Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 126/ШШ2020/0025

 

 

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

           бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ач хариад Дашдаваагийн Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дашдаваа овогтой Дуламсүрэн 2008 оны 12 дугаар сараас Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Түүнээс хойш одоог хүртэл тус албан тушаалдаа болон төрийн албанд тасралтгүй 12 жил ажиллаж байна. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын дугаар Б/08 тушаал гарч надад сахилгын шийтгэл үндэслэлгүй оногдуулсан. Үүнийг би эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 04/0479 тоот чиглэлээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт хорсож, хонзогнох болсноор надад байнга ажлын байрны дарамт шахалт хийх болсон. Учир нь өдөр бүр цаг бүртгэх, бие өвдөх, төрөл садны хүн маань өөд болоход чөлөө олгохгүй гэх мэтээр олон удаа намайг шахалтад оруулж байсан. Мөн Хөвсгөл аймгийн Цагдаагийн байгууллагаар удаа дараа ямар ч үндэслэлгүй шалтгаанаар шалгуулж байсан нь бүгд хэрэгсэхгүй болж, аялал жуулчлалын газрын дугаар Б/25 даргын тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалыг би эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны Б/25 дугаар тушаалаар Д.Дуламсүрэнд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг дахин судалж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэх нь зүйтэй гэж чиглэл өгсөн. Гэтэл Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан Төрийн албаны зөвлөлийн чиглэлийг үл тоож, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дугаар Б/30 даргын тушаалд ... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Дашдаваа овогтой Дуламсүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны Б/25 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13 гэсний дараа 48 дугаар зүйлийн 48.1.2 гэж нэмэлт оруулж хэвээр үлдээсэн. Тус гаргасан тушаал нь төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлд нийцээгүй. Мөн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дугаар Б/31 даргын тушаалд ... тус байгууллагын мэргэжилтэн Д.Дуламсүрэн нь тухайн байгууллагын удирдлага болон албан хаагчдыг удаа дараа хэл амаар доромжлох үйлдэл гарган төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн болох нь дотоод хяналтын ажилтны хяналт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, дүгнэлт, Ёс зүйн хорооны дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай ... гэж тушаал гаргасан. Миний бие бусдыг хэл амаар доромжилсон зүйл огт байхгүй байхад, нэг сахилгын шийтгэлийг давхардуулж гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тус байгууллагын даргын удаа дараа гаргаж байгаа тушаалууд төрийн албан хаагч миний төрд ажиллах итгэл үнэмшилд удаа дараа халдаж байна гэж би үзэж байна.

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дугаар Б/25 даргын тушаал, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Байгууллагын зүгээс нэхэмжлэлтэй холбоотой маргах зүйлгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Дашдаваа овогтой Дуламсүрэн нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 655 албан тоотоор хариуцагч байгууллага миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дуламсүрэн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ