Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/032

 

Г.Бн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 10-р сарын 03-ны өдрөөс Тэс сумын ЗДТГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан. Намайг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг баримталсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг зөрчөөгүй хүндэтгэн биелүүлсэн гэж үзэж байна. Би ЗДТГ-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 10 сарын 31-ний өдөр ЗДТГ-ын бүтэц орон тооны өөрчлөлтөөр 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж нөөцөнд бүртгэгдсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Ж.Цыг байгаль хамгаалагчаар, Увс аймгийн Байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Б.Оийг Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг баримтлан тус тус томилсон болно. Энэ нь хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд томилгоо хийсэн гэж үзэж байна. Дээрх ажилтнуудыг томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь заалтыг баримтлан хувийн ашиг сонирхолын мэдүүлэг гаргуулж Авлигатай тэмцэх ерөнхий газарт хүргүүлэн уг газраас ирүүлсэн 2014 оны 10-р сарын 20-ны өдрийн 05/8703 албан тоотоор ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн томилгоо хийсэн болно. Энэ бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.А болон Байгаль орчны газрын дарга Б.Гб нартай ярилцаж санал солилцон томилгоо хийсэн болно. Гэтэл энэ хүмүүсийг томилох ёсгүй байсан, надтай зөвшилцөөгүй гэж үзэж намайг сахилгын шийтгэлээр ажлаас халсан. Эдгээр хүмүүсийг ажилд томилох тухай Засаг даргад би өөрийн биеэр танилцуулсан юм. Би зөвшилцөх гэдгийг Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд томилно гэж ойлгохгүй байна. Энэ тушаалынхаа хариуцлагыг би өөрөө хүлээх учраас заавал Засаг даргаа зөвшөөрөл авсан байх, Засаг даргын зөвшөөрсөн хүмүүсийг ажилд томилох ёстой гэж ойлгохгүй байна. Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний мониторингийн шалгалт 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай суманд явагдсан бөгөөд дүн гараагүй байхад хангалтгүй дүгнэгдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны үр дүнгийн гэрээ дүгнэх хугацаа болоогүй байхад ЗДТГ-ын даргын ажил хангалтгүй байна гэдгийг ямар баримтаар тогтоогоод байгааг ойлгохгүй байна. 2014 оны 08-р сарын 15-ны өдрийн А/78 дугаартай захирамжинд тухайн үед нь гомдол гаргаагүй учраас хүлээлгэсэн сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна.

Иймээс Тэс сумын Засаг даргын 2014 оны 11-р сарын 12-ны өдрийн Б/5 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Тэс сумын ЗДТГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

... Мөн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1745909 төгрөг нэхэмжилж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тэс сумын Засаг даргын Б/5 дугаартай захирамжид ЗДТГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулах эрхтэйг дурдсан хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дахь заалт бол төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг биелүүлээгүй тухай заалт байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт буцаж нэг жилийн хугацаанд төрийн албанд орохгүйгээр халах гэсэн заалт байгаа. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын

тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтад зөвшилцөх тухай заасан байдаг. Энэ заалтуудаар сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргасан байна. ЗДТГ-т ажилтан томилохдоо зөвшилцөөгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ талаар утсаар санал солилцсон. ЗДТГ-ын даргад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар бүрэн эрх нь олгогдсон байдаг. ЗДТГ-ын дарга ажилтан томилохдоо энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон байгаа. Зөвшилцөх гэдгийг Засаг даргаасаа зөвшөөрөл авсан байдлыг ойлгохгүй учраас заавал албан ёсны бичгээр харьцах гэж ойлгохгүй. Урьд нь хийгдсэн томилгоонууд дээр бичгээр зөвшилцөлгүйгээр ярилцаад томилоод явдаг гэж байсан. Зарим төрийн үйлчилгээний албан хаагчидтай холбоотой асуудал яригдсан. Тэр хүмүүсийг томилохдоо Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж байсан тухай асуудал яригдаж байна. Энэ нь албан ёсоор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэх ёстой асуудал биш юм. Төрийн захиргааны албан хаагчийг томилох асуудал бол Төрийн албаны зөвлөл болон холбогдох байгууллагуудаас ирсэн саналын дагуу эрх бүхий албан тушаалтан томилж чөлөөлөх асуудал болохоос Засаг даргаас зөвшөөрөл авах тухай асуудал биш юм. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Дараагийн асуудал нь төлөвлөгөө байгаагүй тухай ярьж байна. Ажлын байрнытодорхойлолтод энэ талаар тусгагдаагүй мөн үр дүнгийн гэрээн дээр ч энэ тухай заалт байхгүй. Холбогдох хуулиудад энэ талаар заагдсан байдаг. Энэ төлөвлөгөө гаргаж батлуулаагүй нь сахилгын зөрчил гаргасанд тооцогдоно гэсэн заалт байхгүй. Хэрэв төлөвлөгөө батлуулаагүй гэж үздэг юм бол төлөвлөгөөг оны эхнээс батлуулах ёстой. Тэгэхээр 2014 оны 10 дугаар сарын 28-нд төлөвлөгөө батлуулаагүй тухай асуудал яригдсан.Энэ нь Төрийн албаны тухай хуулинд зааснаар сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн мониторингийн шалгалтаар хангалтгүй дүгнэгдсэн тухай ярьсан. Энэ нь албан ёсны дүнг үндэслээгүй тухайн үед шалгалтын дүн гараагүй байсан одоо хүртэл гараагүй байна. Энэ нь шалгалтын дүн гарахаас өмнө авагдсан арга хэмжээ учраас зөрчлийг хангалттай тогтоосон гэж үзэх үндэслэлбайхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Үүнийг яаж тооцсон бэ? гэхээр 2014 оны 1 дүгээр сарын 12-аас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 2 сар 13 хоногийн хугацааны цалин байгаа. Г.Бгийн үндсэн цалин нь ТЗ-ын 7 шатлалын 2 зэргээр цалинждаг. Нийтдээ ажилгүй байсан хугацааны 1745909 төгрөг, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас ажилтны нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан бол ажил олгогч хариуцан нөхөн төлнө гэсэн заалттай энэ заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалингаас бус Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тэс сумын Засаг дарга З.Т шүүх хуралдаан дээр гаргасан

тайлбартаа: Миний бие Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Бд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б/05 дугаартай захирамжаар дараах 4 үндэслэлээр сахилгын арга хэмжээ ногдуулсан. 1 дүгээрт: 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/94 тоот захирамжаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн байгууллагын дарга нарыг чөлөөлөх тухай албан мэдэгдлийг байгууллагын дарга нарт нь уламжлаагүй Аймгийн засаг дарга хариуцлага тооц гэдэг албан бичиг надад ирсэн учраас 1 сарын хугацаанд цалингийн 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Мөн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/78 тоот захирамж нь Чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч Г.Б нь 2014 оны 8 дугаар сарын 11 хүртэл ажилдаа ирээгүй нь миний алдаа юм байна гээд өнгөрсөн. Тэгтэл 8 дугаар сарын 11-нд ажилдаа ирчихээд дахин 8 дугаар сарын 15 хүртэл чөлөө авалгүйгээр ажил тасалсан учраас сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2014 оны 10 дугаар сарын 31-нд Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийг ажилд томилохдоо Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчиж томилсон. Энэ хүнийг томилохдоо надад мэдэгдсэн, зөвшилцсөн зүйл байхгүй. Тэр үед би Улаанбаатар хотод байсан. Энэ талаар би хүнээс сонсоод өөртэй нь утсаар ярьж намайг очтол хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд би ирээд Байгаль орчны газарт хандаж албан тоот хүргүүлсэн. Мөн төрийн албаны зөвлөлд хандсан. Тэгэхэд төрийн албаны зөвлөл төрийн захиргааны албан хаагчийг томилохдоо заавал төрийн албаны зөвлөлд хандаж ажлын байрыг зарлуулсны дараа сонгон шалгаруулж томилно гэсэн хариу өгсөн. Би Засаг даргын тамгын газрын дарга энэ 2 хүнийг томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дараагийн асуудал бол 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын зөвлөл хуралдаж зарим байгууллагын ажлын тайлан сонсож байхад ямар нэгэн бэлтгэсэн тайлангүй орж ирсэн. Мөн ЗДТГ-ын ажлын төлөвлөгөө хийж батлуулаагүй учраасбайгууллага хамт олныг удирдан зохион байгуулах чадваргүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм гэв.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6, 26.8 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн Тэс сумын Засаг даргад холбогдох Тэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 11 сарын 12-наас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1745909 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Г нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжид заагдсан ажлаас халах болсон үндэслэлүүдэд учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Аливаа захиргааны актад дурдагдсан үндэслэлүүд бүрэн тогтоогдож байж тухайн акт хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэх үндэслэл болдог.

Гэтэл анхан шатны шүүх Засаг даргатай зөвшилцөхгүйгээр ажилтан томилсон, сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдож байгаа тул Тэс сумын засаг даргын 2014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Учир нь дээрх захирамжинд сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэл дурдагдаагүй байхад шүүх маргаан бүхий захиргааны актаас хальсан дүгнэлт хийсэн байна.

Давтан зөрчлийн тухайд нэхэмжлэгчид 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/95 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар уг шийтгэлийг хүлээснээс хойш жил буюу 2014 оны 08 дугаар сарын 14-нд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаа дууссан байна. Иймээс 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/78 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь давтан зөрчил болохгүй юм.

Шүүх уг захирамжийн үндэслэлд заагдсан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/95 тоот захирамжаар дээд шатны байгууллагын үүрэг даалгавар биелүүлээгүй, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/78 тоот захирамжаар үүрэг даалгавар хангалтгүй биелүүлж, ажлын цагаар чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан, ЗДТГ-ын эхний 10 сарын ажлын тайлан хэлэлцэхэд байгууллагын төлөвлөгөө гаргаагүй, хамт олноо удирдан зохион байгуулж ажиллаагүй, Аймгийн хяналт, үнэлгээ мониторингийн шалгалтаар тамгын газрын ажил хангалтгүй дүгнэгдсэн гэх зөрчлүүд нь тогтоогдохгүй байна гэсэн хууль ёсны дүгнэлт хийсэн боловч энэ нь захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэвээр үлдээж байгаа нь нэхэмжлэгчийг цаашид дээрх бүх зөрчлийг гаргасан гэж үззх нөхцөлийг бүрдүүлж эрх ашгийг нь хэт хохироож байгаад дүгнэлт хийж, захирамжийг хүчингүй болгоогүй хэвээр үлдээсэн нь шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон.

Энэ жишгээр бол захиргааны байгууллага, албан тушаалтан аль болох олон үндэслэл дурдаад байвал шүүх аль нэг үндэслэл нь тогтоогдвол уг актыг хэвээр үлдээх ёстой гэсэн ойлголтыг бий болгож байна.

... Иймд Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бг

1/урьд нь сахилгын арга хэмжээ 2 удаа авагдсан,

2/ 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан тушаалтныг томилохдоо Засаг даргатай зөвшилцөөгүй,

3/ажлын төлөвлөгөө гаргаагүй, баг хамт олноо удирдан зохион байгуулаагүй, аймгийн хяналт, үнэлгээ, мониторингийн шалгалтаар тамгын газрын ажил хангалтгүй дүгнэгдсэн гэх 3 асуудлыг сахилгын зөрчил гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

1/ Г.Бд урьд нь 2 удаа сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр арга хэмжээ авсан бөгөөд дахин арга хэмжээ авахдаа тухайн сахилгын зөрчил болон шийтгэл ногдуулсан тушаалуудыг дурдаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 7-д ... Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй. гэж заасныг тус тус зөрчиж нэг зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

2/ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө. гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь тус сумын байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажилтныг томилохдоо дээрх хуулийн заалтын дагуу зөвшилцөхөөр сумын Засаг даргад мэдэгдсэн болох нь хариуцагчийн Улаанбаатар хотод байхад утсаар хэлсэн. Би очих хүртэл хүлээж бай гэж хэлсэн гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь ... би Засаг даргад өөрийн биеэр зөвшилцөх гэдгийг Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд томилно гэж ойлгохгүй байна ... гэх тайлбар зэргээс дүгнэхэд уг хуулийн зөвшилцөх гэсэн заалтыг нэхэмжлэгч хариуцагч нар өөрөөр ойлгосонтой холбоотой байх бөгөөд нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. Дээрх хуулийн заалтын зөвшилцөх гэдгийг Засаг дарга болон Тамгын газрын дарга нар тухайн асуудлаар санал солилцож нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг ойлгох-оор байх бөгөөд зөвхөн Засаг даргын саналаар, эсхүл Тамгын газрын дарга Засаг даргад зөвхөн танилцуулж мэдэгдсэнээр зөвшилцөлд хүрсэн гэж ойлгохгүй. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1-д зааснаар Тамгын газар бол Засаг даргын ажлын алба бөгөөд нэгдмэл зорилготой, нэг байгууллагад ажилладаг албан тушаалтнуудын хувьд заавал бичгээр санал солилцох шаардлагагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх өөр харилцааг зохицуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор өөр өөр чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан хоорондоо зөвшилцөх талаарх заалтыг заавал бичгээр санал солилцох-ийг ойлгоно гэж тайлбарласныг хэрэглэсэн нь буруу байна.

3/ Тушаалд дурдсан ажлын төлөвлөгөө гаргаагүй, баг хамт олноо удирдан зохион байгуулаагүй, аймгийн хяналт, үнэлгээ, мониторингийн шалгалтаар тамгын газрын ажил хангалтгүй дүгнэгдсэн гэх асуудлууд нь нэхэмжлэгчийн ажлын байрны зорилго, зорилт, ажил үүргээ хэрхэн биелүүлсэнтэй холбоотой байх бөгөөд эдгээр асуудлыг сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Засаг дарга нь сахилгын зөрчил гаргаагүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл буюу мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ огт биелүүлээгүй байдал гаргаагүй байхад мөн хуулийн 26.1.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Бг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг буруу дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийн тайлбарыг хэрэглэн хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн ... ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулах ... шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Г.Бд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын дагуу нөхөж олгох тул хохирол учрахгүй.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлэх үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар буруу халсан үеийн олговрыг тооцоход хэрэгт хангалттай баримт байхгүй, өөрөөр хэлбэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэмэгдлүүдийг салгаж тооцох боломжгүй байх бөгөөд ажил олгогч нь дээрх хууль, журмын дагуу тооцож олгох үүрэгтэй тул энэхүү шалтгаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоон, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу суутгалыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ