Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар ШЦТ/2021/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Б.Саруул-Ирээдүй

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мид холбогдох эрүүгийн ...... тоот  хэргийг 2020 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн..... төрсөн, ... настай,  малчин, ..... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, З овогт Б М гэв. РД:/ЗД..../

 

Шүүгдэгч Б.М нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дэлгэрхангай сумын Зэгэстий гэх газар иргэн Э.Б маргалдах явцдаа чулуугаар толгойн тус хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Б Дэлгэрхангай сумаас пиво аваад Зэгэстий дээр ууж байгаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь чулуу аваад цохисон” гэв.

- Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Би 1994 оны 10 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн 2002 оноос 2009 оны хооронд Дундговь аймгийн Хулд сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг дүүргэж Сайнцагаан сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийг 2012 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөөд 2012-2013 оны хооронд Дорноговь аймгийн Улаан-Уулд хилийн 0129 дүгээр ангид алба хааж халагдаад Хулд суман дээр аав Б, ээж Х. Дүү А хамт хөдөө мал маллаж байгаад 2018 онд эхнэр А гэр бүл болж хөдөө гарсан. ...Бид хоёр архи уусан их согтуу байсан учир хоорондоо маргалдаж ийм асуудалд хүргэсэн. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-32/

 

Хохирогч Э.Б: “ 2021 оны 07 сарын 17-ны өдрийн өглөө эрт 04 цагийн үед би 20-91 дуз улсын дугаартай “Саня” маркийн улаан өнгийн мотоциклтой хөдөө гэрээсээ гарч тэмээгээ хайж яваад Толийн булаг гэх газар Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн иргэн Б ахын дээр Мягаа /Мягмардорж/ гэх найзтайгаа таараад Б ахынхаас гараад Толийн булгийн хажууд хөдөө хээр 1 шил 05 граммын Онги нэртэй архи хоёулаа хувааж дуусаад бид хоёр манай хөдөө гэр лүү явж байтал Толийн булгийн зүүн хойно мотоцикл асахгүй болохоор нь би гуйгаад сум явъя гээд М улсын дугааргүй цэнхэр өнгийн мустанг маркын мотоциклтой Дэлгэрхангай сумын төв дээр өглөө 10 цагийн үед орж эмнэлгийн арын дүнзэн Номуун дэлгэрэх хүнсний дэлгүүрээс пиво, 1 ширхэг 05 граммын шилтэй архи худалдаж аваад буцаад зүүн урагшаа сумын зүүн өмнө хогийн цэгийн хажуу талд 1 том пивыг нь М бид хоёр хувааж уугаад цаашаа Толийн булаг руу явж байгаад замдаа Зэгэстийн худаг Дэлгэрхангай сумын 1-р багийн иргэн Н, Э ах нартай таараад бид дөрөв пиво архиа хувааж ууж байгаад би тасраад унтсан унтаад сэрсэн чинь Н хоёр пиво уугаад байж байсан. Би тэрнээс уулцсан тэгээд эргээд тасраад унтсан эргээд сэрсэн юу болсныг санахгүй байна. Зэгэстийн худгийн замын хажууд цусаа гоожуулаад байж байтал Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн иргэн М мотоциклтой явж байхаар нь зогсоогоод суман дээр очиж эмнэлэгт хүргүүлж, Чинзориг гэдэг эмчид үзүүлж толгойндоо 5 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Ц.Э “Би 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Н бид хоёр Дэлгэр сумаас зүүн урагш 11 км-т байх Зэгэстийн худаг дээр мал услаад байж байтал Б.М, Э.Б хоёр мотоциклтой ирээд бид нар нутагтаа нүүж ирлээ , ирэх сайхан байна гээд пиво гаргаж ирээд бид дөрөв нийт дөрвөн том пиво хувааж тэгээд Б.Наранцог хониныхоо араас явсан. Би худаг дээр хонио услаад Б нэг шил 05 граммын шилтэй архи дахиад гаргаж ирээд бид гурав хувааж тэгээд би худаг дээр худгийн мотороо янзлаад иртэл Мягмардорж Батбаяр хоорондоо муудалцаад М, Б толгойг нь хагалчихсан Б толгойноос цус гарсан байсан тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Б зам руу явсан тэгсэн замаар мотоциклтой М ганцаараа явж байхаар нь Б сундлуулаад сум руу явуулсан. М мотоциклоо унаад явсан би хонио туугаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч М.Ч “ Намайг Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төв дээр байж байтал 2021 оны сарын 17-ны 21 цаг О минутын үед Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн иргэн гэх залуу, Э.Быг дагуулаад ороод ирсэн тухайн үед Э.Б толгой, нүүр нь цус болсон орж ирсэн. Би Э.Б толгойг сувилагчаар цэвэрлүүлээд орой хэсэгт зүсэгдсэн шарханд 5 оёдол тавьж боолт хийж өгөөд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Б.Н Намайг Дэлгэрхангай сумаас зүүн урагш 10 км Зэгэстийн усан дээр манай хүргэн Ц.Э бид хоёр хонь услаад байж байтал сумаас цэнхэр өнгийн мотоциклтой хоёр залуу ирээд отор нүүдэлд явж байгаад нутагтаа ирлээ нутагтаа ирэх сайхан байна. Нутгийн ахтайгаа хамт пиво ууя гээд 4 том пиво бид дөрөв хувааж уугаад хонь хойшоо салхидаад явчихаар нь би хониныхоо араас яваад эргэж тэр гуравт очоогүй харьсан. Өнөөдөр өглөө би хүргэн Ц.Э буусан чинь М /М/, Э.Б хоёр хоорондоо зодолдсон талаар сонссон бусдаар би тухайн үед зодолдоход нь байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 167 дугаартай: “Э.Б биед толгойн хуйханд шарх, баруун зовхинд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-23-24/

- Багийн засаг даргын тодорхойлолт /хх-33/

- Төрийн банкны Дундговь дахь салбараас ирүүлсэн албан тоот /хх-34/

- Хас банкны Дундговь дахь салбараас ирүүлсэн албан тоот /хх-35/

           - Хаан банкны Дундговь дахь салбараас ирүүлсэн албан тоот /хх-36/

- Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 37/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.М нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дэлгэрхангай сумын Зэгэстий гэх газар иргэн Э.Бтай маргалдах явцдаа чулуугаар толгойн тус хэсэгт нь цохиж түүний бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мид зодуулсны улмаас хохирогч Э.Б биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 167 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Э.Бтай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хэдийгээр хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч энэ гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Завилат овгийн Шүүгдэгч Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Мид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН