Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/215

 

 

 

 

                             2021/ШЦТ/215

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Т.Жа  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Тын Жад холбогдох 2112000000141 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймгийн ................. ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Тын Жа/РД:АО.........../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Архангай аймгийн Цэнхэр сумын Т багийн засаг дарга ажилтай Т.Жа нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар болох Халзангийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2 м урттай, 17 ширхэг, 1.931 м куб хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 43-73 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 325.672 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000141 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн:

“...Би хэрэгт байгууллагаа төлөөлүүлэн оролцож байна. Гомдол санал гэх зүйл байхгүй, харин ойн санд учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Уг газраас мод бэлтгээд экологи, эдийн засгийн үнэлгээ 325.672 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн гурав дахин нэмэгдүүлнэ гэж заасны дагуу 325.672 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, нийт 977.016 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 112-113 дугаар тал/

 

          *Гэрч Л.Бгийн өгсөн:

           “...Би 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай найз Т.Жа Цэнхэр сумын Орхон баг руу цуг яваад манай мал дээр очоод мал хөнгөлөөдөхье гэхээр нь тэгье гээд хамт явсан. Тэгээд Цэнхэр сумын Орхон багт очоод Т.Жын хадам аав Пүрэвээгийнд очоод Т.Жа маргааш мал хөнгөлөх юм чинь болохгүй байх ирсэн дээрээ хадмын зуслангийнх нь модыг бэлдээд өгье гэхээр нь би нялх хүүхэдтэй гээд хамт яваагүй. Тэгээд Т.Жа хөрөө аваад мод руу орно гээд өгсөөд явсан яг хаанаас хийсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь малаа хөнгөлчхөөд буцах  гэтэл цас ороод зам хэцүү болчхоод Т.Жын машин хий эргээд явахгүй болохоор нь Т.Жын бэлдсэн байсан модон дээр очоод хүндрүүлээд хэдэн мод тавиад явсан. Тэгээд явж байтал Орхон багийн өлийн даваа гэх газраар машин нь гараагүй бид 2 тэндээ хоночихоод 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр даваагаад гараад Цэнхэр сумын төв рүү орж иртэл цагдаа зосоогоод Т.Жын мод ачсан машиныг саатуулсан. Бид 2 анхнаасаа явахдаа мод бэлтгэх зорилгогүй мал хөнглөхөөр явсан. Тэгтэл Т.Жа хадмындаа очсон дээрээ галын түлээг нь бэлдээд өгчихье гээд модонд явсан. Би модонд хамт яваагүй үлдсэн мод бэлтгэх эрхийн бичиг байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Т.Жа тэр талаар надад юм яриагүй. Т.Жа өөрийнхөө Пронтер маркийн тээврийн хэрэгслээр явсан. 10 гаран мод л ачсан байх би тоолж үзээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

          

          *Гэрч Ч.Згийн өгсөн:

           “...Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Цэнхэр сумын Орхон багийн Хүйтний ам гэх газар гэртээ байж байтал 11 цагийн үед Т.Жа гэх залуу Пронтер маркийн тээврийн хэрэгслээр мод аччихсан манай урдуур гарахаар нь зогсох юм болов уу гэж бодоод гэрийнхээ гадна зогсож байтал шууд яваад өгсөн. Тэгэхээр нь сумын экологийн байцаагч руу 80224055 дугаараас залгаж Т.Жа гэх залуу тусгай хамгаалалттай газраас хууль бусаар мод тээвэрлээд явчихлаа гэж мэдэгдсэн. Манай гэр машин замтай ойрхон хажууд нь байдаг. Т.Жа өөрөө машинаа барьчихсан явж байсан. Машиных нь улсын дугаарыг анзаарч хараагүй. Эх тээлийн үзүүр гэх газраас Суварга хайрхан уул болон Жонгорт даваа хүртэл тусгай хамгаалалттай газар ордог. Тухайн үед яг хаанаас бэлтгээд явж байсныг нь мэдэхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгаас Тээлийн гол уруудааж явсан. Машины өндөрлөгөөтэй жацуу мод ачсан байсан тоо ширхэгийг нь мэдэхгүй байна. Халзангийн даваа нь тусгай хамгаалалттай газар ордог. Миний хариуцсан газар мөн. Цэнхэр сумын Орхон багийн Шийртийн ам гэх газар постонд үүрэг гүйцэтгэж байгаа тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Алтантөрд мэдэгдээд 86756375 дугаарын утас руу ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/

 

            *Гэрч С.Пгийн өгсөн:

            “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай хүргэн Т.Жа нь мал хөнгөлөхөөр Цэнхэр сумын Т багаас Орхон багийн Цагдуулт гэх газар манайд найз Бгийн хамт ирсэн. Тэгээд орой 20 цагийн үед мал хөнгөлөхөөсөө өмнө зуны түлшийг чинь бэлдээд өгье гээд мод бэлтгэхээр Халзангийн даваа руу явсан. Тэгээд 23 цагийн үед ирж хоноод маргааш нь малаа хөнгөлчхөөд буцах гэтэл цас ороод машин нь явахгүй, зам хэцүү болохоор нь зуслан дээр буулгах гэж байсан модыг нь хүндрүүлж ачаа болгоод ачаад яв гээд хэлчихсэн. Тэгээд манай хүргэн Т.Жа бэлтгэсэн байсан 10-д модоо ачаад явсан. Т.Жа мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Цуг ирсэн найз Б нь жаахан хүүхэдтэй гээд хамт яваагүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/

 

 

            *Яллагдагч Т.Жын өгсөн:

            “...Би 2021 оны 05 дугаар сарын 20-ны Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Цардуулт гэх газар хадам аав болох Пүрэвээгийнд өөрийн эзэмшлийн Портер маркийн 43-73 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр малаа хөнгөлөх гэж явсан. Тэгээд очсон оройноо аавын зуслангийн түлээг бэлдээд ганцаараа Халзангийн даваа гэх газарт хуурай 2 ширхэг босоо мод унагаад тэндээсээ 2 метр орчим урттай тайрсан, тэгээд 10 гаран ширхэг мод болоод машин дээрээ ачаад хадам аавынхаа зуслангийн гадаа буулгасан. Тэгээд маргааш өдөр нь малаа хөнгөлөөд хоносон. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр их хэмжээний цас орсон байсан бөгөөд явах гэсэн боловч машин хий эргээд аавынхаа зуслан дээр буулгасан модыг бүгдийг нь ачаад хөдөлсөн. Тэгээд замдаа машин цасанд хий эргээд 1 хоноод сумын төвийн урд хэсэгт цагдаатай таараад мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн байна гээд машиныг модтой хамт авч явсан. Би уг модыг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Халзангийн даваа гэх газраас ганцаараа цахилгаан хөрөө ашиглаж 2 ширхэг босоо, хуурай мод хөрөөдөж унагааж өөрийн эзэмшлийн 43-73 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж хадам аавын зуслангийн газарт буулгасан. Тухайн модыг 2 мщтр орчим урттай тайрсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Халзангийн даваа гэх газрын улсын тусгай хамгаалалттай газар байсан гэдгийг мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдсэн. Би мод бэлтгэхдээ гоожин авдаг гэдгийг сайн мэднэ. Би тухайн үед мод бэлтгэх зорилго байхгүй байсан бөгөөд хадам аавынх зусландаа удахгүй бууна модгүй галын түлээгүй байсан болохоор очсон дээрээ мод буулгаад өгье гэж бодож мод бэлтгэж, тээвэрлэсэн. Хадам аавдаа туслах зорилготой байсан. 43-73 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа. Би 2015 онд худалдан авч байсан юм. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Т багийн засаг даргаар 2013 оноос хойш ажиллаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Т багийн иргэдээс 2 удаа сонгогдон ажиллаж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-57 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн”...1.931 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Нэгдүгээр муж/бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ шууд бус үр ашгийн 73.907₮, шууд бус үр ашгийн-94748₮, нийт 168.655₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу /түлээ хуурай/ -1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 325.672₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 16 дугаар тал/

 

           *Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, зэргийн үзүүлэлт/хх-ийн 2-7 дугаар тал/

           *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 33-35, 129-134 дүгээр тал/

           *Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай албан бичиг, түүний хавсралт, мөн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай албан бичиг/хх-ийн 61-65, 136-137 дугаар тал/

           *Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/171 дугаартай албан бичиг, түүний хавсралт/хх-ийн 67-68 дугаар тал/

 

           *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар болох Халзангийн даваа гэх газраас шүүгдэгч Т.Жа нь Архангай аймгийн Цэнхэр сумын Т багийн засаг даргаар ажиллаж байхдаа зөвшөөрөлгүйгээр ойд 2 м урттай, 17 ширхэг, 1.931 м куб хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 43-73 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 325.672 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Жа үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Д.Бийн”...Уг газраас мод бэлтгээд экологи, эдийн засгийн үнэлгээ 325.672 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн гурав дахин нэмэгдүүлнэ гэж заасны дагуу 325.672 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, нийт 977.016 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бгийн”...Т.Жа маргааш мал хөнгөлөх юм чинь болохгүй байх ирсэн дээрээ хадмын зуслангийнх нь модыг бэлдээд өгье гэхээр нь би нялх хүүхэдтэй гээд хамт яваагүй. Тэгээд Т.Жа хөрөө аваад мод руу орно гээд өгсөөд явсан яг хаанаас хийсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь малаа хөнгөлчхөөд буцах  гэтэл цас ороод зам хэцүү болчхоод Т.Жын машин хий эргээд явахгүй болохоор нь Т.Жын бэлдсэн байсан модон дээр очоод хүндрүүлээд хэдэн мод тавиад явсан. Тэгээд явж байтал Орхон багийн өлийн даваа гэх газраар машин нь гараагүй бид 2 тэндээ хоночихоод 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр даваагаад гараад Цэнхэр сумын төв рүү орж иртэл цагдаа зосоогоод Т.Жын мод ачсан машиныг саатуулсан. Бид 2 анхнаасаа явахдаа мод бэлтгэх зорилгогүй мал хөнглөхөөр явсан. Тэгтэл Т.Жа хадмындаа очсон дээрээ галын түлээг нь бэлдээд өгчихье гээд модонд явсан. Би модонд хамт яваагүй үлдсэн мод бэлтгэх эрхийн бичиг байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Т.Жа тэр талаар надад юм яриагүй. Т.Жа өөрийнхөө Пронтер маркийн тээврийн хэрэгслээр явсан. 10 гаран мод л ачсан байх би тоолж үзээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Згийн”...Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Цэнхэр сумын Орхон багийн Хүйтний ам гэх газар гэртээ байж байтал 11 цагийн үед Т.Жа гэх залуу Пронтер маркийн тээврийн хэрэгслээр мод аччихсан манай урдуур гарахаар нь зогсох юм болов уу гэж бодоод гэрийнхээ гадна зогсож байтал шууд яваад өгсөн. Тэгэхээр нь сумын экологийн байцаагч руу 80224055 дугаараас залгаж Т.Жа гэх залуу тусгай хамгаалалттай газраас хууль бусаар мод тээвэрлээд явчихлаа гэж мэдэгдсэн. Манай гэр машин замтай ойрхон хажууд нь байдаг. Т.Жа өөрөө машинаа барьчихсан явж байсан. Машиных нь улсын дугаарыг анзаарч хараагүй. Эх тээлийн үзүүр гэх газраас Суварга хайрхан уул болон Жонгорт даваа хүртэл тусгай хамгаалалттай газар ордог...” гэх мэдүүлэг, гэрч С.Пгийн”...Тэгээд орой 20 цагийн үед мал хөнгөлөхөөсөө өмнө зуны түлшийг чинь бэлдээд өгье гээд мод бэлтгэхээр Халзангийн даваа руу явсан. Тэгээд 23 цагийн үед ирж хоноод маргааш нь малаа хөнгөлчхөөд буцах гэтэл цас ороод машин нь явахгүй, зам хэцүү болохоор нь зуслан дээр буулгах гэж байсан модыг нь хүндрүүлж ачаа болгоод ачаад яв гээд хэлчихсэн. Тэгээд манай хүргэн Т.Жа бэлтгэсэн байсан 10-д модоо ачаад явсан. Т.Жа мод бэлтгэхдээ ганцаараа явсан...” гэх мэдүүлэг, тухайн мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын албан бичиг, Архангай аймгийн Засаг даргын албан бичиг,  гэмт хэргийн улмаас байгаль орчинд 325.672 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Жанжанбямбын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Жын төрийн албанд ажиллаж байхдаа улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар багийн засаг дарга нь төрийн албан хаагч мөн байна.

Иймд шүүгдэгч Т.Жыг төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /325.672*3=977.016/есөн зуун далан долоон мянга арван зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 977.016 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Иймд хэрэгт битүүмжлэгдсэн 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 43-73 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох  977.016/есөн зуун далан долоон мянга арван зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.022.984 төгрөг,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 30.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 93.500 төгрөгийн үнэлгээ бүхий 17 ширхэг, 1.931 метр куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Жа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Жа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Жинчид овогт Тын Жыг төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа, улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жад хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жа нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Т.Жад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жаас 977.016 /есөн зуун далан долоон мянга арван зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 43-73 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох  977.016/есөн зуун далан долоон мянга арван зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.022.984/нэг сая хорин хоёр мянга есөн зуун наян дөрөв/  төгрөг,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 30.000/гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 93.500/ерэн гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 17 ширхэг, 1.931 метр куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

 

8. Шүүгдэгч Т.Жа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР