Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түмэнбаатарын Дүүрэнбаярт холбогдох 213 100 307 0209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, Сүхбаатар депод ахлах хүлээн авагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсгийн 5-58 дугаар байр, 16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Боржигон овогт Түмэнбаатарын Дүүрэнбаяр /РД:МХ87032612/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 8 дугаар байрны хажуугийн сагсан бөмбөгийн талбайд иргэн Ө.Бат-Очиртой маргалдаж, улмаар барьцалдан газарт дарж унаган зүүн хөлийн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарал, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дүүрэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Дүүрэнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Миний буруугаас болж хохирогчид гэмтэл учирсан буруугаа хүлээн зөвшөөрч дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.Бат-Очирын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр одоо мэдүүлэг өгч байгаа клуб дээрээ хүүхдүүдэд шатрын хичээл орж өнжсөн бөгөөд орой 20 цаг 40 минутын үед хичээл дуусаад гэртээ харихын өмнө 0.5 литрийн лаазтай 2 сав шар айраг ганцаараа уучхаад шатрын клубээсээ 23 цаг өнгөрч байхад гарч гэртээ харихаас алхаж өөрийн амьдардаг долоон давхар байрны хажууд явж байхад сагсан бөмбөгийн талбай дээр хэдэн хүүхдүүд байсан ба тэд нарыг нэг залуу дээрэлхээд байх шиг байхаар нь би болиулахаар тухайн сагсан бөмбөгийн талбай руу орсон. Тэр үед 3-4 өсвөр насны банди нар байсан ба тэдгээр хүүхдүүдийг 30 гаран насны гэмээр халамцуу гэмээр залуу “Та нар тоглож чадахгүй байж” гээд чанга чанга яриад загнаад байхаар нь би тэр залууд хандаж “Чи боль хүүхдүүдийг тоглуул" гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг “талбайгаас гарья" гээд дагуулаад талбайгаас гарсан. Талбайгаас гараад би тэр залууг хүүхдүүд дээрэлхэж болохгүй талаар хэлээд жаахан маргалдаж байгаад эргээд сагсан бөмбөгийн талбай руу орсон. Тэгээд бас тэр залуу бид хоёр маргалдаад сүүлдээ барьцалдаж авсан ба нэг мэдсэн тэр залуу над дээр дараад унасан бөгөөд би унасны дараа босох гэтэл хөл гишгэж болохгүй янгинаж өвдөөд байсан. Удалгүй тэнд байсан хүүхдүүд яваад өгсөн. Би тэндээ сууж байхад удалгүй хоёр цагдаа ирсэн. Цагдаа эхнэр лүү утасдаж дуудсанаар эхнэр удалгүй ирсэн. Тухайн үед эмнэлэгт дуудлага өгсөн хэдий ч дуудлага ихтэй гээд ирэхгүй байсан тул тухайн эргүүлийн хоёр цагдаа намайг гэрт оруулж өгсөн. Гэртээ амраад маргааш нь эмнэлэг явъя гэж бодсон хэдий ч өвдөөд байсан тул ойр дотны хүмүүс дуудаад аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд зураг авхуулсан чинь миний зүүн хөлийн шагайны хавчуурга яс хугарсан байна гэсэн. Ингээд би Сэлэнгэ аймгийн эмнэлэгтээ хоёр хоног хэвтэж эмчлүүлээд Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв орж хагалгаанд орсон. Одоо суга таягтай явж байна. Яс нь бороолоод эдгэсний дараа бэхэлж хадуулсан төмрөө, авхуулах хагалгаанд орох шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхтүвшиний 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний оройны 21 цагийн үед найз Содбаяр, Төгсцогт, Баттулга, Баатраа, Бамбарууш нарын хамт Сүхбаатар сумын 7 дугаар баг 7 давхрын хажуу талын сагсны талбай дээр тоглож байхад, сагсны талбайн хашаан дотор нэг танихгүй ах орж ирээд “нэг шидчихье” гээд бөмбөг авсан “тэгээд хамт тоглоё” гээд бид нар хамт хуваагдаж тоглосон. Тоглож байх явцад гаднаас орж ирсэн ах миний чих рүү цохисон тэгээд тоглохоо болиод бид нарын дунд байсан Баатраа ах гаднаас орж ирсэн ахтай хэрэлдэх маягтай болсон. Тэгтэл гаднаас бас нэг танихгүй согтуу ах сагсны талбайд орж ирээд “би шатрын багш байна хүүхдүүдээ өмөөрнө” гээд бид нартай хамт тоглож байсан ахтай хэрэлдсэн. Тэгтэл бид нартай хамт тоглож байсан ах шатрын багш гэх ахыг гараараа нүүр лүү нь түлхсэн тэгээд бас дахиад хэрэлдээд байсан. Удалгүй бид нартай хамт тоглож байсан ах шатрын багш гэх ах 2 хоорондоо заамдалцсан тэгээд хоёулаа газар унасан тухайн үед бид нартай хамт тоглож байсан ах дээр нь харин шатрын багш гэх ах доор нь орчихсон байсан. Тухайн үед шатрын багш гэх ах “хөл хөл” гээд орилоод байсан болохоор бид нар Цагдаа дуудсан. Цагдаагийн алба хаагчид ирэхээр нь бид нар өөрсдийнхөө мэдээллийг өгөөд гэр гэртээ харьсан. ...Тухайн үед Шатрын багш ахыг Цагдаагийн алба хаагчид эмнэлэг дуудаж үзүүлсэн. Эмнэлгийн машин ирэхэд бид нар явсан. Бид нарыг байхад талбай дотор хөлөө бариад суугаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Содбаярын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр ах Баттулга ахын найзыг “Чамтай маргааш сагс тоглоно” гээд түүний дугаарыг аваад өөрийнхөө дугаарыг өгсөн. Мөн өөрийнхөө гэрийг зааж өгөөд байсан. Тэгээд байж байхад 40 гаран настай гэмээр согтуу ах бид нар руу ирж бид нарыг өмөөрч нөгөө согтуу ахтай маргалдаад тэр ахыг сагсны талбайгаас авч гарах гэтэл тэр ах явахгүй “Би та нарт нэг юм хэлнэ" гээд буцаж ирсэн. Сүүлд ирдэг шатрын багш 40 гаран насны согтуу ах бид нарыг “Эд нар чинь миний шавь нар" гэж хэлсэн чинь өмнө ирдэг согтуу ах “Чи юуны багш юм” гэж асуусан чинь тэр ах өөрийгөө шатрын багш гэж хэлсэн. Төмөр замын хувцастай ах өөрийгөө шатрын багш гэсэн ахтай заамдалцаж аваад шатрын багш ахын нүүр рүү нь гараараа мангасдсан чинь тэр ах уурлаад тэр хоёр барьцалдаад ноцолдож байгаад сүүлд ирсэн шатрын багш ахыг нөгөө согтуу ах түлхээд дээр нь дараад уначихсан чинь Бамбарууш ахтай хамт явж байсан найз нь төмөр замын хувцастай ахыг босгосон. Харин шатрын багш гээд ах хэвтээд босож чадахгүй “Хөл өвдөөд байна" гээд байсан. Удалгүй төмөр замын хувцастай ах яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар цагдаа руу утасдаж дуудсан. Эргүүлийн цагдаа ирж төмөр замын хувцастай ахыг дуудаж ирүүлсэн. Мөн шатрын багш ахын эхнэр нь ирсэн. Эргүүлийн цагдаа нар бидний нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг аваад гэр гэртээ харь гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Р.Солонгын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түүний хамт хоёр цагдаа болон гурван өсвөр насны эрэгтэй хүүхэд байсан. Манай нөхөр болохоор “хөл хугарчихлаа” гээд ёолоод хэвтээд байсан. Би тэр гурван хүүхдээс юу болсон талаар асуухад “Энэ ах бид гурвыг өмөөрөөд нэг согтуу ахыг боль гээд маргалдсан. Тэгээд тэр ахтай барьцалдаад нөгөө ах энэ ахыг дараад уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд нэг цагдаа нь нэг хүүхдийг нь дагуулж яваад манай хүнтэй маргалдаж хөлийг нь гэмтээсэн гэх нэг залууг дагуулаад ирсэн. Тэр залуу ирээд “Би гар ч хүрээгүй биз дээ. Та нар хэлээч” гээд нөгөө гурван хүүхэд рүү орилоод чанга чанга дуугараад байхаар нь би тэр залууд “Чи яасан омголон зантай юм бэ. Хүний хөл гэмтсэн байхад” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч О.Төгсцогтын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгсэн чинь эхлээд ирдэг согтуу ах бид нар руу "Би та нарыг яасан юм. Би та нарыг яагаа ч үгүй биз дээ” гэхээр нь бид нар тэр ахад “Та түрүүн сагс тоглож байхдаа манай найзын чих рүү нь цохиод алдаатай тоглоод байсан биз дээ” гэж хэлсэн. Удалгүй тэр хоёр согтуу ах эргээд бид нар дээр ирээд юм ярьж байгаад тэр хоёр дахин маргалдаж байгаад өөрийгөө шатрын багш гэж хэлсэн ах нөгөө ахын нүүр рүү гараараа түлхсэн. Мөн нөгөө согтуу ах шатрын багш ахыг мангасдах шиг болсон. Тэр хоёр ах барьцалдаад удалгүй газарт унасан. Миний харснаар бол бага зэрэг хажуулдаад эхлээд ирдэг ах нөгөө ахыг бага зэрэг дараад унах шиг харагдсан Тэгээд анх ирсэн ах шатрын багш ахын дээр нь гараад сандаалаад суучихсан чинь Бамбарууш ахын найз нь тэр ахыг татаад босгон. Шатрын багш ах босож чадахгүй “миний хөл хугарчихсан байна” гэж хэлээд орилоод хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Б.Дөлгөөний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...сагсан бөмбөгийн талбай руу яваад очиход Ө.Бат-Очир гэх хүн ганцаараа хэвтэж байхаар нь очоод түүнийг ямар учраас хэвтэж байгаа талаар асуухад "Би хүнд зодуулчихлаа. Миний хөл эвгүй болчихлоо, босож чадахгүй байна" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр хүнээс ямар учраас хэн гэж хүнд хэрхэн зодуулсан талаар тодруулж байхад бид нар дээр болсон зүйлийн талаар харсан гэрч гээд гурван өсвөр насны хүүхэд ирсэн. ...Тухайн залуу өсвөр насны хүүхдүүдтэй сагс тоглож байгаад муудалцахдаа өөрийнхөө гэрийн хаяг, нэрийг хэлж өгсөн гэсэн. Тэр залууг Дүүрэнбаяр гэсэн. Ингээд нэг хүүхдийг нь дагуулаад төмөр замын ягаан таван давхар байр руу очиж Дүүрэнбаяр гэх залуугийн гэрийн хаалгыг тогшиход эхнэр нь гэх эмэгтэй хаалгаа нээсэн ба Дүүрэнбаярыг ажлаасаа ирээгүй талаар хэлэхээр нь нөхрийг нь хаана байгаа талаар нь асуулгахаар утасдуулсан чинь тэр “ажил дээрээ байна" гэсэн. Эхнэрээс нь түүний 99048914 дугаарын утсыг нь аваад утасдаад хаана байгаа талаар нь асууж байгаад Алтантариа ХХК-ийн урд талд Дүүрэнбаяртай уулзаж машиндаа суулгаад долоон давхар байрны хажуугийн сагсны талбай дээр очсон. Тэгээд бэртсэн хүн болон Дүүрэнбаяр гэх залууг уулзуулаад юу болсон талаар асуухад Дүүрэнбаяр гэх залуу “Би зодоогүй. Унаад ийм болчихсон" гээд байсан. Удалгүй Амарбаясгалан бид хоёр Дүүрэнбаяр гэх залуугийн биеийн байцаалтыг нь бичиж аваад явуулсан. Мөн өсвөр насны хүүхдүүдийн биеийн байцаалт, утасны дугаарыг нь бичиж аваад гэр гэр рүү нь явуулсан. Тэгээд Бат-Очир гэх хүнийг гэрт нь оруулахад тусалчхаад Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдээд эргүүлээс буугаад гэртээ харьж амарсан. Бат-Очир гэх хүний эхнэр нь өргөдөл бичиж өгөөгүй бөгөөд маргааш цагдаад өргөдөл өгч шалгуулна гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10-р  сарын 11-ний өдрийн 366 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.Дүүрэнбаярын биед гэмтэл тогтоогдоогүй ...” гэх /хх-ийн 36-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10-р  сарын 25-ны өдрийн 389 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ө.Бат-Очирын биед зүүн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарсан, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...” гэх /хх-ийн 43-44-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /хх-ийн 02 дугаар хуудас/, гэмт хэрэг, гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-5-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-09 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-57-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 99-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 8 дугаар байрны ойролцоох  сагсан бөмбөгийн талбайд иргэн Ө.Бат-Очиртой маргалдаж, улмаар барьцалдан газарт дарж унаган зүүн хөлийн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарал, зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Т.Дүүрэнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Миний буруугаас болж хохирогчид гэмтэл учирсан буруугаа хүлээн зөвшөөрч дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэснээр,

Хохирогч Ө.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 30 гаран насны гэмээр халамцуу гэмээр залуу “Та нар тоглож чадахгүй байж” гээд чанга чанга яриад загнаад байхаар нь би тэр залууд хандаж “Чи боль хүүхдүүдийг тоглуул" гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг “талбайгаас гарья" гээд дагуулаад талбайгаас гарсан. Талбайгаас гараад би тэр залууг хүүхдүүд дээрэлхэж болохгүй талаар хэлээд жаахан маргалдаж байгаад эргээд сагсан бөмбөгийн талбай руу орсон. Тэгээд бас тэр залуу бид хоёр маргалдаад сүүлдээ барьцалдаж авсан ба нэг мэдсэн тэр залуу над дээр дараад унасан бөгөөд би унасны дараа босох гэтэл хөл гишгэж болохгүй янгинаж өвдөөд байсан. ... аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд зураг авхуулсан чинь миний зүүн хөлийн шагайны хавчуурга яс хугарсан байна гэсэн. Ингээд би Сэлэнгэ аймгийн эмнэлэгтээ хоёр хоног хэвтэж эмчлүүлээд Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв орж хагалгаанд орсон. Одоо суга таягтай явж байна. Яс нь бороолоод эдгэсний дараа бэхэлж хадуулсан төмрөө, авхуулах хагалгаанд орох шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлгээр,  /хх-ийн 14-15-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхтүвшиний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тоглож байх явцад гаднаас орж ирсэн ах миний чих рүү цохисон тэгээд тоглохоо болиод бид нарын дунд байсан Баатраа ах гаднаас орж ирсэн ахтай хэрэлдэх маягтай болсон. Тэгтэл гаднаас бас нэг танихгүй согтуу ах сагсны талбайд орж ирээд “би шатрын багш байна хүүхдүүдээ өмөөрнө” гээд бид нартай хамт тоглож байсан ахтай хэрэлдсэн. Тэгтэл бид нартай хамт тоглож байсан ах шатрын багш гэх ахыг гараараа нүүр лүү нь түлхсэн тэгээд бас дахиад хэрэлдээд байсан. Удалгүй бид нартай хамт тоглож байсан ах шатрын багш гэх ах 2 хоорондоо заамдалцсан тэгээд хоёулаа газар унасан тухайн үед бид нартай хамт тоглож байсан ах дээр нь харин шатрын багш гэх ах доор нь орчихсон байсан.  ....” гэх мэдүүлгээр, /хх-ийн 16-17-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Содбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төмөр замын хувцастай ах өөрийгөө шатрын багш гэсэн ахтай заамдалцаж аваад шатрын багш ахын нүүр рүү нь гараараа мангасдсан чинь тэр ах уурлаад тэр хоёр барьцалдаад ноцолдож байгаад сүүлд ирсэн шатрын багш ахыг нөгөө согтуу ах түлхээд дээр нь дараад уначихсан...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч О.Төгсцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өөрийгөө шатрын багш гэж хэлсэн ах нөгөө ахын нүүр рүү гараараа түлхсэн. Мөн нөгөө согтуу ах шатрын багш ахыг мангасдах шиг болсон. Тэр хоёр ах барьцалдаад удалгүй газарт унасан. Миний харснаар бол бага зэрэг хажуулдаад эхлээд ирдэг ах нөгөө ахыг бага зэрэг дараад унах шиг харагдсан Тэгээд анх ирсэн ах шатрын багш ахын дээр нь гараад сандаалаад суучихсан чинь Бамбарууш ахын найз нь тэр ахыг татаад босгон. Шатрын багш ах босож чадахгүй “миний хөл хугарчихсан байна” гэж хэлээд орилоод хэвтээд байсан...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 27-28-р хуудас/,   

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10-р  сарын 25-ны өдрийн 389 дугаартай  шинжээчийн “ ... 1. Ө.Бат-Очирын биед зүүн тахилзуур ясны доод хавчаар хэсгийн битүү хугарсан, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...” гэх дүгнэлтээр /хх-ийн 43-44-р хуудас/, зэрэг болон болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн Р.Солонго, Б.Дөлгөөн нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй ба Ө.Бат-Очир нь нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Т.Дүүрэнбаярыг бусдад төлөх төлбөргүйд тооцов, хохирогч Ө.Бат-Очир нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.Дүүрэнбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Дүүрэнбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм бурууд маргаангүй, үйлдсэн гэмт хэрэг, бусдад учруулсан хохирол, хор уршигт хандсан байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж тус тус шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Т.Дүүрэнбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Түмэнбаатарын Дүүрэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Түмэнбаатарын Дүүрэнбаярт 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дүүрэнбаярт шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Бат-Очир нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Дүүрэнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ