| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0338/и |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум *******д ошин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Л.М, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.О миний бие нь 2001 оноос Л.Мтой хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Ийнхүү Л.Мтой хамт амьдрах хугацаанд буюу 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин нар маань төрсөн бөгөөд хамт амьдарч эхлээд 5 жил гаруй хугацаа өнгөрснөөс хойш буюу 2010 оны 12 дугаар сард анх намайг нөхөр маань зодож үүнээс хойш архи уух болгондоо л хардаж, хэрүүл маргаан хийн гар хүрч зодох болсон. Ингээд би 2013 оны 06 дугаар сараас ингэж зодуулж амьдарч чадахгүй тусдаа амьдарна гээд бид 2 тусдаа амьдараад 2 сар гаруй болж байхад Л.М нь дахиж зодохгүй сайхан амьдрана гээд гуйгаад ирэхээр нь эвлэрээд удаагүй байхад дахин намайг зодсон. Ингээд би салж нийлэн амьдарсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр надад гар хүрч хүүхдүүд рүүгээ согтуу дайрч загнан дарамталж цагдаагийн газар мэдэгдэхэд цагдаагийн газраас холбогдох арга хэмжээг нь авсан болно. Миний бие одоо дахин Л.Мод дарамтлуулж, зодуулан хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Л.М хэлсэн үгэндээ хүрч байгаагүй. Дандаа намайг хуурсан. Би олон жил итгэж найдаад араас нь хөөцөлдөж явж байсан. Тэглээ гээд намайг элдвээр хэлж доромжилж дээрэлхдэг. Дандаа л миний сэтгэлд хар бараан зүйл үлдээж, намайг миний 2 охиныг доромжилж дээрэлхэнэ гэж бодоод эвлэрэхгүй байгаа. Заримдаа согтуу манай 2 охиноос ээж нь хэр их орой ирж байна. Хүн хүргэж ирж байна уу гээд асуудаг хүнтэй би эвлэрч хамт байж чадахгүй. 3 сарын хугацаанд 2 удаа согтуу ирсэн. Эхний удаа за яахав гээд дуугүй өнгөрөөсөн. Дараа нь дүүтэйгээ манай ажил дээр ирж намайг ална хядна, янхан хүүхэн гээд доромжилж дараа нь гараад ир гээд чирж гараад ах дүү нарын хооронд гай болоод алуулах гээ юу чи гээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ирж чи надтай эвлэрэхгүй юм бол зайл надад салах гэж байгаа юм бол энэ Өмнөговиос яваач гэж хэл амаар доромжилсон. Би энэ хүнийг дотор нь орсон юм шиг мэддэг учраас эвлэрэх шаардлагагүй гэж үзэж байна. Том охин 13 настай, бага охин 9 настай. Хүүхдүүд над дээр байдаг. Миний бие эрхэлсэн ажилтай гэв.
Хариуцагч Л.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Ог зодож дарамталсан зүйл байхгүй. Гэр бүлийн маргаан гардаг байсан. Үүндээ бид хоёр алдаа дутагдалтай гэж үзэж байна. Би архичин хүн биш. Багаасаа архи, тамхи хэрэглээгүй 30 жил амьдарч байна. Энэхүү нэхэмжлэлдээ намайг алдаж явсныг маань бичсэн байна. Т.О бид нар нь гэрлэлээ цуцлуулах, хүүхдүүдээ өнчрүүлэх ямар ч тохиолдол гараагүй. Миний бодлоор тэр хүн бас адилхан дарамт үзүүлж явснаа тэр хүн өөрөө мэдэж байгаа. Энэ хүний хийсэн сүүлчийн алдаа нь надад баримттайгаа байгаа. 2010 оны 05 дугаар сард Т.О нь ажилд орж нөхөр сүүдэргүй охид хүүхнүүдтэй нийлж архи ихээр хэрэглэж гэр орноо хаяж явдаг байсан. 2006 оны 04 дүгээр сард ажлынх нь газрын хүний алтан гадасны цайллага болж түүнийг хүн хүргэж өгсөн. Тэр үед бид түр салсан байсан. Үл таних 22-23 орчим насны залуутай ирсэн байсан. Тэр хоёрыг хэзээнээс үерхсэн болохыг мэдэхгүй. Миний хоёр охин одоо өсвөр насны хүүхдүүд билээ. Би цагдаагийн газраар арга хэмжээ авахуулахдаа сургалтанд сурч алдаагаа ухамсарласан. Одоо миний бие алдсан гэр бүлээ элэг бүтэн авч үлдэх болно гэжээ.
Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 удаа очиж эвлэрэх талаар ярилцах гэж хичээсэн. Т.О зөвшөөрөөгүй. Сүүлдээ би гэртээ очихоос айдаг болсон. Хэд хэдэн удаа буруу хэрэг хийж ах, эгч, ээж нарыг нь гомдоож байсан болохоор очиж уулзаж чадаагүй. Эвлэрүүлэн зуучлагч дээр ирээд уулзах гэхээр уулзалгүй шууд явчихдаг байсан. 3 сарын хугацаанд огт уулзалдаагүй Би 2 хүүхдээ тэгж явуулаагүй. Сүүлийн үед энэ хүн утас бариулахгүй байгаа юм шиг байна лээ. Ааваасаа мөнгө төгрөг авч болохгүй гэж хэлсэн юм шиг байна лээ. Өөрөө ч гэсэн тэгж яваад ирлээ, хүүхдээ тэнд орхисон очоод аваарай гэж хэлдэг шүү дээ. Буруу юм хийсэн гэдгээ мэдэж байгаа. Нэг очиход юм үнэртүүлсэн байсан. Ямар байдалтай байсныг энэ хүн өөрөө мэдэж байгаа байх гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Т.Огийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 072/000801 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, М.Оюун-Эрдэнийн 0146835 дугаартай төрсний гэрчилгэний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн *******, нарын эрүүл бойжиж буй тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэвэрийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Л.Мын хариу тайлбар, *******, нарын саналыг асуусан тухай тэмдэглэл, эвлэрүүлсэн зуучлах ажиллагаа явуулж, дуусгавар болгосон тухай баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь Л.Мод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Т.О, Л.М нар нь 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 072/000801 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар болон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан зохигчдын дундаас 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин нарыг төрүүлсэн эх Т.Огийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
“Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхдүүд *******, нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.
Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ Энэ хүнээс салж л байвал хүүхдийн тэтгэлэг тогтоолгоод байх шаардлага байхгүй. Ажил төрөлтэй болсон хойноо хүүхдээ харж хандана биз” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Л.М нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Л.Моос тэтгэлэг гаргуулан охин *******, нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.О нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төлсөн болно.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд зохигчдын дундаас 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Л.Мт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг үнийн дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын дундаас 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн нарыг төрүүлсэн эх Т.Огийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-оос 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн *******, 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Л.Моос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Л.М, Т.О нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.
6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин *******, нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Л.Мод даалгаж, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Т.Од даалгасугай.
7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Моос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Од олгож, 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР