Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар ШЦТ/2021/72

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

          Хохирогч Д.М,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай,

          Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Р.Мт холбогдох эрүүгийн ...........  тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... төрсөн....... настай, эмэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй............  газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Р М /РД:............................../

          Шүүгдэгч Р.М нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шороотын улаан худаг гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр .......... улсын дугаартай Митсубиши Оутландер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Д.М биед хүзүүний 2-р нугалмын хоёр талын ламина болон арын сэртэн, хүзүүний 3-р нугалмын их биеийн ар хэсэг болон хоёр талын ламина хугарал, цээжний баруун талын 7,8,9-р хавиргануудын урд төгсгөл зүүн талын 7,10,11-р хавиргануудын ар төгсгөл бага зэрэг зөрсөн хугарал, баруун талын 3,4,5,6-р хавиргануудын урд төгсгөлд зөрөөгүй хугарал, баруун талын 5-р хавирганы проксимал хэсгийн цууралт, нурууны 5,6,11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, өвчүүний их бие доод хэсэгтээ зөрж дээд хэсэгтээ бутарч сэлтэрсэн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1 болон 3-р нугалмуудад нурууны нугалмын хугарал, цээжний баруун хөндийн хий шингэн хуралдалт, цээжний урд хана, баруун хажуу болон ар ханын хэсгийн арьсан дор хий хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

          Шүүгдэгч Р.Мийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би хөдөө усан дээр нөхөр Б хамт малаа услаад байж байтал М ирээд “Өнөөдөр манайх унага тамгатай ах, эгч хоёр очоорой” гэсэн юм. Тэгээд орой нар шингэж байх үед М очсон юм. Тэгээд дайлуулсан сөнч нь надад гэрийн хувь гээд хултай айрган дотор рүнктэй архи хийж өгөхөөр нь би үгүй ээ эгч нь архигүй айргийг нь цэврээр нь ууя гээд 3 хул айраг уусан юм. Тэгээд гэрт У над руу агсам тавих гээд байхаар нь би У айлгах санаатай цагдаа дуудна гэж хэлээд гараад явсан. Тэгээд гэрээс зүүн хойд талд ертөнцийн зүгээр урагш харуулж зайдуу тавьсан машиндаа суугаад гэрлээ асаагаад хөдөлтөл баруун гар талаас цамцтай эрэгтэй хүн гүйгээд гараа алдлаад ороод ирэхээр нь би сандраад жолооны рүллээ зүүн гар тал руугаа дарсан юм. Тэр хүн машины баруун урд талын гүперт мөргүүлсэн. Тэгээд би зогссон. Тухайн үед маш их сандарсан байсан машинаасаа буугаад иртэл хүмүүс ирцгээсэн байсан. Би тухайн үедээ таниагүй дараа нь бууж ирээд хартал миний машинд мөргүүлсэн хүн М байсан. Тэгээд би түргэн дууд гээд Мд эмнэлгийн тусламж үзүүлж дараа нь Улаанбаатар хот руу өөрийн унаагаар авч яваад Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед би өөрөө хамт байж эмнэлгийн гадаа байнга сахиж байсан. Би өөрөө машинтайгаа ирсэн байсан. Машинд надаас өөр хүн байгаагүй. Би архи уугаагүй. Найран дээр айраг л уусан. Д.Мтэй 2021.03.11-ний өдөр уулзсан. Сүүлд саяхан утсаар нь ярьсан. Анх эмнэлгийн төлбөр болох 28,000,000 төгрөгийг нь төлсөн. Түүнээс хойш мөнгө төгрөг нэмж төлөөгүй. М одоо 2 жилийн дараа нурууны хадаасаа авхуулна гэсэн тухайн үед нь би тус болохоо илэрхийлсэн байгаа. 2020.09.04-ний өдөр осол шөнө 12 цагаас 01 цагийн үед болсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/

          Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 9 сарын 04-нд унага тамгалаад ойр дотнынхон цугласан байсан. Тэгээд ийм зүйл болсон. Би жил гаран эмнэлгээр явж хагалгаанд ороод нурууны хадаасыг 2 жилийн дараа авах хагалгаанд орно. Тэр мөнгийг гаргуулах саналтай байна” гэв.

          Гэрч Б.Б: “Би тэр ослыг хараагүй болохоор мэдэх юм алга. Манай эхнэр Мийн унаж явсан 69-81 ДУЭ дугаартай машин миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машинд тэр ослоос болж ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. 2020 оны 09 сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 сарын 05-нд шилжих шөнө М хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би 2020 оны 09 сарын 04-ний өдрөөс хойш машиндаа ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй ээ. Манай эхнэр мөрөөрөө, иймээ тиймээ ааш зан байхгүй. Даруухан ажилч хичээнгүй, ажилсаг. Гэр бүлдээ анхаарал халамж сайн гэх мэдүүлэг  /хх-ийн 32-33/

          Гэрч Д.С: “2020 оны 09 сарын 04-ны өдөр Мх унага тамгалж үрс хийсэн. Би хөдөө гэртээ байсан очиж амжаагүй. Намайг хүрээд ирээ гээд над руу утсаар эгч ирээрэй гээд утсаар ярьсан. Би хөдөө гэртээ 2020 оны 09 сарын 05-ны өдөр машинтай ирсэн М эхнэр Энхтайван нар ирсэн. Энхмаа манайд орж ирээд М машинд дайруулчлаа гэж хэлсэн. Би тэр хоёр сум ороод суманд дээр байх гэрээрээ орчхоод эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд Мтэй уулзахад ухаан санаа эрүүл байсан. М надад шээс гарахгүй миний бөгс хачин болчихлоо гэж ярьж байсан. Би эмнэлгийн гадаа зогсож байсан чинь М ирсэн, ирээд надад “Гай боллоо” гээд байсан би тэгэхээр нь  цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд маргааш нь Аймагт үзүүлээд яаралтай хот яв гэсэн Аймгийн эмнэлэг тэгж хэлсэн. Тэгээд хот явсан. Хотод “Интермэд” гэдэг хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед М хот руу авч очоод “Интермэд" эмнэлэгт уушгинд нь гуурс суулгасан, хүчилтөрөгчид орсон. Тэр эмнэлэгт маргааш нь эмч хурал хийж өвчүү хоёр хадаж, зургаан нуруунд бэхэлгээ хийлгэж, хагалгаа орой 18 цагаас ороод 03 цаг 40 минутад дуусч гарч ирсэн. Эрчимт сэхээний тасагт хоёр өдөр болсон Тэгээд энгийн тасагт шилжсэн. Тухайн үед биеийн байдал хүнд байсан. Эмнэлэгт 20-оод хоносон. Тухайн үед хагалгаанд ороход М цуг байсан. Эмчилгээний зардал 25,801,000 төгрөг тэр тушаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

          Гэрч Д.Э: “Би 2020 оны 09 сарын 04-ны өдөр Манайх унага тамгалаад үрс хийсэн. Тэгээд хуруу гаргаад айраг архи ууцгаасан. Манайх ойр орчмын айлуудаа дуудсан. Манай нөхөр М Б, М рүү утсаар залгаад “манайх үрс хийх гэж байна, хүрээд ирээ” гэсэн. Манайд М орой 21-22 цагийн үед ганцаараа машинтайгаа ирсэн. Тэгээд удалгүй байж байтал нөхөр Б ирсэн. Тэгээд бид бүгд бүгдээрээ ууж идэж байж байсан чинь М У “танай хадмууд гуйлгачин, танай шулмас алмас” гээд байн байн хэлээд байхаар нь У “чиний баян тэндээ л биз манай хадам, эхнэрийг битгий доромжлоод бай” гэж хэлсэн. Тэгээд У Октябрь гэрээс авч гараад машинд нь суулгасан. Тэгээд хүмүүс гарцгаагаад тамхи татах нь тамхи татаад бие засах нь засаад гарсан. М машины хойно утсаар яриад зогсож байсан. Би гэрт хүүхдээ хөхүүлээд сууж байсан чинь гаднаас Алтансүх, М эгч хүн дайрчихлаа гээд ороод ирсэн. Би хүүхдээ орхиод гараад харсан чинь машин зүүн хойшоо харсан. Манай нөхөр М машины урд буюу хойд дугуйны харалдаа зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд гэр рүү ороод Алтансүхийг түргэн дуудаад өг гээд түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд түргэний жолооч Мийн машиныг бариад сум руу эмнэлэг явсан.  М нэлээн согтуу байсан Айраг нээх уухгүй байсан архи нэхээд уугаад байсан. Манайд У, Алтансүх, Энхтайван, Төмөрсүх, Мөнх-Өнөр, М, Бархас, Б, Ш, У, Октябрь нар байсан. Тухайн үед М нээх согтоогүй байсан. Би гадаа юм хийж байгаад ороход М эгч У гуйлгачин хадмуудтай шулмас хүүхэнтэй гээд загнаад сууж байсан. Мийг машин унаад хөдлөхийг би хараагүй гэрт байсан. Мийн машин гэрийн зүүн хойно нэлээн зайтай машин баруун урагшаа харсан байдалтай байсан. Манай нөхөр М нь нуруу, хүзүү, өвчүү, хавиргандаа гэмтэл авсан. Нуруу, өвчүүний хагалгаанд орсон. Одоогийн байдлаар хэвтрийн дэглэмтэй босож чадахгүй. Хааяа нойргүй хононо хөл гар өвдлөө гэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

          Гэрч П.Э: “Би 2020 оны 09 сарын 04-ны өдөр Мх унага тамгалж үрс хийх гээд сумаас лам аваад очсон. Тэгээд үрс хийгээд ном уншчихаад лам манай аав, ээжтэй яваад өгсөн. М хүмүүс ирсэн бүгдээрээ хуруудаад байж байгаад би унтаад өгсөн. Би гэрийн гадаа унтаж байсан чинь хүн дайрчихлаа гээд уйлалдаад байхаар сэрсэн чинь М гэрийн зүүн талд машины урд хэвтэж байсан. Утсаар түргэн дуудчихаад би мотоциклтой түргэний машиныг тоссон. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг дээр М аваад ирсэн. Тухайн үед гэрт байсан бүх хүмүүс бүгд ууж идсэн намайг унтахад М нээх согтоогүй байсан. Би их согтоод гэрийн гадаа унтаад өгсөн. Тухайн үед М ухаангүй байсан. Би М л архи,  айраг уусан. Тамганы хувь гэж өгсөн хуруудаад их уусан байх тэгээд гэрээс гараад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

Гэрч Т.Октябрын: “2020 оны 09 сарын 04-ний өдөр Мх унага тамгална та хоёр хүрээд ир гэсэн. Бид хоёр сумаас лам аваад очсон. Тэгээд очоод ууж идээд хуруу гаргаад сууж байтал У, М хоёр хоорондоо маргалдаад байсан. Би тэгэхээр нь У гэрээс авч гараад машинд суулгаад юм яриад сууж байтал гэнэт хүн мөргөчихлөө гээд хүүхдүүд уйлаад байсан. Би юу болов гээд хүрээд очсон чинь М машины урд хэвтэж байсан. Би тэгээд гэр рүү орсон,  түргэн ирээд М аваад явсан. Тухайн үед тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдээгүй гадаа машинд хүүхэд унтуулчхаад ороод ирсэн. Тэр хоёр маргалдаад байхаар нь У би гэрээс аваад гарсан. Тухайн үед бүгд л архи, айраг ууцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

Гэрч Д.А: “Би нөхрийн хамт 2020 оны 09 сарын 05-ны өдөр сумын төв дээр сургуулиас хүүхэд авах гээд суман дээр байж байсан чинь М манай нөхөр У руу утсаар ярьсан. М нь манай аавын гэрээс тамга, хүүхэд аваад ир унага тамгалж үрсээ хийх гээд У руу залгасан. Би Уын хамт тамга хүүхдийг аваад 18 цагийн үед очсон. Бид хоёрыг очиход үрсээ хийсэн байсан. Унага тамгалсан. Тэгээд зарим хүмүүс нь согтуу байсан. Тэгээд байж байсан чинь М эгч ганцаараа ирсэн. Тэгээд хуруудаад байж байсан чинь Б ах халамцуу ирсэн. У, Б ахтай юм яриад сууж байсан. Тэгсэн М эгч тэр хоёрын голоор ороод У загнаад байсан. У М эгч чам шиг гуйлгачин хадамтай суугаагүй, чам шиг гуйлгачин манай хадмыг ярихгүй шүү гээд байсан. Тэгээд У өөдөөс нь  маргалдсан. Тэгээд Октябртай У гарсан. Тэгээд М эгч цагдаа  дуудаж бариулна гээд гэрээс гарсан. Тэгээд машиндаа сууж байгаад хөдөлсөн. Тэгсэн чинь түс хийх чимээ гарсан. Тэгээд гараад харахад М гэрийн зүүнтээ машин нь зүүн урагшаа харсан байсан. М машины урд хэвтэж байсан. Ухаангүй байсан. Би гэр рүү гүйж ороод эхнэр рүү нь хэлсэн. Тэгээд би түргэн дуудсан. Тухайн үед би нөхрийн хамт байсан. Уын аав, ээж, Б, М, Зээтэн, Окыноо, М, эхнэр нь Б, Ш, У нар байсан. Бид хоёрыг очиход Б, У, Ш, М нар их согтуу байсан. М эгч архи нэхэж уугаад байсан их согтолттой байсан. Би Мийг машин унаад хөдлөхийг харсан. Машины урдуур хүн орж байхыг бол хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Гэрч Р.М: “Би 2020 оны 09 сарын 05-ны өдөр гэртэй нөхрийн хамт байж байсан чинь М 14-15 цагийн үед над руу утсаар ярьсан. М та 2 хүрээд ир үрс хийж байна гэсэн.  Би тэгээд нөхрийн хамт М очсон. Бид хоёрыг очиход үрсээ хийгээд дууссан байсан. М унага тамгална та 2 байж бай гээд, бид хоёр тэднийд унага тамгалаад орой нь хуруу гаргаад байж байтал М машинтайгаа хүрээд ирсэн. М ирээд удаагүй байтал нөхөр болох Б хүрээд  ирсэн. М хуруу гаргаад айраг уугаад сууж байтал. М манай хүү Утай хоорондоо үг хэлээр маргалдаад байсан. Би О гэрээс аваад гарахдаа Мийг битгий маргалдаад бай чимээгүй бай гэчхээд гэрээс гараад явсан. Би Оюун-Эрдэнэд эм өгчхөөд бид биө засах гээд явсан. Бие засчхаад ирсэн чинь хүмүүс уйлаад байж байсан. Би гэр рүү Оюун-Эрдэнийг гэрийн баруун урд орхичхоод гэрийн зүүн талд машин дээр очтол машин зүүн тийшээ харсан байдалтай М машины урд зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би М ээжийг гэрийн хойно байх М машин дээр очсон Энхмаа машинд уйлаад зогсож байсан. Тэгээд түргэн дуудаад аваад явсан. М машинаараа сум руу эмч нарыг суулгаад аваад явсан. Намайг очиход М, Б, Ш, У нар нь нэлээн согтуу байсан. Үрсээ хийсэн байсан. Нэг унага нэг даага тамгалсан. Тухайн үед М нээх согтоогүй байсан. Гэр рүүгээ явна гэж хэлээгүй Би Оюун-Эрдэнийг аваад гараад явсан. О нь унаж татдаг өвчтэй болохоор би гэрээс аваад гарсан. М, У нар Б ах, дүү нараас болж хорондоо маргалдсан. Мийг машин унаад хөдлөхийг хараагүй гэрийн урд бие засаад явж байсан. Мийн машин гэрийн зүүн хойно нэлээн зайтай машин урагшаа харсан байдалтай байсан. М нь мөргүүлсний дараа очиход Мийн машин зүүн тийшээ харсан байдалтай. М нь машины урд зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би 3-4 аяга айраг уусан. Би согтоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Гэрч Т.Уын: “Би 2020 оны 09 сарын 05-ны өдөр сумын төв дээр сургуулиас хүүхэд авах гээд суман дээр байж байсан чинь М над руу утсаар ярьсан. М нь Манай аавын гэрээс тамга, хүүхэд аваад ир унага тамгалж үрсээ хийх гээд над руу залгасан. Би тамга, хүүхдийг аваад 18 цагийн үед очсон. Намайг очиход үрсээ хийсэн байсан. Унага тамгалсан. Тэгээд ууж идээд хуруудаад байж байтал М эгч орой 21 цагийн үед ирсэн. Тэгээд нэлээн байж байтал Б ах ирсэн. Намайг М эгч чам шиг гуйлгачин манай хадмуудыг муулахгүй шүү манай хадам баавартай хүмүүс байдаг шүү гээд өөдөөс үг хэлээр давшилж дайраад байсан. Би тэгэхээр нь өөдөөс нь хэрэлдсэн. Тэгээд байж байгаад, би гэрээс Окыноо гэх хүнтэй гарсан. Машинд тамхи татаад сууж байсан чинь хүн дайрчихлаа гээд хүмүүс шуугаад байсан. Би гараад очсон чинь М хэвтэж байсан. Би бол архи уугаагүй 3-4 хул айраг уусан. Би согтоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10468 тоот: “Д.М биед хүзүүний 2-р нугалмын хоёр талын ламина болон арын сэртэн, хүзүүний 3-р нугалмын их биеийн ар хэсэг болон хоёр талын ламина хугарал, цээжний баруун талын 7,8,9-р хавиргануудын урд төгсгөл зүүн талын 7,10,11-р хавиргануудын ар төгсгөл бага зэрэг зөрсөн хугарал, баруун талын 3,4,5,6-р хавиргануудын урд төгсгөлд зөрөөгүй хугарал, баруун талын 5-р хавирганы проксимал хэсгийн цууралт, нурууны 5,6,11-р нугаламын арын сэртэнгийн хугарал, өвчүүний их бие доод хэсэгтээ зөрж дээд хэсэгтээ бутарч сэлтэрсэн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1 болон 3-р нугалмуудад нурууны нугалмын хугарал, цээжний баруун хөндийн хий шингэн хуралдалт, цээжний урд хана, баруун хажуу болон ар ханын хэсгийн арьсан дор хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид      ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52-56/   

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн нутаг  “Шороотын улаан худаг” гэх газарт Д.М нь автомашинд дайруулсан үйл явдал болсон, уг ослын улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10468 тоот дүгнэлтээр нотлогдож байна.

          Хохирогч Д.Мд учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч Р.М нь  2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн нутаг  “Шороотын улаан худаг” гэх газарт 69-87 ДУЭ улсын дугаартай “MITSUBISHI OUTLANDER” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогчийг мөргөж учруулсан болох нь тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Мт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.Мийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Р.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.М 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Улаанбаатар хотод “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардлыг М бүрэн төлсөн. М хэлэхдээ 20 гаран сая төгрөг өгсөн гэж хэлсэн, яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй” /хх-ийн 25-27/ гэснээс үзэхэд шүүгдэгч Р.М нь хохирогчийн эмчилгээ хийлгэхэд гарсан бодит зардлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч Р.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнцэцэгт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Хохирогч Д.М биед энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь цаашид нурууны хадаас авах хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

           

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Шүүгдэгч Аривжих овогт Р Мийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Аривжих овогт Р Мт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Р.Мт холбогдох 2122002480067 тоот хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ШҮРЭНЧУЛУУН