| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0071/Э |
| Дугаар | ШЦТ/2021/71 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар ШЦТ/2021/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч: Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох ......тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... төрсөн, .. настай, эрэгтэй, ........ боловсролтой, мэргэжилгүй, ............... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй Т б овогт Т Д /РД:............
Шүүгдэгч Т.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс П.С өмчлөлийн ...... улсын дугаартай “Hyundai accent” маркийн тээврийг хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 10 сарын дундуур айлын мал тууж явсан. А адуутайгаа нийлж явсан. 10 сарын сүүлчээр А хэдэн адуу борлуулах гээд аймаг руу ирсэн, хамт явсан. Атой уугаад согтоод унтсан байсан, босоод харсан машин байхаар нь санаандгүй унаад явсан. Аймгаас зүүхэн тийш айлд очиж утсаар Аийг дуудаад хөдөө очсон” гэв.
Хохирогч П.С: “Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг Өвөр цагаан дэл гэх газарт мал маллаж амьдардаг юм. Тухайн газар Аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун урагшаа 15 километрт байдаг. Би 2020.11.10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед гэрээсээ Дундговь аймгийн төв рүү ямааны арьс тушаах гээд явсан. Тэгээд 15 цагийн үед аймагт ирсэн тэгээд би аймгийн урд захад байх Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талд, дугуй засварын баруун тал машин тавиад такси дуудаж төв рүү орж арьсаа тушаасан. Тэгээд ойролцоогоор нэг цаг орчмын дараа буцаад иртэл миний машин алга болчихсон байсан. Тэгээд би хажуу талын колонкын камерыг шүүж үзэхэд урт шал дээлтэй залуу миний машиныг унаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би энэ талаараа цагдаад мэдэгдсэн. Миний машин Hyundai accent маркийн ..... улсын дугаартай, саарал өнгөтэй, урд гупрыг уяагаар боосон, 1994 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хуучин автомашин байгаа юм. Миний машин дөрвөн дугуй сайтай, банк дүүрэн бензинтэй байсан. Би машинаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрөө жолооны үнэмлэх байхгүй учраас аймгийн захад машинаа тавиад такси дуудаад явсан юм. Машиныхаа түлхүүрийг бол авсан, харин машинаа түгжээгүй юм. Миний машин өөр түлхүүрээр асдаг эсэхийг сайн мэдэхгүй байна, би машинаа өөр түлхүүрээр асааж үзээгүй. Би тухайн машиныг 2017 онд санагдаж байна Улаанбаатар хотоос 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд машины өр төлбөрийг бүрэн өгөөд нэрийг нь харин шилжүүлээгүй байгаа, миний машин Улаанбаатар хотын харьяат Б.Г гэх хүний нэр дээр байгаа юм. Би машиндаа ганцаараа явж байсан юм. Машинд запас дугуй, багаж л байгаа мөн миний машины бичиг баримт дотор нь хамт байгаа. Гомдолтой байна, машинаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Гэрч Б.Гын: Тухайн автомашин миний нэр дээр байдаг юм, би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, тухайн машиныг би Дундговь аймгийн гэх хүнд зарсан хөдөө мал дээр унана гэж хэлж байсан юм, яг хэзээ хэн гэх хүнд зарсан гэдгээ сайн мэдэхгүй байна, автомашины нэрийг тухайн хүн дээр шилжүүлээгүй байгаа юм. Тухайн автомашиныг би хоёр сая гаран төгрөгөөр зарсан санагдаж байна, тухайн автомашиныг худалдан авсан хүн төлбөрийг бүрэн өгч дуусгасан, одоо ямар нэгэн төлбөрийн тооцоо бол байхгүй, тухайн автомашин нь надаас худалдан авсан хүний өмч болсон, тэр хүний нэрийг нь би сайн санахгүй байна, эмэгтэй хүн хөдөө унах талаар ярьж байсан тэр хүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч А.Аийн: “Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр Дундговь аймгийн төвөөс баруун хойд зүгт 60-70 км орчим зайд отрын адуу туугаад явж байхад Д хөлсөөр бог мал туугаад явж байсан Тэгээд бид нар танилцаад Салхитын мөнгөний орд гэх нэртэй уурхайн хойд талд хамт 6-7 хоног хоноод би мөнгөний хэрэг гараад Дундговь аймгийн төв рүү 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд /өдрийг нь яг сайн санахгүй байна/ 4 адуу ажиллаад тухайн айлаас Д гэх хүнийг ханиндаа авч явсан. Тэгээд аймгийн төв дээр адуугаа борлуулчхаад Ды хамт айлд хоноод өглөө сэрэхэд Д гэх залуу байхгүй байсан. Би тухайн үед хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд тухайн өдрийн орой над руу Д залгаад “Би урд машин дотор унтаж байгаад аймгийн зүүн талын шинэ станцын баруун хойд талд айлд хүрээд ирлээ, хонь зөөж байна. Намайг энэ айлаас ирээд авчих” гэхээр нь би очиж аваад мотоциклтойгоо бид хоёр сундлаад Дундговь аймгийн төвөөс зүүн зүгт 15 км зайд байрлах айлд хонож ганц хоёр шил архи уугаад Ды хамт унтаж байтал 2 цагдаа бид хоёрыг ирж авсан. Д гэх хүн ямар машинд унтаж байсан талаар надад яриагүй. Уг машиныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад: “Hyundai accent маркийн 1994 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн автомашин 2.000.000 төгрөг” гэжээ /хх20-21/
Шүүгдэгч Т.Ды эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/528 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх41-48/
Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 58/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Т.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн П.С өмчлөлийн ........ улсын дугаартай “Hyundai accent” маркийн тээврийг хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Дг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Т.Ды үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ды үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн тээврийн хэрэгслийг буцаан өгсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан төлбөргүй байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсан, эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т б овогт Т Дг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т б овогт Т Дд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Т.Дд холбогдох эрүүгийн 2122002890010 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсан, эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН