Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37Б байрны 9 тоотод оршин суух П Ч /РД: УШ69072210/,

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37В байрны 3 тоотод байрлах “М”ХХК /РД: 5620511/ нарын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Андууд хотхон, 14/1 дүгээр байрны 4 тоотод оршин суух Боржигон овогт Ц.Д /РД: ХБ64011767/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам, Үйлдвэрийн баруун бүс, 22-01 тоотод байрлах “Нэйшнл кашмер силк”ХХК /РД:5570638/ нарт холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.152.670 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК-ийн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Ц.Дгийн төлөөлөгч Ц.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч П.Ч, “Монгол нью ай бекс”ХХК нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие “Монгол нью ай бекс”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус компани нь 2012 онд байгуулагдсан бөгөөд ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн 100 хувийн хувьцааг  нэхэмжлэгч П.Ч эзэмшдэг. Тус компани нь үндэсний үйлдвэрийг дэмжих сангаас буюу Чингис бондоос 440.000.000 төгрөгийн зээл авч үйлдвэр хэвийн ажиллаж байсан. 200 кг ноолуурыг “Говь”ХК-нд ээрүүлсэн бөгөөд “Нэйшнл кашмер силк”ХХК нь манай үйлдвэрээс хонины ноосон утас, ямааны ноолууран утаснууд зээлсэн авсан. “Нэйшнл кашмер силк”ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний хооронд авсан ноос, ноолууран утас авсан тооцоогоо 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нийлэхэд 40.152.672 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгид төлөхөөр байсан. Гэвч 2015 онд авсан энэхүү ноос, ноолууран утасны тооцоог хийхгүй байсан учраас “Монгол нью ай бекс”ХХК-ийн захирал П.Ч нь залилан мэхэлсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 687 дугаар прокурорын тогтоолоор энэхүү хэргийг иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан байна гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ц.Д нь анх аман гэрээ, хэлцэл хийгээд бид мөнгийг чинь богино хугацаанд өгнө гэж итгэл үнэмшил төрүүлж авсан. Мөн хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн эзэн нь Ц.Д юм. Харин компани нь ноолуурыг авч хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Иймд хариуцагч Ц.Д болон түүний үүсгэн байгуулсан “Нэйшнл кашмер силк”ХХК-иас 40.152.670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ц.Дгийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Д нь “Монгол нью ай бекс”ХХК болон иргэн П.Чгээс дээрх нэхэмжилсэн үнийн дүнтэй ноос, ноолууран утаснуудыг хүлээн аваагүй юм. Дээрх ноос ноолууран утсыг П.Ч өөрийн биеэр “Нэйшнл кашмер силк”ХХК-ийн байранд хүргэж өгсөн байдаг. Энэ нь цагдаагийн байгууллагад П.Ч залилан хийсэн гэж өгсөн өргөдлийн дагуу шалгасан прокурорын №687 дугаар тогтоолоор тогтоогдсон байгаа. Талуудын хооронд бичгээр гэрээ, хэлцэл байгуулагдаагүй бөгөөд зөвхөн тооцоо нийлсэн акт болон утсыг хүлээн авсан баримтууд байгаа. Тооцоо нийлсэн баримтан дээр Ц.Д нь “Нэйшнл кашмер силк”ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурж, “Нэйшнл кашмер силк”ХХК-ийн тамга дарагдсан. Энэ нь  тус компанийн өмнөөс төлбөр төлөх болно гэсэн үг биш юм. Энэ тухай Иргэний хуульд хариуцагч нь зөвхөн тухайн хэрэгт хамааралтай аж ахуйн нэгж, иргэн байна гэдгийг заасан байдаг. Хоёр компани хоорондын тооцоог иргэн Ц.Д хариуцахгүй. Компани нь үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр үйл ажиллагаа эхэлж, татан буугддаг. “Нэйшнл кашмер силк”ХХК нь 20 гаруй ажилчинтай, үйл ажиллагаа нь тогтмол явагдаж, бараа бүтээгдэхүүнийг экспортлож гаргадаг. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 40.152.670 төгрөгийг “Нэйшнл кашмер силк”ХХК-иас гаргуулж өгнө үү. Манай зүгээс хувь хүнтэй холбоотой өөр баримт байхгүй. Энэ нь хариуцлагаас зугтах гэж байга хэлбэр биш юм. “Нэйшнл кашмер силк”ХХК нь өөрөө нэг гишүүнтэй бөгөөд ноос, ноолууран утсыг компанийн үйл ажиллагаанд ашигласан учраас төлбөрийг компани хариуцах ёстой. Иймд Ц.Дд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-нд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч П.Ч, “Монгол нью ай бекс”ХХК нар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Дгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.152.670 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Нэйшнл кашмер силк”ХХК-ийг татан оролцуулжээ.

            Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

         Учир нь нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК, хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК нарын хооронд ноос, ноолууран утас худалдах худалдах авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, “Монгол нью ай бекс”ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “Нэйшнл кашмер силк”ХХК-нд  54.994.847 төгрөгийн үнэ бүхий 341.635 килограмм ноос, ноолууран утсыг нийлүүлсэн байх ба уг бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК нь 14.842.317 төгрөгийг төлж, үлдэгдэл 40.152.672 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар болон төлбөр төлөлтийн тооцоо зэргээр нотлогдож байна. 

            Хэдийгээр хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-ийн худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 40.152.672  төгрөг боловч нэхэмжлэгч нар нь хариуцагчаас үлдэгдэл төлбөрт 40.152.670 төгрөгийг шаардаж байх ба  хариуцагч Ц.Д нь дээрх худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг “Нэйшнл кашмер силк”ХХК худалдан авч үйл ажиллагаандаа зарцуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан төлбөр төлөлтийн тооцооны баримт, орлого, зарлагын баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК болон “Нэйшнл кашмер силк”ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнд гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй тул хэлцэлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

          Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зохицуулж өгсөн тул “Нэйшнл кашмер силк”ХХК-ийн саналыг хүлээн зөвшөөрч 341.635 килограмм ноос, ноолууран утас нийлүүлсэн “Монгол нью ай бекс”ХХК-ийн үйлдлийг гэрээ хийснийг нотлох нотолгоо гэж үзнэ.

            Мөн талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан төлбөр төлөлтийн тооцооны баримтад ноос, ноолууран утсыг хүлээн авсан байгууллагыг “Нэйшнл кашмер силк”ХХК гэж тодорхойлж, “Нэйшнл кашмер силк”ХХК-ийн тамга дарагдсан байна.

          Иймд худалдах, худалдан авах гэрээг “Нэйшнл кашмер силк”ХХК-тай байгуулсан тул мөнгө төлөхийг зөвшөөрөхгүй гэх хариуцагч Ц.Дгийн татгалзал үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.152.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ц.Дд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг худалдах худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Мөн нэхэмжлэгч П.Ч нь нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-тай байгуулсан ноос, ноолууран утас худалдах, худалдан авах эрх зүйн харилцаанд оролцож байсан байх тул гэрээний үүргээ биелүүлэхийг иргэний хувиар шаардах эрхгүй тул П.Чгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

          Нөгөөтэйгүүр хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-иас  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.     

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 359.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-иас 40.152.670 /дөчин сая нэг зуун тавин хоёр мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК-нд олгож, хариуцагч Ц.Дд холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч П.Чгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 359.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нэйшнл кашмер силк”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 359.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монгол нью ай бекс”ХХК-нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР