| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/02693/И |
| Дугаар | 02766 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 02766
2017 оны 12 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2017/02766 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 20 байрны 18 тоотод оршин суух, Боржигин овогт Баттөмөрийн Э /РД:ЦЖ83122477/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон-1 гудамжны 40 тоотод оршин суух, Сумчин овогт Чожилжавын Э /РД:ЧП63092512/,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 40в байрны 43 тоотод оршин суух, Загал овогт Лхагвын Б /РД:ВС89020932/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон-1 гудамжны 40 тоот хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 39 дүгээр байрны 2-40 тоотод оршин суух, Сумчин овогт Эгийн А /РД:УУ89060561/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Ч.Э, Л.Б, Э.А, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Э.А, Л.Б нарт 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн, 2015.03.20-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүнд Л.Бын өмчлөлийн 2 өрөө байранд 1 жилийн хугацаанд амьдрахаар тохирч 2015.03.25-нд орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 700 м/кв талбай бүхий газар, 181 м/кв талбай бүхий хувийн сууц зэргийг барьцаалсан. 2016.03.20-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Хугацаа дууссаны дараа Э.Аийн араас зөндөө хайж явсан боловч “одоо өгнө, маргааш зээл авна” гэж худлаа ярьдаг байсан. Мөн над руу явуулж байсан утасны мессежүүд байгаа. Энэ хүмүүс мөнгөө төлөөгүй байж намайг байрнаас албадан гаргуулсан. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг нийтдээ 22 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ талаар мэдэхгүй, шүүхээс дуудахаар нь ирэхэд мөнгөний асуудал байсан учраас оролцоогүй. Э.Атэй хамт амьдардаггүй, тусдаа гараад 5-6 жил болж байна. Ноднингийн цагаан сараас хойш дахиж уулзаагүй байж байгаад зун уулзсан. Би энэ хүнээс мөнгө зээлж аваагүй, хөрөнгийн гэрчилгээ болон итгэмжлэлийн талаар мэдэхгүй гэв.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байрыг түрээслэх зар тавьсны дараа н.Гүнчулуун, Э.А хоёр ирээд танай байрыг түрээслүүлье, сар болгон түрээсийн 500 000 төгрөгийг төлөх саналыг тавьсан. Би тухайн үед байр түрээслэхэд ажилтай зав гардаггүй байсан. Гэтэл Э.А нөхрийн хамт өөрсдийн танил Б.Э гэдэг хүнийг дагуулж ирээд манай байрыг үзүүлсэн. Тухайн үед нь надад ашиггүй байна, дараа нь янз бүрийн асуудал гарвал гэхэд “би барьцаа хөрөнгө тавьсан учраас ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Ингээд дөнгөж ашиглалтад орсон байр, өөрсдөө ч орж амжаагүй байсан байраа Б.Эд түрээслүүлж, энэ хүмүүсийн зээлсэн мөнгө төгрөгийн гэрээнд нотариатын зөвлөснөөр гарын үсэг зурсан. Мөнгө авах үед би гадаа нөхөртэй нь хамт тамхи татаж байсан, над руу мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Дараа нь нөхөр н.Гүнчулуун над руу залгаад хоёулангийн өр шир дарагдсан шүү гэж хэлсэн. Э.А нь байрны түрээс гэж 2 000 000 төгрөгийг төлсөн. Өмнө нь н.Гүнчулуун надад өртөй байсан юм. Ингээд гэрээний хугацаа дууссан байсан учраас Б.Э ахтай хамт Ч.Э ахын гэрт нь очоод нөхцөл байдлын талаар хэлж, эртхэн мөнгө төгрөгөө төлөөд салцгаая гэж хэлж байсан. Гэтэл Э.А нь би одоо зээл авах гэж байна гэж явсаар байж өөрсдөө алга болсон. Дараа нь манай хүүхэд өвдчихлөө, би удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлчхээд, манай аав, ээжид ирээд би мөнгө зээлдэг хүн учраас ямар ч асуудалгүй, танай мөнгийг тэгж байгаад өгнө гэж хэлсэн. Одоо сүүлийн үед надад чи сөрөг нэхэмжлэл гаргачих, тэгвэл би энэ мөнгийг 12 000 000 төгрөгийг асуудалгүй төлье, ажил хийж байгаад 6 сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийг өгье гэсэн тайлбар хэлсэн. Э ахад очиж уулзахад би мөнгө зээлсэн байрнаас гарахгүй гэдэг, харин Э.А нь удахгүй өгнө гэж явсаар байж 2 жил болсон тул Баянгол дүүргийн шүүхэд манай эгч нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Бын байр түрээслүүлэх гэж явж байгаа зар тавьж байсан талаар мэдэхгүй. Гэхдээ Л.Б машинаа ломбардад тавьсан байсан учраас ийм арга байгаа талаар санал болгож байсан. Тэгэхээр нь 15 000 000 төгрөгийг ганцаараа авч болох юм байна хэлчихээд дараа нь барьцаа хөрөнгөгүйгээр болохгүй гэж буцаж ирээд Л.Бын байрыг барьцаалахыг хүссэн. Тухайн үед банкинд өртэй байсан учраас дахиад зээл авахад хүү өндөр байсан. Л.Б бид хоёр Б.Эаас 15 000 000 төгрөгийг зээлэхээр болж би 9 000 000 төгрөгийг авсан, харин 6 000 000 төгрөгийг Л.Б авсан. Иймд би төлсөн 900 000 төгрөгийг хасаад үлдэх 8 100 000 төгрөгийг төлнө гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Б.Эы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөгийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Э гаргасан, хариуцагч Ч.Э, Л.Б нар мөнгө зээлж аваагүй тул энэ талаар мэдэхгүй гэжээ.
Хэргээс үзэхэд Б.Э 2015.03.20-ний өдрийн зээлийн гэрээг хариуцагч Ч.Э, Л.Б нартай байгуулсан байх бөгөөд 1 жилийн хугацаагаар 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор, мөн зээлийн хүүнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 18 тоот, Ү-2205049701 улсын дугаартай орон сууцанд Б.Э нэг жил амьдрахаар орон сууц хөлслөх гэрээг 2015.03.25-ны өдөр байгуулахаар тохиролцсон байна.
Мөн 2015.03.20-ний өдрийн барьцааны гэрээг Ч.Этэй байгуулсан, 15 000 000 төгрөгний зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон-1 гудамжны 40а тоот хаягт байрлах, 110 000 төгрөгний үнэ бүхий газар болон хувийн сууцыг барьцаалжээ.
Улмаар 2015.03.25-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг Б.Э, Л.Б нар байгуулж, 1 жилийн хугацаагаар 15 000 000 төгрөгийн зээлийн хүүнд орон сууц ашигласны хөлсийг тооцохоор тохирсон байх бөгөөд дээрх зээлийн гэрээнд Ч.Эгийн өмнөөс түүний итгэмжлэлтэй гэх Э.А, Л.Б нар, харин барьцааны гэрээнд Ч.Эгийн итгэмжлэлтэй гэх Э.А, орон сууц хөлслөх гэрээнд Л.Б тус тус гарын үсэг зурсан байна.
Барьцааны зүйл болох газар, хувийн сууц нь Ч.Эгийн, харин хөлслүүлсэн орон сууц нь Л.Б болон бусад нэр бүхий хүмүүсийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан 2014.05.29-ний өдрийн итгэмжлэлээр Ч.Эгээс Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 1 гудамжны 40а тоот хаягт байрлах, 700 м/кв газрыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах..., эрхийг 3 жилийн хугацаагаар Э.Ат олгосон гэх боловч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Уг итгэмжлэлийн “хуулбарын үнэн зөв”-ийг удаа дараа гэрчилсэн байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчлүүлсэн эсэх нь тодорхойгүй тул хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Дээрх заалтаас харахад зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч Ч.Э, Л.Б нарт 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар нотолсон баримтгүй тул нэр бүхий хариуцагч нараас шаардах эрхгүй болно.
Харин Б.Э, Э.А нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг хариуцагч Э.А хүлээн авсан байх тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний 3-т “хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтад нийцсэн байна.
Хариуцагч Э.А 2016.02.03-нд 900 000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул үндсэн зээл 15 000 000 төгрөгнөөс хасч үлдэх 14 100 000 төгрөгийн 50 хувь буюу 7 050 000 төгрөгийн алданги нэмж нийтдээ 21 150 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан 2015.03.20-ний өдрийн барьцааны гэрээний дагуу зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Э.Анхдэлгэрхээс зээлийн гэрээний үүрэгт 21 150 000 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 350 000 төгрөгийг болон зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагыг, мөн хариуцагч Ч.Э, Л.Б нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Анхдэлгэрхээс 263 699 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ