Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч Г.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Галсайханы Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2231000000034 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 1 дүгээр анги 1 дүгээр хэсэгт замчин ажилтай. ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 703 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй,

Сартуул овогт Галсайханы Эрдэнэбат/мж99011715/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних М.Хосбаяртай маргалдаж нүүр, толгой тус газарт нь цохиж хуйханд шарх, баруун хөмсөгний доод хэсэг шарх, дууд уруулын дотор салстад шарх, тархи доргилт, толгойн хуйх, баруун хөмсөг, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Г.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ

Шүүгдэгч Г.Эрдэнэбатын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд архи нэлээн уугаад согтсон байсан. Санаж байгаагаар нэг улаан цамцтай залуу ирээд бид нар дээр хэрүүл маргаан хийгээд байсан. Би тэр залууг цохисон юм. Өөр янз бүрийн шалтаг шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

Хохирогч М.Хосбаярын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ягаан өнгийн цамцтай залуу намайг цохиод, одоо яг хаашаа цохисныг санахгүй байна. Газар унахад нөгөө ягаан цамцтай залуу намайг газар унасан байхад миний нуруу хэсэг өшиглөсөн юм. ...тэгээд эмнэлэг яваад уруулын дотор талд 4 оёдол, толгой хэсэгт 1 оёдол, баруун хөмсгөнд нэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/,

Гэрч Г.Ган-Эрдэнэ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Оюунбаяр цаана ширээний хажуугаар газарт хэвтэж байсан. Тэгээд Хосбаяр босож ирээд нөгөө залуучууд руу очиход нэг ягаан өнгийн цамцтай залуу нь хажуугаас зүүн шанаа хэсэгт нь цохиод хавирч газарт унагасан. Мөн тэр ягаан цамцтай залуу намайг газарт сууж байхад түлхэж унагасан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дугаар хуудас/,

Гэрч О.Отгон-Эрдэнэ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Эрдэнэбатын төрсөн өдөр байсан юм. ...Тэгээд буцаад баар луу орж байхад манай найз Тэмүүлэнг бүжгийн талбайн голд хар хувцастай эрэгтэй хүн энгэрээс нь зулгаагаад зогсож байхаар нь би салгах гээд ороход миний араас дагз хэсэг рүү нэг цохисон. Тэгэхээр нь би урд нөгөө залууг тэврээд сандал руу унасан. Тэгээд бид хоёр босоод ирэхэд ард манай найзууд хүмүүстэй зодолдсон байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21 дугаар хуудас/,

Гэрч Э.Баянбаатар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд цаад ширээн дээрээс улаан ягаан өнгийн цамцтай юүдэнтэй цамтай залуу босож ирээд “та нар яагаад байгаа юм, яах гээд байгаа юм” гээд ирэхэд манай найз Эрдэнэбат тэр залуугийн нүүрэнд цохиод газарт унагасан. Мөн газарт унасан байхад нь 2-с 3 удаа нүүрэнд нь цохисон. Тэгэхээр нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганболдын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг харсан чинь бас нэг ягаан цамцтай залуу талбай дээр цус, нөж болчихсон сууж байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч М.Золбоогийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед манай нөхөр Т.Оюунбаяр сэлгах гэж очоод муудалцаад байсан ягаан цамцтай залууг салгаад тэврээд эргэсэн чинь манай нөхрийг цохиод унагачихсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Д.Анандаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд миний нөхөр “яагаад байгаа пизда нар вэ?, миний найзыг яаж байна аа” гээд босоод очиход ягаан цамц өмссөн залуу, ногоон сааралдуу цамцтай 2 залууг манай нөхрийг газарт унасан байхад цээж, толгой хэсэгт нь өшиглөж байсан. Тэгээд нөгөө залуучууд өөрсдийн ширээн дээр очоод бөөгнөрсөн юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч М.Тэмүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд Эрдэнэбат тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохиход тэр залуу хөлдөө орооцолдоод газарт унасан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.М.Хосбаярын биед толгой хуйханд шарх, баруун хөмсөгний доод хэсэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, тархи доргилт толгойн хуйх, баруун хөмсөг дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 40-41 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас/, эд зүйлд баримт бичиг тээврийн хэрэгсэл ачаа тээш амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-06 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 47-48-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 91-105 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 93-94 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 76-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 114-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних М.Хосбаяртай маргалдаж нүүр, толгой тус газарт нь цохиж хуйханд шарх, баруун хөмсөгний доод хэсэг шарх, доод уруулын дотор салстад шарх, тархи доргилт, толгойн хуйх, баруун хөмсөг, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь   

Шүүгдэгч Г.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  хохирогч М.Хосбаярын мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн“...М.Хосбаярын биед толгой хуйханд шарх, баруун хөмсөгний доод хэсэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, тархи доргилт толгойн хуйх, баруун хөмсөг дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэбатын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь хохирогч  М.Хосбаярт эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн, гомдол санал барагдсан нь талаар хэрэгт бичгээр баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Г.Эрдэнэбатыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. .   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбат нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.    

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Эрдэнэбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Г.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Галсайханы Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбат нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ