Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар ШЦТ/2021/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

Улсын яллагч: Б.Саруул-Ирээдүй   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох ........ тоот хэргийг 2021 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............. төрсөн, ... настай, ........боловсролтой, ......... мэргэжилтэй, ......... эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, ам бүл ............оотод оршин  суух, И д овогт Б Ж гэв. РД:/........./

 

Яллагдагч Б.Ж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн .......... гэх газарт 2019 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Засгийн газрын бичил уурхайн ............... хуучин уурхайн хажууд газар сонгож аваад ашигт малтмалаас дүгнэлт нь гаралгүйгээр хүлээж байсан юм. Тэр хугацаанд нэг оператор компани М, З гэсэн хүмүүс очиж буугаад өөр хүмүүс хууль бусаар ухах гээд байсан болохоор нь оператор компаниа буулгасан байсан. Өмнө нь ухагдсан Өвдөг худгийн жоншны уурхай ухагдсан, ус гарсан байсныг нөхөн сэргээгээд дүгнэлт гарах хооронд зардал орж ирэх боломжтой байна гээд оператор компанийн төлөөлөгч нар санал болгосон. Тухайн үед нутгийнх нь иргэдтэй уулзаж, нөхөн сэргээлт хийе гэж засаг даргатай яриад малчдаас гарын үсэг авч иргэдийн хуралд дамжуулж нөхөн  сэргээлт хийх зорилгоор шороог нь шигшиж нөхөн сэргээх ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгсэн засаг дарга цаад эзэд нь өөрсдөө нөхөн сэргээнэ, танайхаар нөхөн сэргээлгэх боломжгүй гэсэн зүйл яриад тухайн үед эзэн нь байсан хүмүүс гомдол гаргасан юм байна лээ. 200 очим машин шороо хийгээд, тэрийг шигшээд гарсан 20 тн жонш олборлосон байсныг борлуулж, тэр хүмүүст түлш, хоолны 5.000.000 орчим төгрөг өгсөн. Лицензийн эзэд өөрсдөө нөхөн сэргээнэ гэснээр гомдол гаргаад хэрэг үүсээд явж байгаа. Өөрсдөө сэргээнэ гээд үйл ажиллагааг зогсоосон” гэв.

- Шүүгдэгч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...” гэх мэдүүлэг /хх-121-122/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өнгөрсөн хугацаанд жоншийг тусгай зөвшөөрөлгүй ухсан асуудал манай аймгийн нутаг дэвсгэрт гарсан. Үүний нэг нь энэ хэрэг байна. Энэ асуудлыг газар дээр нь манай ажлын хэсэг очсон байдаг. Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О надад танилцуулсан. Дараа нь экологийн цагдаа дээр шалгагдаад аймгийн засаг даргын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох асуудал яригдаж ажил хариуцдаг хэлтсийн даргын хувьд намайг томилсон. Энэ нөхцөл байдлыг сонсоод мэдүүлэг өгсөн. Миний өгсөн мэдүүлэг Үндсэн хуулийн 6.1-т заасан газар, хэвлий, ус, амьтан, ургамал, ашигт малтмал ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Хэрвээ олборлолт хийх бол тусгай зөвшөөрөл авах ёстой. Энэ үүднээсээ хохирол гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллага экологийн үнэлгээг тогтоож өгдөг. Энэ үнэлгээний дагуу хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдүүлгийг өгсөн...” гэв.

- Гэрч Д.Д: “...Манай “ Талын баялаг эрдэнэс” ХХК нь  Дундговь аймгийн өндөршил сумын нутаг “ Өвдөг худаг” гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Би Өндөршил сумын “ Өвдөг худаг” гэх газарт 2019 оны 12 сард 2 удаа очиход шигшүүр, экскаватор, ковш ачааны  машин байхаар нь “ тэнд байсан хүмүүсээс хэний эзэмшлийн техникүүд болох талаар асуухад Ж / сахал Жагай/ гэдэг хүн нөхөн сэргээлт хийлгэж байгаа юм гээд тэр газрыг ухаж байсан. Тэгэхээр нь би “ манай компанийн эзэмшлийн зөвшөөрөлтэй талбай байгаа юм ухаж байгаа үйл ажиллагаа зогсоо гэж хэлээд” орхиж явсан. Тэгээд дараа нь 2013 оны 12 сарын 26-ны өдөр Өндөршил сумын “Худаг өндөр” гэх газарт очиход өмнө үйл ажиллагаа  явуулж байсан техник хэрэгслүүд байж байсан газраа бүр том болгосон байдалтай байж байсан. Тэгэхээр нь хэний зөвшөөрлөөр ухаж байгаа талаар асуухад Ж гэдэг хүн ухуулж байгаа  талаар хэлсэн. Ер нь бол тэр газрыг манай компанийн зүгээс мэдсэн нь нэг сар гарын өмнөөс мэдсэн юм. Харин хүмүүсээс сонсоход нөхөн сэргээлт хийж байгаа гээд ухсан гэж байсан. Намайг тэр газарт эхлээд 2019 оны 12 сард очиход шар өнгийн экскаватор, шар өнгийн ковш, улаан өнгийн хово маркийн машин байсан дараа нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр очиход шар өнгийн экскаватор, шар өнгийн ковш, улаан өнгийн хово маркийн машин, ачааны цагаан өнгийн машин, саарал өнгийн 08-11 УНХ улсын дугаартай старекс маркийн машин 13-72 УБР улсын дугаартай трайллер байж байсан. Тэнд Ж гэдэг хүний байгаа юу? гэж асуухад байхгүй ирнэ гэж хэлсэн. Би тэр газарт байсан хүмүүсийг танихгүй ээ. Намайг 2 удаа 2019 оны 12 сард тэр газарт очиход байсан хүмүүс хэлэхдээ тэр газар Ж гэдэг хүн ухуулж байгаа талаар хэлсэн. 2019 оны 03 сард намайг тэр газарт очиход бүүр өмнө ухсан газар гээд ухчихсан газар байсан. 2019 оны 12 сард очиход өөр эрүүл газарт нүх ухсан байсан юм.  Өндөршил сумын “ Өвдөг худаг” гэх газарт буюу манай тусгай зөвшөөрөлтэй талбайн жонш илэрцтэй газар байгаа юм. Тэр газарт 2019 оны 12 сард очиход ухсан  нүхнийхээ хажуу талд жонш гаргаад тавьчихсан байсан  юм тэгээд би 2020 оны 01 сарын 06-ны өдөр тэр газарт бас очиход тэр ялгасан байсан жонш алга байсан. Тэгэхээр тэр жоншийг тэр хүмүүсээс тээвэрлэсэн байх боломжтой. Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт эрүүл байсан газрыг ухсан удаа дараа боль гээд байсан болохгүй үйл ажиллагаа явуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-58-59/

- Гэрч Б.Т “...Өндөршил сумын нутагт байршилтай 20662 дугаартай нүүрсний ашиглалтын тусгай  зөвшөөрөлтэй 12.764 га талбайд хамаарах Нүдэн гэх газарт 2017 онд жонш илэрсэн байсан, жоншны судалтай болохыг Дундговь аймгийн Өндөршил сумын иргэн Ж нь мэдээд одоогоос  жилийн өмнө нутгийн ард иргэдийн хамтран гар аргаар жонш олборлож эхэлсэн. Тухайн үед нь манай компанийн ажилтан Э.Ц нь Жд таньдаг хүнээр нь дамжуулж  та манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байна, үйл ажиллагаагаа даруй зогсоо, хэрвээ зогсоохгүй бол хууль шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх болно гэж анхааруулсан тэгэхэд Ж нь тэр даруй үйл ажиллагаагаа зогсоосон. Биднийг Жд анхааруулах үед жонш олборлож байсан газраас нь ус нэвчин гарч гар аргаар олборлох боломжгүй болсон юм билээ. 2019 оны 12 дугаар сард нутгийн иргэдээс манай компанид хандаж танай талбайд уул уурхайн тоног төхөөрөмж авчирсан, гэр барьсан, жонш шигшиг шигшүүр болоод жонш олборлох ажилчдын хамт А гэх олборлолт хийж байна гэж хэлсэн. Тэр мэдээллийн дагуу 2019.12.25-ны өдөр манай компанийн туслах ажилтан Д тухайн газарт очиход газар дээр нь 1 ковш, 1 Экскаватор, 1 норд бенз, 1 хово  маркийн машинууд байсан  гэсэн. Дараа нь 2020.01.03-ны өдөр би өөрөө Улаанбаатар хотоос гарч, манай компанийн ажилчид болох Д, Г нар Дундговь аймгийн төвөөс гарсан. Г Д 2-ыг очиход тухайн газраас хойш 3 км зайд тэдний ашиглаж байсан техникүүдийг байрлуулсан байсан гэж хэлсэн. Би тэр өдрийн орой 19 цагийн үед очиход гэрт 10 орчим тооны хүмүүс байсан, гэрийн гадаа жоншны шигшүүр нэг ковш, нэг портер нэг суудлын авто машин байсан, ухагдсан нүхэнд экскаваторын шанага, молдок зэрэг байсан. Гэрт ороод хүмүүстэй уулзаад та нар ямар учраас манай компанийн эзэмшлийн талбайд бидний зөвшөөрөлгүйгээр хууль бус  олборлолт хийгээд байгаа юм бэ гэж асуухад тэднийг ахалж байсан А нэх хүн бид энэ талбайд нөхөн зөвшөөрөлгүйгээр нөхөн сэргээлт хийж байгаа юм хэн та нарт ийм зөвшөөрөл олгосон юм гэж асуухад хэн ч дугараагүй. Тэгэхэд нь та нар илт худлаа ярьж байна хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд тухайн газарт байсан машин техникийг зураг, видео бичлэгээр баталгаажуулаад буцсан юм. Уг газар нь манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах учир  зохих байгууллагаас шалГ хийхэд манай компани буруудаж уг газарт өөрсдөө нөхөн сэргээлт хийх торгууль төлөх болоод байна. Иймд Ж, А болон бусад хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, тухайн газарт учирсан хохирлын хэмжээг тогтоолгож нөхөн олговор гаргуулж авах хүсэлтэй байна, уг нөхөн олговроор тухайн газрыг нөхөн сэргээх болно. Д, Г нар тухайн нутгийн иргэдээс хэн ухаж байгааг тодруулахад Ж гэх хүн дахин ирж ухаж байгаа тухай хэлсэн байсан. Манай компанийн ажилчид видео бичлэг хийж байхад Өндөршил сумын хэсгийн төлөөлөгч нь Ж чинь хаана байна гэж асууж байгаа нь бичигдсэн байсан мөн Өндөршил сумын засаг дарга Мтай Ж нь өөрийн биеэр уулзаж тухайн жоншны талбайд нөхөн сэргээлт хийе гэхэд нь М энэ газар надад хамаагүй, компанийн хүмүүстэй нь уулз гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

- Гэрч У.Б “...Талын баялаг Эрдэнэс ХХК нь  манай Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг Нүдэн гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ компанийн эзэмшдэг газар нь анхандаа Чойр нэртэй 1 талбай байсан юм. Одоо тэр талбай нь  3 хэсэг хуваагдаж өөр, өөр эзэнтэй болсон, Талын баялаг Эрдэнэс ХХК-ний захирал Т утсаар холбогдож би Өндөршил сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь байна сум орны удирдлагатай уулзах шаардлагатай байна гэхэд уулзана гэж хэлсэн боловч уулзаагүй. Тэдний компанийн зөвшөөрөлтэй газар дээр компанийн төлөөлөл болсон хүн байгаагүй, 2019 оны сүүлээр нүдэн гэх газраас жонш олборлож байна гэсэн дуудлага ирсний дагуу тухайн газарт очиход Талын баялаг Эрдэнэс ХХК-ний  геологич байна гэсэн 3 хүн таарсан боловч бичиг баримтаа үзүүлээгүй. Талын баялаг Эрдэнэс ХХК-ний тусгай зөвшөөрөл нь хүрэн нүүрс олборлох эрхтэй өөр ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл биш. Талын баялаг Эрдэнэс ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбайд жоншны илэрц байдаг, хамгийн анх 2012 онд шиг санаж байна тухайн газарт хар яриагаар нинжа нар буюу Говьсүмбэр аймгийн хүмүүс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гар аргаар жонш олборлож эхэлсэн, тухайн үед хүн дарагдаж нас барсан тохиолдол гарч үйл ажиллагаа нь зогссон, уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн юм. Тухайн үед тэнд 2 хэсэг нүх үлдсэн байсан. Тэрнээс хойш хэн нэгэн тухайн газрыг ухаагүй байсан, 2017 онд Нүдэн гэх газарт жонш ухах гэж байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход гэр барьчихсан манаач, тогооч гэсэн 2-3 хүн, нэг эвскэватор ирчихсэн байсан. Хэний зөвшөөрлөөр юу хийж байгааг асуухад жонш олборлоё гэж ирсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь болохгүй гэж хэлэхэд за тэгвэл яах вэ дээ гэж хэлээд тэр дороо машин, техник гэр орноо авч явсан, тухайн үед жонш олборлоогүй байсан нүхний хэмжээ хэвээрээ байсан, шинээр судал ухсан зүйл байгаагүй. Тухайн үйл ажиллагаа хэн зохион байгуулж, удирдаж байгаа талаар мэдээгүй, дуудлагын дагуу очиж үйл ажиллагааг нь зогсоож, нүүлгэсэн. 2018 онд аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийгдсэн тэр тооллогоор Нүдэн гэх газар 1 га талбайд эвдрэлтэй гэж гарсан, уг материал нь аймгийн байгаль орчны газарт байгаа. Эвдэрсэн газрыг тухайн компаниар юм уу, ямар нэгэн хөрөнгө төсөвлөж тухайн газрыг нөхөн сэргээх  шаардлагатай гэсэн чиглэлийг амаар өгч байсан. Би Талын баялаг Эрдэнэс ХХК-ний хүмүүстэй холбогдох гээд чадаагүй, уулз гэхэд ирж уулзаагүй юм. Ингээд байж байтал 2019 оны 12 сарын эхээр Ж гэх хүн танай сумын Нүдэн гэх газрыг би өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгье, гэхдээ би доошоо ухахгүй, ил байгаа шороог нь шигшиж зардлаа нөхье, нүхийг бүрэн булна гэсэн санал тавьсан тэгэхээр нь би тэгж болно гэхдээ сумын засаг даргатай албан ёсны гэрээ байгуулсны дараа нөхөн сэргээх ажлаа эхэлнэ, тэрнээс наана ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн тэгэхэд тэгье гэж хэлээд гарсан. Ж нь засаг даргатай уулзсан, албан ёсны баримт бичгээ бүрдүүлбэл болно гэж хэлсэн тухай надад ярьсан. Дараа нь надтай утсаар яриад Нүдэн гэх газар гэр бариад техник хэрэгсэл авааччихсан байгаа, гэхдээ Үйл ажиллагаа явуулаагүй байгаа гэхэд нь би ямар ч байсан үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Нүдэн гэх газар жонш олборлож байна гэсэн дуудлага ирсэн тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч А,  багийн засаг дарга М нартай хамт очиход 4 хүн байсан. Талын баялаг Эрдэнэс ХХК-ний геологич гэх 3 хүн байсан, тэнд байсан хүмүүс нь ирээд 2 хонож байна ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэхээр нь одоо эндээс яв энд үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлэхэд тэр дороо нүүсэн, биднийг очиход тэнд старекс маркийн машин 1 ковш байсан өөр техник байгаагүй. Тухайн газарт шинээр нүх ухаагүй, хуучин нүхнүүд нь байсан. 10 гаран хоногийн өмнө цас орсон байсан, нүхнүүд цасанд дарагдсан, ухагдсан шинжгүй байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

- Гэрч Г.З: “...Манай дүү М нь Ж гэх хүнтэй ярьж тохироод Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт жонш олборлох болсон, Ж ах бүх юм болчихлоо хүрээд ир гэхээр нь М бид 2 , нэг ковш, трайллер, 1 сонсмол, 2 экскаватор 3 гэр авч 2019 оны 08 дугаар сард очсон юм. Оччихоод байж байтал Ж ах бичиг баримт нь болохгүй байна, хүлээж бай гэж хэлсээр өдийг хүрч байна. 2019 оны 12 дугаар сарын дундуур Ж ах бидэн дээр та хэд ажилгүй байж байхаар Дундговь аймгийн Өндөршил сумын Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийнгээ гаргасан шороог шигшээд жоншийг нь түүж аваад шороогоор нь нөхөн сэргээлт хий гэж хэлсэн. бид тухайн газарт очиход 2 том нүх жижиг нүхнүүд байсан, бид жижиг нүхнүүдийг нь булаад том нүхний баруун тал урд талаас ковшоор түрж нүхийг булж эхэлсэн. Тухайн үед манай эхнэр төрөх гээд Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш ирэлгүй байж байгаад одоогоос хэд хонгийн өмнө ирсэн юм. 2020.02.01-ний өдөр Нүдэн гэх газарт орхисон шигшүүс экскаваторын шанагаа авахаар очоод албаны хүмүүстэй тааралдсан юм. Намайг байхад 2 том нүхний урд талын том нүхний зүүн хойд ханыг М ухаж үзсэн боловч жонш гараагүй, сул шороо нурж орж ирээд байсан. Намайг явсны дараа хойд талын жижиг нүхийг ухаж байгаад экскаваторын шанага соёо нь хугарсан гэж сонссон. Тэрнээс хойш ухаагүй гэсэн. Ж ах Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийе сум орон нутагтай нь ярьчихсан болно гэсэн болохоор нь нөхөн сэргээлт хийсэн, Ж ах шорооноос нь жоншийг нь ялгаж нүхэнд нь судал байвал ухаж болно гэж бусдаар бол бид тэр нүх рүү орохгүй байсан, Өндөршил суманд таних хүн байхгүй.Хуйндай 2900 маркийн экскаватор, XGMA маркийн ковш сонсмол нь манай дүү Мын эзэмшлийнх байгаа юм. Экскаватороо сул шороог сонсмолд ачсан, нүх рүү шороо хийсэн, нүхэнд дотроос жоншны судал хайсан, Ковшоор шороо шигшсэн нүх рүү шороо түрж хийсэн ойр орчмынх нь талбайг түрж тэгшилж янзалсан, сонсмолоор шороо зөөж нүх рүү хийсэн. Ж ах анх хэлэхдээ яриад тохирчихсон нөхөн сэргээлт хийнэ, хийх явцдаа гарсан зардлаа хуучин шорооноос жоншийг нь шигшиж түүнэ, судал байвал олборлолт хийнэ гэж хэлсэн бид нөхөн сэргээлт хийх зардлаа нөхөн зорилготой байсан. Би тэрийг огт мэдээгүй, Ж ах өмнө нь ухаж байсан юм гэж байсан, хэзээ ухаж байсныг нь мэдэхгүй сүүлд нь Талын баялаг Эрдэнэс ХХК-ний хүмүүс ирсэн гэж сонссон. Бид Ж ахыг өмнө нь ухаж байсан гэсэн болохоор нь өөрийнх нь мэдлийн юм байна, өөрийнхөө ухсан газрыг нөхөн сэргээе гэсэн бодолтой байгаа юм байна гэж л бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, 77/

- Гэрч Б.Мын: “...Би 2018 онд Банзрагч овогтой Ж гэх хүнтэй Дундговь аймгийн Баянжаргалан суманд танилцаж байсан юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Б.Ж надад Дундговь аймгийн Өндөршил  суманд ажил байна хийгээд өгөөч гэж хэлэхээр нь тэр ажлыг хийж байтал нөгөө нөхөн сэргээлтийн ажил нь өөр байгууллагын өмч болоод маргаан үүсэхээр нь би тухайн ажлыг дуусгалгүй орхиж байсан юм. Би 2019 оны 08 дугаар сард Ж  гэж хүний нөхөрлөлийн газар дээр нь ажил хийхээр Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт сумын төвөөс хойш 40 гаруй км зайтай газарт Кемп байгуулаад техник хэрэгслээ авчирсан байсан юм. Тэгээд Ж хүн газрын зөвшөөрөл нь болохгүй байна гэж хэлж байсан ба ямар ч байсан зөвшөөрөл болтол бүгдээрээ  нөхөн сэргээлтийн ажил хийж байя гээд бид нарын байсан кемп-с зүүн урд 10 орчим км зайтай газарт нөхөн сэргээлтийн ажил 2019 оны өвөл 12 дугаар дундаас 12 сарын сүүлээр 14-20 орчим хонгийн хугацаанд хийгээд шинэ жил болоод түр зогссон юм. Тухайн нөхөн сэргээлтийн ажилд  бид нарын ажилсан хугацаандаа тэр том нүхэнд 200 гаруй машин шороо асгаж өгч тэгшилж байсан юм. Тэгээд уг ажлыг шинэ жилийн дараа үргэлжлүүлэх гэхэд маргаантай хууль бус газар гэдгийг мэдээд би уг ажлыг дуусгалгүй орхисон. Ж гэж хүн намайг гуйсан болохоор нь би уг нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тэгээд хууль бус гэдгийн нь мэдээд шууд больсон. Бид нарын Дундговь аймгийн Өндөршил суманд байгуулсан Кемп дээр 2019 оны 12 сард Ж өөрөө ирж надтай уулзаад манай нөхөрлөлийн ажлын зөвшөөрөл бүтэхгүй байна. Бүттэл бүгдээрээ нөхөн сэргээлтийн ажил хийж байя. Уг нөхөн сэргээлтийн ажлыг бид гүйцэтгэчихвэл сум орон нутгийн удирдлага бид нарт нааштай хандаж зөвшөөрлийн асуудал бүтчихнэ гэж хэлхээр нь бид нарын гол ажил Ж гэж хүний нөхөрлөлийн газарт ажил хийхээр ирсэн байсан болохоор тэр ажлыг нь хийхээр  өгчихвөл бид нарын ажил эхлэх юм байна гэж ойлгоод нөхөн сэргээлтийн ажил хийсэн юм. Тухайн үед ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зүйл байхгүй хөлс мөнгө тохирсон зүйл байгаагүй тухайн нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд ашигласан техник хэрэгслүүдийн түлшийг Ж хийж өгч байсан ба 5,000,000 төгрөг нэг удаа өгсөн. Миний хувьд Ж гэх хүнээс төлбөр тооцооны асуудал байхгүй. Уг ажилд Өсөхбаяр гэх хүний нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн 23-81 УБП улсын дугаартай улаан өнгийн сомсмолл миний өөрийн эзэмшлийн шар өнгийн самсунг-292 маркийн экскаватор 2 ажилласан байгаа. Одоо миний сомсмолл Баянтал сумын 1-р багт байрлах Ган-бөмбөлгийн үйлдвэрийн хашаанд байгаа экскаватор нь Өндөршил сумын төвд Жы гэрийн   хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /хх-67/

- Гэрч О.Э: “...Манай хадам дүү М над руу утасдаад Зулбаяр ах гэр лүүгээ явах боллоо та хүрч ирээд ковш бариад өгөөч бид Дундговь аймгийн Өндөршил суманд нөхөн сэргээлт хийж байна гэж хэлсэн. би 2019.12.20-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын Нүдэн гэх газарт очсон. Намайг тэнд очиход М, Зулбаяр, бас өөр хүмүүс байсан, тэр газарт   том нүх байсан, бас жижиг нүх байсан тэд  нүхний урд талын нүхийг баруун талаас нь булж, урд нүхний урд байсан шороог шигшиж жоншийг нь ялгаж авч байсан. Намайг очиход Зулбаяр явж би ковш жолоодсон. Би ковшоор жонш шигшсэн, нүх булсан, овоолсон шороонуудыг нэг газарт бөөгнүүлж овоолсон. Өөр юм хийгээгүй. Намайг очсоноос хойш хойд талд нь байсан жижиг нүхний хойд ханыг М нь өөрийнхөө Хуйндай 2900 маркийн экскаватороор ухсан тэндээс жонш гарсан. Хэдий хэр хэмжээний жонш гарсан талаар сайн мэдэхгүй байна. Ж гэх хүний зөвшөөрлөөр л уг ажлыг хийсэн гэж хэлж байсан. Тэр газраас нэг машин жонш л ачуулсан. 2019.12.27, 28-ны өдрүүдэд цасаар шуураад байсан. Шинэ жилийн баяр ойртсон байсан болохоор бүгд бууж тухайн газраас машин техникээ аваад явсан. Эргэж очоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68/

- Гэрч Л.М: “...Талын баялаг Эрдэнэс ХХК-нь манай сумын нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаа юм. Компанийн ашиглалтын талбай нь Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг Нүдэн гэх газарт байдаг, хэмжээ хэзээнээс хойш эзэмших болсныг нь хэлж мэдэхгүй байна. Талын баялаг Эрдэнэс ХХК-ний талбайд хайлуур жоншны илэрцтэй, уг газарт өмнө нь ямар хүмүүс хэний зөвшөөрлөөр олборлолт явуулж байсныг нь мэдэхгүй байна 2019 оны хувьд  Ж гэх хүн Талын баялаг Эрдэнэс ХХК-ний талбайд хамаарахгүй газарт жоншны бичил уурхай ажиллуулах хүсэлт тавиад хүсэлт нь суманд бүртгэгдсэн, тухайн талбай нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авагдсан газар байгаа юм. Уг талбайд ажиллах зөвшөөрөл, дүгнэлт ирэх хүртэл Ж нь тухайн газарт өөрийнхөө ажилтан алба хаагчдыг байлгаж бусад хүмүүс хууль бусаар олборлолт хийхээс хамгаалж байсан юм. Тэгэх явцдаа Нүдэн гэх газарт гарсан усыг хашиж малчид ашиглах боломжтой болгоё, мөн нөхөн сэргээлт хийе, гаргасан шорооноос нь ялГ хийж нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолт явуулдаг зөрчил гарч байна. Анхаарч ажилла гэсэн чиглэл өгсөн тийм учраас боломжгүй гэсэн хариуг өгсөн. Жы бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл хүсээд байгаа талбай нь Нүдэн гэх газраас баруун хойд зүгт 5-6 км зайд байдаг, тэндээ машин техникүүдээ 2019 оны 09 сараас хойш байрлуулчхаад байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын дундуур ирж уулзсан. Жы бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл хүсээд байгаа талбай нь Нүдэн гэх газарт гэр барьчихсан, машин техник ирсэн байна гэсэн дуудлагаар цагдаагийн хэсгийн мөрдөгч, А байгаль орчны хяналтын улсын байцаагч Баянмөнх нарыг явуулж шалгуулахад хүмүүс байна, экскаватор байхгүй байна, ухсан зүйл байхгүй байна гэсэн хариу мэдээлэл өгсөн. Тэр хүмүүсийг ямар учиртай, хэний хүмүүс болохыг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-81-83/

          - Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-40/

          - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-54/

          - Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-111, 114-115/

          - Global environ  ХХК-ийн Экологийн хохирлын үнэлгээ хийсэн 04/20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-105/

          -  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай лавлагаа /хх-ийн 145/

            - Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Өндөршил сумын “Өвдөг худаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ханГтай тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт сумын засаг даргатай нөхөн сэргээлт хийх талаар амаар тохиролцсон, ямар нэгэн байдлаар газрын хэвлийг ухаж хохирол учруулсан зүйл байхгүй гэх боловч Б.Ж нь Дундговь аймгийн Өндөршил сумын “Өвдөг худаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, хүрээлэн буй орчинд нийт 1,959,318.44 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Д.Д “2013 оны 12 сарын 26-ны өдөр Өндөршил сумын “Худаг өндөр” гэх газарт очиход өмнө үйл ажиллагаа  явуулж байсан техник хэрэгслүүд байж байсан газраа бүр том болгосон байдалтай байж байсан. Тэгэхээр нь хэний зөвшөөрлөөр ухаж байгаа талаар асуухад Ж гэдэг хүн ухуулж байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Т “Би тэр өдрийн орой 19 цагийн үед очиход гэрт 10 орчим тооны хүмүүс байсан, гэрийн гадаа жоншны шигшүүр нэг ковш, нэг портер нэг суудлын авто машин байсан, ухагдсан нүхэнд экскаваторын шанага, молдок зэрэг байсан. Гэрт ороод хүмүүстэй уулзаад та нар ямар учраас манай компанийн эзэмшлийн талбайд бидний зөвшөөрөлгүйгээр хууль бус  олборлолт хийгээд байгаа юм бэ гэж асуухад тэднийг ахалж байсан А нэх хүн бид энэ талбайд нөхөн зөвшөөрөлгүйгээр нөхөн сэргээлт хийж байгаа юм хэн та нарт ийм зөвшөөрөл олгосон юм гэж асуухад хэн ч дугараагүй” гэх мэдүүлэг, Глобал Энвайрон ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/20 дугаартай Экологийн хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Жыг хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Жы үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирол 1.959.318 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 42.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И д овогт Б Жыг хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирол 1.959.318 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 42.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ШҮРЭНЧУЛУУН