| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0042/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/46 |
| Огноо | 2022-03-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ад холбогдох 2223000000023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 03-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/
С.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сум Жаргалант багийн хэсэг Гандангаас иргэн Г.*******гийн өмчлөлийн зүүн гуян дээрээ “гул шар” тамгатай саарал азарга, эм тамгагүй охин хээр даага буюу 2 тооны адууг хулгайлж 1.550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч С.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч С.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг хэсэг орчмоос иргэн Г.*******гийн өмчлөлийн зүүн гуян дээрээ “гул шар” тамгатай саарал азарга, им тамгагүй охин хээр даага буюу 2 тооны адууг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 2 адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******гийн “...би нэг саарал азарга аваад хэдэн байдас, 2 гүүний хамт малтай хороо, худгийн ам гэх газраар хариулаад байдаг байсан. ...08 дугаар сарын сүүлээр хөдөө мал руугаа явж 2 хоноод буцаад аймгийн гэртээ ирээд маргааш нь адуугаа үзсэн чинь миний худалдаж авсан саарал азарга, 1 дааганы хамт байхгүй байхаар нь хэд хоног ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд би энэ хавиар хүнээс сураг тавиад байсан чинь баазад мал малладаг манай нэг зүс таньдаг ах “танай хоёр адууг “халуун *******” гэдэг хүн Увс аймгаас эмээл зарж явсан хүнд ачуулчих шиг болсон” гэсэн. Тэгээд бид нар энэ жил халуун ******* гэдэг хүнтэй уулзсан чинь Би авсан би төлөөд өгье гээд манай 2 тооны адууг 2.500.000 төгрөгөөр төлж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй, хохирлыг манай эхнэрийн данс руу хийсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, С.*******аас өрөндөө 2 тооны адуу авсан талаараа мэдүүлсэн гэрч Д.*******ний ”...******* надаас эмээлийн мод авсан өгцөөндөө адуу өгсөн. Им тамга зүс нь гэвэл тамгыг нь ажиглаж хараагүй. Саарал зүсмийн азарга өгөхөөр нь Увс аймгаас ирсэн гэх хүнд бугуйл эмээл авсан байсан өгцөөндөө т ачиж өгөөд явуулсан. С.******* надад миний адуу гэж саарал азаргыг авчирч өгсөн. Хулгайн адуу гэж мэдээгүй. С.*******аас найман зуун мянган төгрөгний авцаандаа худалдаж аваад гэх хүнд нэг сая төгрөгөөр бодож өгөөд бугуйл, эмээл зэрэг эд зүйлс аваад саарал азаргыг өгч явуулсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “Би ...ойр зуурын наймаа хийдэг юм. Завхан аймаг явж наймаа хийхдээ *******н гэх хүнээс 1 сая төгрөг авах ёстой. “*******” гэх хүнээс нэг бугуйлын өртөг 1 даага авах ажилтай байсан юм. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын үед байх яг сар өдрийг сайн санахгүй байна Намрын улиралд наймаа хийж яваад Завхан аймгийн төв Улиастай орж *******н гэх хүнтэй уулзсан. Тэгээд би *******н гэх хүнээс “та 1 сая төгрөг өгөх ёстой, бас та надад танилцуулсан ******* гэх хүн надад 1 даага өгөх ёстой” гэж хэлэхэд надад *******н, ******* гэх хоёр хүн 2 тооны адуу авчирч өгсөн. ...Тухайн үед *******н надад өгсөн 2 тооны адууны нэг нь саарал зүстэй азарга байсан /бөөсөгтэй/ им тамгыг сайн мэдэхгүй санахгүй байна, надад өгөөд “энэ чиний 1 сая төгрөгний оронд өгч байгаа адуу” гэж хэлсэн. Тэгээд хажууд нь байсан охин хээр даагыг авч ирээд энэ “******* чамд өгч байгаа юм, чиний зарсан бугуйлын өртөгт өгч байгаа юм” гэж хэлсэн... “би авсан юм” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.гийн “...адуугаа ******* ар талын хашаанд шахаж байгаад бугуйл шидсэн чинь толгойд орчихоор нь ачуулсан гэж хэлсэн. Давхар кабинтай цагаан өнгийн портер машинд Увс аймаг руу гэдэг хүнд зарсан гэсэн...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүдэгчийн С.*******ын “...Би тухайн үед эзэнгүй даага болон азарга хоёр хоёулахнаа явж байхаар нь барьж аваад хүнд өрөндөө өгчихсөн. ...азарга болон даага хоёрыг хэнийх гэдгийг мэдэлгүй авчихсан. ...*******гийн эзэмшлийнх гэж мэдсэн. Би тухайн даагыг бугуйлын сураар гэх хүнтэй наймаа хийсэн. нь Увс аймгаас ирж наймаа хийж байсан хүн. Харин азаргыг нь *******н гэх хүнд эмээлийн модноос өгчихсөн. Тухайн үед би миний мал байгаа юм гэж хэлээд өгсөн тэр үед *******н болон нар мэдээгүй байсан. Би тухайн үед өөрийнхөө эзэмшлийн “Хээр” зүсмийн байдас унаж явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.*******ад 1550000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 41 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ. Шүүгдэгч Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Хохирогч Г.******* нь “хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болно. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нийтлэг үндэслэлийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан ба уг хуулийг 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээг зохицуулсан. Шүүгдэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар цаг хугацааны хувьд тухайн хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солих нь зүйтэй. Шүүгдэгч нь Завхан аймгийн Улиастай суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн хээр зүсмийн шүдлэн байдас ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн хээр зүсмийн байдас буюу морины үнэ 550.000 төгрөгийг С.*******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******ад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 01 жил 06 сарын хугацаагаар хориглож, түүнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүр 01 жил 06 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу морины үнэ 550.000 төгрөгийг шүүгдэгч С. *******аас гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ад зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч С.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч С.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА