| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0079/Э |
| Дугаар | ШЦТ/2021/85 |
| Огноо | 2021-08-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 20 өдөр
Дугаар ШЦТ/2021/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Эсэн
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сад холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Аид холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С, Х.А нарт холбогдох ...... тоот эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
1.Шүүгдэгч: .... төрсөн,.. настай, боловсролгүй, малчин, оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, Дуутан овогт Г.С гэв. РД:/ЗК........./
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн..... төрсөн, ... настай, боловсролгүй, малчин, суух, урьд ял шийтгэл эдэлж байсан, улсаас авсан шагналгүй, Харчин овогт Х.А гэв. РД:/ЗЗ......./
Шүүгдэгч Г.С нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Өндөр өлгий” гэх газраас хохирогч Б.Эшуурганд уруудсан 4 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.С нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Луус сумын 2 дугаар баг “Цохионы ус” гэх газрын ойролцоо бэлчиж байсан хохирогч Б.Э3 тооны ямааг, Х.Атэй бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 300,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.А нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Луус сумын 2 дугаар баг “Цохионы ус” гэх газрын ойролцоо бэлчиж байсан хохирогч Б.Э3 тооны ямааг, Г.Стай бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 300,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Г.С “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
- Шүүгдэг Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай ахын харьяаллын газар 3-4 бууц газарт байдаг юм. Тэгээд шуурганы дараа хашаа байшин эргээд ир гэхээр нь тор дамжаад явж байтал мотоцикл эвдрээд С хоносон. Тэгсэн Б гэдэг айл 200-300 мал хороонд хашсан гээд утсаар ярьтал манайх бас малаа алдсан 2-улаа Б ахынд очиж мал шүүгээд ирье гээд бид 2 явж байтал 3 ямаа зам дээр хэвтэж байсан. Тэгээд Баас хэдэн хонь аваад зам дээр хэдэн ямаа байсан, нэг нь босож чадахгүй байхаар нь алдуул юм байна авъя гээд авсан” гэв.
- Шүүгдэгч Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би 2021.03.14-ний болсон их шуурганы үеэр алга болсон 4 тооны бага малаа хайхаар гэрээсээ урагшаа зүс таних А гэх залуугийн хамт би өөрийн эзэмшлийн Wingroad загварын автомашинтай явсан юм. А манай гэрт өмнөх өдөр нь ирээд мотоцикл эвдэрсэн гээд надтай хамт явъя гэсэн. Ингээд бид хоёр манайхаас урагшаа яваад Манахын цагаан овоо гэдэг газар явж байтал 5 хонь, 3 ямаа сүргээсээ тасарсан явж байсан. Тэгтэл тэр гурван ямаанаас А 3-г нь аччихъя гээд байсан. Би хэрэггүй гэж хэлсэн чинь А би арыг нь даана гээд байсан. Ингээд нэг ямаа нь хэвтэрт орсон ямаа байсан бөгөөд тэр ямааг нь машиндаа ачсан. Тэгтэл нэг мотоциклтой хүн хүрч ирээд тэр хүнд А ямааг миний ямаа гэж хэлээд, тэр хүнтэй хамт 2 ямааг нь туулгаж барьж аваад миний машинд ачсан юм. Ингээд 3 ямаагаа ачаад А бид хоёр манай гэрт ирээд А тэр 3 ямааг хийгээд аймаг орж ирээд Отгонцэцэг гэдэг ченжид махыг нь, арьсыг нь Нараа ченжид зарсан. Нийт мөнгө нь ямар ч байсан 240.000 төгрөг болсон. Ингээд А надад бензиний мөнгө 100.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь би бензин аваад хэрэглээний ойр зуурын юм авсан. Ингээд би хөдөө гэр лүүгээ явсан. А аймгийн төв дээр үлдсэн. 2021.03.14-ний өдрийн шорооны дараа буюу 1-2 хоногийн дараа манай малтай 4 хонь нийлсэн байсан юм. Уг хонинуудыг би өөрийнхөө малтай хамтад нь тэмдэглэсэн байсан. Тухайн үедээ андуураад тэмдэглэсэн юм шиг байна лээ. Ингээд нэг хүн манай малаас өөрийнхөө малыг эрж байгаад 1 ямаа байна гээд тэр ямаагаа аваад явсан гэсэн. Дараа нь дахиж ирж үзээд манай 4 хонь байна гээд авч явсан. Миний унаж явсан автомашин Отгонбаатар гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Би машинаа 2021 оны цагаан сарын өмнө 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ албан ёсоор шилжүүлж аваагүй байгаа. Миний машины улсын дугаар нь 87-44 ДУА, саарал өнгийн автомашин байгаа юм. Нэг нь буурал ямаа, 2 нь халзан ямаа байсан. Нэг ямааных нь арьсыг нь хуулж махыг нь хаясан. Ингээд бид хоёр 3 арьс, 2 махыг нь зарсан. Арьс нь гурвуулаа нийлээд 90.000 төгрөг болсон, мах нь 120.000 төгрөг орчим болсон санагдаж байна. Би эзэнгүй мал юм байна гэж бодоод тэмдэглэгээ хийсэн юм. Эзэн нь гарч ирэхгүй бол өөрийнхөө мал болгоё гэж бодсон юм. Тухайн үед мал ачиж байхад Аийн эхнэр, манай эхнэр Ч нар байсан өөр хүн байгаагүй. Хохирогч маань хонинууддаа хүлээж авсан. А бид хоёр зарсан ямааныхаа мөнгийг хувааж гаргаад нийт 280.000 төгрөг хохирогчид төлсөн, баримт нь хэргийн материалд авагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/
5. Хохирогч Б.Эын: “Манайх 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шороон шуурганд Сайнцагаан сумын 1-р баг “Өндөр өлгий” гэх газраас бог малаа уруудуулж алдсан. Шуурганаас хойш малаа эрж хайж ихэнх малаа олсон бөгөөд манай малаас нийт 4 тооны хонь, 3 тооны ямаа зүсээр дутсан. Манай шуурганд уруудсан малын ихэнх нь Луус 2-р баг Баянхошуу, Шинэ ус гэх газруудад уруудаж очсон байсан. 2021 оны 03 сарын 16-ны үед Эрдэнэсүх гэж залуу Шинэ ус гэх газрын ойролцоо явж байхад нь 2 залуу ямаа туулгаад барьж чадахгүй байхаар нь очиж барилцаж өгсөн бөгөөд тухайн барьж өгсөн ямаа нь зөв тал нь цуулбар, буруу тал нь хулгар чихлээстэй улаан буурал ямаа байсан мөн 2-3 ямаа машиндаа ачсан байсан гэж сүүлд намайг малаа сураад явж байхад хэлсэн бөгөөд барьж өгсөн гэх ямаа нь манай ямаатай чихлээс, зүсээрээ таараад байгаа юм. Би 2021 оны 03 дугаар сарын 15,16-ны үед С гэх айлын хонинд малаа шүүсэн бөгөөд тухайн үед манай нэг тооны ямаа нийлсэн байсныг би маргааш нь ирж авсан юм. Сүүлд цагдаад дуудлага өгөөд цагдаатай хамт Сын хонинд дахин малаа шүүхэд манай хар нүдэн зүсмийн зөв тал нь өмнөөсөө ухам, буруу тал нь араасаа эрхэс чихлээстэй хуцан хонь, бор нүдэн зүсмийн зөв тал нь урдаасаа эрхэс буруу тал нь хулгар чихлээстэй 1 тооны хонь мөн зөв тал нь урдаасаа эрхэс буруу тал нь хулгар чихлээстэй 2 тооны халзан хонь байсан бөгөөд тухайн 4 хонийг С өөрийн малаа тэмдэглэдэг цэнхэр өнгийн будгаар олон уулзах дээр нь тэмдэглэсэн байсныг үзлэг хийж надад хүлээлгэн өгсөн. Хуцан хонины хөгийг нь сольж өөр хөг хийсэн байсан бөгөөд намайг өмнө нь ирж малаа шүүхэд тухайн 4 тооны хонийг өөрийн будгаараа тэмдэглэсэн байсан болохоор би сайн анзаарч хараагүй байсан байна лээ. Би 4 тооны хонио тус бүр нь 150,000 төгрөгөөр, 2 тооны эр ямаагаа тус бүр нь 110,000 төгрөг, 1 тооны эм ямаагаа 80,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 2 тооны эр ямааны нэг нь хар халзан зүстэй, нөгөөх нь улаан буурал зүстэй хоёулаа зөв тал нь голоосоо цуулбар буруу тал нь хулгар чихлээстэй ямаа байсан. 1 тооны эм ямаа нь хар халзан зүстэй, зөв тал нь цуулбар буруу тал нь хулгар чихлээстэй ямаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
9. Гэрч Г.Нгийн: “...2021 оны 03 дугаар сарын 17, 18-ны үед Ембүү-Эрдэнэ гэх газраас малаа туугаад ирж явахад манай гэрээс 3 км-н зайд байх Цохионы ус гэх газар хонь ямаа нийлсэн 10 орчим мал байсан. Ихэнх нь бүдүүн хонь ямаа байсан бөгөөд бор зэгэл хар зүсмийн эр ямаанууд байсан. Тухайн үед харанхуй болсон байсан тул ихэнхийг нь харж чадаагүй. Маргааш нь саахалт айлд мал харж байсан залуу манайд ирээд Цохионы усны ойролцоо хойд айлын Б гэх залуу А гэх хүний хамт ямаа барих гээд тууж байхаар нь ямаанаас нь барилцаж өглөө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би миний харсан хонь ямаа мөн байна гэж бодсон. Ямаа барилцаж өгсөн залууг Эрдэнэсүх гэдэг. Надад хэлэхдээ барьж өгсөн гэх бор ямаа хулгар чихтэй байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
- Гэрч Б.Бгийн: “...Манай нөхөр Аах БаярБр манай нөхөр рүү яриад аймгаас баруун урагш Өндөр дэл гэх газар байх бэлчээр хашсан тор эргээдэх гэсэн гээд бид хоёр 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аймгаас өөрийн мотоциклтой хамт явсан. Тэгээд тороо эргээд явж байгаад торон дотор байх С гэх айлд очоод мотоцикл эвдрээд хоносон. Маргааш өглөө нь С манайхаас мал дутаад байна, урдуур явж мал шүүлцээд өгөөч гээд манай нөхрийг гуйсан. Сын эхнэр бид дөрөв хамт явсан. Б гэх айлд очоод малаа шүүж байгаад гурван тооны хонь ялгаад авч явж байтал замд гурван ямаатай тав зургаан хонь байсан. Тэгсэн С манай мал байна гээд тэнд байсан гурван тооны ямааг бид хоёр барилцсан. Тэгээд хоёр ямааг нь барьж өгөөд нэгийг барьж чадахгүй туулгаж байтал мотоциклтой залуу ирэхээр нь манай нөхөр ямааг бариад өгөөч гэж гуйгаад, тэр залуу мотоциклоороо хөөж барьж өгсөн. Өмнө тэр баригдахгүй байсан ямааг С машинаараа хөөгөөд байхаар Сын эхнэр бид хоёр больё больё гэхэд С барина манай малтай адилхан юм байна гээд байсан. Тэгээд Сын гэрт очоод замаас ачиж ирсэн гурван тооны ямаагаа Аээр төхөөрүүлээд би гэдэс дотрыг цэвэрлэсэн. Тэгээд С эхнэртэйгээ өөрийн машинтай аймаг явахаар болоод мах арьсаа, С машинд ачаад би машинд нь суугаад, А мотоциклоо бариад аймагт ирсэн. А шууд гэр рүүгээ яваад С бид гурав арьсаа эхлээд ченж Нараад өгөөд манай гэрт очсон. Аийг аваад мах худалдан авдаг О гэх хүний хашаанд очиж 2 ямааны махаа өгсөн. Тэгээд С эхнэртэйгээ хөдөө гэр рүүгээ буцсан. Нэг нь улаан, хоёр нь хар байсан. Ишгийг нь сайн анзаарч хараагүй. С манай мал гэж хэлсэн. Би хамт бууж тушаалцаагүй болохоор хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Махаа зараад манай нөхөрт 120.000 төгрөг өгсөн. Би ямар учиртайг нь сайн мэдээгүй С манай нөхөр хоёр л хоорондоо юм ярилцаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
- Гэрч Х.Чын: “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А гэх хүн мотоцикл нь эврээд манайд эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд маргааш нь манай нөхөр С урагшаа айлд очиж мал шүүхээр явах гэж байхад А хамт явъя гээд манай нөхөр А эхнэртэйгээ бид 4 хамт явсан. Тэгээд Б гэх айлаас 4 тооны хонио ачаад буцаад гэр рүүгээ явж байтал замд хэдэн тооны хонь, ямаа таарсан бөгөөд А, С 2 машинаас буугаад гадаа юм ярьж байгаад эргэж орж ирээд С манай малтай ойролцоо ямаа байна тооны ямаа байна гээд туулгаж байгаад 3 тооны ямаа барьж авсан. Тэгээд гэртэй ирээд А тухайн 3 тооны ямааг төхөөрөөд аймаг явж зарахаар болсон. Тэгээд аймагт ирээд 2 тооны ямааны махаа О ченжид С, А 2 тушаасан бөгөөд арьсаа Нараа ченжид өгсөн. Хэд хэдэн төгрөг болсныг нь би сайн мэдэхгүй байна. Би хулгайн мал гэж мэдээгүй. Манай нөхөр манай малтай ижил зүстэй ямаанууд байна гээд л Атэй хамт барьсан. Би Стай гэр бүл болоод 6 жил болж байна. Би малынхаа им, чихлээсийг сайн мэдэхгүй, би гол дуу 2 хүүхдээ хараад аймгийн төв дээр байдаг. Мал зарж үрэх асуудлыг би мэдэхгүй манай нөхөр С л өөрөө мэддэг. Би тухайн 3 тооны ямааны зүс, им чихлээсийг анзаарч хараагүй. Мал зарж үрэх асуудлыг би мэдэхгүй манай нөхөр С л өөрөө л мэддэг, би мал зарах зарах асуудалд нь оролцоод байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
- Гэрч Б.Б “...2021 оны 03 дугаар сарын 16-17-ны үед би Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 15-22 тоотод байх мах худалдан авдаг цэг дээрээ байж байтал үдээс өмнө А гэх залуу жижиг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй зүс таних нэг залуугийн хамт 2 тооны ямааны мах өгөхөөр ирсэн. Би тухайн үед гарал үүслийн бичиг асуухад өнгөрсөн шуурганд малаа алдаад эрэлд явах гээд бензиний мөнгөний хэрэг байна гээд манай өөрийн юм байгаа юм гээд гуйгаад байхаар нь би тухайн 2 тооны ямааны махыг нийтэд нь 140,000 орчим төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна. Тухайн үед мөнгийг нь бэлнээр нь өгч байсан. Тухайн 2 ямааны мах нь эр ямааны байсан. А гэх залуу нь манай мал нядалгааны газар хаад нэг ирж ажилладаг байсан юм. Би тэр шугамаараа таньдаг юм. Хамт явсан гэх залуу нь Наран бригадын залуу байсан. Нэрийг нь Б гэдэг шиг санагдаж байна. Машины марк, улсын дугаарыг нь сайн санахгүй байна, саарал өнгийн жижиг машин л байсан санагдаж байна. Б гэх залуу нь унасан явж байсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй мөн тухайн үед айл болгон л малаа шуурганд уруудуулж алдсан байсан болохоор малдаа явах гээд байна гээд гуйгаад дээрээс нь таньдаг хүн болохоор нь л худалдаж авсан юм. Би Аээс буруу гарын бүрийн юм биш биз гэх асууж байсан бөгөөд А өөрийн мал хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
- Гэрч Э.Б “...Би С гэх залууг танина. Манайд хааяа нэг мах арьс тушаадаг залуу байгаа юм. Тэр талаараа танина. Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Г.Сыг гурван тооны ямааны арьс өгсөн эсэх талаар сайн санахгүй байна. Миний бүртгэлийн дэвтэр дээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны гурван ямааны арьс 90.000 төгрөгөөр авсан бүртгэл байна. Энэ бүртгэл тухайн үед Сын өгсөн ямааны мах байх гэж бодож байна. Г.С нь өвөл нээх их мал мах зараагүй хавар бол хааяа нэг мах авчирч өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/
- Гэрч С.Э: “...2021 оны 03 дугаар сарын 16, 17-ны үед буюу эхний шуурганы дараахан би Од гэх хамаатны ахынхаа шуурганд уруудсан малыг мотоциклтой туугаад Цохионы ус гэх газрын ойролцоо явж байтал саарал өнгийн жижиг машинтай хүн нэг ямаа туулгаж байхаар нь очтол машины арын хаалганаас Анжига буюу А гэх таньдаг хүн бууж ирээд энэ ямааг барилцаад өгөөч гэхээ нь би шуурганд уруудсан малаа ачиж яваа юм байх гэж бодоод тухайн ямааг нь барилцаж өгсөн. Тэгээд би Аээс танай ямаа юм уу гэж асуухад манай ямаа гэж хэлээд миний барьж өгсөн ямааг өргөөд машин руугаа явсан. Машин нь манайхаас хойш ойрхон нутагладаг С буюу Б гэх залуугийн машин байсан. С өөрөө машинаа жолоодоод явж байсан. Сагсгар үстэй, улаан буурал зүсмийн, буруу тал нь хулгар чихлээстэй ямаа байсан. Тэр хоёроос гадна урд талын суудал дээр нэг хүүхэдтэй эмэгтэй байх шиг байсан. Би сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/
- Гэрч Д.О “...Би 87-44 дуа улсын дугаартай саарал өнгийн Nissan wingroad маркийн автомашиныг 2018 онд Лууяа гэдэг найзаасаа худалдаж авч байсан. 2021.03 дугаар сард зүс таних С гэх хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан юм. Одоо уг автомашин Сын өөрийнх нь эзэмшлийн машин. Бид 2 албан ёсоор гэрчилгээг нь солиулж амжаагүй байгаа. Тэрнээс мөнгө төгрөгийн өглөг авлага бид хоёр байхгүй. Ярьж тохиролцож байгаад худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/
- Мал амьтдад үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/
- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-46-47/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 75/
- Шүүгдэгч Г.С, Х.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 79-80, 134-150/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Эшуурганд уруудаж өөрийнх нь малтай нийлсэн 4 тооны хонийг өөрийн болгох зорилгоор будгаар будаж тэмдэглэгээ хийсэн, мөн Г.С, А нар нь бүлэглэн Луус сумын 2 дугаар баг “Цохионы ус” гэх газрын ойролцоо бэлчиж байсан хохирогч Б.Э3 тооны ямааг 87-44 ДУА улсын дугаартай саарал өнгийн Nissan wingroad маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авч Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд авчирч зарж борлуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч Г.Сыг шуурганд уруудсан 4 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг, мөн шүүгдэгч Г.С, Х.А нарыг бүлэглэж бусдын 3 тооны ямааг машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч Г.Сад холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Аид холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Сын үйлдсэн шуурганд уруудсан 4 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Харин шүүгдэгч Г.С, Х.А нарыг бүлэглэн бусдын шуурган уруудсан 3 тооны ямааг машин механизм ашиглан авч, зарж борлуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Учир нь Мал хулгайлах болон Алдуул мал завших гэмт хэргүүдийн тухайд аль аль нь тухайн малыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж өөртөө авах шинжээрээ ижил төстэй боловч эдгээр гэмт хэргүүд нь гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэрээрээ өөр юм.
Мал хулгайлах гэмт хэргийн тухайд малыг эзнийхээ эзэмшил, ашиглалтад буюу хараа хяналтанд байх үед нь түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар, далдуур авахыг ойлгоно. Харин Алдуул мал завших гэмт хэргийн тухайд мал эзнийхээ хараа хяналтаас гарсан, алдагдсан байгаа үед нь нууц, далд арга хэрэглэхгүйгээр илээр авахыг ойлгоно.
2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчид олон тооны малаа алдаж, ихээхэн гарц хохирол учирсан болох нь нийтэд илэрхий үйл явдал юм.
Хэрэгт авагдсан хохирогч Б.Э, гэрч С.Эрдэнэсүх нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.С, Х.А нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Э3 тооны ямаа Сайнцагаан сум 1-р баг “Өндөр Өлгий” гэх газраас шуурганд уруудаж 40 орчим км-ын зайд орших Луус сумын 2-р баг “Цохионы ус” гэх газарт хараа хяналтгүй бэлчээрлэж байх үед нь шүүгдэгч Г.С, Х.А нар бүлэглэж, машин механизм ашиглан авч явсан болох нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас хохирогч Б.Э3 тооны ямааг алдуул мал гэж үзэх бөгөөд шүүгдэгч Г.С, Х.А нарын “эзэнгүй мал болохоор нь авчихсан” гэх үйлдлийг хулгайлах бус, завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.С, Х.А нарыг бусдын алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгч Г.С, Х.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.С, Х.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан 300.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Эт төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтэд тустай ажил хийх ялыг ялгамжтай оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилж ирүүлсэн Г.С, Х.А нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 87-44 ДУА улсын дугаартай саарал өнгийн Nissan wingroad маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Отгонбаатарын өмчлөлийн болох нь хавтаст хэргийг 85-р талд авагдсан Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.С, Х.А нарыг гэм буруугүйд тооцсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Прокурорын газраас Дуутан овогт Г.С, Харчин овогт Х.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Дуутан овогт Г.С, Харчин овогт Х.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дуутан овогт Г.Сыг 550 цаг нийтэд тустай ажил хийх ялаар, Харчин овогт Х.Аийг 450 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.14, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Сад оногдуулсан 550 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг, Х.Аид оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 8744 ДУА улсын дугаартай Nissan маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.О буцаан олгосугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН