Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/0123

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын МАН-ын хороо болон

иргэн Н нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түл, нэхэмжлэгч Н, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол ардын намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын МАН-ын хороо болон иргэн Н нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэцагаан сумын Монгол Ардын Намын хороо болон иргэн Н нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/а тоот шийдвэр, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шийдвэрээр Эрдэнэцагаан суманд явагдсан орон нутгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Н миний биесумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж эхэлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулж, уг хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэж хурлын зарыг нийт төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. Гэвч хуралдаан эхлэхэд Монгол Ардыннамаас сонгогдсон төлөөлөгч Я.Нч Ардчилсан намтай хамтарч ажиллах тухай мэдэгдэл танилцуулж Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх санал тавьж, Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид завсарлага авсан боловч Я.Нчийг оролцуулан хуралдаан 14 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй үргэлжилж, Р.Сц хуралдааныг удирдан зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Абыг сонгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг огцруулж шинээр томилон сумын Засаг даргаар С.Атыг томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрүүдийг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдааны тогтоолоор Нийг хурлын даргаар сонгосон тогтоол нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан бөгөөд энэ тогтоолыг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулаагүй одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ороогүй төлөөлөгч Р.Сц хуралдаан удирдах эрхгүй атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэмэл маягт ашиглан өөрөө өөрийгөө хуралдааны даргаар томилон цаашлаад бусад хууль бус тогтоолуудыг гаргасан.

Мөн хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тогтоол гаргаагүй атлаа зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх хугацаа олгоогүй байхад Нийг хангалтгүй ажилласан гэж огцруулан Ц.Абыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх хэвээр байхад Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдан үндэслэлгүйгээр огцруулж шинээр Тэргүүлэгчдийг сонгосон, сумын Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулсан үйлдлүүд нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Ардын намаас нэр дэвшигчдэд санал өгсөн сонгогчид, манай нэрээр сонгогдсон төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хуулиар олгогдсон бүрэн эрхэд хууль бусаар халдсан үйлдэл боллоо.

Иймд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан гарсан тогтоолууд, аймгийн Засаг дарга Ж.Эбийн С.Атыг ажилд томилсон 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Аб шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хорооноос урьд буюу 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр №17 тоот албан бичгээр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан. Улмаар хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл мөн нэхэмжлэгчээс нэг агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан 34 дүгээр зүйлийн 34.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн иргэдийнТөлөөлөгчдийн Хуралдаанаас гарсан тогтоол болон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн захирамж юм. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

Улмаар нэхэмжлэгчдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэхийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

2. Хурал товлогдсон тухай:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагт сумын Соёлын төвд хийхээр товлосон. Хурлын товыг бүх төлөөлөгчдөд зохих журмын дагуу мэдэгдсэн ба хуралдаанд нийт 27 төлөөлөгч ирснээр хурлын ирц 100 хувьд хүрсэн болно.

3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулсан тухай:

Тус хурлаар хэлэлцэх 4 асуудлыг хэлэлцэхээр тогтсон байсан боловч Сүхбаатар аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргаар томилуулахаар санал болгосон Ч.Эцийг томилохоос татгалзсан байсан.

Аймгийн Засаг даргын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргаар томилуулах-аар ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар зөвхөн аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.

Ийнхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуулиар тогтоосон журам буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хоногийн дотор дахин томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх үүрэгтэй.

Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчдөөс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлогдсон 2 дугаар хуралдаан эхлэхэд дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр санал оруулсан.

Гэтэл Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчид хуралдааны үеэр хоёр ч удаа завсарлага авч түүнчлэн сүүлийн авсан завсарлагын хугацаа дуусахад 13 төлөөлөгчөөс орж ирээгүй тул хуралдааныг аргагүй цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар завсарласан хуралдаан үргэлжлэх үед Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчид орж ирээд энэхүү 2 дугаар хуралдааныг нээлттэй орхиж байгаагаа хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж бүлгийн 13 төлөөлөгч гарч явсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг журамласан хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 23.8-д Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно, 23.9-д Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсантохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж тус тус зохицуулсан байна.

Ийнхүү дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгон Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх бүхий 27 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч буюу олонхи нь 2 дугаар хуралдааныг үргэлжлүүлэхээр үлдсэн тул хурлыг хүчинтэйд тооцож дараах асуудлыг санал хураалтаар шийдвэрлэсэн. Үүнд:

- Зохион байгуулалтын асуудал

- 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсвийн төсөв

- 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө

- Зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай

- ОНХС-ийн хөрөнгөөр 2014 онд санхүүжигдэх төсөл арга хэмжээний жагсаалт 2013 оны санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний зардлын үлдэгдэл зэрэг асуудал болно.

1. Хурлаас гарсан тогтоолуудын тухай

Хурлаас дээрх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасан ба уг тогтоолууд нь бүгд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална, 25.2-т Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаандаргалагч тус тус гарын үсэг зурна гэж тус тус заасан журмыг баримталж гаргасан болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож, хууль зүйн үндэслэлгүй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга Ж.Эбийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.    Хурлын процессын талаар:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлон 4 зүйл асуудлыг хэлэлцэхээр болсон. Гэвч анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад Ч.Эцийн нэрийг дэвшүүлсэн маргаантай асуудал шат шатны шүүхээр шийдвэрлэгдэн, аймгийн Засаг даргын зүгээс томилохоос татгалзсан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичиг ирсэн. Иймд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр санал гаргаж, холбогдох материалуудыг Хурлын Төлөөлөгч нарт хүргүүлсэн байсан.

Ингээд 17-ны өдөр ээлжит 2 дугаар хуралдаан албан ёсоор эхэлж өмнөх Хурлын дарга Н хэлэлцэх асуудлыг танилцуулж гишүүдээр батлуулахаар санал авахад зохион байгуулалтын асуудал-ыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхэд санал хураана, хураахгүй гэж маргалдаж эхэлсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Хурлын Төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхтэй. Мөн энэ эрх нь анхдугаар хуралдаанаар баталсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн хоёрдугаар бүлэг /Ээлжит болон ээлжит бус хуралдаан/-ийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар баталгаажсан. Үүний дагуу Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан процессын дагуу хэлэлцэх асуудлыг санаачлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Тэргүүлэгч, Төлөөлөгч нарт хүргүүлсэн. Гэвч өмнөх хурлын дарга Н, хэсэг төлөөлөгч нар тус асуудлыг хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлүүлэх санал хураалт явуулахыг хориглож маргаан үүсгэсэн. Үүнийгээ тайлбарлахдаа хуралдаанд санал оруулах бол 3 хоногийн өмнө ирүүлэх ёстой гэж анхдугаар хуралдааны дэгийн заалтаар тайлбарладаг. Энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 12.1.3, 12.1.4 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 12.1.3, 24.1 дэх хэсэгт заасан Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан, хуралдааны дэгийн асуудлыг чөлөөтэй хэлэлцэх зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Ингээд Монгол Ардын намын бүлэг 2 удаа завсарлага авсны дараа 13 төлөөлөгч Монгол Улсын Засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.8 дахь заалтыг зөрчиж хурлыг орхиж гарсан. Ардчилсан намын 13 төлөөлөгч Монгол Ардын намын 1 төлөөлөгч үлдэн 14 төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.9 дэх заалтыг удирдлага болгон, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн хоёрдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 8 дахьзаалтын дагуу хэлэлцэх асуудлаа батлан хурлыг цааш үргэлжлүүлсэн.

2.    Зохион байгуулалтын асуудлын талаар:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон дарга, тэргүүлэгч нар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн улмаас сум орны нийгэм, эдийн засгийн амьдрал зогсонги байдалд орж төсвийн байгууллагын ажилчид цалингаа авч чадахгүй, иргэд халамж тэтгэврээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Ардчилсан намын бүлэг дээрх хүмүүсийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч тал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр томилогдсон мэт тайлбарлан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг ажлаас нь чөлөөлсөн гэж үзсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь улс төрийн албан тушаалтан юм. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг томилох, чөлөөлөх субьект нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд эрх нь Хурлын Төлөөлөгч нарт хадгалагдана. Иймд Хурлын дарга, Тэргүүлэгч нарыг чөлөөлж, томилсон ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хурлын дэгийг зөрчөөгүй хуулийн дагуу болсон. Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Ч.Эцийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, үүнтэй холбоотой маргаан шат шатнышүүхээр шийдвэрлэгдэн аймгийн Засаг даргын зүгээс нэг удаа томилохоос татгалзсан хариу ирсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-т заасан журмын дагуу дахин нэр дэвшүүлэх шаардлагатай болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жилд 1-2 удаа хуралддаг бөгөөд өмнөх удирдлагуудын үед хуралдаж ч чадахгүй нөхцөл байдалтай байсан тул уг хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд хуулийн дагуу 15 хоногт багтаан дахин нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй.

3.    2014 оны төсвийн талаар.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудал бөгөөд сумын Засаг даргын зүгээс холбогдох хуулийн дагуу бэлтгэн өргөн барьсан төсвийг баталсан. Төсвийн тухай хууль болон бусад хууль, дүрэм журамд нийцүүлэн баталсан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

4.    Сумын Засаг даргыг томилох талаар:

Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдаанаас Ч.Эцийг сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсан бөгөөд тус хуралтай холбоотой асуудал шат шатны шүүхээр шийдвэрлэгдэж хугацаа алдсан. Мөн Ч.Эц өөрийгөө сумын Засаг даргад албадан томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон. Ингээд шүүхийн шийдвэр болон Ч.Эц, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг төлөөлөгчдийн шаардсанаар /Эрдэнэцагаан сумын иргэд, хурлын төлөөлөгчид, намын бүлгүүдтэй 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга уулзалт хийсэн/ 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр Ч.Эцийг сумын Засаг даргад томилохоос татгалзсан хариуг албан ёсоор хүргүүлсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргыг томилохоос татгалзсан хариуг өгснөөс хойш 15 хоногийн дотор дахин уламжилж, 5 хоногийн дотор томилох хуулийн заалттай. Ингээд Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаас С.Атыг сумын Засаг даргад уламжилсныг хуулийн дагуу томилсон. Сумын Хурлын шийдвэрийг түдгэлзүүлсэн тухай ямар нэгэн албан бичиг Засаг дарга дээр ирээгүй болно.

5.    Нэхэмжлэлтэй холбоотой:

Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөрхуралдсан хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгохоор Эрдэнэцагаан сумын монгол Ардын намын хороо өмнө нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус нэхэмжлэлтэй маргаан хоёр шатны шүүхээр орж, давж заалдах шатны шүүхээс төлөөллийг хуулийн дагуу хийгээгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй билээ. Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо нь тус асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчмын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө буруу томилсон ньхүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэцагаан сумын Монгол Ардын намын хороо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хуралдааны даргыг томилох тухай 03, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 04, ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 05, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай 06, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай 07, Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай 08 дугаар тогтоолууд, Сүхбаатар аймгийн Засаг даргын С.Атыг ажилд томилох тухай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоожхүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдах гомдолдоо: ... 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн тухайд:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын МАН-ын хорооноос өмнө нь буюу 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 17 тоот албан бичгээр шаардлага дээрх бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан. Улмаар хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон

Уг магадлалаар нэхэмжлэлийг Эрдэнэцагаан сумын МАН-ын хорооны дэд дарга Д.Оюунбилэг гэх этгээд гаргасан нь ЗХХШТХ-ийг зөрчсөн, түүнчлэн Эрдэнэцагаан сумын МАН-ын хорооны дарга Ө.Батсайханаас Д.Оюунбилэгт олгогдсон итгэмжлэл нь хуулиар тавьсан шаардлага хангаагүй, түүнчлэн захиргааны хэрэгт төлөөлөх бус иргэний хэлцэлд төлөөлөх итгэмжлэл байсан зэрэг зөрчлийг илрүүлж хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Гэтэл мөн нэхэмжлэгч буюу Эрдэнэцагаан сумын МАН-ын хорооноос мөн шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхэд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байгаа юм.

Харин шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ИТХ-аас гарсан тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн захирамжуудыг хүлээн авсан буюу мэдсэн үеэс эхлэн гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг тоолох байтал захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн актыг гардаж авсан үеэс тоолсон хуулиар тогтоосон журам зөрчсөн хэрэг ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн, уг хугацааг сэргээн тогтоосон захирамж байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчдийн энэхүү байдлаар хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаа шууд өөрсдөөс хамаарсан зүйл учир хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл өнөөдөр ч хэвээрээ байна.

2. Шүүх болсон үйл явдлыг буруу дүгнэсэн тухай

ИТХ томилогдсон тухайд: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагт сумын Соёлын төв-д хийхээр товлосон. Хурлын товыг бүх төлөөлөгчдөд зохих журмын дагуу мэдэгдсэн ба хуралдаанд нийт 27 төлөөлөгч ирснээр хурлын ирц 100 хувьд хүрсэн ба нэхэмжлэгчид зар товлосон тогтоолтой маргадаггүй болно.

Хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулсан тухайд: Тус хурлаар 4 асуудлыг хэлэлцэхээр тогтсон байсан боловч Сүхбаатар аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр Эрдэнэцагаан сумын ИТХ-аас сумын Засаг даргаар томилуулахаар санал болгосон Ч.Эцийг томилохоос татгалзсан байсан.

Аймгийн Засаг даргын ИТХ-аас сумын Засаг даргаар томилуулах-аар ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар зөвхөн аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрхийн асуудал байдаг.

Иймээс хуралдаанаар хэлэлцэх асуудал бодитоор бий болсон ба уг асуудлыг хуулиар тогтоосон журмын дагуу ИТХ 15 хоногийн дотор дахин томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх үүрэгтэй тул сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр товлогдсон 2 дугаар хуралдаан эхлэхэд дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр санал оруулсан. Ардчилсан намаас ч мөн энэхүү саналыг гаргаж 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ИТХ-ын ажлын алба, тэргүүлэгч, төлөөлөгч нарт албан бичгээр хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Гэтэл МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааны үеэр 2 удаа завсарлага авч, түүнчлэн сүүлийн авсан завсарлагын хугацаа дуусахад 13 төлөөлөгчөөс орж ирээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн. Улмаар завсарласан хуралдаан үргэлжлэх үед МАН-ын бүлгийн төлөөлөгчид орж ирээд энэхүү 2 дугаар хуралдааныг нээлттэй орхиж байгаагаа хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж бүлгийн 13 төлөөлөгч гарч явсан.

ИТХ-ын хуралдааныг журамласан хууль буюу нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно., 23.8-д Хүндэтгэн үзэх шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно. 23.9-д Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж тус тус зохицуулсан байдаг.

Ийнхүү дээрх хуулийн заалтуудыг удирдлага болгон Эрдэнэцагаан сумын ИТХ-ын бүрэн эрх бүхий 27 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч буюу олонхи 2 дугаар хуралдааныг үргэлжлүүлэхээр үлдсэн тул хурлыг хүчинтэйд тооцож асуудлыг санал хураалтаар шийдвэрлэсэн.

Хурлаас гарсан тогтоолуудын тухайд: Хурлаас дээрх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасан ба уг тогтоолууд бүгд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална., 25.2-д Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухай хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж тус тус заасан журмыг баримталж гаргасан болно.

Иймд Захиргааны хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэг, мөн зүйлийн 88.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн байх тул хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Хариуцагчийн нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байхад хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын МАН-ын хорооны гаргасан тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хуралдаанаас гаргасан 1-10 дугаар тогтоолууд, Сүхбаатар аймгийн Засаг даргын С.Атг Засаг даргаар томилсон захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх хүлээн авч шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар магадлалаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн дахин гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд уг татгалзсан 34.1.5-д заасан шалтгааныг арилгаж 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлээ өөрчилж дээрх 40 дүгээр захирамжийн 34.1.6-д заасан үндэслэлд хамаарах тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа хасаж гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг гарсан үеэс шинээр тоолж нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасанд нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн ... шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2. Хариуцагчийн Шүүх болсон үйл явдлыг буруу дүгнэсэн гэх гомдлын тухайд:

Анхан шатны шүүх Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлож уг хуралдаанаар төсвийн гүйцэтгэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зарим газрыг тусгай хэрэгцээнд авах, ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжигдэх арга хэмжээний талаар нийт 4 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч тухайн өдрийн хуралдаан дээр Эрдэнэцагаан сумын Ардчилсан намын бүлгээс хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй зохион байгуулалтын гэх асуудал хэлэлцэх санал оруулж, улмаар Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Хурлын даргыг сонгох, Хурлын Тэргүүлэгчдийг өөрчлөх, сонгох, Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тогтоолуудыг гаргасныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Тухайлбал, анхан шатны шүүх энэ талаар ...Хурлын Төлөөлөгчдөд тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдээлэлтэй болох, үүнтэй холбогдуулан өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх, санал дүгнэлтгаргах, ард түмний төлөөлөл болохын хувьд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бодитоор олгоогүй гэж үзэх үндэслэлтэй болно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчаас Засаг даргыг томилохоос татгалзсан аймгийн Засаг даргын хариуг хүлээн авч хуульд заасан 15 хоногийн дотор дахин томилох саналаа хүргүүлэх шаардлагатай байсан тул тухайн хуралдаан дээр хуулийн 12.1.3, 24.1 дэх заалтыг үндэслэн Зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй, мөн 16-ны өдөр Ардчилсан намаас тэргүүлэгч, төлөөлөгч нарт албан бичгээр хүргүүлсэн гэх боловч дээрх 15 хоногийн хугацаа дуусах болоогүйгээс гадна уг саналд холбогдуулан Хурлын дарга, Тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлангаа гаргаж хэлэлцүүлэх боломж олголгүй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн байна.

Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ