| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0076/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/76 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Д.Баттулга,
түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Далхсүрэнгийн Баттулгад холбогдох эрүүгийн 2231001350091 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р баг, 14-008 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Далхсүрэнгийн Баттулга, /РД:МЮ76122218/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Баттулга нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1-р баг, 1-08 тоот хашаанд оршин суух иргэн Ш.Отгонбаярын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Баттулга нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1-р баг, 1-08 тоот хашаанд оршин суух иргэн Ш.Отгонбаярын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Баттулга гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баттулга өгсөн: “...Хохирогчид учруулсан хөнгөн хохирлоо хүлээн зөвшөөрч зөвшөөрч байна. Архи ууснаас болсон гэж бодож байна. Гэмшиж байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ш.Отгонбаяр 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 21:30 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ороод байж байхад Баттулга гэх залуу манай гэрт орж ирсэн. Манайд орж ирсэн. Тухайн үед би Баттулгыг “гар” гэж хэлэх үед Баттулга “гарахгүй” гэсэн. Тэгсэн чинь Баттулга “чи яагаад байгаа юм бэ” гээд намайг боож унагаасан. Тэр үед миний нүүрэн тус газар гараараа цохиж хэд хэдэн удаа хоолой боож амьсгал боосон. Тэр үед Баттулга “за болъё” гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би энэ талаар хөрш айл болох Ганзоригийн гэрт орж Ганзоригт хэлсэн. Тэгээд л холбогдох байгууллагад хандсан. Миний хувьд Баттулгыг таньж мэднэ. Манай талийгаач нөхөртэй найзууд байсан ба манай гэрээр орж гараад л явдаг байсан юм. Ямар нэг харилцаа хамаарал байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч Ш.Отгонбаяр 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Д.Баттулга нь манай талийгаач нөхрийн найз нь байсан юм. Манай гэрт орж гараад л явдаг байсан. Тийм дотно бол харилцаа хамаарал байхгүй. Урд өмнө нь ганц, хоёр удаа бэлгийн харилцаанд ордог байсан зүйл байгаа. Би 2018 оноос хойш гэртээ ганцаараа амьдардаг болсон. Тэр цагаас хойш хааяа мэнд мэдэлцдэг байсан. Тэгээд нэг удаа хамт архи согтууруулах ундаа уусан үе байсан. Тухайн үед жаахан согтсондоо нэг удаа Баттулгатай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дараа нь нь бас нэг удаа орсон. Тухайн үед гэртээ ганцаараа байж байхад манай гэрийн хаалгаар Д.Баттулга орж ирсэн. Жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд “намайг унтья” гэж хэлсэн. Тэр үед нь би “гар” гээд түлхэж гэрээсээ гаргах гэтэл “чи ямар сүртэй юм бэ?” гээд миний хоолойноос багалзуурдаад хойшоо унагаасан. Тэгэхээр нь би “цагдаад хэлнэ шүү” гэж хэлэхэд Д.Баттулга “тэг, тэг” гэж орилж гадуур хувцас болон цамцаа тайлаад “би тэгвэл энд хүлээгээд сууж байя” гээд хэсэг суусан. Тэгж байгаад архи нь гайгүй болсон юм уу, яасан юм манай гэрээс өөрөө хувцсаа өмсөөд гараад явсан. Урд өмнө нь ганц нэг уулзаж байсан удаа байгаа. Тухайн үед намайг хүчирхийлэхээр дайрч завдсан зүйл байхгүй. Харин хоолойноос багалзуурдах үед нь миний хоолой эвгүй болсон. Тэгээд Д.Баттулгыг гараад явсных нь дараа би энийг цагдаад хандья гэж бодоод урьд өмнө нь надтай бэлгийн харьцаанд ганц хоёр удаа орж байсан болохоор хүчирхийлж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед бид 2 л байсан, Д.Баттулгыг гараад явсных нь дараа цагдаа эмнэлэг ирсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм зүйл байхгүй тухайн үед намайг цохиж бооход нь жаахан гомдсон” гэх мэдүүлэг[3],
4.Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Ш.Отгонбаярын биед доод уруулын гадна хэсэгт, хэлний доод хэсэгт, эрүүний доод хэсэгт, баруун бугалганд цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[4], 5.Гэрч М.Оюунцэцэг, Б.Батзаяа, Р.Ганбаатар, Т.Ганзориг нарын мэдүүлэг[5], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Баттулгад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт үйлдсэн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Баттулгаас хохирогч Ш.Отгонбаяр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Баттулгад анхааруулсан болно.
Шүүгдэгч Д.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Баттулгад анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ