| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/180 |
| Огноо | 2021-08-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/180
2021/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: С.Батсүх
Иргэдийн төлөөлөгч: Ц.С
Хохирогч Н.Э
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.ПүрэвС
Шүүгдэгч: Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Дын Ат холбогдох эрүүгийн 2112000000020 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овогт Дын А/РД:АО................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Тээлийн эх гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Н.Эыг хутгалж, улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талд суганы урд шугамаар 9-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Д.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“ Би хэрэг болдог өдөр нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үед найзыгаа хутгална гэдэг бодол санаа байгаагүй, согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
“Хохирогч Н.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Би 2020 оны 12 сарын 31-ний өглөө гэрээсээ гараад Д.Аынд очоод Д.Атай хамт дэлгүүрээс 2 шил архи авч гэртээ буцах замдаа ууж дуусгасан. Би болсон асуудлыг огт санахгүй байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2112000000020 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Эын өгсөн:
“...Одоо бодоод байхад Д.А түрүүлээд гэртээ орчихсон байсан. Би араас нь ортол эхнэр нь архи уулаа гээд Д.Ат уурлаж байгаад гараад явчихсан. Тэгээд Д.А босож ирснээ зуухаа унагаачихаар нь агсан тавих нь гэж бодоод чи яаж байгаа юм гээд гэрийнх нь үүдэнд бариад автал яадгийн гээд урдаас барьж авснаа хутгалчихсан. Тэгээд би гэнэт амьсгаа авч чадахгүй болоод гэрийнх нь гадаа гарч ирээд сууж байтал манай эхнэр Д.С гарч ирээд хүмүүс дуудаж Д.Аын хажуу айлд намайг оруулсан. Тухай үед би нилээн согтчихсон байсан бас өмнөх мэдүүлэг өгөхдөө эмчилгээ хийлгэж байсан болохоор толгой жоохон манаралттай байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-61 дүгээр тал/
*Гэрч Б.Агийн өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үдийн алдад /цагийн яг тодорхой хэлж мэдэхгүй байна/ гэртээ хадам ээж Схуягийн хамт юм оёод сууж байсан чинь Н.Эын эхнэр гэрийн гадаа орилоод байсан. Хадам ээж бид 2 гэрээс гүйгээд гартал Д.А, Н.Э 2 гэрийн гадаа зогсож байсан. Н.Эын авгай энийг хатгачихлаа ш дээ гээд орилоод байсан. Д.Аын гараас эхнэр Б нь хар иштэй хутга булаагаад авч байгаа харагдсан. Тэгээд Н.Эыг бид хэд манай хадам ээжийн гэрт оруулсан. Н.Э тухайн үед дотортой дээлтэй байсан. Дээлийг тайлахад хүйсний зүүн тал орчимд шархтай, шархнаас нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд шархийг боож өгөөд аймгийн эмнэлэг рүү аваад гарсан. Н.Э өөрөө юм яриагүй. Н.Эын эхнэр нь Д.А Н.Эыг хутгаар хатгачихлаа гэж байсан. Намайг гэртээ сууж байхад ямар ч дуу чимээ сонсогдоогүй. Би нэг их сайн анзаарч хараагүй. Хар иштэй хутга харагдаж байсан. Манай нөхөр тэр хутгыг аваад манай гэрийн урд байдаг модон амбаарын доогуур нуучихсан. Д.А нь манайхтай энэ өвөл л айл бууж байгаа. Хааяа архи уугаад байдаг, гэхдээ агсам согтуу тавиад байдаггүй, тайван дөлгөөн зантай хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 2-4 дүгээр тал/
*Гэрч С.Гын өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Тээлийн эх гэх газарт үхэр дээрээ байж байсан чинь хүүхдүүд дуудаад Д.А, Н.Э 2 зодоон хийгээд байна гэсэн. Намайг гэртээ хүрээд ирсэн чинь Н.Эыг манай ээж Схуягийн гэрт оруулчихсан гэрийн хойморт хэвтэж байсан. Н.Эын хүйсний зүүн талд 2 см орчим шархтай, шархыг нь боочихсон байсан. Би юу болсон талаар асуухад “Д.А Н.Эыг хутгалчихлаа” гэж надад манайхан хэлж байсан. Яг тухайн үед хэн нь тэгж хэлснийг санахгүй байна. Бүгд л тэгж хэлцгээж байсан. Манайх Д.Аынх болон ээж Схуягийнхтай 3 гэрээрээ өвөлжиж байгаа. Тухайн үед манай хотонд манай ээж Схуяг, Д.А, Д.Аын эхнэр Ч.Б, Н.Эын эхнэр Д. С нар байсан. Н.Э Д.Аыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өглөө үүрээр машинтай ирээд аваад явсан. Тэгсэн манай арын хотонд өдөр 11, 12 цагийн алдад ирчихсэн, согтуу байцгааж байсан. Өдөр 14 цагийн үед Н.Эын эхнэр манайд ирээд хойд хотонд хүргээд өгөөч гэхээр нь мотоциклоор сундлаад Байдаа ахын хотонд хүргэж өгсөн. Н.Э, Д.А 2 Баадай ахын гэрийн гадаа машиныхаа хажууд согтуу сууж байсан. Тэгээд Н.Э, Н.Эын эхнэр Д.А гурав 15 цагийн багцаанд Аынх руу явсан. Би Баадай ахын гэрт үлдчихээд үхэр рүүгээ явсан. Намайг үхэр дээр байж байхад зодоон хийсэн юм билээ. Энэ 2 хоорондоо хамаатан садан улсууд, зүгээр сайхан харилцаатай байдаг. Н.Э тэр үед гэнэгүй байж байгаад Арсаад шаалгачихлаа гэж байсан. Яг ямар асуудлаас болж маргалдаж зодолдсон гэдгээ яриагүй. Д.А нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Архийг сардаа 2, 3 удаа уучихдаг. Архи уусан үедээ агсам согтуу тавьж байсан удаа байхгүй. Зан ааш тайван дөлгөөн зантай, эхнэр хүүхэдтэйгээ сайхан харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Ч.Бын өгсөн:
“...2020 оны 12 дугаар 31-ний өглөө үүрээр Н.Э манай гэрт ирээд Д.Аыг хамт хойшоо нэг айлд оччихоод ирье гээд байсан. Д.А манайх хүн бүл муутай явж чадахгүй гэсэн чинь хоргоосоор байгаад дагуулаад явсан. Тэгээд өдрийн 12 цагийн үед буцаад хоёулаа нилээн их согтчихсон орж ирсэн. Манай гэрт дөнгөж орж ирээд Д.А зуухны хажууд явж байснаа халтирах шиг болсон чинь Н.Э яаж байгаа пизда минь гээд барьцалдаад авсан. Тэгсэн Н.Эын эхнэр араас нь орж ирж явснаа манай хүүхдийг аваад буцаад гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгээд хажуу талын айлд байж байсан чинь хүн орилоод байхаар нь гарч ирэхэд Н.Э газар суучихсан хар иштэй хутга хажууд нь байж байсан. Би тэр хутгийг аваад холдуулаад шидсэн. Тэр хутга нь манай гэрийн хутга. Би тэр өдөр хоол хийчихээд төмпөн дотроо ил орхичихсон байсан. Би тэр хутгыг хаана байгааг мэдэхгүй байна. Манай хүн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг Шийртийн амны дэлгүүрээс архи авч уугаад тасарчихсан гэсэн. Болсон асуудлын талаар санахгүй байгаа юм. Би Д.Атай гэр бүл болоод 11 жил болж байна. Бид 3 хүүхэдтэй. Манай нөхөр үе үе архи уугаад байдаг, гэхдээ агсам согтуу тавьж байгаагүй. Ерөнхийдөө тайван дөлгөөн зантай хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/
*Гэрч Д.Сгийн өгсөн:
“...Намайг гэртээ байж байтал 11 цагийн үед Баадай ахын хүүхэд Ц залгаад Н.Э ах энд согтуу яваад байна ирээд ав гэж хэлсэн. Тэгээд би С.Г гэх айлд очоод мотоциклоор нь Баадай ахын хүргүүлээд очтол манай нөхөр Н.Э Д.Атай хамт Баадай ахын гадаа сууж байсан. Тэгээд би тэр хоёрыг машинд суулгаад Д.Аыг гэрт нь хүргэж өгөх гээд гэрт очсон. Тэгээд Д.Аынд байж байгаад Д.Аын эхнэр Ч.Бын хамт хажуу айл руу нь орсон. Тэгээд нэг их удалгүй Д.Аын гэрийнх нь хаалга дугарах шиг болохоор нь иртэл манай нөхөр Н.Э газар суучихсан Д.А дэргэд нь зогсож байсан. Тэгээд яваад очтол манай нөхөр Д.А намайг хутгалчих шиг боллоо гэхээр нь дээлийг тайлаад үзтэл цамц нь нилээн цус болчихсон байсан. Тэгээд С.Г ахынд байсан хүмүүсийг дуудаад Н.Эыг тэднийд оруулж хэвтүүлж байгаад ер нь цаг алдаад яахав гэж бодоод шархыг нь боогоод Цэнхэр сумын эмнэлэгт авчирч өгсөн. Энэ 2 хэрүүл маргаан хийгээгүй гэрт хоёулахнаа юм яриад үлдсэн. Д.Ааас нэг удаа асуусан боловч надад юм хэлээгүй. Д.Аынд ирээд дахин архи уугаагүй. Тэр 2 нилээн согтчихсон байсан. Д.Аын гарт хутга байсан эсэхийг би анзаарч хараагүй. Одоо тэр хутга нь Д.Аын гэрт байгаа байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
*Яллагдагч Д.Аын өгсөн:
“...Би 2020 оны 12 сарын 31-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Урт нүүр гэх газар гэртээ байж байтал 05 цагийн үед Н.Э гэх манай найз машинтайгаа манайд ирээд хоёулаа айлд цуг очоодохъё гэхээр нь би малдаа явах ажилтай байна явж амжихгүй гэсэн чинь гуйгаад байхаар нь цуг явсан. Тэгээд бид 2 манайхаас хөдлөөд Шийртийн ам гэх газар руу эхлээд дэлгүүр оръё гэхээр нь надаа мөнгө төгрөг байхгүй шүү гэсэн чинь Н.Э надаа мөнгө байгаа гээд дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрээс 2 шил 0,75- тай “Сайн сархад" нэртэй архи аваад буцаад манайх руу явах замдаа зогсож байгаад 2 шил архиа бид хувааж ууж дуусгаад бид 2 нилээн согтчихсон. Тэрнээс хойших болсон асуудлыг сайн санахгүй байна нэг мэдэхэд манай хажуу айлын С.Г гэх залуу чи юу болоод байгаа гээд намайг цохиж авахад би сэргэсэн. Тэгээд чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гэхэд чи Н.Эыг хутгалсан юм биш үү гэхээр нь С.Гынд ороод хартал Н.Э сандал түшээд сууж байхаар нь чи яасан бэ гэсэн чинь Н.Э чи намайг ийм болгочихлоо гэж хэлж байсан. Тэгээд багийн эмч дуудъя гэхээр нь цаг алдаад яах юм бэ шууд сумын төв рүү авч явъя гээд Н.Эын машинаар сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн. Н.Э бид 2 өмнө нь ямар нэгэн байдлаар муудалцаж маргалдаж байгаагүй тухайн өдөр архи хамт ууж байхдаа ч бид 2 маргалдсан зүйл байхгүй тийм болохоор би Н.Этой маргалдаагүй гэж бодож байна. Юунаас болоод яагаад Н.Эыг хутгалчихсан талаараа би санахгүй байна. Миний буруутай үйлдлээс болж Н.Эод учирсан хохирол болох эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мөнгө, бусад эм тарианы мөнгө гээд 600,000 төгрөг өгөөд эхнэрт нь наашаа цаашаа явахдаа зардалдаа хэрэглээрэй гээд 200,000 төгрөг тухайн үед өгч байсан. Дараа нь эмчилгээндээ хэрэглээрэй гээд Н.Эод дансаар 2,000,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Одоо бид хоорондоо эвлэрч тохиролцсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаартай“...Н.Эын биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 9-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Цээжний зүүн талд суганы урд шугамаар 9-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 62-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Тээлийн эх гэх газарт байх Д.Аын гэрт хохирогч Н.Э нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.А нь зэвсэг хэрэглэж хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Эын”...Би араас нь ортол эхнэр нь архи уулаа гээд Д.Ат уурлаж байгаад гараад явчихсан. Тэгээд Д.А босож ирснээ зуухаа унагаачихаар нь агсан тавих нь гэж бодоод чи яаж байгаа юм гээд гэрийнх нь үүдэнд бариад автал яадгийн гээд урдаас барьж авснаа хутгалчихсан. Тэгээд би гэнэт амьсгаа авч чадахгүй болоод гэрийнх нь гадаа гарч ирээд сууж байтал манай эхнэр Д.С гарч ирээд хүмүүс дуудаж Д.Аын хажуу айлд намайг оруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Агийн”...Хадам ээж бид 2 гэрээс гүйгээд гартал Д.А, Н.Э 2 гэрийн гадаа зогсож байсан. Н.Эын авгай энийг хатгачихлаа ш дээ гээд орилоод байсан. Д.Аын гараас эхнэр Б нь хар иштэй хутга булаагаад авч байгаа харагдсан. Тэгээд Н.Эыг бид хэд манай хадам ээжийн гэрт оруулсан. Н.Э тухайн үед дотортой дээлтэй байсан. Дээлийг тайлахад хүйсний зүүн тал орчимд шархтай, шархнаас нь бага зэрэг цус гарч байсан. Н.Эын эхнэр нь Д.А Н.Эыг хутгаар хатгачихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...Манай гэрт дөнгөж орж ирээд Д.А зуухны хажууд явж байснаа халтирах шиг болсон чинь Н.Э яаж байгаа пизда минь гээд барьцалдаад авсан. Тэгсэн Н.Эын эхнэр араас нь орж ирж явснаа манай хүүхдийг аваад буцаад гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгээд хажуу талын айлд байж байсан чинь хүн орилоод байхаар нь гарч ирэхэд Н.Э газар суучихсан хар иштэй хутга хажууд нь байж байсан. Би тэр хутгийг аваад холдуулаад шидсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сгийн”...Тэгээд нэг их удалгүй Д.Аын гэрийнх нь хаалга дугарах шиг болохоор нь гэрээд иртэл манай нөхөр Н.Э газар суучихсан Д.А дэргэд нь зогсож байсан. Тэгээд яваад очтол манай нөхөр Д.А намайг хутгалчих шиг боллоо гэхээр нь дээлийг тайлаад үзтэл цамц нь нилээн цус болчихсон байсан. Тэгээд С.Г ахынд байсан хүмүүсийг дуудаад Н.Эыг тэднийд оруулж хэвтүүлж байгаад ер нь цаг алдаад яахав гэж бодоод шархыг нь боогоод Цэнхэр сумын эмнэлэгт авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Аын мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Аын хохирогч Н.Эыг хутгалж түүний биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 9-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аын зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 3.1.11. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан байх бөгөөд хохирогч Н.Эын биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 9-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл шарх гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-11-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 26 см урттай хохирогчийг гэмтээсэн хутгыг зэвсэг гэж үзэх боломжтой юм.
Иймд шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хутга буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Н.Э нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйл байхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь хохирогч Н.Э бичиг үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцаагүй гэж маргаж байгаа боловч Н.Эыг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад, бага боловсролтой талаар мэдүүлсэн, мөн хэргийн материалтай танилцаад гарын үсгээ зурсан, мөн өөрөө шүүхэд хүсэлт бичиж ирүүлсэн байх бөгөөд түүнийг хэргийн материалтай танилцаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.ПүрэвС нь шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, хэргийн газрыг үзлэгийг зайлшгүй нөхөн гүйцэтгэх, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгахаар хэргийн прокурорт буцаах санал гаргасныг мөн хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч Д.А нь зэвсэг хэрэглэж хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон, гэмт хэрэг гарсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Шүүгдэгч Д.Ат эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулах талаар гаргасан саналыг хүлээн авч оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял оногдуулсан ялтны эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөх талаар заасан, Д.Аын үйлдсэн гэмт хэрэг нь тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тус Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Дын Аыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасч, эдлэх ялыг 1/нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ат авсан цагдан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧИД Р.АЛТАНЦЭЦЭГ
Б.ОТГОНЦЭЦЭГ