| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0386/и |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 42
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1- баг Төгөлийн 6-12 тоотод оршин суух, Их-Өлзийт овогт Доржсүрэнгийн Н /регистрийн дугаар: КЕ88060511/
Хариуцагч: Өмнөговь аймаг Гурвантэс сум, 4-р багт оршин суух, Олхонууд овогт Намжилдоржийн Э /регистрийн дугаар: КЮ78121471/
6.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагч Н.Э, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Эаас 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Daewoo-Novus маркийн 23-28 ӨМӨ улсын дугаартай ачааны автомашиныг 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр харилцан тохиролцож авсан ба уг автомашиныг авахад машин эвдрэлтэй, ачаанд явах боложгүй байсныг өөрөө засаж авсан. Н.Э нь уг мөнгийг төлөхдөө банкнаас хүүтэй мөнгө авч төлөхийн оронд надад cap бүр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлөөд барагдуулах санал тавьсан ба үүнийг гэрийнхэнтэйгээ ярилцаж хүлээн авч өөрийн төрсөн ах Д.Золбоогоор Капитал банкнаас зээл хийлгэж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Н.Эын 5589085422 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэл нийт 4 удаагын шилжүүлгээр нийт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус данс руу шилжүүлсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 20-нд Шивээ хүрэнгийн хилийн боомтонд бараа буулгаж, уг барааны эзэн Батсүхээс тээврийн хөлсөө авч 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг Н.Эт бэлнээр өгсөн болно. Түүнчлэн Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг, Гурвантэс сум руу нэг удаа Н.Эын барааг хөлс авалгүй ачиж хүргэж өгсөн. Дахин өөрийн ачааг үнэгүй ачуулах санал тавьсныг хүлээн аваагүйгээс үүдсэн маргаанаас болж тухайн зарсан автомашинаа 2015 оны 11 дүгээр сарын 03-нд Н.Э нь буцааж авсан. Тухайн автомашины төлбөр Н.Эт дансаар 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, бэлнээр 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг нийт 6.550.000 /зургаан сая таван зуун тавин мянга/ төгрөг өгсөнийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авбал эвлэрч болно. Надад татгалзах зүйл байхгүй. Ярилцаад арай наана тохиролцож болно. Үнэлгээний комиссын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Энэ машиныг анх ийм эвдрэлтэй шүү гээд үнэлгээний компаниар үнэлүүлээд үнэлгээтэйгээ өгсөн байсан бол би хүлээн зөвшөөрнө. Явж байсан машиныг өөрөө хашаанаас унаж явж эвдчихээд буцааж авч ирээд үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилсэн мөнгөө л авна. Машин эвдсэн, мөргөсөн, хашаанаас хулгай хийгээд явсан гээд ийм л зүйл яриад байгаа хүн л дээ. Үүнийг гэрчийн мэдүүлгээр нотлоод шүүхэд гаргаад өгсөн байгаа шүү дээ. Би хүний машиныг хулгай хийгээд явах хүн мөн үү? Хулгай хийсэн машиныг 3, 4 сар унаад яваад байхад энэ цагдаа нар барихгүй яасан юм бэ? Би машиныг өөрийнх нь зөвшөөрлөөр очиж авсан. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа байх. Машин эвдсэн хохирлыг би бүгдийг нь барагдуулсан. Энэ машинаас эвдэрсэн зүйл ганц урд нүүр байсан. Би түүнийг нь аваад тавьсан. Янзлаад тээвэрт явж байсан. Энэ хүний яриад байгаа шиг зүйл огт байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй гэж л ийм зүйл ярьж байна. Хэрвээ тэр нь үнэн л байсан бол тэр чигээр байлгаж байгаад хэргийг шийдвэрлэхийг хүлээх байсан. Хэрэг шүүхэд ирсэн хойно дахин хүнд зараад 3 дахь хүндээ очсон байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Зээлээр худалдан авах гэрээ хийсэн байгаа. Манай үйлчлүүлэгч энэ хүнд өгсөн мөнгөний баримтууд байдаг. Эдгээр баримтуудыг нотариатаар батлуулж хэрэгт хавсаргасан байгаа. 6.550.000 төгрөгийг гэрээний дагуу сар бүр өгч байсан байна гэдэг нь үүнээс харагдаж байгаа. 5589085422 дансны дугаартай Намжилдоржийн Э гэдэг хүний дансруу 5.250.000 төгрөгийг бэлнээр хийсэн баримт гаргаж өгсөн байдаг. Машинаа буцаагаад авсан асуудал байгаа. Машин одоо хэний мэдэлд байна вэ? гэхээр Н.Э машинаа буцаагаад авсан. Цаашаа өөр хүнд эзэмшүүлсэн асуудал байдаг. Эдгээр 2 хүн анх 2015 оны 05 дугаар сард машинаа өгөлцөж авалцаад, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр машинаа буцаагаад авсан байгаа. 4, 5 сарын хугацаанд л энэ хүн машиныг эзэмшиж байсан. Энэ хугацаанд 6.550.000 төгрөгийг өгсөн байна гэсэн баримт нь байгаа. Тээврийн хэрэгслээ буцаагаад авсан учраас энэ хүн мөнгө төлөх шаардлагагүй болсон. Мөн урьдчилгаа болгож өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн гээд байна. Үнэлгээний компаниар үнэлүүлсэн байдаг. Гэхдээ 2016 онд үнэлүүлсэн. Энэ машиныг буцааж авсан он сар нь 2015 оны 11 дүгээр сард буцааж авсан. Бараг 6, 7 сарын дараа үнэлүүлсэн байдаг. Мөн техникийн комиссын дүгнэлт гараагүй байдаг. Миний ачааг үнэгүй тээвэрлээгүй, мөнгөө өгөхгүй байна гэдэг асуудлаас энэ 2 хүний хооронд маргаан үүсээд машинаа буцааж авсан асуудал нэхэмжлэгч тал ярьдаг. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Тээвэрт явж байсан машиныг буцаагад авсан тухай маш тодорхой ярьдаг. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх ёстой. Үгүйсгэж байгаа бол ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа гэдгээ гаргаж өгөх ёстой. Хариуцагч хүний хөрөнгийг дур мэдэн авч явсан гээд тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Э өмнө гаргасан нэхэмжлэл дээр тайлбар өгсөн байдаг. Энэ тайлбарт бид 25.000.000 төгрөг гаргахаар тохиролцоод урьдчилгаа 2.500.000 төгрөг, дараа нь 4.050.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл өнөөдөр огт өөр зүйл яриад байна. Өмнөх тайлбар дээрээ ийм тайлбар гаргасан байдаг гэдгийг хэлье. Хариуцагч тал өөрөө үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй байна. Машинд эвдрэл гарсан. Аргагүйн эрхэнд машинаа өгч явуулсан гэж тайлбар гаргаад байна. Бүх зүйлийг нь эвдээд хаячихсан, ямар нэг зүйл нь эвдэрсэн байсан талаар гэрч нар нотолдоггүй. Тиймээс хариуцагчийн гаргаад байгаа тайлбар бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр машинаа буцааж авсан бол 2016 оны 06 дугаар сард үнэлүүлсэн байдаг. Бараг 6, 7 сарын дараа үнэлгээ хийлгэж байна гэдэг бол 6, 7 юу хийж байсан юм бэ? гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ талаар хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөхгүй байна. 2.500.000 төгрөгийг анх авахдаа төлсөн. 4.050.000 төгрөгийг төлсөнийг үгүйсгэдэггүй. Миний дансанд орж ирсэн гэдгийг зөвшөөрдөг. Гэхдээ энэ бол миний машинаар хийсэн мөнгө учраас би өгөхгүй байгаа юм гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас нийтдээ дансанд нь 5.250.000 төгрөг, бэлнээр 1.300.000 төгрөг төлсөн гэдгийг хариуцагч тал үгүйсгэж чадахгүй байна. Иймээс нотлох баримтаар хангагдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Өгөөмөр захын урд хашаанд DaewooNovus маркийн 23-28 ӨМА улсын дугаартай автомашинаа тавьсан байсан. Уг машиныг миний зөвшөөрөлгүй дур мэдэн авч явж Нарантуул захын өргөтгөл рүү орж хүний машин мөргөсөн байсан. Миний машины урд копуд болон нүүр, толь, гупер эвдэрсэн. Ингээд би машинаа эвдүүлсэн тул уг 23-28 ӨМА улсын дугаартай машинаа Д.Нд өгөхөөс өөр аргагүй болсон. Маргааш нь болох 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ачаа ачиж Даланзадгад сумын төв Цогжавхлан бөөний төвийн ачааг ачиж ирээд хөлс мөнгийг нь Д.Н авсан. Д.Нгийн нэхэмжлэлд дурдсан зүйл бүгд худал байна. Миний машиныг надад хэлэлгүй авч эвдсэнд би гомдолтой байна. 2016 онд Д.Н шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу би нотлох баримт бүрдүүлж өгсөн. Гэрч асуулгасан. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүх хурал болоход тэр хуралд ирээгүй. Миний урдах нэхэмжлэл нотлох баримтаар гаргаж өгсөн үнэлгээний компанийн үнэлгээ, падаан, гэрч асуулгах хүсэлт, хүнсний бараа муудсан баримт, хүний машин хөлсөлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. Шүүх нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэлийг буцаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машинаа эвдүүлчихсэн учраас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм. Үнэлгээний компаниар гаргуулсан үнэлгээгээр гэхэд л 2.550.000 төгрөгийн эд анги эвдсэн байсан. Би үнэхээр гомдолтой байна. Эвлэрэн хэлэлцэх дээр бол 1.250.000 төгрөгийг өгчихөж болох л юм. Учир нь энэ хүн эхэлж 2.500.000 төгрөгийг банкнаас зээл хийж авч өгсөн. Тэгээд талыг нь өгье л гэж бодож байна. Тохирохгүй гэвэл шүүхээр шийдвэрлүүлнэ. 2015 оны 05 дугаар сард техникийн үзлэгт ороод тэнцсэн машин байгаа. Энэ хүн анх миний машиныг айлын хашаанаас унаж гарч зах дээр хүний машин мөргөж гэмтээсэн. Хүн хэзээ ч 25.000.000 төгрөгөөр эвдэрхий машин авна гэж байхгүй. 25.000.000 төгрөгөөр машин авч байж хүний эвдэрхий машин засаад унана гэж байхгүй. Маш худлаа зүйл бичсэн байна. Би өөрийг нь бодоод миний огт зөвшөөрөлгүйгээр миний машиныг унаж яваад хүний машин мөргөсөн байсан. 96-35 ӨМА гэсэн машиныг мөргөсөн байсан. Тэр хүн орж ирсэн машинаа мөргүүлчихээд энэ хүнээс 2, 3 сая төгрөгийг нэхсэн. Миний машины урд талын гупер зэргийг мөргөсөн байсан. Би тухайн үед чи яах гэж миний машиныг авч явж байгаа юм бэ? чамд хэн энэ машиныг ийш нь оруул гэсэн юм гэж хэлсэн. Энэ хүн ийм асуудал үүсгээгүй байсан бол хэзээ ч ийм асуудал гарахгүй байсан гэж бодож байна. Эвдрэлтэй байсан машиныг би засаж авсан гээд байна. 05 дугаар сарын 15-ны үед энэ хүн энд “Цогжавхлан” дэлгүүрийн ачааг энд буулгасан. Үнэхээр эвдрэлтэй байсан бол энэ хүн тэр ачааг энд авч ирж буулгах уу? үгүй юу? хүн хашаа газраа миний нэр дээр болгоё гээд байхаар нь хэрэггүй ээ би тэгж хүний юм эзэмших хүн биш гээд чи зүгээр надад эхлээд 2.500.000 төгрөг өгчих. Дараа нь сар болгон 1.500.000 төгрөг өгөөд явж бай гэж хэлсэн. 11 дүгээр сар хүртэл надад хэдэн төгрөг өгсөн байх ёстой билээ. Тэгээд өгөхгүй байсан учраас би машинаа юу ч үгүй болгуулахаас өмнө авъя гэж шийдээд авсан. Тэгсэн чинь дунд гол, кардон гол зэргийг юу ч үгүй эвдээд гагнасан байсан. Тэрнээс болж өөр эд ангиуд эвдэрсэн. Энэ хүн худлаа яриад байна. Гурвантэс сумруу нэг удаа Н.Эын барааг үнэгүй аваачиж өгсөн гэж байна. Гурвантэс сумруу хүргэж өгөөгүй. Хөнхөр хатавч гэдэг газар машин нь эвдэрч олон хүн амьтны барааг гэмтээсэн. Нарантуул захын хашаанаас гарах мөнгөгүй байсан. Би мөнгийг нь өгсөн. Замд нь нэг литр нь 1.500 төгрөгний үнэтэй түлшээр банкийг нь дүүргэж өгсөн. Хөнхөр хатавч гэдэг газар машин нь эвдэрч намайг 4, 5 сая төгрөгөөр шатаасан. Би өөр том машин хөлсөлж ирж бараагаа авсан. Энэ хүн аваачиж өгөөгүй. Энэ дээр болохоор хүргэж өгсөн гээд байна. Хүн хэзээ ч үнэгүй юм хүргэж өгнө гэж байхгүй. Би хотоос бүх түлшийг нь хийж өгөөд дээрээс нь сард авах 1.500.000 төгрөгөө авахгүй гэсэн. Сард авах 1.500.000 төгрөгийг авахгүй байх юм бол энэ хүнд өөрт нь ашигтай гэж би бодсон. Уг нь энэ машин миний өөрийн ачаа ачиж явдаг машин. Энэ хүн мөргөлдүүлээд, яалт ч үгүй мөнгө авч чадахгүй болохоороо машинаа өгөхөөс өөр аргагүй болсон. Энэ хүнд ямар ч жолооны үнэмлэх тэр үед байгаагүй. Эрхээ хасуулсан байсан. Ямар ч зөвшөөрөлгүйгээр миний машинаас миний бичиг баримтыг хулгайлж авч явсан байсан. Миний бичиг баримтыг өгөөтөх гэсэн чинь би аваагүй байхгүй гэсэн. Би дахиж бичиг баримт шинээр авсан. Гурвантэс сум орох түлшийг нь хийж өгөөд дээрээс нь 1.500.000 төгрөгийг авахгүй гэж хэлээд өөрийнхөө ачааг ачуулсан. Энэ бол надад ямар ч ашиггүй зүйл. Өөрт нь л ашигтай. Энэ үед ямар ч маргалдсан зүйл болоогүй өөрөө зөвшөөрсөн. Дэндүү худлаа яриад байгаа учраас гомдоод байна. Дуудах болгонд наашаа ирэх гээд нааш цааш явах зардал их гарч байна. Хөнхөр хатавчинд машинаа эвдсэний улмаас олон хүний өндөг хиам гээд үнэтэй бараануд нь муудсан байсан. Түүний мөнгийг надаас л хүмүүс нэхсэн. Энэ хүнээс нэхээд авч чадахгүйгээс хойш би л төлсөн. Тэр үед энэ хүнээс нэх гээд хаячихсан бол болох байсан юм билээ. Одоо л харин яах гэж энэ хүнийг өрөвдсөн юм бол гэж амаа барьж байгаа. Үнэхээр худлаа зүйл бичсэн байна. 6 дугуйг элэгдтэл нь явсан. Шил толийг нь нэмж хагалсан. Чи өөрөө үүнийгээ хариуцах ёстой шүү дээ. Эдгээр хүмүүс хараагүй юм чинь ингээд биччихвэл болдог юм байна гэж бодоод бичээд байх шиг байна. Хүний машин мөргөсөн төлбөрөө чи энэ машинаар л явж төлсөн шүү дээ. Миний хувьд бол гомдолтой байна. Үнэн зөв шүүж өгнө үү гэж хүсч байна. 6, 7 сарын хугацаанд юу хийж байсан юм бэ гэж байна. Үнэндээ юу ч хийгээгүй. Машин эвдрээд хашаанд л хэвтэж байсан. Хүний машин мөргөсөн нь чамд хамаагүй гэж ярьж байна. Чи эхэлж миний машиныг эвдээгүй бол би чамд машинаа өгөхгүй байсан. Чи яагаад миний зөвшөөрөлгүй айлын хашаанаас машин авч гарсан юм бэ? зүгээр үзэж харна гэж байсан хүн унаад явчихсан. 2 машины завсар хийсэн хүн байж байгаад алаад хаячихсан байсан бол яах юм бэ? чи бид 2 хэрэлдээд байх шаардлага байхгүй. Тэр хавиар байсан хүн бүгд хэлж байсан. Ёстой баллах гэж байлаа. Яаж хүн амьтан завсар нь байгаагүй юм бэ? гэж хэлж байсан. Хүний машин эвдчихээд надад хамаагүй гээд байж болохгүй шүү дээ. Нүүр шинээр авч тавьсан гээд худлаа яриад байна. Чи юу авч тавьсан юм бэ? хойд талын 4 дугуйг юу ч үгүй халзан болгосон байсан. 6 сарын хугацаанд чи надад сар бүр төлөх мөнгөнийхөө талын талыг ч өгөөгүй. Өөрсдөө зөвшөөрч наймаа хийчихээд сүүлд нь ингэж хүнийг гүтгэж янз бүрээр хэлж болохгүй. Би хэрвээ тэр үед машинаа эвдүүлчихсэн гомдолтой гээд явсан бол чи яах байсан юм бэ? 3 дахь хүнд зарсан гээд байна. 3 хүнд өгөөгүй. Чи машиныг нь мөргөсөн Үнэнбатад л байгаа шүү дээ. 2 шар машин байхаар нь зүгээр байлгаж байхаар гэж бодоод хооронд нь сэлбээд засуулсан. 10 гаруй сая төгрөгөөр засаад 2 шар машин ажилд явахад бэлэн зогсож байгаа. 3 хүнд зараагүй. Үнэнбат өөрөө 2 машин сэлбээд босгоод өөрийнх нь нэр дээр шилжүүлээд өгсөн. Өмгөөлөгч өөрөө хүлээн зөвшөөрсөн гээд байна. Өмнөх тайлбар дээрээ огт тийм зүйл хэлээгүй. Би тэгж зөвшөөрөөгүй. Тэр 4.000.000 төгрөг миний машиныг хөдөлгөж байж олж өгсөн мөнгө. Хүнд 2.000.000 төгрөг өгчихөөд 4.000.000 төгрөг нэмж авдаг бол хүн болгон л тэгж авахыг бодно. Машинаа эвдүүлчихсэн учраас 2.500.000 төгрөгнөөс 1.250.000 төгрөгийг л өгье гэж бодож хэлсэн юм. Байнга шүүхээр ирээд байхаар хэцүү байна. Сая хүртэл бараагаа буулгаж байгаад л ирлээ. Би улсад олон татвар төлдөг учраас ажлаа хийж байхгүй бол өөр орлого байхгүй. Чи бол татвар төлж үзээгүй л байх. Энэ хүний хэлсэн ярьсан болгон худлаа. Олонмөнх өмгөөлөгч та яг энэ хүний л зөв гэж бодож байгаа бол яахав. Та хараагүй учраас тэгж л бодно. Би энэ хүнийг хохироосон байсан бол заавал шүүх гэхгүй өгчихөж чадна. Даанч энэ хүн намайг хохироосон болохоор би гомдоод байгаа юм. Хашаа газраа өгчихье л дөө гээд л гуйж байсан. Надад нэгнийхээ хашаа газрыг аваад байх жудаг байхгүй. Манай аавын төрсөн дүүгийн хүүхэд юм билээ. Би огт таньдаггүй байсан юм. Гурвантэс суманд цагдаа хийж байхдаа манайхаар орж гараад л байсан юм. 300.000 төгрөгийн тооцоо цалингаа буухаар өгнө гээд л алга болсон. Би дараа нь ярьж хэлж байгаад за яахав дээ гэж бодоод орхисон. Энэ хүний хэлсэн ярьсан бүхэн үнэн л байх ёстой. Энэ хүн бол тэр хүмүүсийн ачигчаар явдаг юм шиг байгаа юм. Тэр машины эд анги нь эвдэрвэл та авч тавина шүү дээ. Зүгээр нэг жийп машин унасан байгаа биш шүү дээ. Том ачааны тэрэг. Хэдэн тонноор нь ачдаг. Уг нь энэ хүнийг мөнгөтэй болоосой л гэж бодсон юм. Өөрт нь хэрэгтэй гэж бодохдоо л ийм зан гаргасан. Шүүх дээр ингээд л сууж байна. Миний хувьд гомдолтой байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Нгийн Хаан банк ХХК-ийн зарлагын баримтууд, орлогын баримтууд, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн КГ-2032001997 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГ-2032001997 дугаартай барьцааны гэрээний хуулбар, Н.Эын хариу тайлбар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Эын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбарын хуулбар, гэрч Г.Дашдондогийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 5014 дугаартай үнэлгээний тайлангийн хавсралт, тайлан, гэрч Т.Энхбатын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлгийн хуулбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н нь Н.Эт холбогдуулж 6.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н.Эаас 2015 онд 23-28ӨМӨ улсын дугаартай Daewoo-Novus маркийн ачааны автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Д.Н нь Н.Эт дансаар 5.250.000 төгрөг, бэлнээр 1.300.000 төгрөг нийт 6.550.000 төгрөгийг хүлээлгэн өгч, Н.Э нь автомашинаа 2015 оны 11 дүгээр сард эргүүлэн авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгүүдээр нотлогдож талууд энэ талаар маргахгүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч Д.Н нь зарсан автомашинаа буцаан авсан тул Н.Эт хүлээлгэн өгсөн 6.550.000 төгрөгөө эргүүлэн авахаар шаарджээ.
Хариуцагч Н.Э нь “...уг машиныг миний зөвшөөрөлгүй дур мэдэн авч явж Нарантуул захын өргөтгөл рүү орж хүний машин мөргөсөн байсан. Миний машины урд копуд болон нүүр, толь, гупер эвдэрсэн. Ингээд би машинаа эвдүүлсэн тул уг 23-28 ӨМА улсын дугаартай машинаа Д.Нд өгөхөөс өөр аргагүй болсон...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Н.Э нь ачааны автомашиныг худалдан авагч Д.Нгийн өмчлөлд шилжүүлэх, Д.Н нь тохирсон хугацаанд үнийг төлж, ачааны автомашиныг хүлээн авах үүргийг хүлээсэн ба худалдан авагч Д.Н нь автомашины үнийг тохирсон хугацаандаа төлөөгүй учир худалдагч Н.Э нь ачааны автомашиныг буцаан авч гэрээнээс татгалзсан учир нэхэмжлэгч Д.Н нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Н.Э нь “... үнэлгээний компаниар гаргуулсан үнэлгээгээр гэхэд л 2.550.000 төгрөгийн эд анги эвдсэн байсан...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгч Д.Нгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн “ ...машины өргөгчийг зүгээр нэг төмөр байхаар нь тэрийг нь тасдаад дээшээ гардаг юм хийх гэж тасдсан...” гэсэн тайлбар, хариуцагч Н.Эын “ ...миний машиныг унаж яваад хүний машин мөргөсөн байсан...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан хавтаст хэрэгт авагдсан Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн 5014 дугаартай хавсралтаар үнэлсэн: урд гуфер 100.000 төгрөг, гуферын зүүн булан 40.000 төгрөг, урд хуванцар хар нүүр 120.000 төгрөг, урд сөхөгддөг нүүр 110.000 төгрөг, зүүн урд хаалганы босоо нарны шил 150.000 төгрөг, баруун хойд доороосоо 3 дахь нум 25000, баруун урд суудлын бүрээс 25000, 1 тонны өргөгч 600.000 төгрөг нийт 1.170.000 төгрөгийн хохирлыг Д.Н нь учруулсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нийт 5.380.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Нгийн Хаан банк ХХК-ийн зарлагын баримтууд, орлогын баримтууд, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн КГ-2032001997 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГ-2032001997 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрч Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 5014 дугаартай үнэлгээний тайлангийн хавсралт, тайлан, гэрч Т.Энхбатын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлгийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай, гэрч Г.Дашдондогийн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Эаас 5.380.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1.170.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 119.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эаас 101.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР