Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 02749

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02749                            Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В нарт холбогдох

 

хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 406 201 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, Ж.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч Г.Ванчинхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Г.Ванчинхүүгийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч В.Содгэрэл, Ч.Одонтуяа, Х.Пүрэвхүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э ХХК нь анх 2011 оны 06 сарын 13-ны өдөр Стандарт майнинг транс ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсан байдаг. Улмаар Стандарт майнинг транс ХХК-ийн үлдэгдэл 44 хувийг худалдан авахаар тус компанийн захирал Г.Вболон хувьцаа эзэмшигч Одонтуяа, Содгэрэл,  Пүрэвхүү болон нэр бүхий 2 Солонгос иргэнтэй 2011 оны 12 сарын 09-ны өдөр хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.3-ийн а-д Б тал буюу хувьцааг худалдаж байгаатай холбоотой төлөх төлбөр, татвар, зээл хүү алданги гэх зэрэг төлбөр хураамжуудыг барагдуулсан гэж заасан бөгөөд энэхүү хэлцэлд төлбөрөө бүрэн барагдуулснаар Стандарт майнинг транс ХХК-ийн 44 хувийн хувьцааг авсан боловч дараах нөхцөл байдал үүсэж, шүүхэд хандах болсон.

1.Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3а-д зааснаар тухай компани ямар нэгэн өр төлбөргүй байх байсан боловч иргэн Ж.Мэндсайханы Стандарт майнинг транс ХХК-ийн захирал Г.Ванчинхүүтэй 2011 оны 03 сарын 09-ний өдөр байгуулсан зээл хөрөнгө оруулалтын гэрээний алдангийг нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд тухайн төлбөрт 298 865 682 төгрөгийг Стандарт майнинг транс ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Түүний дагуу 2014 оны 2,3 дугаар сард 2 000 000 төгрөгийг бэлнээр, компанийн эзэмшлийн битүүмжлэгдсэн Hyundai HD маркийн 5 машины 3 машиныг чиргүүлийн хамтаар 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 196 865 682 төгрөгийг Ж.Мэндсайханд өгч, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 956 950 төгрөгийн хамт нийт 303 822 632 төгрөгийг төлсөн.

2.Иргэн Ж.Мэндсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор  Стандарт майнинг транс ХХК-ийн Кёондэй НТ маркийн 5 машиныг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг 2012 оны 11 сарын 23-ны өдрийн 5064 тоот захирамжаар Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хөшөөтийн уурхайг битүүмжилсэн. 2012 оны 12 сарын 19-ний өдрөөс 2014 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл битүүмжилсэн бөгөөд эдгээр 5 машин энэ хугацаанд хэвийн ажил гүйцэтгэх ёстой байсан ба 140 630 000 төгрөгийн хохирол хүлээсэн.  Мөн Э.Мэндсайхантай холбогдуулан 102 000 000 төгрөгийг бэлнээр өгснийг мөн тухайн компанид байгаагүй, Солонгос улсын нэр бүхий 3 иргэнээс зээлж авч өгсөн. Уг зээлийн хүүд 17  611 480 төгрөгийг өгч мөн хохирол хүлээсэн байдаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Ховд аймаг руу компанийн ажилчид явсантай холбогдуулан 1 296 800 төгрөгийг зардал гарсан. Түүнчлэн 2013 онд тус компани нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 2011-2012 онд иж бүрэн шалгалт хийж 43 294 800 төгрөгийн татварын акт тогтоосон. Энэ нь тус компанийн гүйцэтгэх захирал Г.Всанхүүгийн гүйцэтгэлийг буруу явуулсантай холбоотой акт тогтоосон. Иймд дээрх нийт хохирол 510 652 712 төгрөг болж байгаа. Гэхдээ 2011 оны хувьцаа худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал буюу Г.Ванчинхүү, Одонтуяа, Сод-Гэрэл, Пүрэвхүү болон нэр бүхий 2 Солонгос иргэн байсан. Тухайн 2 Солонгос иргэн Монгол Улсад байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байгаа учраас уг нэр бүхий Солонгос иргэнд ногдох шаардлагыг хасаж тооцоод Ч.Одонтуяагаас 117 508 147 төгрөг, Г.Ванчинхүүгээс 114 606 712 төгрөг, В.Содгэрэлээс 114 606 712 төгрөг, Х.Пүрэвхүүгээс 59 479 432  төгрөг, нийт 406 201 003 төгрөгийг нэр бүхий 3 хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нараас шаардаж байгаа. Хувьцаа эзэмшигч нар Одонтуяа, Сод-Гэрэл, Пүрэвхүү, Г.Внар нь нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзсэн. Энэ нь хариуцагч талын тайлбараар тогтоогдож байгаа. Компанийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нар нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хүрээнд хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. Мөн тус хуулийн 9.4-т дангаараа болон нэгдмэл сонирхолтой хамтран компанийн хувьцааны 10-иас дээш хувийг эзэмших болон компанийн үйл ажиллагааны бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна гэж заасан байгаа учраас 2011 оны 12 сарын 09-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан  хохирлыг эрх бүхий хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх нь үүсэж байна. Харин нэгдмэл сонирхолтой этгээд гэдгийг Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.7 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан 406,02 сая төгрөгийг өөрийнхөө эзэмшиж байсан хувьцааны эрхээр хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлбөртэй холбоотой хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үзэж байгаа. Ж.Мэндсайхантай холбоотой үүссэн өр төлбөрийн асуудал энэхүү хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээнээс өмнө үүсээд дуусгавар болох ёстой байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Ванчинхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Внь Содгэрэл, Одонтуяа, Пүрэвхүү нарын хамт 2010 оны 12 сард Стандарт майнинг транс ХХК-ийн байгуулсан хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Хувь нийлүүлэгчдийн хурлаас гүйцэтгэх захирлаар Г.Ванчинхүүг томилж байсан. 2011 оны 06 сарын 10-ны өдөр Стандарт майнинг транс ХХК нь Солонгосын хөрөнгө оруулалтай Э ХХК-д 51 хувиас гадна н.Батболд 5 хувь, Солонгос улсын иргэн Park Heung Kuy 5 хувь, Солонгос улсын иргэн Cho Sung Beom 4 хувь, нийт 65 хувийн хувьцааг шилжүүлж, бусад нь 35 хувийн хувьцааны эзэмшилтэй үлдсэн байсан. 2014 оны 06 сарын 10-ны өдөр Г.Вгүйцэтгэх захирлын ажлаа өгч, компанийн дүрмийн санд 9 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2011 оны 12 сарын 09-ний өдөр Стандарт майнинг транс ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Солонгос улсын 2 иргэн, Монгол улсын 4 иргэн өөрсдийнхөө эзэмшил бүхий хувьцаагаа Э ХХК-д худалдсан. Батболдыг 5 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдээж, өнөөдрийн хүртэл эзэмшиж байгаа. Ж.Мэндсайханаас авсан 708 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар том оврын автомашин худалдаж авсан байсан бөгөөд энэ нь компанийн хөрөнгө гэдгээр хувьцааны хамт Э ХХК-д шилжсэн. Стандарт майнинг транс ХХК нь хэд хэдэн хувьцаагаа Э ХХК-д худалдсан. Г.Вгүйцэтгэх захирлын албан тушаалыг өгсөнөөс хойш Стандарт майнинг транс ХХК-ийн өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Х.Пүрэвхүүгийн хувьд энэ компанийн талаар мэдэхгүй. Хүү нь энэ компанид миний нэрийг оруулсан байсан, түүнтэй холбоотой асуудлаар цагдаад нэлээд шалгагдаж, энэ талаар мэдэхгүй тухай мэдүүлэг өгсөний үндсэн дээр ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон, Г.Вмэднэ гэж хэлдэг. Дараа нь Одонтуяа  Стандарт майнинг транс ХХК-ийн хувьцааг Солонгосын 4 үүсгэн байгуулагчид зарсан. Ингэхдээ 5 хувийн хувьцааг авч үлдсэн. Ингэхдээ түүнийг Г.Вхариуцан авч үлдсэн, өр төлбөрийн дагалдах зүйлүүдийг төлсөн. Ж.Мэндсайханаас  Г.Внь Содгэрэлийн хамт мөнгө зээлсэн байдаг.  Энэ нь өөрсдийн хоорондоо хувиараа зээлсэн асуудал байдаг учраас надад ямар ч хамаагүй. Энэ хэргийн талаар би мэдэхгүй, манай нөхөр нэрийг оруулсан гэж хэлдэг. Содгэрэлийн хувьд нөхөр нь энэ компанийн үүсгэн байгуулагчаар нэр оруулсан учраас энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мэдэхгүй. Компанийн үйл ажиллагааны талаар Г.Вудирдан явж байгаа учраас бид мэдэхгүй гэж тайлбарладаг. Иймээс хариуцагч нарт хамааралгүй тул  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Ванчинхүү, Ч.Одонтуяа, В.Содгэрэл, Х.Пүрэвхүү нарт холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн гэм хорын хохиролд 510 652 712 төгрөгийг эзэмшиж байсан хувьцааны хувь хэмжээгээр дүйцүүлэн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг Э ХХК шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, тодруулсан бөгөөд 2017.06.07-ны өдрийн нэхэмжлэлдээ хариуцагч Ч.Одонтуяагаас 117 508 147 төгрөг, Г.Ванчинхүүгээс 114 606 712 төгрөг, В.Содгэрэлээс 114 606 712 төгрөг, Х.Пүрэвхүүгээс 59 479 432 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, нийтдээ 406 201 003 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ” гэж заасан байна.

 

Энэ хуулийн заалтаас харахад нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, тайлбарт  дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохоос гадна уг үндэслэл нь хуульд заагдсанаар зүй ёсны болохыг батална гэсэн үг юм.

 

Нэхэмжлэгч тал 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Эс Эм Ти ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.3-ын б-д заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож,  бусдад төлөх төлбөр, татвар зээл, хүү, алданги зэрэг төлбөр хураамжуудыг барагдуулсан гэж худал мэдээлэл өгснөөс компанид 510 652 712 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарладаг бөгөөд энэ үндэслэл нь хуульд заагдсанаар зүй ёсны болохыг баталж чадаагүй гэж шүүх үзлээ.

 

Дээрх 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 2.1-д  “Б тал буюу хувь нийлүүлэгч 6 хүн Эс Эм Ти ХХК-д эзэмшиж байгаа хувь болох 44 хувийг А тал буюу Э ХХК-д борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж гэрээний зорилгыг тодорхойлсон байх бөгөөд Монгол Улсын иргэн Ч.Одонтуяа, Г.Ванчинхүү, В.Содгэрэл, Х.Пүрэвхүү, БНСУлсын иргэн Пак Хын Гюү, Жу Сон Бон нартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээг  Э ХХК-ийн ерөнхий захирал И Сог Жэ  байгуулж, нэр бүхий 6 иргэн Эс Эм Ти ХХК-д өөрсдийн эзэмшиж байгаа 44 хувийг 2 200 000 ам доллараар худалдахаар тохирч 1 170 000 ам долларыг Г.Ванчинхүүд хүлээлгэн өгсөн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагч Г.Ванчинхүүгийн Стандарт майнинг транс ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа бусадтай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага нь нэр бүхий 6 иргэний Эс Эм Ти ХХК-тай байгуулсан гэрээний үүргээс тусдаа харилцаа байхад Стандарт майнинг транс ХХК-иас гаргуулсан төлбөрийг Г.Вболон бусад нэр бүхий хариуцагч нараас нэхэмжилж байгаа үндэслэлгүй болно.

 

    Стандарт майнинг транс ХХК нь Ж.Мэндсайхантай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр худалдаж авсан тоног төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

 

   Эс Эм Ти ХХК-тай байгуулсан гэрээний “Б” тал буюу Г.В нь бусад 5 хүмүүсийн өмнөөс энэ гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үүсэх үүргийг хүлээх ёстой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэрээ байгуулах үед Стандарт майнинг транс ХХК-ийн Ж.Мэндсайхантай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой маргааны талаар Э ХХК мэдэж байсан эсэх, хэрэв мэдэж байсан бол холбогдох өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар гэрээний талуудтай тохиролцсон зэрэг нь тодорхойгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан Э ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар Г.Ванчнхүү, Ч.Одонтуяа, В.Содгэрэл, Х.Пүрэвхүү нараас хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд нийтдээ 406 201 003 төгрөг гаргуулахыг хүссэн Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 711 214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ