Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 12

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  хохирогч Б.Б ын давж заалдах гомдлоор Г.Р  холбогдох 1826004780008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сум .......................  оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Г.Р , регистрийн дугаар /РД:.................../

Шүүгдэгч Г.Р  нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б тай “дараалал дайрсан” гэх шалтгаанаар маргалдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын нэгдүгээр прокурорын газраас Г.Р гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.      Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч Г.Р г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р  оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Р гээс 432600 төгрөг гаргуулан хохирогч Б.Б т олгож, шүүгдэгч Г.Р  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

          Хохирогч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ...” Миний бие нь Г.Р  зодуулсны улмаас гэмтэл авч Улаанбаатар хот руу явж Мөнгөнгүүр, Интэрмед, Од хийморь зэрэг хувийн эмнэлгүүдэд үзлэг оношилгоо хийлгэж, нулимсны суваг залгуулах мэс засал хийлгэсэн болно. Ийнхүү үзлэг шинжилгээ эмчилгээ, мэс засал хийлгэхэд Г.Р  Өмнөговь аймгаас Улаанбаатар  хот руу хот хоорондын автобусаар хамт ирсэн ба  эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэхээр эхэн үедээ эхнэртэйгээ, бидэнтэй хамт явж байгаад хагалгааны төлбөр нь 500000 төгрөг гэхэд эхнэртэйгээ гэнэтхэн зугатаад алга болсон. “Од хийморь” эмнэлэгт хэвтсэнээс хойш ганц ч удаа төлбөр төлөөгүй юм. Бидний нэхэмжилсэн 996600 төгрөг бол “Од хийморь” эмнэлэгт хэвтсэнээс хойш гарсан зардал юм.

Г.Р  нь Мөнгөнгүүр, Интэрмед зэрэг эмнэлэгт үзүүлж байхад үзлэгийн мөнгө төлсөн. Харин анхан шатны шүүх бидний нэхэмжилсэн төлбөр хохирлоос 564000 төгрөгийг хасч, 432600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хохирогч би болон миний ар гэрийнхэн 996600 төгрөгийг нэхэмжилсэн нь Г.Р гийн төлсөн төлбөрөөс тусдаа зарцуулсан мөнгө юм. Мөн шүүх шийдвэртээ надад учирсан гэм хор бүрэн арилаагүй байхад цаашид иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үлдээх тухай дурдаагүй байна.

Иймд хэргийн бодит байдал болон хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлөлтийг зөв тооцож, цаашид нэхэмжлэл гаргах эрхтэйг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:            Анхан шатны шүүх хуралдаанд хавтаст хэргийн бичгийн болон хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд нийт 996600 төгрөгийг хохирогчоос нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгч нь 564000 төгрөгийг хохирогчид төлснийг хасаж тооцон нийт төлбөл зохих 432600 төгрөгийг нотлох баримтын хүрээнд үндэслэсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзээд 432600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Б.Б ын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Шүүгдэгч Г.Р  нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэдэг газарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хуульд заасан журмын дагуу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

          Г.Р гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс ял шийтгэсэн нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

           Гэм хорын хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Г.Р  нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 996000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд бичгээр гаргасан /хх-104/, шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Р  нь хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлын үнийн дүнтэй танилцсан, маргахгүй гэдгээ илэрхийлсэн /хх-108/ байх тул “Г.Р гээс 996600 төгрөг гаргуулах, цаашид гарах гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн” хохирогч Б.Б ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмж,

            Б. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “432600 төгрөг” гэснийг “996600 төгрөг” гэж, мөн заалтын “олгосугай” гэснийг “олгож, хохирогч Б.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НАСАНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ