Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2018/3304/и |
Дугаар | 001/ХТ2021/00046 |
Огноо | 2021-01-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2021/00046
2021 01 19 001/ХТ2021/00046
..........ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1359 дүгээр магадлалтай,
..........ийн нэхэмжлэлтэй
..........ХХК, ..........ХХК, ..........нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 296 483 828.8 төгрөг гаргуулах, ..........ХХК-ийн нийт хувьцааны 11.12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... нь ..........тэй 2 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан ..........болон түүний хувьцааг нь эзэмшиж, захирлаар нь ажилладаг ..........ХХК-иас зээлийн гэрээний шаардлагаас хэсэгчлэн шаардаж байгаа юм. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ..........тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй 2 000 000 ам.доллар зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед хамтран үүрэг гүйцэтгэхээр ..........зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хугацааг 6 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл төлөгдөхгүй байсан тул зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дүгнэж акт үйлдсэн. Энэ бол хамгийн чухал нотолгооны хэрэгсэл. Энэ гэрээнд талууд маргадаггүй. Хариуцагчийн тайлбарт ч хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн ..........нь тусдаа 200.000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ давхар байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 2 сараар сунгасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт дээр тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгч ..........ийн үүргийг тодорхой хуваарилсан байдаг. ..........болон ..........ХХК, ..........ХХК-ийн хариуцах 660.967 ам.долларыг энэхүү гэрээний хавсралтаар баталгаажуулсан. Үүргийн гүйцэтгэлийг ..........ХХК-ийн хувьцаагаар гаргуулья гэсэн хүсэлт гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дүгнэсэн актын шууд үргэлжлэлийг байгуулсан. 2015 оны 9 дүгээр сард ..........нь энэхүү гэрээний барьцаанд тавигдсан байсан Баянчандманьд байрлах 2 объектыг хүсэлтийн дагуу барьцаанаас суллаж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нийт 550 000 ширхэг ..........ХХК-ийн 50 хувийг 700 000 ам.доллараар үнэлж компанийн шийдвэр гаргах этгээдүүд болох ТУЗ-ийн хурлын шийдвэрээр баталгаажуулж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ..........өөрөө хариу тайлбарын 6 дугаар догол мөрөнд энэ талаар дурдсан байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж талууд маргаагүй. Компанийн хувьцааг барьцаалах тал дээр бүртгэлийн байгууллагын тогтолцоо байдаггүй, компанийн нэгж ширхэг хувьцааны үнийн дүнг гэрээгээр тогтоосон. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ..........ээс 296 483 828 төгрөгийг гаргуулж, энэхүү үүргийн гүйцэтгэлийг ..........ХХК-ийн хувьцаагаар хангуулах хүсэлтийг гаргаж байгаа юм. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрээгээ дүгнэж .........., ..........хоёрын зээлийг хуваасан байдаг. ..........нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор 485 000 ам.доллар болон 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл төлөгдөөгүй хүү болох 175.967 ам.долларын хамт төлөх гэж байгаа. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь үндсэн зээлд тус бүрийн сарын 2.5 хувийн хүү тооцох ба хүүг сар бүрийн 5-ны өдөр дотор төлнө гэсэн. Миний гаргасан тооцоогоор 73 962 ам.долларын хүүг үндсэн зээлдээ төлөхөөр байна гэж гарсан. ..........нь 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойш 500 000 доллар төлсөн нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүү тооцох ёстой, 5 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хүү нь 60 221 ам.доллар болж байгаа. 175.967 ам.долларыг бодоход 236 188 ам.доллар болж байгаа юм. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 485 000 ам.доллар үндсэн зээл, 237 125 ам.долларын зээлийн үлдэгдэл болсон. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үндсэн зээлээ төлж дууссан үүнээс хойш тооцох эрхгүй гэж ярьж байна. Нийт 7 удаа төлбөрийн тооцоо хийхэд талууд нэг удаа ам.доллароор бусдыг нь төгрөгөөр хийсэн. Тооцооллын зөрүү нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 50 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг ам.долларын ханшийн зөрүү гэсэн асуудлууд байгаа. 2400 буюу хүчлээд тооцсон байгаа. Монголбанкны ханшаар бодсон. Компанийн хувьцааг барьцаална гэсэн ойлголт байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний 700 000 ам.доллар төлөөгүй учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж ярьж байна. Хамгийн гол нь нэгж хувьцааны үнийг тогтоож гаргасан. Үнийг тогтоосон хувьцаагаар хангуулж авах нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна. Иймд багасгасан шаардлага болох 296 483 828 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: ..........нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Лхагвадоржтой хамтран ..........оос 2 000 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 200 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэй хамтран зээлж тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үүрэгт 2014 оноос 2015 оны 12 сар хүртэлх хугацаанд хамтран зээлдэгч ..........болон миний бие үндсэн зээлээс 400 000 ам.доллар, зээлийн хүүд 748 392 ам.доллар төлсөн. Эдгээр нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлж, гэрээг дүгнэсэн актаар баталгаажиж байна. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хамтран зээлдэгч Ц.Лхагвадорж, зээлдүүлэгч .......... нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн авсан зээлийн хэмжээнд оногдох үндсэн зээл болон хүү төлөх үүрэг хуваарилсан. Энэхүү хуваарилалтын дагуу ..........надад 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар бөгөөд хүүгийн төлбөрийн үлдэгдэл 937 ам.доллар гэж тооцоо нийлсэн. Энэ хүртэлх хугацааны хүүг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 237.125 ам.доллар болсныг нийт 700 000 ам.доллар гэж тооцон төлөхөөр тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн. Хэрэв дээрх хугацаанд миний бие уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хувьцаа эзэмшдэг ..........ХХК-ийн 50 хувийн хувьцааг барьцаалсан. Уг тохиролцоогоор компанийн хувьцаа барьцаалсан гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй юм. ..........той тооцоо нийлсэн 700 000 ам.доллар бол үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 215 000 ам.доллар хоёрын нийлбэр юм. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа болно. Үүнээс тохиролцсон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үндсэн зээл 485 000 ам.долларыг бүрэн төлж дуусгасан. Мөн хүүнээс 15 000 ам.доллар буюу нийт 500 000 ам.доллар төлсөн. Улмаар ..........той тухай бүр тооцоо нийлж хүүгийн үлдэгдэл төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 371.83 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 485.34 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 705.31 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 865.85 ам.доллар, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөг буюу 12 500 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөг буюу 20 833.33 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг буюу 4 166.67 ам.долларыг тус тус төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар төлөх хүүгийн үлдэгдэл 80 000 ам.доллар байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл .......... уг 700 000 ам.долларын үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүүгийн дүнгээс хүү тооцож 115 711 ам.доллар буюу 399 210 305 төгрөг гэж тооцон ..........ХХК-ийн 11.12 хувийн хувьцааг эзэмших нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ..........ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлийн 156.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .......... овогт ..........гийн ........../........../-ээс 293 357 825 /хоёр зуун ерөн гурван сая гурван зуун тавин долоон мянга найман зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... овогт ..........ийн .......... /........../-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 126 003.7 төгрөгийг, ..........ХХК-ний нийт хувьцааны 11.12 хувь буюу 61 173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ..........ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр баримтаар төлсөн 2224 201.53 төгрөгний 1 710 569 .14 /нэг сая долоон зуун арван мянга таван зуун жаран есөн 14/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........ээс 1 624 739 /нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 513 632 /таван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..........т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1359 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлал зэргийг тус тус эс зөвшөөрч хариуцагч талаас энэхүү гомдлыг гаргаж байна. Дээрх маргаан нь талуудын хоорондын зээлийн харилцаанаас үүдэн гарсан төлбөр тооцоог барагдуулах тооцоололтой холбоотой маргаан бөгөөд талууд үлдэгдэл төлбөр болон хүүгийн тооцоололтой маргасан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ..........ийн хувьд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг буюу 80,713 ам долларын төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа илэрхийлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт /Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй/ заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тодруулбал хавтаст хэргийн 31-р талд зээлийн үлдэгдэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус баримт нь хуулбар баримт байсан тул хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангуулж хавтаст хэрэгт авхуулах тухай хүсэлтийг мөн гаргаж байсан билээ. Хэдий тийм ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус нотлох баримтыг өөрөө үйлдсэн, тус зээлийн харилцааг бүхэлд нь мэдэх тул үнэн зөвийг бүрэн баталж тус нотлох баримтад өөрийн гарын үсэгийг зурж баталгаажуулсан. Анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт хэмээн үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Дээр дурдсан хавтаст хэргийн 31-р талд авагдсан нотлох баримт нь хариуцагч нарын зээлийн үлдэгдлийн тооцоололтой таардаг бөгөөд тус тооцооллын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 80,713.80 ам долларын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тодорхой харагддаг. Давж заалдах шатны шүүх /Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл “...зээлийн гэрээний үүрэгт нийт 9 удаагийн гүйлгээгээр 619,928.32 ам.долларыг төлсөн, 80,071 ам.долларын үүрэг үүссэн” гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна./ хэмээн магадлалын үндэслэх хэсэгт тусгасан байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг /Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ/ мөн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт /Хэргийн нөтлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно/ гэж тус тус нотлох баримтын тухай хуульчилсан байдаг билээ. Мөн түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дах хэсэгт /Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй/ заасны дагуу дээр дурдсан хавтаст хэргийн 31-р талд авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг иш татан няцаалт хийсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлыг нотлох баримт нэгэнт хавтаст хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн зүгээс дээрх нотлох баримтыг дахин гаргаж өгөх нь илүүц бөгөөд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг иш татан няцаалт хийсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт /Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ/ заасны дагуу хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. Мөн түүнчлэн тухайн баримтыг үнэлээгүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт /Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ заасан зарчимд нийцээгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 293 357 825 төгрөгийг буюу 114 458 ам долларыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг болох 80 713 ам доллар буюу 206 867 419 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас 86 490 406 төгрөгийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дах хэсэгт /Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй./ заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1359 дугаар магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 86 490 406 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ..........ХХК, ..........ХХК, ..........нарт холбогдуулан зээлийн үүрэгт 296 483 828 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйл болох ..........ХХК-ийн нийт хувьцааны 11.12 хувь буюу 61.173 ширхэг энгийн хувьцаа эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 80 071 ам.доллар төлөхийг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 293 357 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6., 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт нийцээгүй байна.
Хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон .........., ..........нарын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-14/2/6 тоот зээлийн шугаман гэрээ, уг гэрээний дагуу 2 000 000 ам.долларыг шилжүүлсэн, 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ЗГ-15/3/1 тоот зээлийн гэрээ, гэрээний дагуу 200 000 ам.долларыг шилжүүлсэн, 2017 оны 4 сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар ..........нь 485 000 ам.доллар, зээлийн хүү 160 967ам.долларыг төлөх үүрэг хүлээж, 500 000 ам.доллар буцааж төлсөн үйл баримтыг зохигч маргаагүй байдалд шүүх дүгнэлт хийхдээ гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.
Талууд үйл баримтыг бүхэлд нь эсвэл заримыг маргаагүй байж болох хэдий ч маргаагүй байдал нь хуульд заасан заавал дагаж биелүүлэх, баримтлах шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээг талууд чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх, хүсэл зоригийн нэгдэл байсан эсэхээс гадна гэрээний зүйл хууль ёсны эсэх, өмчлөгчийн эрх, гэрээ хууль зөрчсөн эсэх эрх зүйн асуудал нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэхэд тодорхой тогтоогдсон байх ёстой байна.
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны обьект болдог ба гэрээний зүйл болох “гадаад мөнгөн тэмдэгт” хэлбэрийн хувьд үүнд хамаарах боловч агуулгын хувьд эх сурвалж, бий болсон үндэслэлийг тодруулах нь хууль зөрчихгүй болно.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл .......... нь 2 200 000 ам.долларын мөнгөн хөрөнгийг ..........т шилжүүлсэн талаар маргаагүй хэдий ч ямар эх үүсвэрээс уг мөнгийг хэрхэн шилжүүлсэн нь тодорхой бус, зээлдүүлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, шугаман зээлийн гэрээ гэдгийг талууд хэрхэн тайлбарлаж байгаа, ердийн зээлийн гэрээнээс ямар ялгаатай, гэрээний зүйл гадаад валют байгаа нь хуульд нийцэх эсэхийг шүүх тодруулаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна. Шүүх эдгээр эрх зүйн асуудлыг тодруулж, зайлшгүй дүгнэлтийг хийх байжээ.
Гэрээ хүчин төгөлдөр бус бол гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй үр дагавар бий болох хэдий ч хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэмжээнд шүүх маргааны талаар дүгнэлт хийх үүрэгтэй байдаг тул зээлийн хүүг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн бол шүүх тэр хэмжээнд дүгнэлт хийнэ.
Түүнчлэн талууд 2 гэрээний дагуу биелүүлэх зээлдэгчийн үүргийг хувааж, 2017 оны 4 сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар нийт 660 967 ам.долларыг .........., үндсэн зээл 1 315 000 ам.долларыг хүүгийн хамт ..........хариуцан төлөхөөр тохирсон байх \хх-17\ ба зээлийн үүргийг салгаж, тусдаа шаардсан нь зээлдэгчийн эрх ашигт нөлөөлөх эсэх, энэ талаар талуудаас тодруулах нь ач холбогдолтойг шүүх анхаарах нь зүйтэй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00968 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1359 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 590 403 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА