| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00071/Э |
| Дугаар | 00075 |
| Огноо | 2016-09-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогч Б.Нандинцэцэг
Шүүгдэгч Ц.Алдарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Ц.Алдарбаярт холбогдох 201618020179 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээж Ц.Жагдалийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Ахуй үйлчилгээний 06 тоотод оршин суух хаягтай, Эрхэлсэн тодорхой ажилгүй, 2007 оны 01 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил тэнсэн, 2012 оны 06 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасан гэмт хэрэг үйлдэж 8 жил хорих, 2012 оны 11 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д заасан гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сар хорих ял эдэлж байсан, Эмчийнхэн овогт Цэнджавын Алдарбаяр РД: МТ89020515
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ц.Алдарбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Хайлаастын 1 тоотод 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 14:00 цагийн үед ялтай байх хугацаандаа хамтран амьдрагч Б.Нандинцэцэгтэй салах тухай асуудлаас болж маргалдаж, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Алдарбаяр мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 01-ний урьд шөнө нь би хүүхдээ харж хоноод өглөө Нандинцэцэгийг дуудсан. Тэгээд бид хоёр хүүхдээ аваад гэрлүүгээ явсан. Гэрт хариад жаахан маргаан болоод намайг гарах гэсэн Нандинцэцэг гаргахгүй байхаар нь холд гээд төмөр утсаар ороолгосон. Тэгээд гарч яваад цагдаатай таарсан. Нандинцэцэг цагдаа дуудсан байна лээ. Одоо бид хоёр эв зүйгээ олоод хамт амьдарч байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нандинцэцэг мэдүүлэхдээ: ...Бид хоёрын дунд жижигхэн гэр бүлийн маргаан гарсан. Бага зэргийн элдэв хэл амнаас болоод л байдаг юм. Ер нь нэг их хэрүүл хийдэггүй байсан. Саяханаас л жаахан хэрэлдээд байгаа. Уг нь анх амьдарч байхдаа хэрүүл уруулгүй байсан. Хэрүүл болохоор би жаахан шартай үг хэлдэг. Өмнөх юмыг нь сөхөөд. Тэгээд л маргадаг. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний урьд өдөр нь Алдарбаяр охиноо авч хоносон юм. Маргааш нь над руу залгаад хүрээд ир, охин гүйлгээд байна гэсэн. Тэгээд би очоод бид хоёр жаахан маргасан. Алдарбаяр намайг хүүхдээ ав гээд, би авахгүй гээд жаахан маргасан юм. Тэгээд гарах гэхээр нь би учраа олж байж сална гээд гаргаагүй юм. Тэгэхэд л гуя руу хальт ороолгосон юм. Түүнээс зодож цохисон зүйл байхгүй. Би шарандаа цагдаад өргөдөл өгчихсөн юм одоо гомдол саналгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нандинцэцэг мэдүүлэхдээ: ...Би Ц.Алдарбаяртай 2014 оноос эхлэн хамтран амьдарч байгаа юм. Алдарбаяр бид хоёр Мандал суманд айлын хашаанд гэр барьж амьдардаг байсан бөгөөд хамтран амьдрах хугацаандаа 2015 онд нэг охинтой болсон. Ц.Апдарбаяр бид хоёр хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн маргаантай байсан. Улмаар 2016 оны 08 сард муудалцаад би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байх өөрийн ээжийн гэрт хоёр хүүхдийн хамт амьдарч байсан юм. Би Сэлэнгэ аймаг руу явахаасаа өмнө гэрийнхээ эд зүйлийг таньдаг айлдаа үлдээгээд явсан. Тэгээд 8 сарын эхээр Алдарбаяр “Хүүхдээ санаад байна, гэрийнхээ юмыг аваад хүрээд ир” гээд утсаар яриад, дуудсан юм. Тэгээд би охиноо аваад ирсэн юм. Мөн манай том охин 8 настай миний дагавар охин юм. Зүүнхараад сургуульд сурдаг болохоор би Зүүнхараад ирээд, айлын хашаанд гэрээ бариад хоёр хүүхэдтэйгээ амьдарч байсан юм. Тэгтэл Алдарбаяр 8 сарын 31-нд над руу утсаар яриад “Хүүхдээ санаад байна” гэхээр нь би бага охиноо аваад очиход аваад үлдсэн. Тэгээд би 9 сарын 1-ний өглөө Апдарбаяр над руу утсаар “Ирж охиноо ав, гүйлгээд байна” гэхээр нь би “Өчигдөр зүгээр байсан” гэтэл Апдарбаяр “Ямар ч байсан хүрээд ир” гэхээр нь очоод бага охиноо аваад гэр рүүгээ явахад Апдарбаяр надтай цуг манай гэрт очсон юм. Тэгээд Алдарбаяр бид хоёр муудалцсан. Тэгтэл Алдарбаяр “Би охиноо аваад сална, би охиноо авч байгаа юм чинь гэрийнхээ эд зүйлийг би авна” гэхээр нь би зөвшөөрөөд хувцасаа аваад явах гэтэл явуулахгүй гээд муудалцсан. Тэгээд Апдарбаяр миний зүүн гарын шуу руу өшиглөөд, шилбэ рүү өшиглөөд, гуя руу түлхүүрийн оосор шиг нарийн төмөр утсаар ороолгосон юм. Тэгээд би цагдаа дуудсан юм. гэх мэдүүлэг /ХХ-10-р хуудас/
Мөрдөн байцаалтанд яллагдагч Ц.Алдарбаяр мэдүүлэхдээ: ...Би Нандинцэцэгтэй 2014 оноос эхлэн хамтран амьдарч байгаад, 2015 онд нэг охинтой болсон. Нандинцэцэг болон манай хүүхэд бид гуравтай Нандинцэцэгийн дагавар охин цуг амьдардаг байсан юм. Тэгээд 2016 оны 07 сарын эхээр Нандинцэцэгтэй муудалцаад, Нандинцэцэг гэрийнхээ бүх зүйлийг ачаад, 2 хүүхдээ аваад салаад явсан. Тэгээд 8 сарын сүүлээр Нандинцэцэг ирээд би охинтойгоо уулзсан.Тэгээд 2016.08.31-нд би өөрийн охиноо аваад, гэртээ хараад хоносон юм. Нандинцэцэг надад миний охиныг авчирч өгчихөөд явсан. Тэгээд 2016.09.01-нд Нандинцэцэгтэй уулзаад, Нандинцэцэгийн амьдарч байгаа гэрт нь би цуг очоод бид хоёр муудалцсан. Тэгээд намайг явах гэтэл Нандинцэцэг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би Нандинцэцэгийн хөлрүү нь машины хаалганы богино төмөр түгжээ /төмөр утас/-аар ороолгосон юм. Нандинцэцэг намайг явах гэхэд явуулахгүй, намайг цохиод байхаар нь би цохьсон юм. Тэгээд би гараад зугатаагаад явж байтал замдаа цагдаа нартай таараад баригдсан юм. Ер нь Нандинцэцэг бид хоёр гэр бүлийн маргаан ихтэй байгаа учраас салах гэж байгаа гэх мэдүүлэх. /ХХ-ийн 8 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэний 2016 оны 09 сарын 02-ны өдрийн №209 тоот гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт Б.Нандинцэцэгийн биед тархи доргилт, зүүн гарын бугуй, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн гуянд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Алдарбаярын хувийн байдлыг тогтоосон баримт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 26 дугаар хуудас/, ял шалгах хуудас, /ХХ-ийн 24-38 дугаар хуудас/, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ц.Алдарбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Хайлаастын 1 тоотод 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 14 цагийн үед хамтран амьдрагч Б.Нандинцэцэгтэй салах тухай асуудлаас болж маргалдаж, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Б.Нандинцэцэгийн биед тархи доргилт, зүүн гарын бугуй, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн гуянд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Алдарбаярыг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлжээ. шүүгдэгч Ц.Алдарбаяр нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 77-А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэж, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч хорих ангиас суллагдсан /хх-25/ түүний үйлдсэн хэрэг нь 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан ялтай байдал нь 2015 оны анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан /хаалтттай зүйл заалтанд/ үл хамаарна, харин мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан “Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” зүйл хэсэгт хамрагдаж байх тул Ц.Алдбарбаярыг анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Ц.Алдарбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Ц.Алдарбаярт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Эмчийнхэн овогт Цэнджавын Алдарбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Ц.Алдарбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ц.Алдарбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.Алдарбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Ц.Алдарбаярт бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ