Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/163

 

 

 

                                   2021/ШЦТ/163

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

         Улсын яллагч: Б.Буяндалай

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

         Шүүгдэгч: С.О

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Сын Од холбогдох эрүүгийн 201703000262  тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Сын О/РД:АР.........../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

         Шүүгдэгч С.О нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкны тооцооны төвд теллер, ахлах теллерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж:

-2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ж.Эын 5152078126 тоот данснаас 28 удаагийн үйлдлээр 21.415.000 төгрөгийг, хохирогч Ц.Цын 5152129060 тоот данснаас 17 удаагийн үйлдлээр 33.290.000 төгрөгийг, хохирогч Г.Бийн 5152035159 тоот данснаас 15 удаагийн үйлдлээр 46.849.600 төгрөгийг, хохирогч Ц.Мын 5152004380 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр 16.000.000 төгрөгийг, хохирогч Э.Шын 5152168099 тоот данснаас 15 удаагийн үйлдлээр 41.840.000 төгрөгийг, мөн хохирогч Э.Шын 5005332208 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр 7.800.000 төгрөгийг, хохирогч Ц.Огийн 5152130133 тоот данснаас 6 удаагийн үйлдлээр 9.740.000 төгрөгийг, хохирогч Х.Гийн 5152139556 тоот данснаас 2 удаагийн үйлдлээр 13.000.000 төгрөгийг, иргэн Х.Лгийн 5152156072 тоот данснаас 2 удаагийн үйлдлээр 3.800.000 төгрөгийг, хохирогч О.Лгийн 5152136952 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 2.200.000 төгрөгийг, хохирогч Ц.Бгийн 5152094987 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 9.000.000 төгрөгийг, хохирогч Ш.Дгийн 5152137424 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, А.Аын 5152148914 тоот данснаас 2 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг, хохирогч Ю.Цийн 5152141464 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, хохирогч Ж.Эын 5152096112 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр 9.800.000 төгрөгийг, хохирогч Б.Бийн 5152106950 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 12.600.000 төгрөгийг, хохирогч Ш.Дийн 5152169842 тоот данснаас 1 удаагийн үйлдлээр 13.736.186 төгрөгийг тус тус харилцагч нарын зөвшөөрөлгүйгээр гарган авч завшсаны улмаас бусдад их хэмжээний буюу 261.070.786 /хоёр зуун жаран нэгэн сая далан мянга долоон зуун наян зургаа төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Шын нэрийн өмнөөс хадгаламж барьцаалсан зээлийн хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар арилжааны Хаан банкийг залилж, 10.000.000 төгрөг авсан, үргэлжилсэн үйлдлээр мөн албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Жын нэрийн өмнөөс хадгаламж барьцаалсан зээлийн хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар арилжааны Хаан банкийг залилж, 1.500.000 төгрөг авсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                    

                     *Эрүүгийн 201703000262 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

          *Хохирогч Ж.Эын өгсөн:

 “...2016 оны 12 дугаар сарын эхэн үед Эрдэнэмандал сумын Хаан банкинд ирж өөрийн хугацаатай хадгаламжинд байсан 11 сая орчим төгрөг, харилцагчийн дансанд байсан 10 орчим сая төгрөгийг авах гэтэл миний дансанд 1 сая гаруй төгрөг байна гэхээр нь тухайн үед хаан банкны эрхлэгч байсан З.Э дээр орж миний дансанд байсан мөнгө байхгүй байна гэж хэлсэнд за мэдлээ хоёулаа шинэ жилийн дараа уулзъя гэхээр нь за гэж хэлээд явсан. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сард Сүүжин хаяа гэх газар өвөлжиж байхад хаан банкнаас явна гээд 3 хүн ирээд танай мөнгийг данснаас чинь авсан байна та өргөдөл бичээд өгөөч гэхээр нь өргөдөл бичээд өгсөн. Тэгээд 01 сарын 26-ны өдөр хаан банкнаас ярьж байна таны дансанд байсан мөнгийг чинь эргүүлж хийлээ таныг хохиролгүй болгосон гэж хэлсэн бөгөөд би дараагаар нь 2 дугаар сард Эрдэнэмандал сумын хаан банкин дээр ирж дансандаа байсан 21 сая төгрөгийг авч төрийн банкинд данс нээлгэж дансанд хийсэн ийм асуудал болсон. Тухайн үед би хадгаламжийн дансан дахь мөнгөний хүүг бодуулж авсан бөгөөд хэдэн төгрөгийн хүү бодогдсон талаар мэдэхгүй, цаад нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Хаан банк надад учирсан хохирлыг бүрэн төлсөн бөгөөд надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, миний мөнгийг ахлах теллер байсан С.О авсан байсан. Надад гомдол санал гэх зүйлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Хохирогч Ю.Цийн өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкин дахь хадгаламжийн дансандаа мөнгө хийхэд миний хадгаламжийн дансанд байсан мөнгөнөөс 8.000.000 төгрөг дутуу байхаар нь хаан банкны эрхлэгч З.Э гэх хүнтэй уулзахад шалгаж үзээд та 8.000.000 төгрөг гарын үсэг зураад авсан байна гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 04 дүгээр сард хадгаламж барьцаалсан хашаа байшингийн зээл авч 07 дугаар сарын 03, 04-ний үед тус хаан банкны тооцооны төв дээр очиход ахлах теллер С.О та хадгаламжийн зээл хаагдсан баримт дээр гарын үсэг зур гэж хоёр бичиг баримт дээр зуруулсанд С.О намайг залилж гарын үсэг зуруулан миний данснаас мөнгө гарган авсан байсан байна лээ. 2016 оны 11 дүгээр сард хаан банкин дээр дотоод аудитын шалгалт ирж миний мөнгийг эргүүлэн хадгаламжийн хүүгийн хамтаар буцаан олгож өгсөн ийм асуудал болсон. Хаан банк надад учирсан хохирлыг бүрэн төлсөн бөгөөд надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй бөгөөд миний мөнгийг ахлах теллер байсан С.О авсан байсан. Тухайн үед С.О би таны 8.000.000 төгрөгийг төлнө гэж байсан ба хаан банк төлсөн, эсвэл С.О төлсөн талаар мэдэхгүй, харин хадгаламжийн дансанд 8.000.000 төгрөг хүүгийн хамтаар орсон байсан бөгөөд миний хадгаламжийн дэвтрийг маань банк хураан авч устгасан, тэгэхээр нь хадгаламжийн мөнгөө хүүгийнхээ нэр дээр болгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Хохирогч Э.Шын өгсөн:

“...С.О Хаан банкинд ажиллаж байх хугацаандаа миний хүүхэд Дийн хадгаламжийн данснаас 18 сая төгрөг авчихсан байсан чухам ямар байдлаар авсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,

 

*Хохирогч Б.Бийн өгсөн:

*...2016 оны 12 дугаар сарын үед Эрдэнэмандал сумын Хаан банкны тооцооны төвийн ахлах теллер С.О нь миний хугацаатай хадгаламжийн данснаас дур мэдэн өөрөө 12.000.000 төгрөг авсан байсан. Энэ талаараа С.О өөрөө надад хэлсэн мөнгөний хэрэг гараад ахдаа таны данснаас мөнгө аваад өгчихсөн юм шүү банкнаас хүмүүс ирвэл надад хэлээд авсан юм гээд хэлчихээрэй та, би таны хохирлыг удахгүй барагдуулах болно гэж хэлж байсан. Үүнээс хойш С.О нь миний данснаас авсан 12.000.000 төгрөгийг хүүг нь бодож тооцоолоод нийт 14.000.000 төгрөг надад өгч намайг хохиролгүй болгосон. С.О миний данснаас мөнгө авахдаа надад урьдчилан хэлж мэдэгдээгүй. Намайг мэдээгүй байхад миний данснаас мөнгө авсан байсан. С.О ямар шалтгааны улмаас миний данснаас мөнгө авах болсон талаараа хэлж мэдэгдээгүй. Надад хэлж мэдэгдэж надаас мөнгө авч байгаагүй хэлж мэдэгдэлгүй авч байсан эсэх талаар мэдэхгүй байна. Миний хугацаатай хадгаламжийн дансанд нийт 27.000.000 төгрөг байсан. Үүнээс 12.000.000 төгрөгийг нь авсан байсан. С.О миний данснаас мөнгө авахдаа миний гарын үсгийг баримтан дээр дуурайлгаж зурж авсан гэж би бодож байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.О миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-93 дугаар тал/

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын өгсөн:

“...Эрдэнэмандал сумын Хаан банкнаас өөрийн хэрэгцээнд зориулан зээлж авч ашиглаж байсан. Би өөрийн хэрэгцээнд авсан зээлээ буцааж банкинд төлөөд явж байтал Хаан банкны ажилтан С.О нь надтай уулзаад та өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч би нэг сарын дараа өрийг чинь дараад өгнө гэж гуйхаар нь би өөрөө хадгаламж барьцаалсан зээл авч С.Од өгч байсан. Би С.Отай харилцан тохирч мөнгөө авахаар болсон одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. С.О надаар авахуулсан зээлээ бүрэн төлөөд одоо 1 сая төгрөг авахаар болсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.  Би С.Отай харилцан тохирч 1 сая төгрөгөө авахаар болсон учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хаан банкны ажилтан С.О надаар 2 удаа зээлж авахуулж байсан. С.Од 6.5 сая төгрөг зээлж байсан. Би өөрийн хүүхэд Бгийн нэр дээр хадгаламж нээж мөнгө хуримтлуулсан байсан. Тэр мөнгийг С.О авч ашиглаад буцааж хийсэн гэдгийг би Хаан банкны төвөөс ирсэн ажилчдаас сонсож мэдсэн. Уг мөнгө бүрэн буцаж орсон буцаж орсон болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний охин Б өөрийн нэр дээрээ хадгаламж нээсэн мөнгөтэй байдаг эсэх талаараа юу ч мэдэхгүй бага насны хүүхэд байдаг. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 149-151 дүгээр тал/

                                                                            

*Хохирогч Ц.Огийн өгсөн:

“...Би Хаан банкинд хугацаагүй хадгаламж нээсэн бөгөөд зарим үед өөрийн хэрэгцээгээ гарахаар бага хэмжээний мөнгө авч ашигладаг. 2015, 2016 онуудад мөнгө авахаар хаан банкинд очоод асуухаар миний хадгаламжийн дансанд мөнгө байхгүй байна гээд байдаг байсан. Тэгээд С.О надтай уулзаад таны дансанд мөнгө байна гэж хэлээд миний хэлсэн мөнгийг гаргаж надад өгөөд байдаг байсан. Би С.Оыг миний дансны мөнгийг авч хэрэглэж байсныг тухай үедээ мэдээгүй бөгөөд дараа нь С.О олон хүний данснаас мөнгө авсан ажлаасаа халагдсан гэдгийг сонсоод миний данснаас мөнгө авсан байна гэж мэдсэн. Миний дансан дахь мөнгийг С.О надаас зөвшөөрөлгүй авсан байснаа хүлээж миний мөнгийг бүрэн буцааж оруулсан байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 158-159 дүгээр тал/

 

*Хохирогч Ц.Мын өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкинд өөрийн хадгаламжийн дансанд мөнгө хийсэн байсан бөгөөд 2014 оны 06 сард миний данснаас миний зөвшөөрөлгүй мөнгө гарчихсан байсан. Би тухайн үед нь Хаан банкны захиралд хэлж байсан. Тэгтэл Хаан банкны ажилчид ашиглан хийсэн байна гэсэн яриа гадуур гараад байсан. Миний данснаас 16 сая төгрөг аваад буцааж 16 сая төгрөг хийсэн байсан энэ хэргийг С.Оыг хийсэн байна гэдгийг би мэдсэн. Хаан банкны төвөөс ирсэн шалгалтын хүмүүс надтай уулзаад гомдол санал байна уу гэж асуухаар нь би мөнгө буцаж орсон бол гомдолгүй гэж хэлж байсан. Одоо би С.Отай дахин уулзаж ярилцаж гомдолтой, гомдолгүй гэдгээ хэлмээр байна. Миний данснаас 16 сая төгрөг гараад буцаад 16 сая төгрөг орсон байсан. Би банкинд найдаад мөнгө хадгалуулсан байхад миний зөвшөөрөлгүй миний данснаас гарч өөр хүн ашигласан байгаад их гайхаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 164-165 дугаар тал/

 

         *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ан өгсөн:

         “...Би өөрийн бага охин Ад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкинд 2012 онд хүүхдийн хадгаламж нээж өгсөн. Тухайн хадгаламжийн мөнгөнөөс мөнгө авдаггүй бөгөөд дандаа мөнгө нэмж хийдэг байсан. Тэгтэл миний охин Аын данснаас хаан банкны ажилтан С.О 4 сая төгрөг аваад буцаагаад хийсэн байсан. Би мөнгө аваад буцаагаад хийснийг огт мэдээгүй. С.Оыг Хаан банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан танил хүмүүсийнхээ данснаас мөнгө авч ашигласныг хүмүүсээс сонсож байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний охин А одоо 6 настай бага насны хүүхэд бөгөөд энэ хадгаламжийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй би өөрөө л мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 171-172 дугаар тал/

 

*Хохирогч Э.Шын дахин өгсөн:

         “...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкинд хадгаламж нээж өөрийн мөнгөө хадгалсан байсан. Би он, сарыг нь санахгүй байна өөрийн хадгаламжийн данснаасаа мөнгө авах гээд иртэл таны дансанд мөнгө байхгүй байна гэж Эрдэнэмандал сумын хаан банкны ажилчид надад хэлсэн. Тэгтэл миний дансны мөнгийг Хаан банкны ажилтан С.О нь миний зөвшөөрөлгүй авч ашигласан байсан. Хаан банкны ажилчид над руу 2017 оны 01 сард утсаар яриад таны дансны мөнгийг буцааж оруулсан гэж надад хэлж байсан. Би хэдэн төгрөг миний зөвшөөрөлгүй аваад хэдэн төгрөг буцааж хийснийг мэдэхгүй байна. С.О нь миний хүүхэд Ш.Д, Ш.Д нарын хадгаламжийн данснаас мөн адил зөвшөөрөлгүй мөнгө авч буцааж хийсэн байсан. Миний хадгаламжийн данс олон жил болж байгаа бөгөөд би хэдэн төгрөг хадгалуулж байснаа одоо санахгүй байна. Хаан банкнаас над руу утсаар яриад таны мөнгийг буцааж хийсэн гэхээр нь би мөнгөө бүрэн авсан байх гэж бодож л байгаа гэхдээ миний мөнгөний хүүг нь тооцож үзвэл надад мөнгөний авцаа үүсэх байх гэж би бодож байна. Би С.Отай уулзаж мөнгөний хүний талаар ярилцах болно. Би С.Оаас хүүгийн зөрүү гэж хэдэн төгрөг авах ёстой гэдгээ мэдэхгүй байна. Би 10 сая төгрөг зээлж байгаагүй. С.О нь миний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлж 10 сая төгрөгийг зээлээд өөрөө авч ашигласан байсан. Тэр зээл авсан мөнгөө С.О өөрөө хаасан байсан. Ш.Д нь 20 настай, Ш.Д насанд хүрээгүй одоо хөдөө мал дээрээ байгаа. Ш.Д өөрөө мэдүүлэг өгөх байх. Ш.Д мэдүүлэг өгөх боломжгүй бага насны хүүхэд. Ш.Дгийн данснаас 8 сая төгрөг зөвшөөрөлгүй аваад буцаагаад хийлгэчихсэн байсан. Тиймээс Ш.Дд гомдол санал байхгүй. Би мөнгөний хүүг бүрэн тооцуулж авмаар байна, хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 167-169 дүгээр тал/

 

         *Хохирогч Г.Бийн өгсөн:

         “...Би болсон хэргийн талаар мэдээгүй. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкинд хадгаламжтай байсан бөгөөд миний хадгаламжийн данснаас миний зөвшөөрөлгүй мөнгө авсан байна гэж Хаан банкны ажилчид над руу утсаар ярьсан. Миний данснаас хэдэн төгрөг авсныг би мэдээгүй. Тэгээд 1 сарын дараа миний мөнгийг бүрэн барагдуулсан гэж утсаар ярьж хэлсэн. Би хэдэн төгрөг миний дансанд хийснийг тухайн үедээ мэдээгүй. Одоогоор надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Хаан банкны хотоос ирж шалгалт хийсэн хүмүүс надтай утсаар яриад Эрдэнэмандал сумын тооцооны төвийн ажилтай С.О таны хадгаламжийн данс руу зөвшөөрөлгүй нэвтэрч мөнгө авсан байна гэж хэлсэн болохоор би энэ хэргийн талаар мэдсэн. Би хэдэн төгрөг аваад хэдэн төгрөг буцааж хийснийг мэдэхгүй байна, үлдэгдэл 1,8 сая төгрөг үлдсэн байсан бөгөөд тэр мөнгийг би буцааж авсан учир одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 175-176 дугаар тал/

 

*Гэрч Ш.Дийн өгсөн:

         “...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкинд 2010 онд хадгаламж нээж байсан бөгөөд миний дансанд 2014 онд 10 гаран сая төгрөг байсан. Би дансанд байсан мөнгөнийхөө хүүг бодуулах гээд 2016 онд Хаан банкин дээр иртэл миний хадгаламжид мөнгө байхгүй байсан. Би яагаад мөнгө байхгүй болсон талаар асуутал манай төрлийн эгч С.О өөрийн ажлынхаа байрыг ашиглан миний хадгаламжид байсан мөнгийг авч ашигласан байсан. Тэгээд миний бүх мөнгийг буцааж хийсэн бөгөөд одоо гомдол санал байхгүй. С.О эгч бас миний аав Э.Ш, дүү Ш.Д нарын хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй мөнгө аваад ашиглаад буцаагаад хийсэн байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 178-179 дүгээр тал/

 

*Гэрч Д.Жын өгсөн:

         “...Би 2016 оны 08 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийн зээл аваагүй. 2016 оны 09 сарын 23-ны өдөр мөнгө банкинд тушааж байгаагүй. Би энэ зээлийн талаар мэдэхгүй. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хаан банкинд хадгаламж нээгээд удаж байгаа бөгөөд хадгаламжаасаа мөнгө авч байгаагүй, саяхан нэг удаа мөнгө авсан. Миний мөнгө буцаад дансандаа орсон бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 189-190 дүгээр тал/

 

*Хохирогч Ц.Цын өгсөн:

         “...Манай төрлийн С.О нь хаан банкинд ажиллаж байхдаа бусдын данснаас мөнгө авсан байна гэж сонсож байсан. Би хаан банкинд 2012 оноос хойш хадгаламж нээж мөнгө хуримтлуулсан бөгөөд миний мөнгө дансандаа байгаа гэж бодож явсаар одоог хүрсэн. Хаан банкны С.Оыг бусдын данснаас мөнгө авсан байна гэж сонсож байснаас өөрийн данснаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй. Анх удаа сонсож байна. Би С.Од мөнгө ав гэж зөвшөөрч байгаагүй. Миний зөвшөөрөлгүй мөнгө авсан байна. Би их гайхаж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 193-195 дугаар тал/

 

            *Гэрч О.Лгийн өгсөн:

            “...Би 2015 оны 08 сарын 24-нд С.О дээр өөрийн данснаас мөнгө аваад Дархан явсан. Дарханд очоод 2015 оны 09 сарын 01-ний өдөр данснаасаа мөнгө авах гэтэл дутаад байсан. С.О руу залгаж хэлэхэд данс андуураад авчихсан байна гээд дутуу байсан 600.000 төгрөгийг буцааж хийж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 202-203 дугаар тал/

 

*Хаан банкны Архангай салбарын харьяа Эрдэнэмандал тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитын тайлан /хх-ийн 35-88 дугаар тал/

 

*Шинжээч, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч А.Цэцэгмаагийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 104-141 дүгээр тал/

 

*Яллагдагч С.Оын өгсөн:

“...Би энэ хэрэгт холбогдсон үеэс хойш хангалттай шаналж зовж байна. Энэ хэрэгт ямар нэгэн хохирол төлбөр байхгүй болохоор хэргийг хааж, хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Яллагдагч С.Оын дахин өгсөн:

“...Миний хийсэн үйлдэл буруу, би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 22-25 дугаар тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хх-ийн 99 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

         Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.О нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкны тооцооны төвд теллер, ахлах теллерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж:

-2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд банкны харилцагч нарын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө завшсаны улмаас бусдад их хэмжээний буюу 261.070.786 /хоёр зуун жаран нэгэн сая далан мянга долоон зуун наян зургаа төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Шын нэрийн өмнөөс хадгаламж барьцаалсан зээлийн хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар арилжааны Хаан банкийг залилж, 10.000.000 төгрөг авсан, үргэлжилсэн үйлдлээр мөн албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Жын нэрийн өмнөөс хадгаламж барьцаалсан зээлийн хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар арилжааны Хаан банкийг залилж, 1.500.000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч С.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Эын ”...2016 оны 12 дугаар сарын эхэн үед Эрдэнэмандал сумын Хаан банкинд ирж өөрийн хугацаатай хадгаламжинд байсан 11 сая орчим төгрөг, харилцагчийн дансанд байсан 10 орчим сая төгрөгийг авах гэтэл миний дансанд 1 сая гаруй төгрөг байна гэхээр нь тухайн үед хаан банкны эрхлэгч байсан З.Э дээр орж миний дансанд байсан мөнгө байхгүй байна гэж хэлсэнд за мэдлээ хоёулаа шинэ жилийн дараа уулзъя гэхээр нь за гэж хэлээд явсан. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сард Сүүжин хаяа гэх газар өвөлжиж байхад хаан банкнаас явна гээд 3 хүн ирээд танай мөнгийг данснаас чинь авсан байна та өргөдөл бичээд өгөөч гэхээр нь өргөдөл бичээд өгсөн. Тэгээд 01 сарын 26-ны өдөр хаан банкнаас ярьж байна таны дансанд байсан мөнгийг чинь эргүүлж хийлээ таныг хохиролгүй болгосон гэж хэлсэн бөгөөд би дараагаар нь 2 дугаар сард Эрдэнэмандал сумын хаан банкин дээр ирж дансандаа байсан 21 сая төгрөгийг авч төрийн банкинд данс нээлгэж дансанд хийсэн ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг, хохирогч Ю.Цийн”...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкин дахь хадгаламжийн дансандаа мөнгө хийхэд миний хадгаламжийн дансанд байсан мөнгөнөөс 8.000.000 төгрөг дутуу байхаар нь хаан банкны эрхлэгч З.Э гэх хүнтэй уулзахад шалгаж үзээд та 8.000.000 төгрөг гарын үсэг зураад авсан байна гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 04 дүгээр сард хадгаламж барьцаалсан хашаа байшингийн зээл авч 07 дугаар сарын 03, 04-ний үед тус хаан банкны тооцооны төв дээр очиход ахлах теллер С.О та хадгаламжийн зээл хаагдсан баримт дээр гарын үсэг зур гэж хоёр бичиг баримт дээр зуруулсанд С.О намайг залилж гарын үсэг зуруулан миний данснаас мөнгө гарган авсан байсан байна лээ...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Шын”...С.О Хаан банкинд ажиллаж байх хугацаандаа миний хүүхэд Дийн хадгаламжийн данснаас 18 сая төгрөг авчихсан байсан чухам ямар байдлаар авсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бийн”...С.О миний данснаас мөнгө авахдаа надад урьдчилан хэлж мэдэгдээгүй. Намайг мэдээгүй байхад миний данснаас мөнгө авсан байсан. С.О ямар шалтгааны улмаас миний данснаас мөнгө авах болсон талаараа хэлж мэдэгдээгүй. Надад хэлж мэдэгдэж надаас мөнгө авч байгаагүй хэлж мэдэгдэлгүй авч байсан эсэх талаар мэдэхгүй байна. Миний хугацаатай хадгаламжийн дансанд нийт 27.000.000 төгрөг байсан. Үүнээс 12.000.000 төгрөгийг нь авсан байсан. С.О миний данснаас мөнгө авахдаа миний гарын үсгийг баримтан дээр дуурайлгаж зурж авсан гэж би бодож байгаа. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын”...Хаан банкны ажилтан С.О нь надтай уулзаад та өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч би нэг сарын дараа өрийг чинь дараад өгнө гэж гуйхаар нь би өөрөө хадгаламж барьцаалсан зээл авч С.Од өгч байсан. Би С.Отай харилцан тохирч мөнгөө авахаар болсон одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. С.О надаар авахуулсан зээлээ бүрэн төлөөд одоо 1 сая төгрөг авахаар болсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Огийн”...Би С.Оыг миний дансны мөнгийг авч хэрэглэж байсныг тухай үедээ мэдээгүй бөгөөд дараа нь С.О олон хүний данснаас мөнгө авсан ажлаасаа халагдсан гэдгийг сонсоод миний данснаас мөнгө авсан байна гэж мэдсэн. Миний дансан дахь мөнгийг С.О надаас зөвшөөрөлгүй авсан байснаа хүлээж миний мөнгийг бүрэн буцааж оруулсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Мын”...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкинд өөрийн хадгаламжийн дансанд мөнгө хийсэн байсан бөгөөд 2014 оны 06 сард миний данснаас миний зөвшөөрөлгүй мөнгө гарчихсан байсан. Би тухайн үед нь Хаан банкны захиралд хэлж байсан. Тэгтэл Хаан банкны ажилчид ашиглан хийсэн байна гэсэн яриа гадуур гараад байсан. Миний данснаас 16 сая төгрөг аваад буцааж 16 сая төгрөг хийсэн байсан энэ хэргийг С.Оыг хийсэн байна гэдгийг би мэдсэн. Хаан банкны төвөөс ирсэн шалгалтын хүмүүс надтай уулзаад гомдол санал байна уу гэж асуухаар нь би мөнгө буцаж орсон бол гомдолгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ан”...Тэгтэл миний охин Аын данснаас хаан банкны ажилтан С.О 4 сая төгрөг аваад буцаагаад хийсэн байсан. Би мөнгө аваад буцаагаад хийснийг огт мэдээгүй. С.Оыг Хаан банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан танил хүмүүсийнхээ данснаас мөнгө авч ашигласныг хүмүүсээс сонсож байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Бийн”...Хаан банкны хотоос ирж шалгалт хийсэн хүмүүс надтай утсаар яриад Эрдэнэмандал сумын тооцооны төвийн ажилтай С.О таны хадгаламжийн данс руу зөвшөөрөлгүй нэвтэрч мөнгө авсан байна гэж хэлсэн болохоор би энэ хэргийн талаар мэдсэн. Би хэдэн төгрөг аваад хэдэн төгрөг буцааж хийснийг мэдэхгүй байна, үлдэгдэл 1,8 сая төгрөг үлдсэн байсан бөгөөд тэр мөнгийг би буцааж авсан учир одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Дийн”... Би дансанд байсан мөнгөнийхөө хүүг бодуулах гээд 2016 онд Хаан банкин дээр иртэл миний хадгаламжинд мөнгө байхгүй байсан. Би яагаад мөнгө байхгүй болсон талаар асуутал манай төрлийн эгч С.О өөрийн ажлынхаа байрыг ашиглан миний хадгаламжинд байсан мөнгийг авч ашигласан байсан. Тэгээд миний бүх мөнгийг буцааж хийсэн бөгөөд одоо гомдол санал байхгүй. С.О эгч бас миний аав Э.Ш, дүү Ш.Д нарын хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй мөнгө аваад ашиглаад буцаагаад хийсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Жын”...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хаан банкинд хадгаламж нээгээд удаж байгаа бөгөөд хадгаламжнаасаа мөнгө авч байгаагүй, саяхан нэг удаа мөнгө авсан. Миний мөнгө буцаад дансандаа орсон бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Цын”...Би хаан банкинд 2012 оноос хойш хадгаламж нээж мөнгө хуримтлуулсан бөгөөд миний мөнгө дансандаа байгаа гэж бодож явсаар одоог хүрсэн. Хаан банкны С.Оыг бусдын данснаас мөнгө авсан байна гэж сонсож байснаас өөрийн данснаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй. Анх удаа сонсож байна. Би С.Од мөнгө ав гэж зөвшөөрч байгаагүй. Миний зөвшөөрөлгүй мөнгө авсан байна...” гэх мэдүүлэг, гэрч О.Лгийн”... Дарханд очоод 2015 оны 09 сарын 01-ний өдөр данснаасаа мөнгө авах гэтэл дутаад байсан. С.О руу залгаж хэлэхэд данс андуураад авчихсан байна гээд дутуу байсан 600.000 төгрөгийг буцааж хийж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Хаан банкны Архангай салбарын харьяа Эрдэнэмандал тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитын тайлан, Шинжээч, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч А.Цэцэгмаагийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Оын албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар  зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Од холбогдох хэргийг 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно  гэж заасан, шүүгдэгч С.Оын үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Харин түүний мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хууль нь 2015 оны Эрүүгийн хуулиас оногдуулах ялын хувьд хүнд байх тул  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Оыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч бага насны буюу 1 сартай хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсэн эмэгтэйн хяналтын карт зэргээр тогтоогдож байгаа болно.

 

Шүүгдэгч С.О өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч С.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу, улсын яллагчийн ялын санал зэрэгтэй маргаагүй болно.

 

Хохирогч нар хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг мөн Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурав  хүртэлх насны хүүхэдтэй эх гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар санхүүгийн 570 хавтас баримтыг Хаан банкны Архангай аймаг дахь салбарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Сын Оыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Оыг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000/арван мянга/ нэгтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  санхүүгийн 570 хавтас баримтыг Хаан банкны Архангай аймаг дахь салбарт шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР