Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0043/Э |
Дугаар | 2022/ШЦТ/47 |
Огноо | 2022-03-04 |
Зүйл хэсэг | 23.1.1, |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Э.Базарсад нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Базарсадад холбогдох 2223000000025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Алтангийн хэсэг 2-7 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Юнши овогт Энх-Амгалангийн Базарсад, /Регистрийн дугаар: ИЭ96022039/
Урьд: Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Э.Базарсад нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан” рестораны гадаа үүрэг гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч цагдаа, ахлагч Э.Төрбатын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Э.Базарсад нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан” рестораны гадаа үүрэг гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Э.Төрбатыг “үхсэнээ харсан пизданууд вэ” гэж бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, албан хаагч “олон нийтийн газар биеэ зөв авч яв” гэсэн шаардлагыг тавихад уг шаардлагыг эсэргүүцэн түүний толгойн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг эсэргүүцсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.Төрбатын “...Би 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр ...Завхан аймгийн Улиастай сумын 6 багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч Н.Төгсбаяр, Б.Сэр-Од нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...шөнө 23 цаг 15 минутын орчимд “Алтан” рестораны үүдэнд очоод зогсож байсан чинь “Алтан” ресторанаас гарч ирсэн Э.Базарсад нь бид нарыг харчихаад “үхсэнээ харсан пизданууд вэ” гэж хэлсэн, тэгэхээр нь бид нар машинаасаа буугаад тухайн иргэн дээр очсон чинь Базарсад нь дэд ахлагч Б.Сэр-Одын мөрдөснөөс нь бариад авахаар нь би өөрийгөө танилцуулаад “та боль, биеэ зөв авч явна уу” гэж хэлээд гарыг нь тавиулах гэсэн чинь Базарсад нь намайг барьж аваад миний толгой хэсэг рүү хоёр удаа, баруун талын нүд рүү нэг удаа цохиод авсан, тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. ...ажлаа хийж байгаа алба хаагчид архи уусан иргэдэд зодуулаад яваад баймааргүй байна...” гэсэн мэдүүлгээр, Тухайн үед Э.Төрбаттай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, хохирогчийг цохисныг харсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Сэр-Одын “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа, зохицуулагчаар оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Төрбат, дэд ахлагч Төгсбаяр нарын хамт “Алтан” рестораны гадаа очоод зогсож байсан чинь “Алтан” ресторанаас нэг залуу гарч ирээд бид нарыг “үхсэнээ хараад байгаа гөлөгнүүд вэ, пиздануудаа алнаа” гээд хүрээд ирсэн. Би тэр үед нь машинаасаа буугаад “та яагаад байгаа юм бэ, бид нар таныг яасан юм бэ” гэсэн чинь шууд ирээд миний мөрнөөс зүүсэн байсан камерыг газарт унагаасан, тэгээд баруун мөрөнд зүүсэн байсан торгуулийн хэвлэгч төхөөрөмжийг бас аваад газарт унагаачихсан, тэгэхээр нь би дээрх эд зүйлүүдээ аваад машиндаа оруулж тавьсан. Тэгээд буцаад хүрээд ирсэн чинь тэр залуу эргүүлийн цагдаа, ахлагч Э.Төрбатын толгой, нүүр рүү нь гараараа цохисон, тэгэхээр нь би дундуур нь орж салгаад тэр залууг “машинд ороод суучих” гэсэн чинь шаардлага эсэргүүцээд хувцаснаас зуураад байсан. ...Базарсад ахлагч Төрбатын биеийн толгой хэсэгт 2-3 удаа, зүүн шанаа хэсэгт 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Н.Төгсбаярын “...2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр хуваарийн дагуу 19:00 цагаас 01:00 цагийн хооронд цагдаагийн ахлагч Э.Төрбат, Б.Сэр-Од нарын хамт албаны тээврийн хэрэгслээр Улиастай сумын хариуцсан 6 багт албаны тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...Улиастай сумын Жинст багт байрлах “Алтан” нэртэй ресторан, караоке, пабны үйл ажиллагаа явуулдаг ...засварчидын шинэ жил болж байсан. Гадна талд нь машинаа байрлуулсан байсан чинь дэд ахлагч Б.Сэр-Одыг нэг өндөр шар залуу “хөөе пиздаа нараа юугаа хараад байгаа юм” гэсэн тэгэхээр нь “та яаж байна, хяналт шалгалт хийж явна” гэсэн чинь “буугаад ир наашаа” гэсэн шар өндөр залуу Сэр-Одыг шууд заамдаж аваад энгэрийнх нь камерыг газарт унагаж хоолойноос нь боосон юм. Тэгэхээр нь ахлагч Э.Төрбат очиж салгатал тухайн өндөр шар залуу Э.Төрбатын толгой хэсэг рүү нь 3 удаа гараараа цохиж Э.Төрбатыг заамдаж авсан. ...Э.Базарсад гэх хүн л ахлагч Э.Төрбатын биед халдаж тавьсан шаардлагыг эсэргүүцэж заамдаж аван хоолойг нь боож толгой хэсэг рүү нь 3 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.Батмагнайгийн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Алтан” ресторанд болсон бөгөөд орой 23 цаг болж байхад шинэ жилийн үйл ажиллагаагаа дуусгаад хүмүүс гараад би араас нь гараад ирсэн Базарсад гэгч залуу “Алтан” рестораны гадаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэг цагдаатай барьцалдаад авчихсан зогсож байхаар нь би очоод Базарсадыг аваад машиндаа суулгасан. Тэр үед Базарсад миний машинд орж ирээд орилоод байхаар нь тайвшруулаад сууж байсан чинь цагдаа нар ирээд намайг “машиныхаа хаалгыг онгойлго” гэхээр нь “би энэ хүнийг жаахан тайвшруулчихаад буулгаад өгье” гэж хэлсэн. Тэгээд Базарсадыг жаахан тайвширсаны дараа буулгаад цагдаа нарт өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Э.Базарсадын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Алтан” ресторанд аймгийн засварын газарт ажилладаг хүмүүс нийлээд шинэ жилээ тэмдэглэсэн. ...манай ширээний хүмүүс шагнал аваад түүнийг нь тэмдэглэж архи ууж байгаад тасарсан. Түүнээс цаашаа юу болсон талаар санахгүй байна. Өглөө сэрэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн. ...Магнай ахтай уулзахад Алтан баарнаас намайг гарч ирэхэд “чи цагдаатай барьцалдсан зогсож байсан” гэхдээ би чамайг цагдаа зодож байхыг чинь хараагүй гэсэн. Би энэ талаараа юу ч санахгүй байгаа. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000000036 дугаартай “...1.Иргэн Э.Төрбатын баруун нүдний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Төрбатын биед үүссэн дээрх гэмтэл нь тогтоолд заасан хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4.Иргэн Э.Төрбатын биед үүссэн дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Базарсад нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Хохирогч Э.Төрбат нь Завхан аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаа ажилтай ба тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Завхан аймгийн Цагдаагийн газрын жижүүр харуул, эргүүлд ажиллах алба хаагчдын томилгоо, зааварчилгаа танилцуулсан тэмдэглэлээр нотлогджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн 25.5.4-т зааснаар “цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа ...хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл ...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Э.Базарсад нь олон нийтийн газар биеэ зохистой авч яваагүй түүнийг биеэ зохистой авч явахыг шаардсан Цагдаагийн албан хаагчийн шаардлага нь хууль ёсны шаардлага байна. Шүүгдэгч Э.Базарсад нь цагдаагийн албан хаагч Э.Төрбатын албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж түүний цохисон үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхол, цагдаагийн албан хаагчийн хэвийн үйл ажиллагаанд шууд санаатай саад учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Иймд шүүгдэгч Э.Базарсадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Э.Базарсад нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : Шүүгдэгч Э.Базарсадыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Шүүгдэгч Э.Базарсадад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Э.Базарсадад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.Базарсад Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас 08 сар 28 хоногийн ялыг эдлээгүй болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар авсан дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогджээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Базарсад Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 26 хоногийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч Э.Базарсад нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Базарсад нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Юнши овогт Энх-Амгалангийн Базарсадыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Базарсадад 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Базарсадад оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 08 сарын 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 02 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Базарсадыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 01 жил 02 сар 26 хоногийн хугацаагаар хориглож, түүнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 жил 02 сар 26 хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Э.Базарсадад 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Э.Базарсад нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА