| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/151 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч С.Эрдэнэбилэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баярхүү /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцага овогт Сүх-Очирын Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 2131000000200 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин Цагаандавааны задгайд оршин суудаг,
урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сараар баривчлах ялаар шийтгүүлсэн;
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн;
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3-т зааснаар 6 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өршөөлийн хуулиар 3 жил хорих ялыг хасаж 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр магадлангаар суллагдсан;
-Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Харцага овогт Сүх-Очирын Эрдэнэбилэг, /РД:ОО86062416/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Эрдэнэбилэг нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Модон завод” гэх газарт оршин суух зүс таних К.Мамлюкийн гэрийн гадна түүнтэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, автёркаар зүүн гарын шуунд хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Эрдэнэбилэг нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Модон завод” гэх газарт оршин суух зүс таних К.Мамлюкийн гэрийн гадна түүнтэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, автёркаар зүүн гарын шуунд хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Эрдэнэбилэг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэбилэгийн өгсөн: “...Манай өвөлжөөнөөс бууц ачаад явсан байхаар нь авчирч өгөөрэй гэж 10 хоног өгсөн. Тухайн хүнийг айлгах гээд л хатгасан. Миний буруу, дүгнэлт хийсэн” гэжээ.[1]
2.Хохирогч К.Мамлюкийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би машинаас буугаад утсаа авах гэтэл урд сууж байсан шар царайтай залуу нь машин тойрч ирээд миний араас далайх шиг болохоор нь би зүүн гараараа хамгаалахад миний гар руу нэг юм зүсэх шиг болсон. Тэгээд би хойшоо ухраад гэр рүү ороод гэрэл авах гээд орсон. Маргааш нь миний машины дэргэд шар өнгийн иштэй автирк газар унасан байдалтай, үзүүр хэсэг нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг,[2]
3.Гэрч К.Манчукийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд удаагүй, гэрийн гадна хүн бужигнах чимээ гарсан юм. Тэгтэл миний дүү К.Мамлюк нь гэртээ орж ирээд зүүн гарын шуу хэсэг нь цус болсон байдалтай, гарнаас нь цус гарч байсан юм. Тэр үед юу болсон талаараа надад юм дуугараагүй. Тэр үед миний нөхөр Батжаргал тухайн гадна байгаа 2 хүнийг “юу хийгээд яваад байгаа юм бэ? ярилцах юм байвал маргааш болцгоо" гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Х.Батжаргалын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...К.Мамлюк нь гэртээ орж ирээд зүүн гарын шуу хэсэг нь цус болсон байдалтай, гарнаас нь цус гарч байсан ба гэрэл байна уу гэж хэлээд гарах гээд буцаж гарах гэхэд нь би гадна байгаа 2 хүнийг “юу хийгээд байгаа юм бэ?, Ярих юм байвал маргааш болцгоо” гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Г.Амар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би утсыг нь салгаж, Мамлюк гэх хүний утсыг авч “бууцаа буцааж өгөөд утсаа аваарай” гэж хэлээд утсыг нь өгөхгүй гэж хэлэхэд нөгөө залуу надаас утсаа авах гээд машинаас буугаад намайг арын суудал дээр сууж байхад арын хаалга онгойлгоод хөлөөс татахад цаанаас нь Эрдэнээ ах гарч ирээд салгасан юм. Манай хадам ах Эрдэнэбилэгийн өвөлжөөний ойролцоо байсан бууцыг ачиж явсан гэх шалтгаанаар тухайн хүнтэй уулзаж байсан юм. Би тухайн хүнээс ачсан бууцаа авч ирж өгөөд утсаа аваарай гэж хэлээд утсыг нь яриад буцааж өгөхгүй гэж хэлээд надаас утсаа авах гэхэд нь би утсыг нь машины голын хайрцаг дээр тавиад үлдээсэн юм. Би утсыг нь авч яваагүй... ” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Бүрэнжаргалын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 384 дугаартай “1.К.Мамлюкийн биед зүүн шуунд хатгагдсан шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. К.Мамлюкийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх дүгнэлт[6],
7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[10], 11.Шүүгдэгчийн урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар[11], 12.Хавтаст
хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Эрдэнэбилэгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон К.Мамлюк нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрт 300,000 төгрөг төлснийг үндэслэн шүүгдэгч С.Эрдэнэбилэг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.Эрдэнэбилэгт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч С.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Эрдэнэбилэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг автёркыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд мөрийн баримт устгах комисст” даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харцага овогт Сүх-Очирын Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбилэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбилэгийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Эрдэнэбилэгт анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг автёркыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Шүүгдэгч С.Эрдэнэбилэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 15 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 17 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 19 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 1 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 38 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 39 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 42-48 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал