Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0564

 

Т.Ж*******, С.Х******* нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч С.Х*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ч*******, нэхэмжлэгч Т.Жигмэддагвын өмгөөлөгч Т.Ц*******, А.М******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэртэй, Т.Ж*******, С.Х******* нарын нэхэмжлэлтэй, н*******ын Тэргүүлэгчдэдхолбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Б.Тунгалагсайханыилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагадааТ.Ж******* миний бие Ксения ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 80-89 УБА улсын дугаартай RAV-4 маркийн автомашин манай компанийн эзэмшилд байдаг. Миний бие нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус машинаар компанийн ажил хөөцөлдөн явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Голомт банкны үүдэнд машинаа тавьсан байхад Б******* ХХК-аас ... н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн дугуйг түгжиж, улмаар 20000 төгрөгөөр торгосон. Мөн нэхэмжлэгч С.Х******* миний бие 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 89-19 УНГ улсын дугаартай автомашинаа 1 дүгээр эгнээний замд тавьсан байхад К******* ХХК-аас миний машины дугуйг түгжсэн байсан. Ингээд миний бие машин дээр нааж үлдээсэн утасны дугаар луу утасдаж хэлэхэд 20000 төгрөгөөр торгож, дугуй түгжигчийг тайлсан. Нэхэмжлэгч бид 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээллийг сонсоход 2014 оны 98 дугаар тогтоолоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам-ыг батлахдаа хэд хэдэн хууль зөрчсөн болохыг мэдээлсэн. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журам хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар шалгалт хийж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/14 дүгээр дүгнэлт гаргаж, н*******ын Тэргүүлэгчдийн дарга Б.Б*******д хүргүүлсэн байна.

Иймд илтэд хууль зөрчиж гарсан захиргааны актыг үндэслэн бидний машины дугуйг түгжиж, 20 000 төгрөгөөр торгосон байх тул н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартааН*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Дугуй түгжигч ашиглах журмыг хэлэлцэж батлах үед төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал, дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр хүлээн авч байсан бөгөөд тус газраас эдгээр журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн байна. Мөн иргэн Т.Жигмэддавга, С.Х******* нар нь нэхэмжлэлдээ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 03 дугаар сарын 11-ний өдөр замын 1 дүгээр эгнээнд тавьсан байхад дугуйг түгжсэн гэж бичсэнээс үзвэл н*******ынТэргүүлэгчдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалттай зөрчилдөж байгаа нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч Н*******ын дарга давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 591 дүгээр шийдвэрийн үндэслэх маргаан бүхий журмыг нэг удаагийн акттай хольж хутгасан үндэслэл цөөнгүй байна.

Тухайлбал ...нэхэмжлэгч Т.Жигмэддавгыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, С.Х*******г 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машинаа байрлуулж замын хөдөлгөөнд саад учруулсан зөрчил гаргасан гэж 20000 төгрөгөөр торгосон захиргааны шийтгэлийг хууль бус гэж маргажээ.

Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам-ын 3.5-д Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж 20000 төгрөг байх гэж зохицуулсан атлаа журмыг хэрэгжүүлэхдээ компанийн тэмдэг бүхий н*******ын 98 дугаар тогтоолыг үндэслэн 20000 төгрөгөөр торгов. 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан К******* ХХК гэсэн бичвэр бүхий хуудсаар нэхэмжлэгч нарт торгуулийн шийтгэл ногдуулжээ.

...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлд захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон бөгөөд энэ зүйлд зааснаар замын хөдөлгөөнд саад учруулсан захиргааны зөрчилд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан торгууль ногдуулах эрхтэй байхад Зориулалтын дугуй түгжигч ашиглах журмаар тусгайлан эрх олгоогүй этгээд компанийн тэмдэг дарсан хуудсаар торгууль ногдуулж Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн...гэх мэт.

Эндээс харахад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлага агуулга, маргааны зүйл, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар ойлголтгүй байна. Үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулсан, үнэлсэн зэргийг холбогдуулж дурдаж болно.

Н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй тухайд:

Маргаан бүхий журмыг гаргах эрх нь Захиргааны хариуцлагын тухай хууль болоод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл эрх хэмжээний акт юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т дээрх журмыг гаргах хууль зүйн үндэслэлийг олгосон байна. Өөрөөр хэлбэл хуулиар /тухайлбал/ Замын хөдөлгөөний тухай хуулиар тухайлан заагаагүй асуудлаар н*******ын бие даан шийдвэр гаргаж болно гэж заасны дагуу дугуй түгжих зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж гаргасан.

Маргаан бүхий журам нь хэлбэрийн алдаа байхгүй, процедур зөрчөөгүй шийдвэр юм. Гэтэл энэ журмыг шүүх хууль бус гэж үзэхдээ байхгүй нэг акт буюу хэрэглэх ёсгүй конвенц-ийг үндэслэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах жухам-ын 1.7.1, 2.2, 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ нь тус журмын 6.1-д заасан болно гэдэг үг нь заавал гэсэн шинжийг агуулаагүй учраас тус журмыг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх бол зөвхөн хууль зүйн дүгнэлт өгөх ёстой байгууллага атал анхан шатны шүүх хийх ёсгүй дүгнэлтийг хийж, захиргааны байгууллага болсон тухайд:

Жишээлбэл шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7-д захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон бөгөөд энэ зүйлд зааснаар замын хөдөлгөөнд саад учруулсан захиргааны зөрчилд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан торгууль ногдуулах эрхтэй байхад Зориулалтын дугуй түгжигч ашиглах журмаар тусгайлан эрх олгоогүй этгээд компанийн тэмдэг дарсан хуудсаар торгууль ногдуулж Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллагын чиг үүргийг хэнээр гүйцэтгүүлэхийг шүүх зааж эхэлсэн. Харин ч бүр эсрэгээрээ журам гаргаж аж ахуйн нэгж байгууллагад олгосон асуудал юм.

Түгжиж байгаа үйлдэл нь өөрөө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох албадлагын арга хэмжээ юм.

Н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоол нь нийтийн ашиг сонирхлын төлөө гарсан шийдвэр юм. Дураараа зам талбайг хааж боогдуулсан үйлдлээс хамгаалж, чөлөөтэй зорчих обьектийг бүрдүүлж өгч байхад шүүх онцолж үзэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэг, н*******ын 2012 оны 2/08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/1389 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам-ыг баталж, энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг дарга /Э. Бат-Үүл/-д даалгасан байна.

Нэхэмжлэгчээс ...Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам батлан гаргаж, түр буюу удаан зогсохыг хориглосон замын хэсэгт зогссон тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээр зохицуулалт хийсэн нь хуулиар зохицуулсан харилцааг өөрөөр зохицуулж, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож, төлбөр хураамж хууль бусаар хураалгасан гэж,

хариуцагчаас ...Уг журмыг хэлэлцэж батлахаас өмнө төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал авахад энэ журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн заалтыг зөрчихгүй гэсэн хариуг ирүүлсэн, мөн нэхэмжлэгч нарын 1 дүгээр эгнээнд тавьсан автомашиныг 2015 оны 01 дүгээр сарын 23, 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд түгжсэн байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

Журмыг баталж хэрэгжүүлэх үед үйлчилж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба нь Монгол Улсын нутагт...иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч...журам зөрчсөн иргэдэд хууль тогтоомжид заасан журмын дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар заасан.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дараах нөхцөл байдлуудыг шалгаж тодруулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол нь н*******ын 2012 оны 2/08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/1389 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн гарсан байхад шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг болон тогтоолыг хэлэлцсэн н*******ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулан авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Мөн н*******ын Тэргүүлэгчид Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам-ыг баталсны зорилгыг нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах гэж тодорхойлжээ.

Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-д заасан захиргааны байгууллагаас шийдвэрийн төслийг бэлтгэх явцад судалгаа хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх, улмаар хэрэглэгчдэд хүргэх ажиллагааг явуулсан эсэх, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-ын 2.3, 2.4-д заасан өрсөлдөөнд нөлөөлөхүйц зохицуулалтыг агуулж байгаа, хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөж байгаа тохиолдолд нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь заавал хийхээр заасан шаардлагыг хэрэгжүүлсэн эсэхийг тодруулж нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам-ын Нэгдүгээр зүйлийн 1.3-д Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нь тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажиллагааг хариуцан эрхлэн гүйцэтгэнэ. Энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуйн нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Дугуй түгжигч ашиглах стандарт шаардлагыг гэрээгээр тогтооно гэж, 3.5-д Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж 20000 төгрөг байх ба зөөж шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг тухайн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актаар зохицуулна гэж хуулиар эрх олгогдсон этгээдээс өөр этгээд тухайн журмыг хэрэгжүүлэхээр зохицуулсан байх тул энэ байдлыг холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдүүлэг авах журмаар тодруулах шаардлагатай байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ...Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дугуй түгжих үйлчилгээг гүйцэтгүүлдэг бөгөөд гэрээний 2.1-д Б тал сар бүрийн 25-ны өдрийн дотор үйл ажиллагааны орлогын 10 хувийг нийслэлийн Төрийн сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу 2014-2015 2 дугаар сарын байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, нийт 234,9 сая төгрөгийн орлого олсон бөгөөд 19,2 сая төгрөгийг нийслэлийн төсөвт хууль бусаар төвлөрүүлсэн гэсэн дүгнэлтийг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, 5/14 дүгээр албан бичгээр н*******ын Тэргүүлэгчдийн дарга Б.Б*******д хүргүүлжээ.

Нэхэмжлэгч Т.Ж******* автомашинаа 2015 оны 01 дугээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Голомт банкны үүдэнд тавьсан байхад Б******* ХХК-аас 20000 төгрөгөөр торгосон гэж, харин С.Х*******гийн машиныг К******* ХХК-аас торгосон гэж маргажээ.

Иймд шүүх Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг хэрэгт нотлох баримтаар авч, тээврийн хэрэгслийн дугуйг зориулалтын түгжигчээр түгжих үйл ажиллагаа болон түүнийг хэн хэрхэн эрхлэн хэрэгжүүлж байгаа зэрэгт дүгнэлт өгөх байжээ.

Ийнхүү анхан шатны шүүх захиргааны актын үндэслэлд хамааралтай нотлох баримтыг цуглуулаагүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан /х/х-ийн 46 дугаар тал/-ыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий журмыг батлахын өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санал авахад хэлтсийн дарга Батбаатараас ...уг журам гарснаар өрсөлдөөнийг хязгаарлахгүй... гэсэн агуулгатай албан бичгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн гэж талууд маргах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэм хэмжээний акт нь хуулиар тусгайлан олгогдсон эрх бүхий этгээдээс гаргасан нийтээр дагаж мөрддөг, төсөөтэй тохиолдолд дахин давтаж хэрэглэдэг нийтлэг зохицуулалт бүхий гадагш чиглэсэн шийдвэр юм.

Хуулиар тусгайлан олгогдсон эрх бүхий этгээд нь УИХ-аас хэм хэмжээ /хууль/ тогтоох эрхээ бусад этгээдэд хуулиар шилжүүлсэн байхыг шаарддаг тул эдгээр байдлыг тодруулсны эцэст уг журам нь Монгол Улсын Үндсэн хууль болон тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалттай хэрхэн нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН