| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/00104/Э |
| Дугаар | ШЦТ/2021/89 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар ШЦТ/2021/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Бдэлэг
Улсын яллагч Г.Эсэн
Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч П.П, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа
Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч В.Сайнбилэг нарыг оролцуулан Дундговь аймгийн Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Эд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, П.П, Ч.Б, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э, П.П, Ч.Б, Ц.Н нарт холбогдох ............ тоот хэргийг 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн ........төрсөн, 32 настай, ............. боловсролтой, ............. мэргэжилтэй............ оршин суух, Нэгдсэн Үндэсний Байгууллагын медаль, Ерөнхийлөгчийн энхийн төлөөх медаль, Монголын Залуучуудын холбооны цэргийн алтан медальтай, Г овогт О Э, РД:/............../
2.Монгол Улсын иргэн ............. төрсөн, ..........настай, ...............боловсролтой, .......... мэргэжилтэй, ................ оршин суух, ял шийтгэлгүй, гардан тулааны спортын мастер Т овогт Ц Н, РД:/ЗМ89031215/
3.Монгол Улсын иргэн .................. төрсөн, ........... настай, .............. боловсролтой................ мэргэжилтэй, ........... эрхэлдэг, .................... оршин суух, ял шийтгэлгүй, Г овогт П П, РД:/................/
4.Монгол Улсын иргэн ............. төрсөн, ....... настай, боловсролгүй, ............ чадахгүй, ............. оршин суух, Ш овогт Ч Б, РД:/.........../
Шүүгдэгч О.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ............. буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэж байсан иргэдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль авсан,
П.П, Ч.Б, Ц.Н нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу ............... сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр .............. О.Эд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Ц.Н, П.П хоёр над дээр ирж уулзсан. П.Птай олон жил уулзалдаагүй байсан. Надтай танилын хүрээнд ирж уулзсан. Ийм газар байдаг гэнэ ийм боломжтой юу гэхэд би боломжгүй гэж хэлсэн. Мөнгө цаас авалцах зүйл байвал яах вэ гэхэд тийм зүйл байхгүй. Өөр газар очиж уулз гэсэн. Манай бага хүүхэд гарсан байсан. Таныг хүүхэдтэй болсныг мэдсэнгүй гээд надад нэг шил архи гаргаж өгсөн. Би уугаагүй. Тэгээд тэр хоёр Дундговь аймгийн зам асуугаад гарсан. Маргааш нь надад жонш ухаад байна гэж дуудлага ирсэн. Би явах гэсэн хамт явах хүн байхгүй байсан. Сумын хойд талд адуу ачсан машин байхаар нь хулгайн мал юм болов уу гэж бодоод яваад очтол манай дээд оны хугацаат цэргийн алба хаасан Базаррагчаа байсан. Базаррагчаатай нэг шил архи хувааж уусан. Сум ороод ирсэн чинь таньдаг хүмүүс тааралдаад хамт архи уусан. Халамцуу гэртээ очсон чинь эхнэр “хүүхэд өвдөөд байхад хаагуур явдаг юм” гэж хэлсэн. ........... суманд эмч хийдэг дүү охиныг дуудаж хүүгээ үзүүлэхэд хатгаа авсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би аймаг явж үзүүлэх үү гэсэн. Зөгийн балтай барианы шил нуруун дээр нь тавихаар хүүхдийн хатгаа арилдаг гэнээ гэсэн. Манай сумын байгаль хамгаалагч М ээж нь Д эгчийг сайн тавьдаг гэхээр нь Д эгчтэй уулзсан. Эгчийнх нь сайн тавьдаг гэж юу байхад гэхдээ аваад ирвэл тавиад өгье гэсэн. Нөхөр нь өндөр Мөнхөө гэж хүн байдаг. Тэднийхээс гараад А зүүн хашааны урд нь уугаад сууж байсан. Тэгээд би ийм царайтай согтуу байгаа юм чинь яаж очих вэ, цагдаа нь согтуу ирсэн гээд асуудал болно. Намайг хэсгийн төлөөлөгчтэй ямархуу харьцаатайг мэднэ. Миний арыг даачих гээд хэлээд орхисон. Орой нь Б гээд Гурвансайханы нэг хүн шөнө тааралдаад өвөрт ганц шил архи байна гээд хувааж уучхаад тэгээд явсан” гэв.
- Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Цагдаагийн ерөнхий газарт ажилдаг байсан. Энэ хэрэг болохоос 2-3 сарын өмнө хүүхдийн эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа гараад эхнэртэйгээ хамт Дундговь ........... суманд амьдарч байсан. Птай танилцахдаа манай суманд Н гэх залуу байдаг. Уул уурхайд том тэрэг барьдаг. Тэр хүнтэй хамт явж байгаад тэдний гэрээр орж гарч байхдаа танилцаж байсан. Нэгнийхээ утсыг мэддэггүй зүс таньдаг байсан. Би аймагт орж ирээд өөрийнхөө машинтай Номгон дэлгүүрээс ойр зуурын хүнс цуглуулж явж байгаад Птай таарсан. Б гэдэг залуу хамт явж байсан. Бтай тэгж танилцаж байсан. Намайг Гурвансайхан сум руу яваад өгөөч гээд хамт явсан. Миний машины урд хайрцагт боодолтой мөнгө хийгээд Гурвансайхан суманд очоод сумын цагдаатай очиж уулзана гэж хэлээд Гурвансайхан сум руу явсан. Гурвансайхан сумын хойно зогсож байгаад П.П Э рүү залгаад хоол идэх гэсэн юм гэхэд одоо онгорхой газар байхгүй. Айлд байна ирээд бууз ид гэсэн. Би Этэй айлд байхдаа танилцаагүй. Тэдний гэрээс гарч сумаас урагш 2-3 км-т гарч зогсоод танилцсан. Гардан байлдааны тэмцээнд оролцдог байсан. Тэмцээний үеэр нэгнийгээ харж байсан. Тэр тэмцээнд орохын тулд байнга биеийн хүчний бэлтгэл хийх шаардлагатай байдаг. П болохоор манай ах байдаг гэсэн. Тэр архийг задлахад би хамт байсан. Бүгд амсаад өгцгөөсөн уугаагүй. П намайг түр машиндаа сууж бай гэсэн. Тэгээд би өөрийнхөө машинд ороод сууж байтал П.П ирснээ за явъя гэсэн. Би цагдаад өгсөн мэдүүлэгтээ АТМ-с мөнгө авахад нь би хажууд нь байсан. Миний хажууд утсаар ярихад нь би оролцоогүй. Хэдий цагдаагийн албанд ажилладаг эрх зүйч мэргэжилтэй ч гэсэн ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг байсан. Хууль судлаагүйгээс болоод өөрийгөө ороогоод мэдүүлэг өгсөн байсан” гэв.
- Шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2019 оны 02 сар байсан болохоор зарим зүйлийн цаг хугацааг нь сайн санахгүй байна. Б, Бын ах нар гэсэн хэдэн хүмүүс байсан. Цагаан дэл гэдэг газар урьд нь хүмүүс жонш олборлож байсан. Тэр нь 2 компанийн аль аль нь жонш олборлох эрхгүй юм байна гэсэн. Тэнд жонш олборлоё гэсэн. Хэсгийн байцаагчтай нь яриад тохирвол болдог гэнээ. Чи цагдааг нь таньдаг юм байна. Очиж уулзаад мөнгө өгчих. Тэнд жонш олборлож болох юм байна. Чамд хэдэн төгрөгийн ашиг гарна гэж ярьсан. Миний данс руу мөнгө хийнэ гэсэн. Би бусад хүмүүсийг нь танихгүй болохоор Б руу ярьж байгаад данс руугаа мөнгө хийлгэсэн. Э ах дээр очоод мөнгийг нь өгсөн. Ажлаа бүтээх зорилгоор Ныг авч явсан. Н бид хоёр Гурвансайхан сум ороод Ээ ах руу залгаад хоол идэх гэсэн юм аа гэхэд айлд байна. Одоо онгорхой газар олдохгүй. Таньдаг айлд байна. Ирээд хоол ид гэсэн. Тэр айлд жоншны талаар ямар нэг ч зүйл яриагүй. Сумаас урагш гарч байгаад Цагаан дэл гэж өмнө нь хүмүүс жонш олборлосон газар байдаг гэнээ. Тэнд нь жонш олборлох хүмүүс байна гэсэн. Ээ ах би ганцаараа наад асуудлыг чинь шийдвэрлэж мэдэхгүй. Байгаль орчны байцаагч А гэж залуу бий тэр хүнээс асуу гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг ордог юм бол гэсэн 500.000, 500.000 төгрөг ордог гэсэн. Өмнө нь О.Ээ ахаас өмнөх хэсгийн төлөөлөгч нь хүнээс мөнгө аваад жонш олборлуулж байсан юм билээ. Би 1.000.000 төгрөг аваачиж өгсөн. Мөнгө өгөхдөө Ныг машинаас бууж бай гэж хэлээд Э ахын машиных нь урд талын хайрцагт хийсэн. Тэндээс Цагаан дэл гэдэг газар очоод маргааш өглөө нь нөгөө хүмүүстэйгээ уулзсан. Өдөр 2-3 цагийн үед аймгаас цагдаа ирсэн. Олборлосон зүйл байхгүй. Гурвансайхан сум руу яваад шөнө байцаалт авсан. Л гэдэг хүн надаас ганцаарчилж байцаалт авсан. Тэр хүн хэсгийн төлөөлөгчийн захиалгатай хүчээр байцаалт аваад байх шиг санагдсан. Шөнө 11 цаг 40 минутын үед байцаалт авсан. Чамайг явуулахгүй хорино. Этэй юу гэж ярьснаа хэл, одоо чамайг гаргахгүй. Би чамаас байцаалт авна. Бичиг үсэг тайлагдсан биз дээ. Өмгөөлөгчийн шаардлага байхгүй биз дээ. Өнөөдөр энд хорьчхоод маргааш Дундговь аймаг ороод дахиж хорино. Этэй яасан талаар ярь гэсэн. Тэгээд байцаалт өгсөн.” гэв.
- Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манайх Айргийн 4-20 тоотод байдаг байсан. Эднийх манай зүүн талын хамар хашаанд байдаг байсан. П манай гэрээр орж гардаг байсан. Зүүнтээ жонш гарч байна гээд жоншны талаар ярьж байгаад сарын дараа Н ирсэн байна гэж П утсаар ярьсан. Тэгээд Өндөр ээжийн зоогийн газрын ард уулзацгааж жоншинд явахаар болсон. Бид нар тарсны дараа П над руу утсаар залгаад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь Пэрэнлэйсамбуу гэдэг хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Яах гэж байгаа мөнгө вэ? гэхэд П бензин тосонд хэрэглэх гэж байгаа гэж хэлсэн.” гэв.
- Гэрч Б.Ө “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Гурвансайхан сумын иргэн Мөнхсаруул гэх хүн 99004630 дугаарын утаснаас миний 88061090 дугаар луу залгаад Цагаандэл гэх газарт хүмүүс жонш ухаад байна. Том техник хэрэгсэл авчихсан байна. Би уг нь сумын цагдаа Э байгаль орчны байцаагч А 2-т хэлсэн боловч яваагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад хэлэхгүй яасан юм гэсэн чинь “өөрийг чинь байхгүй байгаа гэж бодсон юм аа” гэж хэлсэн. Ингээд би Э рүү залгаад дээрх өгсөн дуудлагын талаар хэлсэн чинь “миний бие өвдөөд явах боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад хэлэхгүй яасан юм гэсэн чинь “өөрийг чинь байхгүй байгаа гэж бодсон юм аа” гэж хэлсэн. Ингээд би Э рүү залгаад дээрх өгсөн дуудлагын талаар хэлсэн чинь “миний бие өвдөөд явах боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь А рүү залгаад явъя гэсэн чинь гэрийнхээ гадаа байна гэхээр нь би А гадаа явж очоод Атэй уулзаад чамд дуудлага өгсөн юм биш үү, яагаад яваагүй юм гэсэн чинь “Эрдэнийг хүлээгээд байж байлаа” гэж хэлсэн. Ингээд Атэй хамт Цагаан дэл гэх газарт нь очоод 102 руу дуудлага өгсөн байгаа. Надад утсаа өгөх боломжгүй байна, бие өвдөөд байна гэж хэлсэн. Үнэхээр бие нь өвдсөн байсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Би тэр талаар мэдэх зүйл байхгүй. Жонш хууль бусаар олборлож байна гэсэн дуудлагын дагуу Л хошуучаар ахлуулсан бүрэлдэхүүн ирсэн. Ингээд шалгалтын ажиллагааны явцад танай Э цагдаа энэ хүмүүсээс мөнгө авсан юм шиг байна гэдэг зүйлийг хэлж байсан. Өөр нарийн мэдэх зүйл байхгүй. Тухайн үед Ээс энэ хүмүүстэй холбоотой юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлж байсан. Суман дээрээ ажлаа хийж байгаа. Тэр талаар мэдэх зүйл байхгүй. Ер нь гэр бүлийн байдлын хувьд их хэцүүхэн амьдралтай. 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь одоо 2 сар гарантай хүүхэд байгаа” гэх мэдүүлэг /1-р хх 126-127, 152/
- Гэрч Ө.М “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгаас гараад Гурвансайхан сум руу явж байтал Төмөртогоо гэх Гурвансайхан сумын нутгийн иргэн над руу залгаад Цагаандэл гэх газарт хүмүүс хууль бусаар жонш ухах гэж байна. Би цагдаа руу залгаж чадахгүй байна. Би залгаад дуудлага өгөөдхөөч гэхээр нь сумын цагдаа Э 99906110 дугаарын утас руу нь 4 удаа залгаж мэдээлэл өгсөн. Мэдээлэл өгөх үед миний ярьж байгааг ойлгохгүй байгаа юм шиг яриад байсан. Этэй яриад ойлголцохгүй болохоор нь хэсгийн байцаагч Ө ярьж мэдээлэл өгсөн байгаа.::” гэх мэдүүлэг /1-р хх-131/
- Гэрч Г.А “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үдээс өмнө Э над руу залгаад Цагаандэл хавьд жонш ухаад байна гэсэн дуудлага ирээд байна. Хамт явах хэрэгтэй байна гэхээр нь би за гэртээ байж байна хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Э ирэхгүй 2 цаг гаран алга болчихоор нь гарах гээд хувцсаа өмсөөд байж байсан чинь Ө над руу утсаар яриад Э дуудлагад яваагүй юм уу гэж асуухаар нь харин ярьсан алга болчихлоо гэж хэлсэн чинь удалгүй Ө өөрөө хүрээд ирсэн. Ингээд тухайн дуудлага өгсөн газар руу очсон чинь экскэ машинаар газар ухаж байхаар нь болиулсан. Экскэ машины хажууд жижиг гранд марк-2 авто машин байсан. Ө аймгаас бүрэлдэхүүн дуудаад нөгөө хүмүүсийг сумын цагдаагийн хэсэг дээр авчирсан. Сумын цагдаагийн хэсэг дээр авчираад байж байхад авчирсан хүмүүсийн нэг нь намайг 2-лаа цагдаагийн хэсгээс гарч байгаад уулзъя гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгснээ чи эр хүн шиг яриул ярьчхаарай гэж хэлхээр нь юу яриад байгаа юм хууль бус үйлдэл гаргасан бол шалгадаг журмаар нь шалгана гэсэн чинь араас 1 цагдаа ирээд нөгөө залууг цагдаагийн хэсэг рүү аваад орсон. Тэрийг нь сүүлд бодоход тэр хүмүүс намайг Ээс мөнгө авчихсан байж шалгалаа гэсэн байдлаар ярьсан юм шиг байна лээ. Би бол Ээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Цагдаагийн хэсгийн гадаа уулзсан хүний нэрийг мэдэхгүй. Тийм зүйлийн талаар огт яриагүй. Этэй тэрнээс хойш хэд хэдэн удаа таарсан бөгөөд тэр мөнгө авсан талаар асуугаагүй. Анх дуудлага ирсэн талаар хэлэхдээ Э эрүүл байх шиг байсан. Яагаад ирнэ гэчхээд ирэлгүй алга болсон талаар мэдэхгүй. Сүүлд сонсоход архи уугаад явчихсан сурагтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-135-136/
- Гэрч Б.М “...Тухайн өдөр аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирсэн өдөр санаж байна. Бүрэлдэхүүн нь нэлээн оройхон ирсэн санаж байна. Э тухайн өдөр нь өглөө 10 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Ажилтай гээд гарсан бөгөөд хаана юу хийснийг нь мэдэхгүй юм аа. Тухайн өдөр орой бүрэлдэхүүн ирсний дараа Э гэртээ орж ирчихээд гарсан. Би ажлыг нь асуудаггүй болохоор хаагуур юу хийж явсныг нь асуугаагүй. 2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр бол үзүүлээгүй. Харин тэр өдрөөс 2 хоногийн өмнө дуудлага өгч хүү Дарханбаярыг үзүүлсэн санаж байна. Дуудлагад Г гэх эмч ирж үзсэн. Г эмч угаасаа 1 л удаа ирж үзсэн. Өмнө нь бас хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Тэгэхдээ Г эмч ирж байгаагүй санаж байна. Хуучин цайны газар ажиллуулдаг байсан эгчийг Д гэдэг юм аа. Тэгэхдээ энэ хүнд бол тэр өдөр очиж бариа хийлгээгүй. Бүүр 1 жилийн өмнө дунд хүү Д бариулахаар 1 удаа авчирч байсан санаж байна. Би тэр үед өөрөө очиж дуудлага өгөөд 19 цагийн үед Г эмч ирж үзсэн. Өдрийг нь сайн санахгүй байна. Тэгэхдээ бол 8-ний өдөр бол бишээ. Ажлын өдөр байсан санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-149-150/
- Гэрч Х.М “...Тухайн үед найз Улаанбаатар, Б нарын хамт явсан. Бид нартай хамт Бын танил гээд 2,3 залуучууд хамт явсан. Б жоншинд явах гэж байгаа, хамт явах уу гэхэд найз Улаанбаатар бид 2 хамт явсан. Өөр зүйл мэдэхгүй. Би бичлэг хийсэн. Одоо бичлэг нь надад байхгүй. Устсан байсан. Тухайн үедээ цагдаа нарт өгсөн. Ямар нэгэн зорилго байгаагүй. Мөнгө төгрөгтэй холбоотой зүйл яриад байхаар нь бичлэг хийсэн юм аа...” гэх мэдүүлэг /1-р хх-149-450/
- Гэрч Ү.Т “...Одоо бол өдрийг нь сайн санахгүй байна. Э манай гэрт орж ирээд өөрийгөө Гурвансайхан сумын цагдаа гээд юм яриад сууж байсан чинь Э рүү утсаар хүн залгаад тэр хүмүүсээс манай гэрт дуудсан. Гаднаас Э дээр 3 залуу орж ирсэн бөгөөд бие биеэ таньдаг юм шиг байсан. Ингээд тэр хүмүүст бууз жигнэж өгөх гэсэн чинь идэхгүй гээд бөөнөөрөө гараад явсан. Би жоохон чих хатуу бөгөөд ярьж байгаа зүйлийг нь анхаарч сонсоогүй. Хоорондоо л юм ярьж байгаад гарцгаасан. Э гэх залуу гаднаас орж ирэхдээ жоохон юм уусан байх шиг байсан. Архи үнэртэж байсан. Нээх их бол согтоогүй байсан. Би тэр хүмүүсийг танихгүй огт танихгүй. Нутгийн хүмүүс биш байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-153/
- Гэрч Б.Г “...М гэх хүнээс дуудлага өгсний дагуу сувилагч О надад хэлээд би очиж үзсэн. Очиж үзэх үед Э. Д гэх хүүхэд нь 3 хонгийн өмнөөс ханиаж халуурсан гэсэн зовуурьтай байсан бөгөөд гэрт нь очих үед ээж М нь байсан санаж байна. Өөр бусад ямар хүмүүс байсныг санахгүй байна. Үзүүлсэн эсэхийг хүүхдийн түргэн тусламжийн журналаас үзэхэд байхгүй болно. 8-ний өдөр амралтын өдөр байсан учраас дуудлагаар очиж үзэх ёстой. Хэрэв үзсэн бол журнал дээрээс харагдах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх- 154/
- Гэрч Н.Дгийн “...Би харин олон ач зээтэй бөгөөд тэд нарыг харж өсгөж явж байгаа олон жилийн дунджаар зарим нэг ханиадыг уламжлалт байдлаар эдгээхийг хичээдэг болохоос хүний хүүхэд барьж эмчилж өгч байсан удаа байхгүй. Эрдэнийг би Гурвансайхан сумын цагдаа гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн ойр дотнын холбоо байхгүй. 2020 онд бол ямар ч бариа татлага Э хүүхдэдээ хийлгэж байгаагүй. Харин 2018 онд санаж байна тэдний дунд хүүхэд нь ханиад хүрээд гэж надтай Э уулзаад яах уу гэж асуухаар нь зөгийн балтай байцаа тавь гэж зөвлөөд эхнэртэйгээ манай гэрт ирээд тавиулаад явж байсан. Энэ асуудал бол 2 жилийн өмнө болсон асуудал бөгөөд 2020 оны 02 сард бол Э надтай ирж уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-161/
- Мөрдөгчийн үзлэг тэмдэглэл /1-р хх-ийн 93, 109-113, 235-236/
- Гар утасны ярианы билл /1-р хх-ийн 95-103/
- Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 106/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 163/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 207, 218, 223, 234/
- Шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 237-236/
- Хэрэгт авагдсан бусад баримтууд болон шүүдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч О.Э нь Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэж байсан иргэдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль авсан, П.П, Ч.Б нар нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор үсгэн тохиролцож, Ч.Б 1.000.000 төгрөгийг П.Пын дансаар шилжүүлэн уг мөнгийг П.П урьдын танил байдлаа ашиглан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаа О.Эд өгсөн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл Хахууль авах, мөн хуулийн 22.5 дугаар зүйл Хахууль өгөх гэмт хэргүүд нь гэмт хэргийн улмаас бодит хор уршиг учирсан байхыг шаардахгүйгээр хахуулийг өгснөөр, авснаар төгсдөг онцлогтой юм.
Иймд шүүгдэгч О.Э хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч П.П, Ч.Б нарыг бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, П.П, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э, Ч.Б нар гэм буруугийн хувьд маргаж байгаа боловч Ч.Бтай үгсэн тохиролцож, 1.000.000 төгрөгийг О.Эд дамжуулан өгсөн болохыг П.П анхнаасаа үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бөгөөд түүний мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Нын тухайд тээврийн хэрэгсэл жолоодон явснаас өөрөөр хахуулийг санхүүжүүлэх, дамжуулан өгөх зэргээр энэ гэмт хэрэгт шууд оролцсон идэвхтэй үйлдэл хийгээгүй тул эрүүгийн .......... дугаартай хэргээс Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Э Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч П.П, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч О.Э нь хахууль авах гэмт хэргийг үйлдэж 1.000.000 төгрөгийн орлого олсон байх тул шүүгдэгч О.Ээс нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймаг дахь хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан ман хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н, П.П, Ч.Б нарт холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргээс Т овогт Ц Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Ныг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г овогт О Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт П П, Ш овогт Ч Б нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт О Эд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт П Пт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Ш овогт Ч Бад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П, Ч.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелүүлсэн хугацаанд биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс, шүүгдэгч П.П, Ч.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч О.Ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нт урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч П.П, Ч.Б нарт авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Эд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН