Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2016/0054/з |
Дугаар | 221/МА2016/0414 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2016/0414
Т.*******, Ц.Байгалмаа, Т.Уранчимэг нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Т.*******, Ц.Байгалмаа, Т.Уранчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Т.*******, Ц.Байгалмаа, Т.Уранчимэг нарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын Шадар сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 тоот хамтарсан тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулж, бүтэц орон тоог баталсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд шилжин ажиллаж эхэлсэн. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/469 дүгээр тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 103-ын ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Т.*******, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранчимэг, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Байгальмаа, биднийг “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаал нь дараах байдлаар бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж байна гэж үзсэний улмаас би өөрсдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах зорилгоор Хууль зүйн сайд, Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн сайдад гомдол гаргасан боловч бүгд бидний гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзсэн тул шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандаж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар Мэдээлэл, шуурхай төвийн удирдлагын төвд энгийнээр ажиллаж эхэлсэн ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар манай хэлтсийн албан хаагчдыг цагдаагийн бүрэлдэхүүнд орулсан. Мөн Батлан Хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Офицерийн алба хаах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан, “Зэвсэгт хүчний анги, байгууллагад офицер, ахлагчийн албанд иргэнийг анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу шалгалт өгч тэнцсэн 35 хүртэлх насны иргэнийг офицерийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж болно” хэмээн заасан байна. Анх Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллаж эхлэх үед 3 энгийнээр ажиллаж эхэлсэн ба ажиллаж эхлэх үедээ Т.******* 48 настай, офицер болох үедээ 49 настай, Т.Уранчимэг ажиллаж эхлэх үедээ 46 настай, офицер болох үедээ 47 настай, Ц.Байгальмаа ажиллаж эхлэх үедээ 46 настай, офицер болох үедээ 47 настай байсан. Үүнээс үзэхэд “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг 45 нас хэтэрсэн ажилтнуудыг цагдаагийн бүрэлдэхүүнд оруулсан шийдвэр гаргасан нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Офицерийн алба хаах журмыг зөрчсөн болох нь харагдаж байна.
2. Анх Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 453 дугаар тушаалаар “Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дүрэм” батлагдсан. Уг дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...Төвийн дэргэд Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн байнгын бус үйл ажиллагаатай “зөвлөлдөх хороо” байгуулна. Зөвлөлдөх хороо нь төвийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр шаардлагатай гэж үзвэл хугацаа харгалзахгүйгээр сонсон, шийдвэр гаргаж үнэлэлт дүгнэлт өгнө...” гэж заасан боловч тухайн үедээ ч одоо ч энэ зөвлөлдөх хороо байгуулагдаагүй. Мөн төвийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “...энэ төвд ажиллаж буй Эмнэлгийн мэргэжлийн алба хаагчдыг Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтантай зөвшилцөн төвийн дарга томилж, чөлөөлнө...” гэж заасан боловч биднийг цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулахдаа болон чөлөөлөхдөө энэхүү зөвшилцөх үүргээ биелүүлээгүй бие даан шийдвэр гаргасан нь ажилтнуудын нийгмийн асуудал, ирээдүйд үүсч бий болох эрсдлийг огт тооцоолоогүй хууль бус шийдвэр болжээ. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд “...Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлнэ...” гэж заасан байдаг ба Цагдаагийн ерөнхий газрын ажлаас чөлөөлөх шийдвэрийн улмаас бид Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх болон тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байна.
3. Офицерийн алба хаах журмын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Офицерийн алба хаах иргэнтэй энэхүү журмыг үндэслэн офицерийн алба хаах гэрээ байгуулна” гэж заасан боловч бидэнтэй ийм гэрээ хийгээгүй. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээнд “...алба хаах ерөнхий хугацаа, тухайн албан тушаалд ажиллах хугацаа ...” зэргийг тусгах зохицуулалттай бөгөөд хэрвээ энэхүү гэрээг байгуулсан бол бид ямар хугацаанд алба хаах ёстой болон ямар эрсдлүүд үүсч болохыг эрт мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.
4. Дээр дурдсанчлан Цэргийн алба хаах насны дээд хязгаарыг хэтэрсэн ажилтнуудыг офицер болгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл учраас энэхүү хууль бус үйлдлийн үндсэн дээр гарсан шийдвэр болох биднийг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаал нь хууль бус юм. Учир нь нэгэнт нас хэтэрсэн ажилтнуудыг цэргийн албан хаагчаар авсан бол тэдний Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр тэтгэмж авах эрхээ эдлэх боломжийг хангаж, тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх хүртэлх хугацаагаар ажиллуулах бүрэн боломжтой байсан боловч бидний хуулиар олгогдсон эрхийг үл хүндэтгэж ийнхүү хууль бус шийдвэр гаргасан гэж бид үзэж байна.
Ийнхүү цагдаагийн бүрэлдэхүүнд орж ажилласны улмаас бидний хувьд дараах хүндрэлүүд үүсч бидний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Үүнд: 1. Бид цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн хэмээн ажлаас халагдаж байгаа боловч цагдаагийн бүрэлдэхүүнд ороод 3 жил л ажилласан болохоор ажилласан жил хүрэхгүйгээс хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломжгүй. Мөн улсдаа нийтдээ тус бүр 26 жил ажилласан боловч 55 нас хүрээгүй учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдалд хүрлээ. Мөн ийнхүү цагдаагийн бүрэлдэхүүнд орж, төрийн тусгай албан хаагчаар ажилласнаараа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар “Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгогдох 18-36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж” мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар 24 сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх аль аль нь үүсэхгүй байдалд хүрээд байна. Бидэнд тохиолдсон энэхүү нөхцөл байдал нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулж, бүтэц, орон тоог батлах үед ирээдүйд үүсэн бий болох эрсдэл, ажилтнуудын нийгмийн асуудлыг нарийн судлалгүйгээр шийдвэр гаргаж асуудлыг шийдвэрлэж байсантай холбоотой гэж үзэж байна. Энэхүү захиргааны хууль бус ажиллагааны улмаас хохирсон ажилтнууд зөвхөн бид 3-аар хязгаарлагдахгүй бөгөөд тус төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчдаас 45-аас дээш настай мөн л тэтгэвэрт гарах эрх үүсээгүй байх үедээ ажилгүй болоход бэлэн байгаа нэр бүхий ажилтнууд хэзээ ажлаас чөлөөлөгдөх бол гэсэн айдастайгаар ажлаа хийж байна.
Иймд улсад нийт 26 жил, үүнээс 23 жил нь эрүүл мэндийн салбарт, 3 жил нь Төрийн тусгай албанд ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, их эмч, ахлах дэслэгч бид 3-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсч байна. Тодруулбал, биднийг цэргийн албан хаагч болгосон захиргааны үйл ажиллагаа буюу шийдвэр хууль бус болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн үндсэн дээр гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/469 дүгээр тушаалыг хүчингүй болгож, биднийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан бидний хууль ёсны ашиг сонирхол, Үндсэн хуульд тусгагдсан хөдөлмөрлөх эрх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах эрхээ эдлэх нөхцлөөр хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаал нь эрх зүйн үндэслэлгүйгээр гарсан байгаа тул илтэд хууль бус тушаал байна гэж үзээд уг тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү гэж хүсч байгаа.
Энэ тушаал гарах үндэслэл нь нэгэнт цагдаагийн байгууллагын насны дээд хязгаарт хүрсэн хүмүүсийг цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулчихаад эргүүлээд нас хэтэрсэн гэж ажлаас халах гээд байгаа учраас илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх нь зохимжтой гэж үзэж байна.
Нэхэмжлэгч 3 иргэн маань Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллаж эхлэхдээ энгийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн. Шилжүүлэх үед дээрх 3 том яамны зөвшилцлөөр шинээр байгуулагдаж байгаа, маш сайхан байгууллага болно гэсэн итгэлтэйгээр шилжин ирсэн байдаг. Тухайн үед асуудал тавихад 3 том яам нийлж байгуулж байгаа учраас та бүхний эрх ашгийг хөндөхгүй байх гэдэг хариуг өгч байсан байдаг. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахдаа баталсан дүрэм байгаа. Уг дүрэмд Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс ирсэн буюу эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, халахдаа Эрүүл мэндийн яамтай зөвшилцөнө, зөвлөлдөх хороог байгуулна гэдгийг дүрэмдээ тусгаж өгсөн байдаг. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч эдгээр хүмүүсийг цагдаагийн бие бүрэлдэхүүн оруулахдаа ч зөвшилцөөгүй. Нэхэмжлэгч нарыг ажлаас халахдаа тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг яах вэ? гэсэн албан бичгийг явуулж байсан болохоос ажлаас чөлөөлөх үү гэдэг дээр зөвлөлдсөн асуудал байдаггүй. Эдгээр хүмүүсийн тэтгэврийн асуудал, эрх ашиг хөндөгдөх гээд байна гэдгийг хариуцагч байгууллага мэдэж байсан. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн даргаас Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яаманд эдгээр хүмүүсийн асуудлыг яах вэ? гэсэн албан бичгийг явуулахад хариу нь нааштайгаар ирээгүй байгаа. Нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөх гээд байна гэдгийг хариуцагч байгууллага мэдэж байсан атал Эрүүл мэндийн яамтай тушаалаа гаргах болон цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулахдаа ч зөвлөлдөхгүйгээр тушаал гаргасан. Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүнд оруулахдаа Хууль зүйн сайдын А/22 дугаар тушаалаар Монгол улсын иргэний цэргийн үүргийг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу 45 насанд хүрсэн хүнийг ажлаас халах ёстой юм бол 47, 49 настай, нас нь хэтэрсэн хүмүүсийг цэргийн бие бүрэлдэхүүнд оруулсан нь хууль бус ажиллагаа юм. Иймд эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж, хуучин ажиллаж байсан албан тушаал эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү гэж хүсч байна” гэв.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 дугаар хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн байдлыг нэгтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулсан. Мөн тушаалын 2 дахь заалтаар “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн бүтэц, орон тоог нэгдүгээр, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс шилжин ажиллах алба хаагчдын орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд хавсралтад зааснаар Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагчийн цалингийн зэрэглэл “ТТ-12”, цолны зэрэглэл “цагдаагийн дэд хурандаа” байхаар тогтоосон. Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 172 дугаар тушаалаар зохицуулагч Т.*******, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарын нэр бүхий 25 хүнийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мэдээлэл шуурхай удирдлагын төвд шилжүүлсэн байна. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд ирсэн гэж ойлгож болно. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар Т.*******, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ахлах зохицуулагчаар томилсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 дугаар хамтарсан тушаалд зааснаар дээрх албан тушаалын орон тоог “цагдаагийн дэд хурандаа” цолны зэрэглэлтэй буюу цагдаагийн албан хаагч байхаар баталсан тул мөн газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар тус төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 103-ын ажилтан Т.Уранчимэг, Ц.Байгальмаа, Т.******* нарыг цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, цагдаагийн дэслэгч цол олгосон.
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 3 дахь заалтад цэргийн албан хаагч дунд офицерийн албыг 45 нас хүртэл, эмэгтэй алба хаагч цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл алба хаахаар заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэж зохицуулсан. Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдын судалгааг гаргаж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 дүгээр тушаалуудаар тус тус Т.Уранчимэг, Ц.Байгальмаа, Т.******* нарын алба хаах хугацааг сунгаагүй байна. Ингээд ажиллаж байх хугацаанд буюу 2015 онд эдгээр хүмүүс маань 50 насанд хүрсэн. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж заасан. Нэхэмжлэгч нар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагчийн ажлаас 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хадгалуулсан. Т.******* нарын нэхэмжлэлд дурдсан Батлан хамгаалах яамны сайдын 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тушаалаар батлагдсан "Офицерын алба хаах журам" нь цагдаагийн алба хаагчийн алба хаах харилцааг зохицуулаагүй, Монгол Улсын зэвсэгт хүчний анги, байгууллагад хамааралтай журам бөгөөд дүрэм журмыг дагаж мөрдөхийг Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт даалгасан. Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, цагдаагийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, цагдаагийн цол олгох эрх хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд, Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж буюу Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга нь зөвхөн цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх эрх хэмжээг эдэлдэг. Хууль зүйн сайдын А/22 дугаар тушаалд цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын Иргэний цэргийн үүргийг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан байгаа. Цагдаагийн ерөнхий газар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг, Хууль зүйн яамны харьяа тохируулагч агентлаг. Тэгэхээр Хууль зүйн яамнаас гаргасан тушаал шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газар буюу агентлаг биелүүлж ажиллах ёстой. Алба хаах хуульд насны дээд хязгаарыг нэхэмжлэгч нар хэтрээд явсан учраас ажлаас чөлөөлөхөөс өөр арга байгаагүй. Дунд нь эдгээр иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал хаягдаж байгааг бид мэдээгүй биш мэдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар гарц боломж юу байна гэж Хууль зүйн яам болон Нийслэлийн яаралтай тусламжийн төвд санал хүргүүлж байсан явдал байгаа. Гэвч холбогдох албан тушаалтнуудаас нааштай хариуг өгөөгүй. Байгууллагын хувьд хуульд заасан алба хаах насны хязгаар хэтэрсэн учраас эдгээр иргэдийг ажлаас чөлөөлчихөөд байгаа.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар Т.Уранчимэг, Ц.Байгальмаа, Т.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан Т.*******, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарыг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/469 дүгээр тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Т.*******, Т.Уранчимэг, Ц.Байгальмаа нарыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс/103/-ийн ахлах зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 363 714 /Найман сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун арван дөрвөн/, Т.Уранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 073 460 /Найман сая далан гурван мянга дөрвөн зуун жар/, Ц.Байгальмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 864 064 /Долоон сая найман зуун жаран дөрвөн мянга жаран дөрвөн/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Цэргийн алба хаагч нь ...” “...Эмэгтэйчүүдийн ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно.” гээд, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно” гэж заасан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар Т.Уранчимэг, Ц.Байгальмаа, Т.******* нарыг цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, цагдаагийн дэслэгч цол олгосон. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан. Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан. Иймд анхан шатны шүүх хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхээргүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “... нэхэмжлэгч нарын цагдаагийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг шадар сайд, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдад хүргүүлж зөвшилцөөгүйгээс хуулийн заалтын хэрэгжилтийг хангах боломжийг алдагдуулсан, мөн нэхэмжлэгч нар нь цагдаагийн албан тушаалын цол олгогдсон байх боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 9,10, 11, 12 дугаар зүйлд заасан цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийн алиныг нь ч хэрэгжүүлдэггүй болох нь ... нотлогдож” байна гэж тус тус дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь хэсэгт “Агентлагийн дарга нь “... хууль тогтоомжид заасны дагуу ... албан тушаалд томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн нэхэмжлэгч нар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тангараг өргөсөн, мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж төрийн албаны үндсэн зарчмыг, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, 24.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т “Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:”, 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хуулиар төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа зэрэг төрийн албатай холбоотой харилцааг журамлан зохицуулсны дотор төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлын тухайд төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрмэгц чөлөөлөгдөх эсхүл насны дээд хязгаарт хүртэл үргэлжлүүлж ажиллах талаар хүсэлт гаргахаар байх ба төрийн алба эрхэлж байгаагийн хувьд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж авах эрх баталгаатай хангагдахаар, харин төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хувьд хэдийгээр тухайн төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран төрийн албанаас чөлөөлөх эрх хэмжээг хэрэгжүүлж болохоор байх боловч үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах эрхтэй байхаар тус тус зааж хуульчилжээ.
Анхан шатны шүүх “...төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, тухайн албан тушаалд тавигдах шаардлага, албан хаагчийн нас тодорхой байхад төрийн байгууллагууд хоорондоо зөвшилцөлгүйгээр Т.*******, Т.Уранчимэг, Ц.Байгалмаа нарыг шилжүүлэн ажиллуулсан атлаа ... албан тушаалаас чөлөөлсөн байх тул хариуцагчийг зөвтгөх боломжгүй...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 дугаар хамтарсан тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг байгуулж, уг төвийн бүтэц, орон тоо, Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс шилжин ажиллах албан хаагчдын орон тоог тус тус баталсны дотор тус төвийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар тушаалаар Т.*******, Т.Уранчимэг, Ц.Байгалмаа нарыг зохицуулагчийн ажлаас нь чөлөөлж, Мэдээлэл шуурхай удирдлагын төвд шилжүүлэн ажиллуулжээ.
Ийнхүү шилжүүлэн ажиллуулах үед нэхэмжлэгч Т.******* нь 47 настай, Т.Уранчимэг нь 45 настай, Ц.Байгалмаа нь 45 настай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нараас “...бид цэргийн албаны алба хаах насны дээд хязгаарт хүрсэн хэмээн ажлаас халагдаж байгаа боловч цагдаагийн бүрэлдэхүүнд ороод 3 жил л ажилласан болохоор ажилласан жил хүрэхгүйгээс хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломжгүй, ...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар мөнгөн тэтгэмж авах эрх үүсэхгүй байдалд хүрээд байна ...Цэргийн алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн ажилтнуудыг офицер болгосон нь хууль зөрчсөн үйлдэл учраас энэ хууль бус үйлдлийн үндсэн дээр гарсан шийдвэр болох биднийг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны б/469 дүгээр тушаал хууль бус...” гэж маргасан нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр Хууль зүйн сайдын 2012 оны А/22 дугаар тушаалын дагуу цэргийн алба хаах хугацааг сунгуулахаар нэрсийг нь явуулаагүй” гэж тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч нараас Цагдаагийн ерөнхий газарт 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах талаар тус тус хүсэлт гаргасан байхад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан /эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно/ насны дээд хязгаарт нэгэнт хүрсэн нэхэмжлэгч нарыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар тус газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн “Ахлах зохицуулагч”-ийн албан тушаалд тус тус томилон ажиллуулсан байна.
Гэтэл нэхэмжлэгч нарыг нэгэнт тухайн албыг эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн байх үед нь хүлээн зөвшөөрч албан тушаалд томилон тодорхой хугацаагаар ажиллуулсан атлаа Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тэтгэвэрт гарах насны хязгаарт хүрсэн, цэргийн алба хаах хугацааг сунгах үндэсгүй гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн б/469 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх... төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийн төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах баталгааг алдагдуулсан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, уг нөхөн олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ