Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Я.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.*******т холбогдох 2223000000013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эхнэр хүүхдүүдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум Товцог баг ******* хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Я.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сум багийн нутаг дэвсгэр “” гэх газраас нэн ховор ургамал болох 104.7 килограмм хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 10.564.230 /Арван сая таван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийн шууд хохирол учруулсан, уг зөвшөөрөлгүй түүсэн арцыг Завхан аймгийн Алдархаан сумын багийн нутаг дэвсгэрт “” гэх газраас Завхан аймгийн Улиастай сум хүртэл улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Я.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сум багийн нутаг дэвсгэр “” гэх газраас нэн ховор ургамал болох 104.7 килограмм буюу 4 уут хонин арцыг түүсэн, түүсэн арцыг Завхан аймгийн Алдархаан сумын багийн нутаг дэвсгэрт “” гэх газраас Завхан аймгийн Улиастай сум хүртэл улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд: Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ийн “...Манай аймгийн нутаг дэвсгэрт Хонин арц, хуурамч хонин арц гэсэн арц ургадаг бөгөөд тухайн арцнууд нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон байдаг тул иргэн, аж ахуй нэгжүүдэд арц түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгодоггүй юм. Байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгчийг арц түүж байсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч У.ийн “Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Мустанг маркийн цэнхэр өнгийн мотоциклтойгоо ганцаараа арц түүхээр ын ар талаар дээшээ өгсөөд т гэдэг газарт очиход нэг мотоциклтой зүс таних залуу арц түүж байсан. Тэгээд би арцаа түүж байгаад нөгөө залуутай уулзахад Хүрлээ гэдэг гэсэн. Тэгээд Хүрлээ “За хоёулаа хамтарч байгаад нэг машин олоод арцаа аймаг руу оруулах уу” гэхээр нь би “Тэгье” гэсэн. Тэгээд бид хоёр арцаа түүж байгаад орой нь уулнаас буулгаж ирэхэд би нийт 4 шуудай арц түүсэн, Хүрлээ бас 4 шуудай арц түүсэн байсан. Тэгээд бид 2 арцаа замын хажууханд байх жалга руу оруулж хураачихаад хоёулаа мотоциклтойгоо аймаг явж байтал замд 1 залуу таараад “Машинаа суулгачихлаа гаргалцаад өгөөч” гэхээр нь машин дээр нь очоод машиныг нь түлхэж шаварнаас гаргасан. Тэгээд нөгөө залуугаас хаашаа явж байгааг нь асуухад аймаг явж байна гэхээр нь Хүрлээ бид хоёр ярилцаж байгаад тэр залуугаас “Бид 2 адуугаа дэлэлсэн юм. Энэ дээр хэдэн шуудай адууны дэл сүүл байгаа чи аймаг орох юм бол машин дээрээ ачаад оруулаад өгөөч” гэхэд тэр залуу “Тэгье” гэсэн. Тэгээд Хүрлээ бид хоёр зам зааж өгөөд арц хураасан газартаа очоод арцаа тэр залуугийн машин дээр нь ачсан... Арц түүж бэлтгэх зөвшөөрөл байхгүй. ...Арц түүж бэлтгэх нь хориотой тул тэр залуу арц гэж мэдэх юм бол аймаг руу ачиж оруулж өгөхөөс татгалзах байх гэж бодоод худлаа хэлсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Арцыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “2021 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 30 минутын орчимд ...өөрийн эзэмшлийн улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ машины сэлбэг хүргэж өгөх гээд баг өгсөөд “Ховлын ам” гэдэг газарт сэлбэгийг нь хүргэж өгчихөөд буцаад руу уруудаж явж байгаад машинаа шаварт суулгачихсан. ...ганцаараа машинаа гаргаж чадахгүй болохоор нь гар утасны сүлжээ хайгаад хажуу талын уул руу өгсөж байтал хоёр мотоциклийн гэрэл гараад ирж байхаар нь замыг нь тосож уулзахад танихгүй хоёр залуу явж байсан. Тэгээд “Машин суучихлаа түлхээд өгөөч” гэж гуйхад тэр хоёр залуу “Тэгье тэгье” гээд хамтдаа миний машин дээр очсон тэгээд тэр хоёр залуутай хамжиж байгаад машинаа шаварнаас гаргасан. Тэгтэл тэр хоёр залуу намайг “Хаашаа явж байгаа юм бэ?” гэхээр нь би “Аймаг орох гээд явж байна” гэхэд тэгвэл “Чи хэдэн шуудай адууны дэл, сүүл ачаад явчихаач бид хоёр адуугаа дэллээд энэ дээр шуудайнд хийгээд тавьчихсан байгаа мотоцикл дээр ганзагалах гэхээр болохгүй байна, хаячихаад явахаар өнөө шөнө алга болчих байх гээд” гуйгаад байхаар нь “Тэгье тэгье” гэхэд нөгөө хоёр залуу мотоциклтойгоо намайг дагуулж миний машин суусан газраас жаахан дээшээ яваад уулын аманд очиж зогсоод тэр хоёр залуу нэг жалганаас нийт 8 шуудайтай зүйл гаргаж ирээд миний машин дээр өөрсдөө ачсан. Би тэр шуудайтай зүйлийг нь машинаасаа бууж үзэлгүй тэр 2 дор нь шидээд аччихсан. Тэгээд тэр хоёр залуу бид хоёр чамаас түрүүлээд аймаг ороод хүлээж байя гэж хэлээд мотоциклтойгоо яваад өгсөн. Би араас нь явсаар байгаад аймаг ороод иртэл нөгөө 2 залуу байгаагүй. Намайг яг аймаг орж ирэх үед цагдаа ирж шалгаад та арц тээвэрлэж байна гэхээр нь би машинаасаа бууж үзтэл тэр 2 залуу арц түүсэн байсан... улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.ын “Манайх 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүнд мөнгө өгөх өртэй байсан юм. Нөхөр бид хоёрт мөнгө олдохгүй байсан тул миний нөхөр Я.******* нь 2021 оны 10 дугаар сарын 01- ний өдөр арц түүж худалдаж мөнгө олно гээд өглөө эрт ганцаараа шуудай ганзагалаад хайчаа аваад явсан. Тэгээд нилээн орой ирээд цагдаад баригдчихлаа гэсэн юм. Би нөхрөө яг хэдэн шуудай ямар арцыг хаанаас хэрхэн түүсэн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Я.*******ын үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба нэн ховор ургамал болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай “4 ширхэг шуудай 104.7 кг арц нь Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хонин арц 4 шуудай 104.7 кг арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад зааснаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, ГовьАлтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад зааснаар 1 килограмм нь 100.900 төгрөг ба хураагдсан 104.7 килограмм нь 10.564.230 төгрөг болно” гэсэн дүгнэлтээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, арц тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгчийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арц түүсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Я.*******ын хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүж тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Я.******* нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүсэн тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 10.564.230 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэж зааснаар 10.564.230х5=52.821.150 /Тавин хоёр сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 52.821.150 төгрөгийг шүүгдэгч Я.*******аас гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Я.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 01 жил 06 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгчийн хонин арц түүж тээвэрлэхдээ ашигласан улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нь түүсэн арцаа гэрч Б.ийн өмчлөлийн улсын дугаартай хөх өнгийн Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр арц тээвэрлэсэн ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийн учир үнийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Дээрх тээврийн хэрэгсэл нь 4000000 төгрөгөөр үнэлэгдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4 уут хонин арцыг улсын орлого болгож, Я.******* нь арц тээвэрлэхдээ гэрч У.той хамтарч тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба шүүх тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн буюу 2000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч Я.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил /06/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Я.*******ын дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Я.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Я.*******т 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 уут хонин арц, арцыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 2000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого тус тус болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгчээс 52.821.150 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. Шүүгдэгч Я.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА