Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар ШЦТ/2021/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

Улсын яллагч: Б.Саруул-Ирээдүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Дашцэрэн

Шүүгдэгч: Н.Лт нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Лт  холбогдох 2122000000109 тоот хэргийг 2021 оны  08 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. төрсөн, .            настай, боловсролгүй, ................. газарт оршин суух,  .......... шагнуулж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Е ш овогт Н Л гэв. РД:/.............. /

 

Шүүгдэгч Н.Л нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд ....................... Б.А албаны үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцэж биед нь халдсан гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга, байгууламжийн цонхыг хагалж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-   Шүүгдэгч Н.Л шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

- Шүүгдэгч Н.Л мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021.07.21-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед эхнэр хүүхдийнхээ хамт Ц сумын төв рүү орж ирсэн юм. Тэгээд би эхнэр хүүхдээ сумын төвд дүүгийнхээ гэрт үлдээгээд буцаад хөдөө яваад 16 цагийн үед ирсэн. Тэгсэн манай эхнэр Д миний танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй пиво ууж байсан. Мөн манай хадам ээж Туул байсан. Тэгэхээр би хүний юм уугаад байна гэж бодоод 1 пиво авч танихгүй залууд өгсөн. Ингээд нийт 3 пиво уусан. Тэгээд ууж дуусаад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хөдлөөд явсан. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдээ өөрийнхөө мотоцикл дээр сундлаад хөдөө явсан. Дөнгөж хөдлөөд сумын захиргааны урд явж байтал сумын төлөөлөгч ирсэн. Төлөөлөгч миний мотоциклын түлхүүрийг авсан. Мотоциклоо цагдаагийн хэсгийн байрны хашаанд хий гэсэн. Ингээд би мотоциклоо түрээд цагдаагийн хашаа руу оруулж тавьсан. Төлөөлөгч болохоор өөрөө сумын захиргааны хашаа руу явсан. Тухайн үед би мал хуй алдагдах болов уу гээд яараад байсан. Төлөөлөгчийг нэлээд хүлээж байгаад буцаад дүүгийнхээ гэрт эхнэртээ ороод хонь, адуундаа явмаар байна яах вэ гэж асуухад, энхэр чи мэддэг биз дээ гэж хэлээд уурласан. Би хүнээс мотоциклын урд утаснуудыг салгаж асаадаг гэдэг яриа сонсож байсан болохоор тэр бодол дотор орж ирээд мотоциклоо тэгж асааж хөдөлгөе гэж цагдаагийн хашаа руу орж мотоциклынхоо утаснуудыг салгаж асаах гэж байтал төлөөлөгч хүрч ирээд машинаас буугаад миний өөдөөс гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд би айж сандраад өөдөөс нь чулуу авч шидсэн. Гэтэл төлөөлөгч зугтаагаад өөрийнхөө амьдардаг байр руу яваад орсон. Энэ үед нь би төлөөлөгчийг миний мотоциклын түлхүүрийг өгчих гэж 3-4 удаа хэлсэн. Тэгээд төлөөлөгч толгойгоо цухуйлгахад нь би ....та чинь хүн юм хэлээд байхад, юм ойлгодоггүй явчихсан хүн бэ гээд... модоор толгой руу нь 2 удаа цохисон. Би тухайн үед өөрийн ухаангүй нэлээн согтсон байсан учир тэр үед төлөөлөгчийн толгой руу цохисон санагдаад байгаа юм. Төлөөлөгч надаас нуугдаж байгаа өрөөнөөсөө гараад зүүн урагш чигтээ зугтаасан. Тэгэхээр нь би дүүгийнхээ гэрт орж иштэй хутга авсан. Тэгээд би төлөөлөгчийн араас хөөсөн. Би мотоциклоос унаад сааталтай болчихсон хүн байгаа юм. Ингээд төлөөлөгчийг хөөгөөд явж байхад хэд хэдэн хүн тааралдсан. Тэр дундаас нэг залуу намайг барьж авч унагаад доороо хийсэн. Тэгтэл төлөөлөгч ирж намайг гавласан. Тэгээд цагдаагийнхаа байранд төмрөөс гавласан. Тэгээд миний элэг, аймхай орчимд гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Би амьсгаа авч чадахгүй хэцүү байсан. Намайг цахилгаан бороохойгоор нүүр нүдгүй, хөл гаргүй бороохойдсон. Тэгээд намайг гадаа гаргаад хар түрникний төмрөөс гавлаад, миний элэг рүү амьсгаа авахуулахгүй цохиод байсан. Ахиад нүүх нүдгүй цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Ингээд нар жаргаж харанхуй болсон. Би даарч эрүү чичирч байсан. Тэгээд төлөөлөгч намайг буцаж байшин руу оруулсан төмрөөс гавлаж, дахин элэг рүү цохиж, цахилгаан бороохойгоор бороохойдсон. Манай дүү Лхагва-Учрал ирж төлөөлөгчтэй уулзаад батлан даалтаар авч гэртээ хонуулъя гэсэн. Төлөөлөгч зөвшөөрч би дүүгийнхээ хамт гэрт нь очсон. Намайг бороохойдуулж байхад харсан хүн байхгүй... гэх мэдүүлэг /хх-60-61/

- Хохирогч Б.Аын: “...Манай сум Орон нутгийн хөгжлийн сангаас сумынхаа нутаг дэвсгэрт хяналтын телекамер байрлуулах ажил хийж байгаа юм. Сумын засаг даргын орлогч Батгэрэл бид хоёр хариуцан, Улаанбаатар хотоос хүмүүс ирж байршуулж байгаа юм. Ингээд би өчигдөр буюу 2021 оны 07 сарын 21-ний өдөр 17 цаг өнгөрөөгөөд хувцсаа солиод камер байршуулж байгаа хүмүүст шон руу авирч гарах шат олж өгөхөөр сумын иргэн Зтой уулзаж шатыг нь авчихаад камерын хүмүүст аваачиж өгөх гээд явж байтал Сумын засаг даргын тамгын газрын урд Л гэх залуу гуйвсан байдалтай эхнэр хоёр хүүхдээ сундалчихсан мотоциклтой явж байхад нь би зогсоогоод “та согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн яваад байна уу” гэтэл Л би уугаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклынх нь түлхүүрийг аваад цагдаагийн хэсгийн гадаа мотоциклоо түрж аваачаад байж бай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг чинь шалгана гэж хэлээд З хамт камер байршуулж байгаа хүмүүст шат аваачиж өгөөд З гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байтал Л манай цагдаагийн хэсгийн урд мотоциклоо дэвсээд асаах гэж байхаар нь би согтуу мотоциклоо унаад явах нь гэж бодоод кабоныхоо гадаа ирээд би чамайг шалгана гэж байхад яагаад мотоциклоо унах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Л пязда минь чи миний хэдэн малыг харах юм уу гээд тонгойгоод шар өнгийн модон иштэй хутга түрий орчмоосоо гаргаад ирсэн. Тэгээд би Зоригболд ахыг та миний машиныг унаад гэр лүү гээ харьж бай би зүгээр гэж хэлсэн. Тэгээд З хэсэг харж байгаад яваад өгсөн. Ингээд би Лыг чи наад хутга гаргаж ирж яах гэж байгаа юм би чамайг шалгах гэж байна гээд кабоны баруун талд байх өөрийн амьдардаг кабоны өрөө рүү гээ ороод хувцсаа сольчихъё гэж бодоод кабон руу алхтал араас Л чамайг ална гээд хойноос дайрсан. Тэгэхээр нь би чи наад хутгаа тавь хүн алах нь уу гээд өөдөөс нь дөхсөн чинь Л арагшлаад газраас чулуу хайгаад байгаа бололтой байсан. Тэгснээ хашааны гадаа байсан арматурын төмөр газраас авсан. Тэгээд би ямар ч байсан хутгыг нь ямар нэгэн байдлаар авахгүй бол нөхцөл байдал эвгүй болох нь гэж бодоод Лыг барьж авах гээд хөөтөл Л цаашаа зугтааж байгаад кабоны зүүн хашааны зүүн талд байх улаан тоосгон байшин руу зугтаасан. Тэгээд би хойноос нь барьж авах гээд гүйтэл Л газраас чулуу аваад над руу шидсэн. Тэгээд зүүн талын хөл орчим оносон. Тэгснээ кабоны хашааны гаднаас авсан арматурын төмрөө над руу шидэхээр нь би тэр төмрийг нь барьж авсан. Ингээд би улаан тоосгон байшинд байсан эхнэрийнх нь байсан өрөөнд ороод Лын эхнэр лүү солиотой нөхрөө аваач хутга барьчихаад өөдөөс чулуу шидээд байна гээд хэлтэл эхнэр нь боль гэсэн боловч Л өөдөөс чулуу шидэж дайрсан. Тухайн үед Л энгэрээрээ чулуу дүүргэж байгаад шидээд байсан. Тэгээд би зугтаагаад кабоны зүүн урд байх нохойныхоо хашаа руу давж орсон. Тэгээд би Л хутгаа хая боль ярилцъя гэж хэлсэн боловч нэмэр байгаагүй. Тэгээд би нохойгоо сул тавилаа шүү гэж хэлсэн боловч Л нохойноос айхгүй байсан. Ингээд нохойны хашааны ойролцоо байсан арматурын төмөр аваад дахин над руу шидсэн. Тэгээд миний гутал орчмыг оносон намайг гэмтээгээгүй. Тэгээд мөн нохойны хашааны хажууд байсан мод аваад миний толгой орчимд цохиход мод хугарсан. Тэгээд би нохойны хашааг даваад эхний шидсэн байсан арматурын төмрөөр Лын хутга барьсан байсан гар луу нь хатгаад хутгыг нь унагаасан. Тэгээд унагаасан хутгыг нь булааж авсан чинь Л ухарч зугтаад чулуу газраас түүсэн, энэ хооронд би гэр лүү гээ ороод гав авах гэхэд гэрийн түлхүүрээ замдаа унагагаачихсан байсан болохоор цагдаагийнхаа амьдардаг өрөө рүү ороод гав хайсан боловч олдоогүй. Тэгээд би Лын хутгыг цагдаагийн гэрт оруулж тавиад араас орж ирвэл арматурын төмрөөр цохино гээд цагдаагийнхаа амьдардаг өрөөний хаалганы үүдэнд хэсэг зогссон боловч орж ирээгүй. Гадаа түс тас хийх чимээ гараад байхаар нь би кабоны цонх хагалчихлаа гэж бодоод гараад хартал миний амьдардаг өрөөний цонх руу чулуу шидээд зогсож байсан. Тэгээд би машинаасаа гав авах гээд баруун тал руу үсэрч бууж кабон тойрч кабоны зүүн хойно байх З гэрийн гадаа машин руу гаа гүйгээд очсон. Тухайн үед З хашааны гадаа блокон хашаа барьж байсан хүмүүс байсан бөгөөд миний хойноос Л чулуу шидээд хөөгөөд явж байсан. Тэгээд З ах болон тэнд хашаа янзалж байсан хүмүүс хөөш болиоч гээд орилсон. Тэгээд Лын шидсэн чулуу нь дуусаад дахиад чулуу хайгаад байж байхад нь тэнд явж байсан С гэх хүн ойрхон байхаар нь наадхаа бариад ав гэж хэлтэл С Лыг дараад авсан. Тэгээд би гүйж очиж Лын гарыг нь ард нь өчиж бариад Сыг энэ хүнийг дараад байж бай гээд машинд гаваа үзтэл байгаагүй. Тэгээд би машинаа унаад илүү түлхүүрээрээ кабоноо онгойлгож гав аваад Лыг гавлаж авсан. Тухайн үед модоор цохиулаад миний толгой хавдсан. Зүүн талын хөлийн өвдөг, шилбэ чулуунд оногдож бага зэрэг зулгарсан өөр гэмтэл шарх байгаагүй. Мөн би тухайн үед нөхцөл байдлыг өөрийн гар утсаараа бэхжүүлсэн. Зүүн талын өмдний халаасанд байсан миний нөгөө утас болох Самсунг А8 маркийн гар утасны дэлгэц рүү чулуу шидээд хагалсан байсан. Утасны дэлгэц хагарсныг бол би сүүлд мэдсэн. Тухайн үед би энгийн хувцастай байсан. Сумандаа камер тавиулах гээд айлын шат зөөвөрлөөд явж байсан юм. Миний хувьд сумандаа ажиллаж амьдардаг хоногийн 24 цаг хэзээд бэлэн байдалтай ажил хэргээ гүйцэтгэдэг юм. Л тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хувьд нэлээд согтуу байсан болов уу гэж бодож байна. Тухайн хүнийг би согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан эсэхийг тодруулах зорилгоор шалгах гээд шаардлага тавиад ийм асуудал болчихлоо. Тухайн үед надад албаны дүрэмт хувцсаа өмсөх боломж олдоогүй. Л Ц сумын кабоны хэсгийн мөрдөгчийн амьдардаг өрөөний цонх руу чулуу шидэж хагалсан мөн цонхны тавцан дээр байсан миний индукцэн плиткаг хагалсан байсан. Л намайг Ц сумын хэсгийн мөрдөгч гэдгийг сайн мэднэ. Өмнө буюу 2020 онд согтуу мотоцикл жолоодож яваад надад баригдаж Зөрчлийн тухай хуулиар торгуулж жолоодох эрхээ хасуулж байсан юм. Би 2020 оны хэдэн сар гэдгийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Манай хэсгийн цагдаа д/а Ө 2021 оны 07 сарын 03-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан эзгүй байсан юм. Би гар утсаа өмнө жил буюу 2020 оны 01 дүгээр сард 430.000 төгрөгөөр аймгийн төвийн Жаргалант төвийн 1-р давхарт байх гар утасны дэлгүүрээс худалдан авч байсан. Дэлгэц бүхэлдээ хагарсан засварлах боломжгүй болов уу гэж бодож байна. Гар утсаа би одоо зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Ямар ч байсан гар утсаа хэвийн ажиллагаатай болгуулах хүсэлтэй байна. Индукцэн плиткийг манай эхнэр 65.000 төгрөгөөр худалдан авч байсан яг хаанаас авсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн индукцэн плитка нэг халаагчтай плитка байгаа юм. Плиткаа 65.000 төгрөгөөр үнэлж байна. Кабоны цонх хэдэн төгрөгийн үнэ өртөгтэй талаар сайн мэдэхгүй байна. Давхар шилтэй вакуум цонх байгаа юм. Албаны эд хөрөнгө учраас би хэлж мэдэхгүй байна. Аж ахуйн ажилтан д/ч Х.Доржбямба сайн мэдэх байх. Би Лын биед ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй. Ерөнхийдөө ямар нэгэн үйлдэл хийхээр сүүлд нь цагдаагийн алба хаагч бурууддаг учраас би Лын өөдөөс ямар нэгэн идэвхтэй үйл хөдөлгөөн хийж биед нь халдаагүй. Тухайн хутгыг нь би булааж аваад цагдаагийнхаа амьдардаг өрөөнд нуусан байж байгаад өөрийнхөө өрөөд оруулсан байгаа. Уг хутгыг албан ёсоор нотлох баримтаар гаргаж өгнө. Би Лтай хэрүүл маргаан хийгээгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг шалгаж тогтооно гэдэг шаардлага тавьсан. Л шалгуулахаас татгалзаж шаардлага эсэргүүцсэн. Эвдсэн эд хөрөнгө өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ. Би тухайн үед гар утсаараа бичлэг хийлээ гэж бодоод бичлэг дээрээ тавьсан боловч үндсэн бичлэг хийх кноп дараагүйн улмаас тухайн үйл явдал бичигдээгүй байна лээ. Энэ үйл явдал болсноос хойш 1 цаг орчмын дараа буюу 20 цагийн орчимд ....дэлгүүрээс юм аваад мөнгөө өгөхгүй байна... гэсэн дуудлага надад ирсний дагуу би Жамка гэх хүнийг авч ирсэн. Манай сумаас арагш хөдөө байдаг юм. Саяхан отроор нүүгээд явсан сураг байна. Яг хаана байгаа талаар нь одоо хэлж мэдэхгүй байна. Сураглавал олдож магадгүй байх. Надад Лыг зодож цохисон зүйл байхгүй. Зодож цохисон бол тэр хүнд гэмтэл гарах ёстой, шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар ч гэмтэл шарх учраагүй байна. Би өөрөө эргээд буруутчих вий гэж бодоод Лын өөдөөс ямар ч эсэргүүцэл тэмцэл үзүүлээгүй. Харин цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж аюултай үйлдэл хийхээс нь урьдчилан сэргийлсэн. Лын аав ээж нь надад индукцэн плитка, А8 маркийн гар утас шинээр авч өгсөн, цагдаагийн хэсгийн цонхыг вакум цонх, мөн цонх суурилуулах 2 ширхэг хөөс авч ирж өгсөн. Цонхоо суурилуулж чадаагүй байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 27 тал/

- Иргэний нэхэмжлэгч Х.Д: “...2021 оны 07 сарын 21-ны өдөр Ц сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Н.Л гэгч нь хэсгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Аын биед халдаж манай цагдаагийн газрын өмч болох хэсгийн байрны цонхыг хагалж манай байгууллагад хохирол учруулсан. Тухайн хэсгийн байрны цонхны 120:140 см хэмжээтэй цонх хагарсан бөгөөд тухайн хэсгийн байр 2012 онд ашиглалтад ороход нь тухайн цонхыг хийлгэж байсан юм. Одоо зах зээлийн ханшаар 1 мкв шилний мөнгө 120.000 төгрөг болж байна. Ингээд цонхныхоо хэмжээгээр бодож үзвэл тухайн цонхны шил нь нийт 201.600 төгрөг. Үүн дээр Ц суманд албаны машинаар буюу УАЗ фургон маркийн машинтай шилийг тээвэрлэхэд нийт 320 кл зам туулахад 57.6 литр шатахуун зарцуулна. Одоо 1 литр бензин 2.160 төгрөгийн үнэтэй байгаа бодож үзэхээр 124.416 төгрөгийн шатахууны зардал, мөн шил солиулах ажлын хөлс 100.000 төгрөг нийт манай байгууллагад 426.016 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ зардал мөнгөний гэм буруутай  этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

- Гэрч Н.Б “...Манай суманд орон нутгийн хөгжлийн сангаас манай суманд шаардлагатай газруудад 7 хяналтын камер байршуулах ажил явагдаж байгаа юм. Гүйцэтгэгч компанийнх нь хүмүүс өчигдөр хүрч ирээд шууд ажилдаа орсон. Манай сумын хэсгийн мөрдөгч А бид хоёр камер суурилуулах ажлыг хариуцан хийлгэж байгаа юм. Өчигдрийн хувьд гүйцэтгэгч компанийн хүмүүсийн маань авч ирсэн шат нь богинодоод А бид хоёр камер суурилуулах ажлыг хариуцан хийлгэж байгаа юм. Өчигдрийн хувьд гүйцэтгэгч компанийн хүмүүсийн маань авч ирсэн шат нь богинодоод А бид хоёрт урт шат олох хэрэг гарсан. Тэгээд хэсгийн мөрдөгч А урт шат олж гүйцгэгч компанийн хүмүүсийг ажил үүргээ гүйцэтгэхэд тус болсон. Тэгээд А шат авчирч өгчихөөд таг алга болчихоор нь гайхаад байж байтал манай хэсгийн мөрдөгч маань бусдын халдлагад өртсөн байна. Миний хувьд бол дэргэд нь байгаагүй болохоор яг ямар  асуудал болсныг мэдэхгүй байна. Орой л А надад өөрөө утсаар мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-34/

- Гэрч Ц.С “...Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед би төрийн банкны урд байдаг сургуулийн шийд орох гээд явж байхад бараан өнгийн хувцастай урьд өмнө нь харж байгаагүй үл таних ах цагдаагийн хэсгийн хашаанаас мотоцикл гаргаж ирээд асаах гээд байх шиг байсан. Тэгээд би шийд орчихоод буцаад сумын засаг даргын тамгын газрын үүдэн дээр сууж байхад цагдаагийн хэсгийн хашааны хажууд улаан  тоосгон байрны урд хэсгийн мөрдөгч А ах нөгөө үл таних бараан өнгийн хувцастай хүн гартаа төмөр барьчихсан А ах руу чулуу шидээд хөөгөөд гүйж байсан. А ах болохоор гэр лүүгээ гүйгээд орох шиг болсон. Тэгээд тэр хүн пис пас гээд д юм шидлээд бах шиг байсан. Тэгээд би эвгүй юм болж байна даа гэж бодоод цаашаа яваад З ахын гадаа хүмүүс хашаа янзалж байсан тэр хүмүүс дээр очоод тэнд эвгүй юм болж байна даа гэж хэлсэн чинь удаагүй А ах бид нар луу гүйгээд хүрээд ирсэн. Араас нь нөгөө бараан өнгийн хувцастай эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн хойноос чулуу шидээд хөөгөөд явж байсан. Тэгээд нөгөө бараан өнгийн хувцастай үл таних хүн чулуу шидэж дуусаад газраас чулуу авах гэж байхад нь А ах  наадхаа бариад ав гэхээр нь би очиж барьж авсан. Тэгтэл А ах гүйж хүрч ирээд намайг дарж байгаарай ах нь гав аваад ирье цохиж биед нь нь халдаж болохгүй шүү гэж хэлээд хэсэг рүү гээ яваад өгсөн. Тэгээд гав авч ирээд нөгөө хүнийг гавлаад би машинд нь хамт суугаад цагдаагийн хэсэг рүү хамт оруулж өгчихөөд  явсан. Намайг явахад А ах мэдүүлэг өгч магадгүй шүү гэж хэлж байсан. Бор царайтай туранхайвтар биетэй, ямар ч байсан  малгай өмсчихсөн бараан өнгийн хувцастай өмнө нь харж байгаагүй хүн байсан. Биеэр бол тийм том биетэй хүн биш 170 орчим см өндөртэй байсан байх. Би тэр хүнийг бол өмнө нь харж байгаагүй. Танихгүй хүн байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үнэртэж байсан. А ахын машинд байхдаа мал хэцүүдээд байхад пязда чинь аваад явбал явна л биз эргээд гараад ирнэ гэх мэт зүйл ярьж байсан. Тухайн үед би А ахыг сайн анзаарч хараагүй мэдэхгүй байна. Битүү хувцастай байсан болохоор сайн анзаараагүй юм байна. Дээгүүрээ хар өнгийн цагдаагийн логотой цамцтай байсан доогуураа хар өнгийн өмдтэй байсан. Сүүлд хөөж байхад бол гартаа чулуу байсан. Улаан байрны урд байхад бол хоёр гартаа юм барьсан байсан би зайтай газраас харсан болохоор юу байсан гэдгийг нь хараагүй. Төмөр шиг л юм барьчихсан байгаа харагдсан...“ гэх мэдүүлэг /хх-36-37/

- Гэрч Т.Дын: “...Манайх 2021 оны 03 дугаар сард Говь-Угтаал сумаас отроор нүүдэллэж ирээд Ц суманд байрлаж байгаа юм. Өнгөрсөн жил мөн манайх мөн Ц сум элэгний усны урд дээр отроор ирж байсан юм. Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Л бид хоёр 15 цаг өнгөрөөгөөд Ц сумын төв дээр ирсэн юм. Тэгээд нүүдлийн айл болох С гэрт ирсэн байсан. С гэр нь сумын төв дээр байдаг юм. Тэгээд би Сандагтай хамт би хоёр пиво хувааж уусан. Манай нөхөр Л болохоор сүүлд нэг пиво аваад авсан пивоноосоо 3 аягыг уусан юм. Тэгээд нөхөр бид хоёр С гэрээс гараад явсан. Тэгээд Сн гэрээс гарч яваад Л мотоцикл дээрээ мордох гэж байгаад дайвалзаад ойчсон. Тэгтэл цагдаа хүрч ирээд Лыг чи өмнө нь мотоциклоо хураалгаж байсан биз дээ түлхүүрээ өг гээд цагдаа түлхүүрийг нь аваад мотоциклоо цагдаагийн хэсэг дээр байрлуулж тавь гэж хэлсэн. Тэгээд Л мотоциклоо түрээд цагдаагийн хэсэг рүү явсан. Би болохоор Лын төрсөн дүү Л гэрт ирсэн байсан. Тэгээд Л мотоциклоо цагдаагийн хэсэг рүү оруулж тавьчхаад чамаас болоод мотоциклоо хураалгачихлаа  мал хэцүүдэх нь гээд над руу уурлаад байсан. Тэгээд Л гэрээс шар өнгийн иштэй хутга аваад гарахаар нь би чи наад хутгаараа яах гэж байгаа юм бэ гэсэн чинь мотоциклынхоо урд утсыг салгаж холбож асаагаад малдаа явна гээд гарсан. Тэгээд би Л гэрийн цонхоор хартал Л мотоцикл дээрээ оччихсон байсан энэ үед цагдаа яваад очих шиг болсон. Тэгээд би дахиж цонхоор хараагүй хоёр хүүхдээ хараад Л гэрт сууж байхад цагдаа хар гүйхээрээ гүйж ирээд энэ солиотой юм аа аваач чулуу шидээд байна гэсэн тэгээд би Л болиоч гээд хориглосон боловч үгэнд ороогүй цагдаа руу чулуу нүүлгээд ална гээд байсан. Тэгээд цагдаа зугтаахад  хашаандаа байдаг нохойны үүр лүү ороод чи болиоч гэсэн Л тоохгүй байсан. Би ч мөн адил боль гэж ятгасан боловч үгэнд ороогүй сүүлдээ цагдаа нь нохойгоо тавина шүү гэж хэлсэн боловч Л тоох шинжгүй байгаад байсан. Тэгээд Л гартаа барьсан байсан урт төмрөө цагдаа руу авч шидээд, нохойны үүрний орчимд байсан модоор цагдаагийн толгой руу 2 удаа цохисон мод нь бараг хугарсан. Тэгээд цагдаа цагдаагийн хэсэг рүүгээ гүйж ороод нуугдсан байсан. Энэ үед Л том том чулуу шидээд байрных нь цонхыг хагалчихсан би дахиад боль гэсэн боловч огт үгэнд орохгүй байсан. Тэгээд цагдаа эргэж гарч ирээд зүүн урагшаа зугатаагаад гүйсэн. Хойноос нь Л чулуу нүүлгээд хөөгөөд явчихсан. Би тухайн үед айгаад араас нь яваагүй. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-39-40/

- Гэрч С.Б: “...Өчигдөр буюу 2021 оны 07 сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд болов уу би хэсэг хүмүүсийн хамтаар сумын цагдаагийн хэсгээс зүүн урагш 500 орчим метр зайд айлын хашааны хундам цутгаж байсан юм. Тэгтэл сумын хэсгийн цагдаа Аын машин бид нарын хашаа зутгаж байсан газарт ойролцоо байсан бөгөөд машин дээрээ гүйгээд ирж байсан. Араас нь энэ жил зүүнтэй өвөлжсөн Говь-Угтаал сумын залуу байдаг юм тэр залуу чулуу хойноос нь шидээд хөөгөөд явж байсан. Бараг миний машины цонхыг хагалчих гээд чулуу шидээд явж байсан. Тэгээд би өөдөөс барьж авах гээд явсан чинь эргэж зугтаагаад газраас чулуу аваад шидэх гэж байхад нь нэг хүү барьж авсан. Тэгээд А гүйгээд очно лээ. Тэр залуу согтуу байсан болов уу л гэж бодож байна. Цагдаагийн хэсэг дээр бол юу болсон талаар мэдээгүй. Чулуунаас өөр зүйл гарт нь харагдаагүй. Цагдаагийн хэсэг дээр хутга шөвөг барьсан юм дуулдаад байсан. З л хэлээд л байсан. Бид нар З хашааг зутгаж байсан юм. Тэрнээс өмнө болохоор А хүрч ирээд камер тавина гээд шат авна гээд яриад Зыг дагуулаад явсан юм. Би тэр залуу зүс мэдэхээс би сайн танихгүй хааяа нэг тааралдаж байдаг юм. Цт хавраас нүүж ирсэн отрын айлын залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

- Гэрч Д.З. “...Өчигдөр буюу 2021 оны 07 сарын 21-ний өдөр би хашааны хундам цутгаад байж байхад манай сумын хэсгийн мөрдөгч А над  дээр хүрч ирээд хойно камер тавих гэж байгаа юм шатаа хэрэглүүлээч ирсэн. Би Аыг яг хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна тухайн үед цаг бол анзаарч хараагүй. Тэгээд А бид хоёр айлаас шат аваад сумын захиргааны газрын урдуур явж байтал халамцуу бололтой залуу эхнэр хүүхдээ сундалчихсан мотоцикл унаад явж байсан. Тэгээд очоод мотоциклынх нь түлхүүрийг аваад өмнө нь арга хэмжээ авахуулчихаад хаширдаггүй юм уу гэл үү нэг юм хэлээд мотоциклоо цагдаагийн хэсэг дээр аваад оч гэж хэлээд А бид хоёр яваад камер тавьж байсан хүмүүст шат аваачиж өгчхөөд буцаад А намайг хүргэж өгөх гээд явж байтал бид хоёртой дайралдсан залуу мотоциклоо цагдаагийн хэсгийн хашаанаас аваад унаад явах гэж байсан. Тэгээд А цагдаагийн хэсгийн үүдэндээ очиж зогсоод мотоциклоо унаад явах гэж байсан залууг яах гэж байгаа юм гэтэл нөгөө залуу амандаа үглээд адуу мал хэцүүдлээ гэж хэлээд л хутга гаргаад ирсэн. Хаанаас хутгаа гаргаад ирснийг би анзаараагүй нэлээд том хутга барьчихсан байсан. Тэгээд А машинаа унаад явж бай гэхээр нь машиныг нь унаад хөдлөх гэж байтал нөгөө залуу А руу чулуу шидээд эхэлсэн. Тэгээд би машиных нь цонхыг хагалчхаж магадгүй гээд бушуухан холдоод гэрийнхээ орчимд очоод хашаа цутгаж байсан газартаа аваачиж тавьсан. Манай гэр цагдаагийн хэсгээс зүүн тийш ойролцоогоор 400 орчим метр зайд байдаг юм. Тэгээд нээх удаагүй А нөгөө залуугаас зүгатаагаад нөгөө нэг залуу чулуу хойноос чулуу шидэлсээр бид нар дээр хүрээд ирсэн. Тухайн үед би машинд сууж байсан нөгөө залуу чулуугүй болчихоод байж байхад нь нэг хүү очоод барьж авсан. Тэгээд А нөгөө хүүтэй хамт гавлаж аваад яваад өгсөн. Би хашаа цутгаж байсан газартаа үлдсэн. А тухайн үед дээгүүрээ хар өнгийн хажуу талдаа эблемтэй цамцтай байсан доогуураа хар өмдтэй байсан байх. Камер тавьж байгаа шат хэрэгтэй байна гээд над дээр хүрж ирсэн. Би тэр залууг огт танихгүй урьд өмнө нь зүс харж байгаагүй хүн байсан. 1.70 см өндөртэй бор царайтай туранхайвтар залуул харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 сарын 24-ний өдрийн 170 дугаартай: “...Б.Аын биед зүүн шилбэнд зулгаралт, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 сарын 24-ний өдрийн 171 дугаартай: “...Н.Лын биед зүүн шилбэнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/

          -   Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021.08.06-ны өдрийн 60,61 дугаартай “...Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлийн 2021 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэ ханшийг судалж, хавсралтаар хүргүүлэв, Вакуум цонх- 201.600 төгрөг...” гэх дүгнэлт /хх-59-60, 63-64/

          - Дундговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Аын алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-97-98/

          - Яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/

          -  Эд мөрийн баримтаар хураагдсан хутга, бусад баримтуудыг шинжлэн судлав.       

          -  Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Л нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар 18 цагийн орчимд Дундговь аймгийн Ц сумын 1 дүгээр баг, Ембүүгийн 1-107 тоотод байрлах сумын цагдаагийн хэсгийн кабоны хашаан дотор хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.А албаны үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцэж биед нь халдсан гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга, байгууламжийн цонхыг хагалж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Лын дээрх үйлдэл нь Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Н.Лыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Л нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн  хуулийн 23.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.2-т заасан  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Лт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан болохыг шүүгдэгчид анхааруулав.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгчээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 150 см урттай төмөр труба 1 ширхэг, 125 см урттай труба 1 ширхэг, 66 см урттай гол хэсгээрээ хугарсан мод 1 ширхэг, 5 ширхэг чулуу, хутга 1 ширхэг хураагдаж ирсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн  тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Е ш овогт Н Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. шүүгдэгч Н.Лт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлал тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч Н.Лт анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас 30 хоног цагдан хоригдсон, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг барагдуулж, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 150 см урттай төмөр труба 1 ширхэг, 125 см урттай труба 1 ширхэг, 66 см урттай гол хэсгээрээ хугарсан мод 1 ширхэг, 5 ширхэг чулуу, хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                   З.ШҮРЭНЧУЛУУН