| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 172/2019/0026/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 10
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор А.Амгалан /Ханбогд сумаас онлайнаар/
Шүүгдэгч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М т холбогдох 1829000000063 тоот, 3 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М , хохирогч Т.Д , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын давж заалдах гомдлоор 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар баг Хөвөөрийн 7-12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ял 1 жил 7 хоногийн ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон галба овгийн Б.М /РД:......................../ .
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хоргил гэх газарт иргэн Д.Ц , Т.Д нартай маргаж, спорт ангийн зориулалт бүхий ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буугаар Д.Ц ыг 1 удаа буудаж алсан, Т.Д ыг мөн цаг хугацаанд 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.М ын хохирогч Т.Д ыг алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Д.Ц ыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон галба овгийн Б.М ыг хүнийг алахыг завдсан, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.М ын нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М т оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Б.М ын цагдан хоригдсон 299 хоногийг эдлэх ялаас хасч тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б д оршуулгын хохирол төлбөрт 4.761.000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын эмчилгээний хохирол төлбөрт 1.335.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын олох ёстой байсан орлого 8.050.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумны хошуу, хонгио, арчдас, судалтай фудволк, хар өнгийн ноосон цамц, хүрэн өнгийн хүрэм, хар өнгийн фудволк, арчдас зэргийг устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Спорт ангийн зориулалт бүхий Тоз-8 загварын винтов бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг тус хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүхээс надад ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагч шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнд оногдуулах ялын саналдаа шүүхийн оногдуулсан ялаас бага хэмжээгээр санал оруулж байхад шүүх улсын яллагчийн саналаас дээш хорих ял оногдуулж миний эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Хорих ялыг бүхэлд нь хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрт холбогдсон хэргээ тууштай хүлээн мэдүүлж, гэмт хэрэг гарсан цагаас хойш анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл, өнөөдрийг хүртэл өөрт холбогдсон хэрэгтээ ямар нэгэн байдлаар маргаагүй, өөрийгөө зөвтгөж, бусдыг буруутгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учир хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүдийг илүү анхааран үзэж хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Ц.Алтанцэцэг өмгөөлөгч гаргасан гэж гомдолдоо айлд орой шөнө хутга барьж очсон гэж бичсэн нь үндэслэлгүй. Манай малыг харж байсан хүнийг Цогтцэций сум руу авч явсан. Манай малыг услах боломжгүй болгож мотор эвдсэн байсан.
Б.Д нь мэндийн зөрүүгүй ална гэж буу гаргасан гэж гомдолдоо бичсэн. Би мэндийг асуугаад миний мотор эвдэрсэн байна. Үүнийг яагаад эвдэлсэн юм, урьд нь шланк нь эвдлээд өөрсдийнхөө моторыг аваад явсан байсан. Би малаа сурах гэж орой айлд очсон. Малчныг санаатайгаар авч явсан. Малчныг авч явахдаа худал мэдүүлэг өгсөн. Би мухар олгой ургахаар нь аваад явлаа гэж утсаар ярьсан. Тэгээд мөнгө төгрөгийг нь өгчих гэж гуйсан. Энэ хохирогч нар зүй бус харьцаагаар хүнийг дээрэлхсэнд гомдолтой байна. Энэ хүмүүс намайг дээрэлхэж нутаг усаараа хавчаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан.
Надад хүний амь нас хохироох санаа байгаагүй. Би хүний амь нас хохироож, эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Тухайн гэмт үйл явдлын талаар өмгөөлөгч гомдолдоо дурдаж байгаа боловч ялтны эрх зүйн байдлыг дордуулах гэсэн зорилго бүхий зүйлийг бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх хуралдааны үед улсын яллагчаас татгалзах эрх бүрэн дүүрэн олгогдсоор атал энэ эрхээ эдэлж, санал хүсэлт гарган шийдвэрлүүлээгүй атал хэрэг шийдвэрлэсэн хойно давж заалдах гомдолд дурдсан нь эрх зүйн үндэслэлгүй болсон байна.
Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нөхөн төлүүлсэн учир шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүй гэж үзвэл ялын дээд хэмжээ 10 жил, ялын доод хэмжээг 6 сараар тогтоож болохоор хуулинд хуульчилсан. Өөрөөр хэлбэл 6 сараас 10 жилийн хооронд ял оногдуулж болохоор байгаа ба шүүхээс завдсан үйлдэлд 5 жилийн хорих ял оногдуулсан нь тохирсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь ерөнхийд нь зохицуулсан заалт ба энэ зүйл хэсэгт зааснаар заавал ялын дээд хэмжээг оногдуулна гэсэн заалт биш.
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй. Миний үйлчлүүлэгчид тохирсон ялыг шүүх өөрийн үнэмшил, дотоод итгэлээр үнэлж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Бид гэм буруу, гэмт хэргийн сэдэл санаа зорилго дээр маргаагүй. Гэмт хэрэг үйлдэхийн өмнө санаа зорилгоо урьдаас төлөвлөөд урьд шөнө тэднийг алах гээд байсан гэж хийсвэр дүгнэлт хийгээд байна. Нотлох баримтаар нотлогдоогүй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг гарахад өдөж турхирсан, хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн. Б.М ын хувьд Т ийг хүргэснээс болоод энэ 2 хүний амь нас, эрүүл мэндэд халдсан гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй.
А.Амгалан прокурор хуулийн дагуу хяналт тавьж ажилласан. Хэрвээ прокурорыг хардах, нөлөөлөл бий болсон бол хохирогч нар шүүх хуралдаанд татгалзах эрхтэй байсан. Хүнийг гүтгэж байгаа зүйл нь эрх зүйн үндэслэлгүй юм.
Хохирлоо төлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Ял хүндрүүлэх эрх зүйн үндэслэлгүй.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ийм мөрдөн шалгах ажиллагаа дутуу байна гэж хэлэх эрх зүйн үндэслэл боломжууд байдаг. Энэ эрхээ эдэлж хэрэгжүүлээгүй байна. Гэхдээ энэ галт зэвсэг хаанаас гаралтайг хэргийн хүрээнд тодорхой хэмжээгээр шалгасан. Хурууны хээ тодорхой хэмжээнд шалгагдсан. Хууль бусаар олж авсан гэдгийг тогтоогоогүй.
Хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.М ын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт малаа маллаад амьдарч, хийж бүтээх ид залуу 38 насандаа хэнд ч буруу үйлдэл хийгээгүй явж байгаад танхай согтуу хүний гарт өртөж амь насаа алдсанд маш гомдолтой байна.
Анхан шатны шүүх Б.М ын хувийн байдал, өмнө нь ял шийтгэгдсэн байдал хохирогчийн ямар нэг буруугүй байдал, шүүгдэгч 2 хүний амь нас хохироож болохоор байсан зэргийг огт харгалзан үзэлгүйгээр хүний амь насыг хохироосон хэрэгт 10 жил хорих ял оноосон нь илт хөнгөдсөн.
Худаг ус харамласан зүйл байхгүй. Хаваржаандаа буулгаад малыг нь усалж байсан нь буруутай юу. Э г манай ах сум руу авч явлаа гэж энэ хэрэг болсон байх. Мотор эвдлээгүй, маш гомдолтой байна. Хуульд заасан ялын дээд хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх намайг ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан, ямар хэмжээний ашиг олох байсан гэдгийг санхүүгийн баримтаар нотлох шаардлагатай гэж үзэж надад учирсан хохирлыг гэмт этгээдээр төлүүлээгүй.
Намайг алахаар санаатайгаар хоёр удаа буудаж, хохироосон явдал нь одоо ч сэтгэлээс гарахгүй, маш их зовлон шаналгаатай байна.
Би худаг дээр болсон үйл явдлын талаар гомдол гаргасан. Худаг дээр мотор шаланк эвдэрсэн гэж худлаа. Бид өөрийн гэсэн мотор, шланктай байсан. Энэ хүний моторт гар хүрээгүй. Энэ хүн намайг худлаа мэдүүлсэн гэж гүтгэж байна. Би үнэн зөвөөр нь ярьж мэдүүлсэн. Малаа услах гээд малаа туугаад ирж байсан. Тэгээд худаг дээр ирсэн чинь ална, мотор эвдчихлээ гэж хэлээд ална гэж дайрсан. Би тэр айлд мал маллах гэж очоогүй ямаа самнах гэж очсон.
Өөрөө зайлж зугтаагаагүй бол намайг тэр дор нь алах гэж байсан. Би зайлж зугтаасан боловч миний араас онилж 2 удаа буудсан. 2 хүний амь насыг хохирооно гэсэн бодолтой байсан байх. Миний биед хөнгөн гэмтэл учруулсан ч би одоо болтол айж цочдог. Хамт явсан байсан хүнийг миний дэргэд буудаж амь насыг нь хохироосон. Би тэр айдсаас одоо болтол гарахгүй байна.
Би маш их гомдолтой байна. Түүнд оногдуулсан ял шийтгэлийг боломжит хэлбэрээр нэмэгдүүлэх, мөн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол, шүүх хуралдаан гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч нарын нэг нь ямар ч буруугүй атлаа ид залуу, хийж бүтээх насандаа бусдын гарт амь насаа алдсан. Хүнийг оршуулсан зардлыг нөхөн төлснөөр бусдад учирсан хохирол гомдлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг буюу “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт оногдуулах хорих ялыг 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорихоор тогтоосон байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээг тухайн зүйл ангид заасан ялын дээд хэмжээ болгон өөрчилж, оногдуулсан 15 жилийн хорих ялаа эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Б.М т оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нийцээгүй, түүний үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал огт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзээгүй учир илтэд хөнгөдсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа энэ талаарх хуулийн заалтыг буруу дүгнэж, буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М ын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлын гол үндэслэл нь нэг нь амь насаараа, нэг нь эрүүл мэндээр хохирсон. Энэ 2 хүний хувьд шүүгдэгч Б.М ын зүгээс амь насаараа хохирох буудуулах ямар нэгэн хэмжээний сэдэл, гэм буруугийн асуудал зэрэг нөхцөл байдал байгаагүй. Гэтэл орон нутагт байж байсан хүмүүс, олон гэрч байхад нутаг усаар хавчиж шахах, бөөрлөж дээрэлхсэн гэж мэдүүлдэг гэрч байхгүй. Хохирогч нарын хувьд энэ хүний сэдэл амь нас эрүүл мэндээр хохирох хэмжээний буруутай үйл ажиллагаа байхгүй.
Харин Б.М ыг буцаад ирэхэд энэ 2 хохирогч нь өөрсдийнхөө моторын ажиллуулаад малыг нь услаад байж байсан. Хэрвээ нутаг усаараа хавчсан, отрын хүмүүсийг хөөж туусан ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн хувьд бүлэглэсэн бол ийм байдлаар байх үндэслэл байхгүй.
Энэ хүн гэртээ байхгүй байсан учраас Б ыг дагуулаад мотоциклтэй худаг дээр очсон. Тэгээд та нар мотор эвддэгийн гэж маргалдаад та нар буудаж ална гээд гэртээ очоод буугаа цэнэглэж ирээд шууд буудсан. Хохирогчийн хувьд буудна гэж бодоогүй. Тэнд хүний амь хохироох хэмжээний маргаан, сэдэл гарсан бол хүн амиа хамгаалахгүй, хүрээд ирэхийг нь хүлээгээд байж байх уу. Ирээд шууд сумтай буугаар буудсан. 2 хүний нүдэн дээр нэг хүний амь насыг шууд буудаж хохироосон, дараагийн удаа сумаа цэнэглэж байх хооронд Г.Д гүйж явснаараа өөрийнхөө амийг өөрөө аварсан. Нэг сум нь чихний хажуугаар өнгөрсөн. 2 дахь сум нь онож биедээ гэмтэл авсан. Хагалгаа хийлгэж сумаа авхуулсан. Криминалистикийн шинжилгээгээр энэ буу нь 3 удаагийн буудалт хийсэн нь нотлогдсон.
Энэ хүний үйлдсэн гэмт хэргийг зөвтгөх, энэ хүн нь бусдын амь насыг хохироох аргагүй байдалд хүрчээ гэдэг санаа сэтгэл цочрон давхацсан гэж үзэх үндэслэлгүй.
Нотлох баримт байхгүй үндэслэлээр хохирол төлбөр шийдээгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийнхөө бичсэн тайлбарыг уншиж уучлаарай гэж хэлсэн. Иймд шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй, дүгнэлт хийгээгүй байна. Гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй байна. Галт зэвсгийг хууль бусаар эзэмших асуудлыг орхигдуулсан.
Нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Хөнгөн гэмтэл учруулсанд ял шийтгэл оногдуулж зүйлчлэх ёстой. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь илт хөнгөдсөн, мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид тохирсон ял оногдуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил гараагүй. Шүүгдэгч Б.М нь давж заалдах гомдолдоо ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү гэсэн. Анхан шатны шүүх ялыг хүндрүүлж, хавтаст хэргийн материалыг бүрэн дүүрэн үнэлж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан.
Хохирогч Т.Д нь хохирлыг бүрэн төлүүлж өгнө үү гэсэн. 1395000 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн. 91559000 төгрөгийг хохирол нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ямаа самнаж олох байсан орлого нь 8050000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргадаг. Нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Давж заалдах гомдолдоо учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Ц.Алтанцэцэг өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Б.М ын үйлдэлд тохирох ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, бусдад учруулсан хохирлын байдлыг тайлбарласан. Анхан шатны шүүх өөрийн бүрэн хэмжээний хүрээнд үнэлэлт дүгнэлт хийсэн.
Нэг суманд амьдардаг, танил талаараа хэргийг хянаж оролцсон гэж гомдолдоо бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж, өөрийнхөө дотоод итгэлээр төрийн өмнөөс яллах байр сууриас оролцсон. Шүүх бүрэлдэхүүн оролцогчдын талаар танилцуулаад татгалзан гарах эргэлзээ байна уу гэж асуухад өмгөөлөгч татгалздаггүй боловч давж заалдах гомдолдоо бичсэн. Шүүх, Прокурорын байгууллага нь 2 өөр байгууллага. Шүүгдэгчийн эхнэр нь шүүхэд ажиллаж байсан. Би энэ хүнийг танихгүй, сайн мэдэхгүй. Энэ хүний хооронд ямар нэгэн харилцаа байхгүй. Нэг суманд амьдарч байгаа нь танил тал харсан зүйл байхгүй. Өөр байгууллагад ажилладаг хүн надад ямар ч хамаагүй. Нэг суманд амьдардаг гээд татгалзаад байвал энэ шүүх хуралдаанд хэн оролцож хийх вэ, ийм ач холбогдолгүй зүйлийг давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд татгалзаагүй байж үндэслэлгүйгээр хардаж байгаа өмгөөлөгч ёс зүйтэй байна уу.
Шүүгдэгч нь гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэж хохирогч нар ярилаа. Шүүгдэгч Б.М нь гэмт хэргээ тодорхой хүлээн зөвшөөрдөг. Би нэг хүнийг амь насыг хохироосон, харин нэг санаатай амь насыг хохироох үйлдэл хийсэн гэж.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М , хохирогч Т.Д , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б , хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.М т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хоргил гэх газарт худгийн дэргэд мал услах худгийн мотор эвдсэн, малчинг уруу татаж архи уусан зэргээр хохирогч Т.Д , амь хохирогч Д.Ц нартай маргалдаж, улмаар гэр рүүгээ явж буу авчран хохирогч Д.Ц ыг буудаж алсан, хамт байсан Т.Д ыг хоёр удаа буудаж баруун бугалга орчим хөнгөн гэмтэл учруулж алахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар судлагдан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг задлан шинжилж, үйл баримт бүрийг тогтоосны үндсэн дээр үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.М ын нэг цаг хугацаанд нэг хүнийг алж, нэг хүнийг алахыг завдсан үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын “дээд хэмжээний” гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.
Б.М ын хохирогч Т.Д ыг алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт хорих ялын дээд хэмжээг 15 жил гэсэн тул 15 жилээс хувилж гуравны хоёр ба түүнээс доош хэмжээгээр ял оногдуулахаар байна. Анхан шатны шүүх Б.М т уг ялын гуравны хоёроос доош буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулах, үндэслэл журамтай нийцсэн байна.
Б.М т оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ шүүх дотоод итгэлээрээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг эрүүгийн хэрэгт хамт шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй боловч шүүх нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх үүрэгтэй тул иргэний нэхэмжлэгчид өөрт нь учирсан хохирол, хэмжээг нотлох үүрэг мөн үүснэ.
Анхан шатны шүүх хохирогч Т.Д ын ямаа самнаж олох ёстой байсан орлого 8050000 төгрөгийг түүний гаргасан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, үндэслэлтэй эсэхийг харгалзан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр хангаж, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв. Тэрээр дахин нэхэмжлэл гаргаснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулж, зөрчигдсөн эрх нь сэргээгдэх боломжтой байна.
Хэргийн оролцогчдоос прокурор А.Амгаланг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт, мөн гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан гомдол тус тус гаргаж шийдвэрлүүлж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн ял хүндрүүлэх, иргэний нэхэмжлэл хангуулах, хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээ буюу хуулийн нарийвчилсан зохицуулалтыг оновчтой зөв хэрэглэлгүй шийдвэрт тавигдах шаардлага, баримтлах дарааллыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн байх тул шүүхийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзлээ. Тухайлбал, шүүх хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд баримтыг шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөрөнгө орлого хураах тухай 7.5 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг хэрэглээгүй нь шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг эдлүүлэх байгууллагыг тогтоохдоо хорих ял эдлүүлэх байгууллагыг заасан хуулийн нийтлэг зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох талаар заах байтал эдлэх ялаас хасч тооцсугай гэж заасан нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээд шатны прокурорын эсэргүүцэл бичих эрхийг болон шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх талаар заагаагүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахдаа журамласан хуулийн зүйл, хэсгийг ойлгомжгүй томьёолжээ.
Эдгээрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нар уншиж танилцахад ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй бичигдэх хуулийн шаардлагын дагуу шийтгэх тогтоолын зарим заалтыг бүхэлд нь өөрчилж магадлалд зааж өгөхөөр тогтов.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Баярмаагаас ирүүлсэн ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар тогтоосугай ” гэж,
4 дүгээр заалтын “3 дахь хэсэг” гэснийг “4 дэх хэсэг” гэж,
5 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон 299 /хоёр зуун ерэн ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж,
10 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумны хошуу, хонгио, арчдас, судалтай фудволк, хар өнгийн ноосон цамц, хүрэн өнгийн хүрэм, хар өнгийн фудволк, арчдас зэргийг устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Эрүүгийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Галт зэвсгийн тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар Спорт ангийн зориулалт бүхий Тоз-8 загварын винтов бууг хурааж Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж
11 дүгээр заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай” гэж,
13 дугаар заалтыг бүхэлд нь “Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,
6 дугаар заалтаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 зааснаар” гэснийг, 12 дугаар заалтаас “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар” гэснийг тус тус хасч,
“14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл Б.М ын цагдан хоригдсон 55 /таван тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ