| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0067/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/72 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/72
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Г.Ууганбат,
түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагарынхан овогт Ганхуягийн Ууганбатад холбогдох эрүүгийн 2131003210012 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нохой сургагч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0243 дугаар ангид нохой сургагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг 126 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жагарынхан овогт Ганхуягийн Ууганбат, /РД:МЭ90020912/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ууганбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Номт амралтын зүүн энгэрт байрлах иргэн У.Баянжаргалын 4*6 харьцаатай байшингийн дотроос нь ил гал гарган шатааж хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 15,333,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ууганбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ууганбат өгсөн: “...Тэр өдөр застав дээр бууц буулгачихаад 2 пиво уусан юм, архи уучихаад 2 охин дээрээ очихоос эмээж, гэр лүүгээ хариагүй, хүйтэн байсан тул дулаацах гээд байшинд ороод үүдэн талын буланд гал асаасан юм. Гал асаачихаад зүүрмэглэсэн байсан. Байшингийн булан хэсэг шатсан, миний буруу, сандраад харсан газар руугаа гараад явсан. Тэгээд тэр хавиар байсан” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч У.Баяржаргалын 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Шатдаг зуслангийн байшин нь тухайн үед цоожтой байсан. Хаалганы түлхүүр нь Сэлэнгэ аймгийн төвд манай гэрт байсан. Зуслангийн байшингийн хаалга тухайн үед түгжээтэй байсан гэж бодож байна. Ууганбат нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад Ууганбат болон хэн нэг хүнтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Нөхөр бид 2 ажлын шаардлагаар Булган аймаг руу шилжсэн. Одоогоор Булган аймгийн Тэшиг суманд ажиллаж амьдарч байна. Надад гомдол санал гээд байх зүйлгүй учир цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Б.Түдэвдоржийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ныг шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Түшиг сумын застав дээр албан үүргээ гүйцэтгэж байсан. Шөнийн 01 цаг 24 минутанд эхнэр У.Баянжаргал нь 99048608 дугаарын утаснаас миний 99627542 дугаарын утас руу залгаж “манай Номтын байшинд гал гарч байна” гэж хэлсэн. Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа чөлөө аваад Сүхбаатар суманд ирсэн байна. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрийн боломж бололцоогоо ашиглан заставын алба хаагчдын дэмжлэг туслалцаагаар 4x9 хэмжээтэй 1 давхар зуслангийн модон байшин барьсан. Би 2021 оны 07 дугаар сараас эхлэн Алтанбулаг сумын 3-р баг, Номт амралтын газарт байгууллагаас олгосон газарт байшин барьсан бөгөөд байшингийн зардлаа жагсааж өгсөн, нийт 11.971.000 төгрөг болсон байсан. Зарим баримтууд нь байгаа зарим нь байхгүй. Би өөрийн байшингаа 17.000.000 төгрөгөөр зах зээл худалдан борлуулах байсан. Би Г.Ууганбат гэх хүнийг танина. Намайг 0243-р ангид 0295 дугаар салбарын захирагчаар ажиллаж байхад 3 жил хамт ажиллаж байсан. Бид 2 ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Мөн бид 2-н дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Г.Ууганбат нь төлөв даруу бусад нийтэд бусдыг хэлсэн үгийг хүлээж авдаг, хэлэх үгээ боддоггүй, архи уух дуртай, тамхи татдаг байсан. Хараа хяналт байхгүй бол архи уугаад байдаг залуу юм” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч У.Энхтөрийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн үед ажил дээрээ цагийн хуваарийн дагуу амарч байсан. Тэгтэл 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 01 цаг 26 минутад түгшүүрийн дохио дуугарч дуудлага хүлээн авагчаас гал гарсан газрын хаягийг авахад “Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Цөх 3 дугаар баг, Номтын амны зүүн энгэрт 4x6 харьцаатай байшин шатаж байна” гэсэн дуудлагаар тухайн гал гарсан газарт 01 цаг 36 минутын орчимд очиж гал гарсан байшинд гал унтраах үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед би галын голомт дээр очиход байшин бол ерөнхийдөө нураж, шатаад дуусч байсан. Тэгээд тэр үед байшингийн эзэн гэх залуу хүрч ирээд “ахаа одоо эндээс авах зүйл байхгүй юм чинь бүгдийг нь овоолж байгаад шатаачиж болох уу” гэж асуухад би “болохгүй, одоо цагдаагийн газраас болон онцгой байдлын газраас байцаагч нар ирж хэргийн газрын үзлэг хийдэг юм” гэж хэлсэн. Миний дүгнэлтээр тухайн гал нь байшингийн зүүн урд талаас гарсан байх магадлалтай байсан. Би тэр тухайн гал гадны нөлөөтэй байсан эсэх талаар огт мэдэхгүй байна би салааны захирагч учраас галын дүгнэлт гаргах эрхгүй юм. Би тухайн шөнө энэ дуудлаганаас өөр дуудлага хүлээж аваагүй” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Д.Балтын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөөний 05 цагт сэрээд малаа урд зүгт гаргаад араас нь дагаж явсан. Өдрийн 14 цаг болж байхад гэртээ хоолоо идчихээд эргээд малдаа явсан. Орой 20 цагийн үед Ууганбат, Бооёо /Хандсүрэн/ нар манай гэрт ирсэн. Манай гэрт байхад бид 3 хэсэг юм ярьж байгаад уухаар болсон. Тэгээд Бооёоо, Ууганбат бид 3 Бооёогийн машинтай Номт амралтын газарт Сумъяа ахын дэлгүүр орж 1 ширхэг хар экс нэртэй 0.75 литр архи худалдаж авсан. Харин Бооёо бид 2 шилтэй пиво 2 ширхгийг худалдаж авсан. Бид 3 архи, пиво худалдаж авчихаад манай гэрт очиж архи пиво уусан. Тухайн үед манай гэрт эхнэр хүүхдүүд бүгд байсан. Би Ууганбат гэх залууг мэдэхгүй танихгүй. Харин Бооёог таньдаг юм. Тухайн үед Бооёо машинтай явж байсан болохоор архи уугаагүй харин Ууганбат гэх залуутай хамт нэг шил “экс” нэртэй архи хувааж уусан. Орой 22 цаг өнгөрч байхад Бооёо нь “гэртээ харилаа” гээд Ууганбатыг аваад гэрт нь хүргэж өгнө гээд явсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Хандсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөөний 07 цагт сэрээд малаа хойд зүгт гаргаад араас нь дагаж явсан. Өдрийн 14 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад заставын ажилтан Ууганбат нь манай гэрт нэг ширхэг хүрз барьчихсан алхаж ирсэн. Манай гэрт Ууганбат бид 15 цаг хүртэл байж байгаад гэрийн гадаа байсан малын бууцыг миний эзэмшлийн 01-65 СЭА улсын дугаартай хар хөх өнгийн “Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Застав дээр очиж өвөлжөөний хажууд буулгасан. Дахин манай гэрийн гадаа байсан малын бууцыг ачиж застав дээр буулгасан. Ууганбат бид 2 бууцаа буулгачихаад Цэгмид гэх найзын гэрт очсон. Тухайн үед бид 3 уухаар болсон, тэгээд Цэгмид, Ууганбат бид 3 миний машинтай Номт амралтын газарт Сумъяа ахын дэлгүүр 1 ширхэг хар “Экс” нэртэй 0.75 авсан. Бид 3 архи, пиво худалдаж авчихаад Цэгмидийн гэрт очиж архи пивоо уусан. Тухайн үед Цэгмидийн эхнэр, хүүхдүүд байсан би машин барьж байгаа болохоор архинаас нь уугаагүй харин шилтэй пиво 1, 2 балгасан. Цэгмидийн гэрээс би Ууганбатыг аваад гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч замдаа Сумъяа ахын дэлгүүрийн ойролцоо намайг зогсчих гэж хэлээд “би эндээ буугаад алхаад явчихнаа, та гэртээ харь” гэж хэлээд Ууганбат буусан би гэртээ хариад амарсан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Н.Сэлэнгэ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ууганбатын хувьд хүнд их тусархуу, хүний үгээр байдаг. Ямар нэг илүү дутуу хорт зуршилгүй, ажилдаа их сайн, ажлын төлөө л явдаг хүн. Хувийн амьдралын талаар нь ярихад Ууганбат нь 2009 хүүхэдтэй хүнтэй сууж ангийн төв дээр ажиллаж байгаад одоогоос 2 жилийн өмнө застав руу шилжин ажиллаж байгаа юм. Ууганбат нь сэтгэлийн их хөөрөлтэй, хүний үгээр болохоор тэр занг нь муу хүмүүс буруугаар ашиглах гээд байдаг. Гэхдээ ажил бол маш идэвхитэй, цэргийн уралдаан тэмцээнд байнга оролцож албан байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж явдаг хүн гэж хэлэх байна” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Н.Энхтөр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ууганбатын хувьд хүүхэд байх үеэс нь таньж мэднэ. Ууганбат нь хүнд их тусархуу, хүний үгээр байдаг. Найз нөхөд болон хамт ажилладаг дарга нараас даалгасан ажил төрлийг түргэн шуурхай хийдэг, мэдлээ ойлголоо л гээд явж байдаг болохоор хамт ажилладаг хүмүүс нь Ууганбатыг байнга л дуудаж энэ тэндэхийн ажлыг хийлгэж байдаг. Өөрөө ч их тусархуу хүн. Ууганбатын хувьд ажилдаа их сайн, ажлын төлөө л явдаг хүн. Хувийн амьдралын талаар нь ярихад Ууганбат нь 2009 онд 1 хүүхэдтэй хүнтэй сууж ангийн төв дээр ажиллаж байгаад одоогоос 2 жилийн өмнө буюу 2019 онд Номтын застав руу нохой сургагч, харуулын даргаар шилжиж ажиллаж байгаа юм. Ууганбат нь сэтгэлийн их хөөрөлтэй, хүний үгээр болохоор тэр занг нь зарим нэг муу хүмүүс буруугаар ашиглах гээд байдаг. Ууганбат өөрөө сүүлийн үед архи уудаг болчихсон. Найз нөхөд бидний хувьд түүнд хэлж ярьж анхааруулдаг байсан. Гэхдээ ажилдаа бол маш идэвхитэй, цэргийн уралдаан тэмцээнд байнга оролцож албан байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж явдаг хүн гэж хэлэх байна” гэх мэдүүлэг[8],
9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5052 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн 002279866 дугаартай хуруу шилтэй 4,0 мл хэмжээтэй цус нь спиртийн зүйл тогтоох шинжилгээнд хэмжээ нь хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 002279866 дугаартай хуруу шилтэй Г.Ууганбатын гэх цусанд 1,3 промилли спиртийн агууламж илрэв. 3.Цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[9],
10.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн лонхон дээрээс гарын мөр илрэхгүй байна” гэх дүгнэлт[10], 11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5053 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх улаан хүрэн өнгийн толботой бинт нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Бинт дээрх улаан хүрэн өнгийн толбо нь цус мөн. 3.Бинт дээрх илэрсэн цус нь хүний цус. 4.Илэрсэн хүний цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. 5. Г.Ууганбатын биеэс авсан гэх 002279866 дугаартай хуруу шилтэй цусны дээжтэй нэг төлийн бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт[11],
12.Шүүгдэгч Г.Ууганбатын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянжаргалтай уулзаж харилцан тохиролцож хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг[12], 13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ууганбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэж болох юм” гэсэн саналыг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Тухайн үед бууц зөөж байсан, хэн нэгэн өөр хүний үйлдэл байж болзошгүй гэж шалгасан. Хашаа нүдээд байхаар нь гарч харсан гэж гэрчилдэг. Тэр үед гал гарсан тул тусламж гуйхаар хашаа нүдсэн байж болох. Энэ хүн их сэтгэл гаргадаг, мэргэжлийн хувьд ажилдаа идэвхи зүтгэлтэй, ажилтай нь авч үлдмээр байна гэж хүний нөөц хариуцсан албан хаагч нь хэлдэг. Хүнийхээ төлөө явдаг албан байгууллага цөөхөн байдаг. Хохирол төлбөрийн хувьд “Ашид билгүүн” ХХК байшин шатсан тул барилгад орсон материалыг үнэлэх боломжгүй байх тул 15,000,000 төгрөгөөр гаргасан. Гэвч хохирогч Баянжаргал, Түдэвдорж нарын хувьд хуулийн байгууллагаар оруулахгүй шийдвэрлэж болохгүй юм уу? гэсэн байдлаар хандсан. Шүүхэд ялаас чөлөөлөх эрх хэмжээ байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Өөрөө цалингийн зээлтэй, том эгчээсээ зээллэсэн байгаа юм. Зээлээс зээлийн хооронд явж байгаа, залуу хүн цаашид амьдрахад хүндрэл учирах тул доод санкцаар торгууль оногдуулж, ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.Ууганбат нь хохирогч У.Баянжаргалтай эвлэрч 9,000,000 /есөн сая/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. Тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.Ууганбатад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшин харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг доод санкцаар торгууль оногдуулж, ялаас чөлөөлж өгөхийг хүссэн. Шүүгдэгч Г.Ууганбат гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалтыг удирдлага болгосон болохыг дурьдвал зохилтой.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жагарынхан овогт Ганхуягийн Ууганбатад 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар , Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс тус тус гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, (шүүгдэгчийн ажлын онцлог, шаардлагыг харгалзан үзэж, 2 сумын нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаар хамаарахаар тогтоосон болно) зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тайлбарлажээ.[20]
Шүүгдэгч Г.Ууганбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч У.Баянжаргалд 9,000,000 /есөн сая төгрөг/ нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жагарынхан овогт Ганхуягийн Ууганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбатад 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс тус тус гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбат нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүгдэгч Г.Ууганбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч У.Баянжаргалд 9,000,000 /есөн сая төгрөг/ нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ