Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2020/0024

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

        бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны даргалагчид холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн “Хурлын даргыг сонгож батлах тухай”  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол гаргаж, олонхийн санал авсан С.Аюушжавыг батлахыг Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны хуралдаан даргалагчид даалгах тухай” шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Арбулаг сумын Монгол Ардын намын хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Арбулаг суманд сонгуулийн санал хураалт явагдаж, сумын 21 төлөөлөгчийн 10 нь Монгол Ардын намаас, 11 төлөөлөгч нь Ардчилсан намаас сонгогдсон юм. ... Ингэснээр анхдугаар хуралдаан эхэлж хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалт нууцаар явагдаж тооллогын комиссууд дүнгээ гаргахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Аюушжав 21 төлөөлөгчөөс 11 хүний санал буюу 52.3 хувийн санал, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Бат-Эрдэнэ 10 хүний санал буюу 47.6 хувийн санал авсан талаар тооллогын комисс тогтоолоо танилцуулсан. Ингээд уг тогтоолыг төлөөлөгчдөөр батлуулахаар тогтоол батлах эсэхийг гар өргүүлж шийдэхээр тогтоолыг батлая гэсэн нь гараа өргө гэхэд Монгол Ардын намаас сонгогдсон 10 төлөөлөгч гар өргөж, Ардчилсан намаас сонгогдсон 11 төлөөлөгч гар өргөөгүй бөгөөд энэ нь хуулийн дагуу Монгол Ардын намаас нэр дэвшигч нь олонхийн санал авсныг тоолж тогтоолдоо гарын үсэг зурж баталгаажуулсан. ... Манай намын хувьд нэр дэвшигчээ хуулийн дагуу дэвшүүлж, төлөөлөгчид саналаа нууцаар өгч манай Монгол Ардын намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигч олонхийн санал авсан байхад баталгаажуулахгүй байгаа нь манай намын болон манай намаас нэр дэвшигчийн сонгох сонгогдох эрх нь ноцтойгоор зөрчигдөж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэсэн заалтыг зөрчиж байна. ... Иймд Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн “Хурлын даргыг батлах тухай” иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол гаргаж олонхийн санал авсан С.Аюушжавыг батлахыг Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны хуралдаан даргалагчид даалгаж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Арбулаг сумын Монгол Ардын намын хороо шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд С.Аюушжав хариуцагчтай харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн “Хурлын даргыг сонгож батлах тухай” иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоод гаргаж олонхийн санал авсан С.Аюушжавыг батлахыг Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны хуралдаан даргалагчид даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Монгол Ардын намын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж хүсэлтээ шүүхэд ирүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт шүүхэд бичгээр гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Монгол Ардын намын хороо нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.ЭНХТАЙВАН