Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б. Шүүгдэгч У.******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******ид холбогдох 2123001290010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, сумын багийн хорооллын уурын зууханд галч ажилтай, ам бүл-4, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймаг сум баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч У.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр “” гэх газраас нэн ховор ургамал болох 108.9 килограмм хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 10.988.010 /Арван сая есөн зуун наян найман мянга арав/ төгрөгийн шууд хохирол учруулсан, уг зөвшөөрөлгүй түүсэн арцыг Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “” гэх газраас Завхан аймгийн сум хүртэл ******* улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлбаримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч У. ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхаймгийн сум багийн нутаг дэвсгэр “” гэх газраас арц түүсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн “... Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Манай аймгийн нутаг дэвсгэрт Хонин арц, хуурамч хонин арц гэсэн арц ургадаг бөгөөд тухайн арцнууд нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон байдаг тул иргэн, аж ахуй нэгжүүдэд арц түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгодоггүй юм. Байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, У.*******ийг арц түүж байхад нь тааралдсан талаараа мэдүүлсэн гэрч Я.*******ын “Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Чансаа маркийн шар өнгийн мотоциклтойгоо ганцаараа арц түүхээр өгсөөд гэдэг газарт очоод мотоциклоо уулын бэлд данхраадаж тавьчхаад хайч, шуудай хоёроо аваад уул руу өгсөөд арц түүгээд шуудайлж байтал зүс таних 1 залуу бас мотоциклтой ирээд арц түүсэн. Тэгээд би орой болоход нийт 4 шуудай арц түүсэн байсан. Арцаа уулнаас буулгах үедээ нөгөө арц түүж байсан зүс таних залуутай уулзахад ******* гэж танилцсан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч У.*******ийн мөрдөн байцаалтын шатанд арц түүснээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон байна. Шүүгдэгч У.******* нь түүсэн арцаа сумын багийн нутаг дэвсгэрт “” гэх газраас Завхан аймгийн сум хүртэл ******* улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь гэрч Б.ийн “2021 оны 09 дүгээр сарын 30-ны орой ... руу уруудаж явж байгаад машинаа шаварт суулгачихсан юм. Тэгээд ганцаараа машинаа гаргаж чадахгүй болохоор нь гар утасны сүлжээ хайгаад хажуу талын уул руу өгсөж байтал хоёр мотоциклийн гэрэл гараад ирж байхаар нь замыг нь тосож уулзахад танихгүй хоёр залуу явж байсан. Тэгээд “Машин суучихлаа түлхээд өгөөч” гэж гуйхад тэр хоёр залуу “Тэгье тэгье” гээд хамтдаа миний машин дээр очсон тэгээд тэр хоёр залуутай хамжиж байгаад машинаа шаварнаас гаргасан. Тэгтэл тэр хоёр залуу намайг “Хаашаа явж байгаа юм бэ?” гэхээр нь би “Аймаг орох гээд явж байна” гэхэд тэгвэл “Чи хэдэн шуудай адууны дэл, сүүл ачаад явчихаач бид хоёр адуугаа дэллээд энэ дээр шуудайнд хийгээд тавьчихсан байгаа мотоцикл дээр ганзагалах гэхээр болохгүй байна, хаячхаад явахаар өнөө шөнө алга болчих байх гээд” гуйгаад байхаар нь “Тэгье тэгье” гэхэд нөгөө хоёр залуу мотоциклтойгоо намайг дагуулж миний машин суусан газраас жаахан дээшээ яваад уулын аманд очиж зогсоод тэр хоёр залуу нэг жалганаас нийт 8 шуудайтай зүйл гаргаж ирээд миний машин дээр өөрсдөө ачсан. Би тэр шуудайтай зүйлийг нь машинаасаа бууж үзэлгүй тэр 2 дор нь шидээд аччихсан. Тэгээд тэр хоёр залуу бид хоёр чамаас түрүүлээд аймаг ороод хүлээж байя гэж хэлээд мотоциклтойгоо яваад өгсөн. Би араас нь явсаар байгаад аймаг ороод иртэл нөгөө 2 залуу байгаагүй. Намайг яг аймаг орж ирэх үед цагдаа ирж шалгаад та арц тээвэрлэж байна гэхээр нь би машинаасаа бууж үзтэл тэр 2 залуу арц түүсэн байсан... ******* улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэсэн мэдүүлгээр, гэрч Я.*******ын “...******* “Тэгээд чи арцаа яах гэж байна” гэхэд би “Харин яах вэ хоёулаа машин олж ачуулах уу” гэхэд ******* “Тэгье” гэсэн. Тэгээд хоёулаа арцаа замын хажууд байх жалганд нууж тавьчхаад аймаг руу мотоциклоороо явж байтал нэг танихгүй залуу гар өргөхөөр нь зогсоход “Машинаа довон дотор суулгачихлаа гаргалцаад өгөөч” гэхээр нь машин дээр нь очоод үзэхэд цэнхэр өнгийн Пронтер маркийн машин шаварт суусан байхаар нь машиныг нь түлхэж шаварнаас гаргасан. Тэгээд нөгөө залуугаас чи аймаг орж байгаа юм чинь бид хоёр энэ дээрээс хэдэн шуудайтай адууны дэл сүүл авч явах гэсэн чинь мотоциклтой явж байгаа болохоор болохгүй байна чи машинаараа ачаад аймаг руу оруулаад өгөөч гэж гуйхад тэр залуу “Тэгье” гэсэн. Тэгээд ******* бид хоёр мотоциклтойгоо урьд нь орж дагуулж яваад арцныхаа хажууд очиж зогсож байгаад 8 шуудай арцаа тэр залуугийн машин дээр нь ачсан... Арц түүж бэлтгэх зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна. У.*******ийн түүсэн арц нь нийт 4 уут 108.9 кг байсан нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийн “ У.*******ийн түүсэн гэх арц нь нийт 108.9 кг байв” гэсэн хэсгээр тогтоогджээ. Шүүгдэгч нь арц түүхдээ зохих зөвшөөрөл аваагүй болох нь түүний энэ талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Шүүгдэгч У.*******ийн түүсэн арц нь нэн ховор ургамлын жагсаалтанд хамаарах хонин арц бөгөөд нийт 10988010 төгрөгийн үнэтэй болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 10 дугаартай “4 ширхэг шуудай 108.9 кг арц нь Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хонин арц (Juniperus Sabina L), 4 шуудай 108.9 кг арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад зааснаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад зааснаар 1 килограмм нь 100.900 /Нэг зуун мянга есөн зуу/ төгрөг ба хураагдсан 108.9 килограмм нь 10.988.010 /Арван сая есөн зуун наян найман мянга арав/ төгрөг болно” гэсэн дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахаар заасан ба ийнхүү ашиглахад төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохоор Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зохицуулсан. Шүүгдэгч нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 108.9 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг түүж бэлтгэн тээвэрлэсэн шинжээрээ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч У.******* зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 10.988.010 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч У.*******оос 549500050 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч У.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь түүсэн арцаа гэрч Б.ийн өмчлөлийн ******* улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслээр арц тээвэрлэсэн ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн учир үнийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Дээрх тээврийн хэрэгсэл нь 4000000 төгрөгөөр үнэлэгдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүгдэгч арц тээвэрлэхдээ гэрч Я.*******тай хамтарч тээвэрлэсэн ба хамт тээвэрлэсэн этгээдийн хэргийг тусгаарласан нь буруу байна. Гэхдээ энэ нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул шүүх тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 уут хонин арцыг улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг дахин ашиглах боломжгүй учир устгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч У.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогтой *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.*******ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаанд хориглож, шүүгдэгч шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч У.*******оос 549500050 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******оос 2000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч У.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 уут хонин арцыг улсын орлого болгож, ягаан өнгийн бариултай хайчийг устгасугай.

10. Шүүгдэгч У.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүтүүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ