Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2020/0026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Номинд холбогдох “Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0077128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнх тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас 2020 оны 3 дугаар улирлын байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалуудыг хянаж шалгах төлөвлөгөөт шалгалтыг хийж, хяналтын улсын байцаагч Б.Номин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 1 дугаартай материалыг хянахад:

Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Номин нь “Батгэрэлт зам ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийж 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд илэрхийлэхдээ өсгөж мэдээллэсэн” гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 0077128 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Батгэрэлт зам ХХК-ийн захирал Ө.Батбилэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гэвч хяналтын улсын байцаагч Б.Номин нь дээрх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг төлөвлөгөөт шалгалтын хүрээнд илрүүлсэн буюу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн байхад зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдсэн, мөн гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/41 дугаартай тушаалаар батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.7-д заасныг тус тус зөрчсөн, зөрчил шалгах ажиллагааны хүрээнд зөрчлийг нотлох чиглэлээр ямар нэгэн баримт авагдаагүй байхад шийтгэл оногдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.14-д заасныг тус тус зөрчсөн.

Дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Батгэрэлт зам ХХК-д буюу хуулийн этгээдэд холбогдох зөрчил байхад шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Ө.Батбилигт хувь хүнээр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байх тул 0077128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Номингийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0077128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Номин шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Номин миний бие Батгэрэлт зам ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд 2020 оны 8 дугаар сард хяналт шалгалт хийсэн. Тухайн компани нь даатгуулагч С.Оюунчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нийгмийн даатгалын тайланд илэрхийлэхдээ цалингийн санг өсгөн тайланг ирүүлсэн байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь заалтыг зөрчиж цалин хөлсийг үндэслэлгүй өсгөн мэдээлснээр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалингийн бүрэлдэхүүнийг өсгөсөн зөрчил үйлдсэн тул шалгалтанд хамрагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж тэтгэвэр тогтоолгох цалингийн бүрэлдэхүүнд оруулан тооцож зөрчил гаргасан байгууллагын дарга Ө.Батбилэгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.17.2 дахь заалтын дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэргийг прокурорын байгууллагад бүртгүүлээгүй хугацаа алдсан тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Номин нь иргэн Ө.Батбилэгт “2020 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд илэрхийлэхдээ өсгөж мэдээллэсэн” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0077128 дугаар шийтгэлийн хуудсаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнх тус шүүхэд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Номингийн үйлдсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0077128 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулахад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Номин нь 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0077128 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ө.Батбилэгийг 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн

111.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Наранмөнхийн “Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0077128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Номин зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ШҮҮГЧ                             Ж.ГАНЧИМЭГ