухайн орон нутагт санал авах өдрөөс 180 доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн эсэх талаар нотлох баримтуудыг цуглуулж, судлах явцад сумын сонгуулийн хороо 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.Мадетхантай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Харин Сагсай сумын Ардчилсан намын хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 34 тоот албан бичиг ирүүлэн, Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг илт зөрчиж, А.Мадетханыг бүртгэлээс хасаж, оронд нь А.Мийг нөхөн бүртгэж өг гэж тулган шаардсан. Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлэх тухай ирүүлсэн хүсэлтэд хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу нөхөн нэр дэвшигчийн бүрдүүлж ирүүлэх бичиг баримтыг бүрдүүлж ирүүлээгүй, зөвхөн тогтоол, албан бичиг л авч ирсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал мөн байсан. Тиймээс нөхөн нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй гэдгийг тайлбарлан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ардчилсан намын даргад бичгээр хариу өгсөн. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.11 дэх хэсэгт нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан бөгөөд сумын сонгуулийн хорооноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан. Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу сумын Монгол Ардын намын хорооноос ирүүлсэн гомдолд нэр дурдагдсан, нэр дэвшигчдэд холбогдох зөрчлийг нотлох бичиг баримтыг судлан үзэж, нэр дэвшигч А.Мадетхан нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй байгаа нь нэр дэвшигчийг бүртгэсний дараа тогтоогдсон тул 6 дугаар багийн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах тухай шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Сагсай сумын Ардчилсан намын даргаас бичгээр 09 дүгээр сарын 21-ний өдөр нөхөн нэр дэвшүүлж тогтоол гарган, хүсэлт ирүүлснийг сонгуулийн хороо хүлээн авч нөхөн нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл байхгүй байсан. Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан нөхөн нэр дэвшүүлэх хугацааг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө, 33 дугаар зүйлийн 33.1.1-д сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болох талаар тодорхой заасан ба Ардчилсан намаас А.Мийг 09 дүгээр сарын 21-ний өдөр нөхөн нэр дэвшүүлж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал юм.
А.М нь нэхэмжлэлдээ “Сагсай сумын сонгуулийн хороо нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч А.Мадетханыг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан, гэвч сумын сонгуулийн хороо нь энэ талаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сагсай сумын Ардчилсан намын даргад утсаар мэдэгдсэн” гэсэн ойлгомжгүй байдал төрүүлсэн, төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээлэл өгсөн байна. Энэ талаар тодруулан тайлбарлавал, сумын Сонгуулийн хорооны дарга Сагсай сумын Монгол Ардын намын ирүүлсэн гомдлыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу Ням гаригийн 16:50 цагт сумын Сонгуулийн хорооны өрөөнд хүлээн авч, Ардчилсан намаас 6 дугаар багт нэр дэвшигч А.Мадетханд 17:28 цагт, Монгол Ардын хувьсгалт намаас 7 дугаар багт нэр дэвшигч Т.Хангайд 17:33 цагт, Сагсай сумын Ардчилсан намын дарга Б.Бад 20:34 цагт тус тус утсаар мэдэгдэж гомдолтой танилцах, нотлох баримтуудаа авч ирэхийг утсаар хэлсэн ба А.Мадетханыг бүртгэхээс татгалзах, эсвэл хасах тухай яриагүй. Маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдолд нэр нь дурдагдсан 3 нэр дэвшигч ирж гомдолтой танилцаад, тайлбар, нотлох баримтуудыг өгсөн боловч А.Мадетхан нь Цэнгэл сумд явж байгаа тухай утсаар хэлээд, 17:00 цаг хүртэл очиж, нотлох баримтаа хүргүүлж өгнө, Монгол Ардын намаас ирүүлсэн гомдол нь үндэслэлгүй байна гэж мэдэгдсэн.
Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.Мадетхан өөрөө ирээгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын сонгуулийн хороо аймгийн Улсын бүртгэлийн газарт бичиг явуулж, хариуг авсны дараагаар асуудлыг судалж үзээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19:30 цагт хуралдаж нэр дэвшигч А.Мадетханыг бүртгэлээс хассан тухай шийдвэр гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ардчилсан намын даргад албан бичгээр мэдэгдсэн . Иймд А.Мий нэхэмжлэл үндэслэлгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Шүүхэд А.М гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байгаа боловч Сагсай сумын Ардчилсан намын асуудал яригдаж байгаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-д зааснаар Улсын Их Хурлаас 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгуулийг явуулахаар тогтоол гарсан байгаа. Сагсай сумын сонгуулийн хороо хариуцлагатай ажилласан гэж үзэж байгаа. Нэр дэвшигч А.Мадетханы асуудлын хувьд тухайн нам нь нэр дэвшүүлсэн хүнийхээ оршин суугаа газрыг тодорхойлох ёстой. Нам өөрөө нэр дэвшүүлж байгаа учраас энэ нь намын хариуцах асуудал. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тухайн нэр дэвшигч Сагсай суманд оршин суух ёстой гэдгийг хуулиар зохицуулсан. Ардчилсан нам өнөөдөр сонгуулийн хороог буруутгаж байгаад нь гайхаж байна. Нам өөрөө тухайн нэр дэвшүүлж байгаа 27 хүний материалыг хуулийн дагуу улсын бүртгэлд хандаад бүрдүүлэх ёстой. Материалаа бүрдүүлж өгөөгүйгээс болж нэр дэвшигч А.Мадетхан хасагдаж байгаа.
А.Мадетханы асуудалд дан ганц сонгуулийн хороо биш нэр дэвшүүлсэн субъект өөрөө буруутай. 180 хоногоос доошгүй хоногийн өмнө тухайн Сагсай суманд оршин суугаагүй хүнийг яагаад нэр дэвшүүлж байгаа вэ, материалаа яагаад хараагүй юм бэ. Үүнийг анзаарах ёстой байсан.
Дараагийн асуудал үндсэн маргаан байгаа. Хуулиар санал авах өдрөөс 25 хоногоос доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно гэж байгаа. 23-24 хоног байвал өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломж байхгүй. Тийм учраас Сагсай сумын сонгуулийн хороо энэ асуудлыг хуралдаанаар хэлэлцээд, Сагсай сумын Ардчилсан намын хорооны А.Мийг нөхөн нэр дэвшигчээр бүртгэх тогтоолыг хүлээж авахгүй гэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлтэй, ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй байхгүй. Мөн Ардчилсан намаас нэр дэвшихийг зөвшөөрч байна гэсэн баталгаа байх ёстой. Түүнээс гадна хуульд заасан тусгай шаардлагууд байгаа. Энэ шаардлагуудад холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх ёстой.
Хуульд заасан шаардлагын дагуу нөхөн нэр дэвшүүлсэн А.Мд холбогдох материалуудыг өгөөгүй. Өөрсдөө бичиг баримтуудыг дутуу бүрдүүлж өгсөн, энэ шаардлагуудыг хангаагүй тохиолдолд нөхөн нэр дэвшигчээр бүртгэх ямар ч боломж байхгүй. Сонгогдох эрх нь байна. Гэхдээ намын байгууллагын зүгээс нэр дэвшүүлэх ажиллагаанд хариуцлагагүй хандсан асуудал байгаа. Өнөөдөр нөхөн дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгаж өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сонгуулийн хорооны тус сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшигчийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.Мийг сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан журмаар Сагсай сумын Хурлын сонгуульд сумын Ардчилсан намын хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор нэр дэвшүүлсэн А.Мадетхан нарын 27 нэр дэвшигчийг Сагсай сумын сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор “хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан” гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэсэн байна. Ийнхүү сумын сонгуулийн хорооноос сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсний дараа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сагсай сумын Монгол Ардын намын хорооноос сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Мадетханд холбогдуулж, түүнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ...тухайн сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн...иргэн тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, 01/12 дугаартай албан бичгээр гомдол гаргасан байжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгнө.”, 14 дүгээр зүйлийн 14.10-т “...сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна.” гэж тус тус зааснаар Сагсай сумын сонгуулийн хорооноос гомдлын үндэслэлийг шалгаж үзээд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн А.Мадетхан нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны 1/1268 дугаар албан бичгээр тогтогдсоноор хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлэж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн А.Мадетханыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэжээ.
Хуулийн[1] 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд 32 дугаар зүйлийн 32.1.2-т зааснаар энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй нь 32.1-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно гэж заажээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч А.Мадетхан нь дээрх байдлаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй буюу хуульд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй нь түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор байгаа ба энэ нь түүнийг нэр дэвшигчээр бүртгэсний дараа тогтоогдсон байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сагсай сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигч А.Мадетханыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан, нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Сагсай сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигч А.Мадетханд холбогдох гомдлыг шийдвэрлээгүй байхад Ардчилсан намын хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өдрийн 07 дугаартай тогтоолоор “...нэр дэвшигч А.Мадетханыг сумын сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан” гэх үндэслэлээр түүний оронд А.Мий нэрийг дэвшүүлж шийдвэрлэснийг мөн өдрийн 34 дугаартай албан бичгээр сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн байх ба сумын сонгуулийн хорооноос нэхэмжлэгчийг сонгуульд нөхөн нэр дэвшигчээр бүртгээгүй байна.
Нэхэмжлэгч талаас “...Сагсай сумын сонгуулийн хороо нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сумын Ардчилсан намаас нэр дэвшигч А.Мадетханыг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Энэ талаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ардчилсан намын даргад утсаар урьдчилж мэдэгдсэнээс хойш мөн өдөр намын Тэргүүлэгчид хуралдаж, А.Мадетханы оронд А.Мийг нөхөн дэвшүүлэх ажиллагаа явуулж, нөхөн нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох материалын хамт сумын сонгуулийн хороонд хандсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т ”Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар нөхөн нэр дэвшигчийн ирүүлсэн холбогдох баримт бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэх ёстой.” гэж тайлбарлан маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.” гэж зааснаар нам, эвслийн нэр дэвшүүлэх ажиллагаа нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусах бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж зааснаар Сагсай сумын Ардчилсан намын хороо нь А.Мадетхан нарын 27 нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг сумын сонгуулийн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хуулийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж зааснаар Сагсай сумын сонгуулийн хорооноос Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн А.Мадетхан нарын 27 нэр дэвшигчийн материалыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуульд заасан хугацаанд багтааж нэр дэвшигчээр бүртгэж шийдвэрлэсэн байжээ.
Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно.” гэж, үүнд 33.1.1-д нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, 33.1.2. нэр дэвшигч нас барсан, 33.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн гэж, 33.2-т “Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан байх ба нэхэмжлэгчээс сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигч А.Мадетханыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэснийг хуулийн 33.1.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан гэх үндэслэлд хамааруулж, нэхэмжлэгч А.Мийг нөхөн нэр дэвшүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн Ардчилсан намын хорооны мөн өдрийн тогтоолыг сумын сонгуулийн хороо хүлээж авсны дараа 33.2-т заасан хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэх асуудлыг шийдвэрлэх ёстой гэж маргасан нь буруу байна.
Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг эрх бүхий этгээдээс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар товлосноор 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болох хугацаа нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөөс өмнө байх бөгөөд энэ үед хуульд заасан үндэслэл үүссэн тохиолдолд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болохоор байна.
Хуулийн 33.1.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан гэдгийг нэр дэвшигчийг бүртгэсний дараа хасах шийдвэр гарсан тохиолдлыг ойлгохгүй бөгөөд үүнд хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д заасан сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан буюу бүртгэсэн шийдвэр гаргаагүй тохиолдол хамаарна.
Өөрөөр хэлбэл Сагсай сумын сонгуулийн хороо нь Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн А.Мадетханы холбогдох материалыг дээрх байдлаар 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсны дараа хэрэв түүнийг 7 хоногийн хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөрт багтааж бүртгэхээс татгалзсан тохиолдолд Ардчилсан намын хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө өөр хүний нэрийг дэвшүүлж болох бөгөөд энэ тохиолдолд сумын сонгуулийн хороо нь нөхөн нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг хуулийн 33.2-т зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл шийдвэрлэхэд хамааралтай юм.
Хэргийн үйл баримтаас үзэхэд сумын сонгуулийн хороо нь хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ А.Мадетханыг бүртгэхээс татгалзаагүй бөгөөд түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 02 дугаартай тогтоолоор гаргасан байх ба ийнхүү бүртгэсний дараагаар нэр дэвшигч А.Мадетхан нь хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй нь тогтогдсоноор нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн тохиолдолд өөр нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлж болохоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зохицуулагдаагүй.
Ийнхүү сумын сонгуулийн хорооноос хуулийн 74.1-д заасан үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс А.Мадетханыг хугацааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хассан байхад нэхэмжлэгчийг нөхөн нэр дэвшүүлэхээр Ардчилсан намаас сумын сонгуулийн хороонд хандсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талаас сумын сонгуулийн хороо нь анх нэр дэвшигч А.Мадетхан нь хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй зөрчлийг бүртгэлийн хугацаанд илрүүлж, бүртгэхээс тухайн үед татгалзаагүй нь хууль бус бөгөөд хуулийн хугацаанд нөхөн нэр дэвших, улмаар сонгогдох эрхийг маань зөрчсөн гэж маргасан.
Энэ асуудлаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Сагсай сумын Ардчилсан намын хорооны дарга Б.Баас “Бид анх нэр дэвшигч А.Мадетхан нь 180 хоногоос дээш хугацаанд Сагсай суманд оршин суусан эсэхийг сайн мэдээгүй. Өөрөө манай намаас нэр дэвших тухай саналаа ирүүлсэн учраас намын хорооноос зөвшөөрч, нэр дэвшүүлсэн ба энэ үед холбогдох 10 гаруй материалыг хуулийн дагуу бүрдүүлээд өгсөн.” гэж, хариуцагч тус сумын сонгуулийн хорооны дарга Х.Еээс “Сонгуулийн хороо намуудаас ирсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад, 7 хоногийн хугацаандаа судалж үзсэний дараа нэр дэвших боломжтой байна гэж үзээд бүртгэсэн. Хуулийн 5.2-д заасан “... 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн…” гэсэн шаардлагыг нэр дэвшигч А.Мадетхан нь хангах эсэхийг бүртгэх явцад анзаараагүй байна. Яагаад гэвэл нэр дэвшигч нарын цахим үнэмлэхийн хойд талд оршин суух хаяг нь өөр өөрөөр бүртгэлтэй байдаг. Нэр дэвшигч материалаа үнэн зөв, бүрэн бүрдүүлж ирэх ёстой. Тэр утгаараа материалаа бүрэн гүйцэд ирүүлсэн гэж сонгуулийн хороо үзээд, тухайн үед бүртгэсэн.” гэж тус тус тайлбарласан.
Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасан байхад хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй А.Мадетханыг нэр дэвшүүлсэн Сагсай сумын Ардчилсан намын хорооны холбогдох шийдвэр хууль бус байх ба нэр дэвшигч А.Мадетханы бичиг баримтыг нягтлан шалгаагүй нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Гэвч нэр дэвшигч А.Мадетхан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй болохыг сумын сонгуулийн хорооноос түүнийг нэр дэвшигчээр бүртгэсний дараа тогтоож, хуулийн 74.1-д зааснаар тухайн нэр дэвшигчийг хассан, уг шийдвэрийг гаргах үед нэр дэвшигчийг бүртгэх, нөхөн нэр дэвшүүлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул хуулийн 74.1-д зааснаар гаргасан сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хуульд заасан бүртгэлийн хугацаа өнгөрөөгүй үеийн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тохиолдолтой адилтган үзэх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрийг нь нөхөн нэр дэвшигчээр бүртгээгүй нь хууль бус гэж маргасан боловч Сагсай сумын Ардчилсан намаас нэхэмжлэгч А.Мий нэрийг сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшүүлэхдээ зөвхөн энэ талаарх тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн, А.М нь нэр дэвшигчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангах эсэхтэй холбоотой бичиг баримтыг ирүүлээгүй мөртлөө Сагсай сумын сонгуулийн хорооны тус сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшигчийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.Мийг сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь мөн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Мий шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сонгуулийн хорооны тус сумын Хурлын сонгуульд нөхөн нэр дэвшигчийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.Мийг сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА