Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 02765

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр                  Дугаар 183/ШШ2017/02765                             Улаанбаатар хот

                                                                                                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т /РД: -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А /РД: /-д холбогдох, 

хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал, хариуцагч Л.А, нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2010.09.27-ны өдрийн 1453 дугаар шийдвэрээр Л.А С.Төгжсаргал бид нар гэрлэлтээ цуцлуулж, 2001.07.06-нд төрсөн хүү А.Баярхүүг эцэг Л.Агийн асрамжид үлдээсэн юм. Би одоо ХБНГУ-д амьдарч байгаа бөгөөд хүү Л.Баярхүү 2018 онд 17 нас хүрч ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөх юм. Бид хүү А.Баярхүүгээ цаашид Герман улсад суралцуулж мэргэжил боловсрол эзэмшүүлэхээр ярилцаж тохиролцсон тул хүү А.Баярхүүг эцэг Л.Агийн асрамжаас сольж эх С.Тын асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би нэхэмжлэгчийн ээжийнх нь төрсөн дүү бөгөөд нагац ах нь юм. С.Т нь хүү А.Баярхүүг цаашид Герман улсад суралцуулахаар хүүхдийн эрх ашгийг бодож энэхүү шийдвэрийг гаргасан. Хүү А.Баярхүү одоо аавынх нь асрамжид байгаа болохоор нааш цааш явахад хүндрэлтэй байдаг тул хүүхдийн асрамжийг эх С.Тын асрамжид сольж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ гадагш нь сургуульд явуулахын тулд асрамжийг өөрчлөх шаардлагатай байгаа юм” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Л.Ад холбогдуулан гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.09.27-ны өдрийн 1453 дугаартай шийдвэрээр С.Т, Л.А нарын гэрлэлтийг цуцалж, 2001.07.06-ны өдөр төрсөн хүү А.Баярхүүг эцэг Л.Агийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2, 26.2.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх болон түүнд суурь болосврол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох   үүрэгтэй бөгөөд  энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.

Хүү А.Баярхүү нь 2018 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөх бөгөөд цаашид ХБНГУ-д суралцуулж, мэргэжил боловсрол эзэмшүүлэхээр С.Т, Л.А нар ярилцан тохиролцсон гэх үндэслэлээр хүүхдийн асрамжийг өөрчилж, эх С.Тын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн байна.

Иймд хүүхдийн асрамж өөрчлөхийг талууд  зөвшөөрсөн, энэ талаар  маргаагүй тул 2001.07.06-ны өдөр төрсөн хүү А.Баярхүүг эцэг Л.Агийн асрамжид байсныг өөрчилж,  эх С.Тын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                      

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2001.07.06-ны өдөр төрсөн хүү А.Баярхүүг Л.Агийн асрамжид байсныг өөрчилж,  эх С.Тын асрамжид үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Л.Агаас 70 200 төгрөг гаргуулж С.Тд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ