| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0110/Э |
| Дугаар | ШЦТ/2021/116 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар ШЦТ/2021/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч З.У, З.Шүрэнчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Иргэдийн төлөөлөгч Ц.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дд холбогдох 2122000000125 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............-ны өдөр .................төрсөн, .............., тусгай дунд боловсролтой, ................... мэргэжилтэй, малчин, ам бүл ................. тоотод оршин суух, Н овогт Ж Д гэв. РД:/ЗГ84050614/
Шүүгдэгч Ж.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг, Чингийн 8-13 тоот хашаанд өөрийн төрсөн ах Ж.Чцээжин тус газарт ногоон өнгийн иштэй атвёркоор хатгаж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Ж.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр их согтуу байсан. Гэртээ байж байхад бүрлээч ах маань гэрээсээ гарч байсан. Яагаад хашигчаад байгаа юм бэ гээд намайг ганц нэг цохисон байх. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Дүү С та ахыг шаачихлаа шүү дээ гэж хэлснийг санаж байна, өөр зүйл санахгүй байна.” гэв.
- Яллагдагч Ж.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би өнөөдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө мэдэж байгаа зүйлээ бүгдийг нь ярьсан өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Ногоон иштэй атвёрк бас шар иштэй атвёрк байдаг. Чихрийн төмөр хайрцагт орон доогуур байдаг.” гэх мэдүүлэг /хх-133/
- Сэжигтэн Ж.Дийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн ” Би 2021 оны 08 сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас ирж яваад Баянжаргалан сумаас баруун хойд зүгт байдаг бригад дээр 11 цагийн үед Утай таарсан. Би мотоцикл дээр хуц ганзагалсан явж байсан. У машинтай Гурвансайхан сум явж байсан болохоор машин дээр нь мотоцикл хуц хоёроо ачаад явсан. Тэр уулзсан газарт У хараа нэртэй 0.5 литрийн архи гаргаад бид хоёр талыг нь хувааж уусан. Тэгээд сумаас зүүн талд 30 километрт байх Ухаа гэх газарт үлдсэн тал архийг бид хоёр хувааж уусан. Замдаа Цахынд хуцаа буулгаад сумын төвд орж ирээд мотоциклоо айлын хашаанд орхисон. Дараа нь сумын төвөөс нэг шил 0.5 литрийн хараа нэртэй архи аваад сумын зүүн үзүүрт очоод архиа задалж гурван удаа аяганд хийж уусан. Үлдсэн архиа У аваад явсан. Тэгээд би явган алхаж сумын төв дээр ирээд Ц ах руу утсаар ярихад эмнэлгийн баруун талд шавар хийж байна гэхээр нь тэнд очсон. Очиход Ц, О хоёр байж байхаар нь би ганц шил архи уух уу гээд дэлгүүр явж 0.5 литрийн хараа нэртэй архи авчирсан. Тэгээд тэр архиа ууж сууж байгаад тасарсан, архиа дууссан үгүйг мэдэхгүй, нэг мэдэхэд гэрийн гадаа хашааны үүдэнд машинд гавлуулсан байсан. Би тэр өдөр хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан талаараа санахгүй байна. Би өөрийн биед учирсан гэмтлийг хэрхэн учирсан, хэн учруулсан талаар мэдэхгүй байна. Ц, О хоёртой архи ууж байхад зүгээр байсан. Би тэр өдөр талийгаачтай хэрэлдэж, муудалцсан талаар мэдэхгүй байна. Ц, О хоёртой архи ууж байснаа санаж байна, түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх129-130/
- Иргэдийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болж төрсөн ахынхаа аминд хүрсэн учир, би иргэн хүнийхээ хувьд гэм буруутай гэж үзэж байна.” гэжээ.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаачийн эхнэр нь юм. Бид хоёр суугаад 20 жил болж байна. Бид 2 албан ёсоор гэрлэсэн гурван охинтой. Ж.Д миний нөхрийн төрсөн дүү нь байгаа юм. Манай нөхөр Ч2021 оны 08 сарын 29-ний өдөр 13 цагийн үед манай хашаанаас 5 дахь хашаанд байх Оюунбаатарынд Нанзаддорж, Төмөргинж, Лууяа, бас нэг танихгүй залуутай хамт блок машин дээрээс буулгасан. Тэгээд би дөхөж байгаа байх гэж бодоод 18 цагийн үед нөхрийн блок буулгаж байсан хашаанд очиход арай дуусаагүй байхаар нь хүлээж байгаад дагуулаад гэртээ харьсан. Гэрт ирсний дараа нөхрийг хоол ид гэсэн чинь идэхгүй, унтлаа гээд хувцсаа тайлаад баруун талын орон дээр унтсан. Би нөхрийнхөө ажилд өмссөн хувцаснуудыг угаагаад байж байхад гадаа хадам ээж аллаа гэж хашхирахаар нь гараад очтол хадам ээж гэрийнхээ гадаа дээшээ хараад хэвтчихсэн Д төмөр хувин барьчихсан байсан. Тэр үед У манайд байсан болохоор гарч очсон. Тэгээд У “яах гэж ээждээ авирлаад байдаг юм бэ, мөрөөрөө ирээд унтчихаж болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Би сумын цагдаа М руу 18 цаг 56 минутад өөрийнхөө 80268882 дугаарын утаснаас залгаж Дийг агсан тавиад байна гэж дуудлага өгчихөөд хадам ээжийг гэрт нь оруулсан. Удаагүй хадам ээжийнхээс гараад ирэхэд Д, У хоёр алга байсан. Хувцас угаагаад байж байхад У орж ирээд Дийг цагдаа дээр үлдээчихээд ирлээ гэж хэлсэн. Нөхрийнхөө хувцсыг угаалгын машинд хийчихээд гэрт ороод фэйсбүүк үзээд байж байхад хадам хөгшний гэрт хүн чанга, чанга хашхираад юм түчигнээд байхаар нь Дийг ирсэн байна гэж дуугаар нь таниад хойд гудамжинд байдаг Уын хашааны үүдэн дээр очоод Д ирээд ахиад агсан тавиад байна гэж хэлсэн. Уын төрсөн дүү С хойд хаалгаар ороод иртэл манай нөхөр дотуур хувцастай дээшээ хараад хэвтчихсэн харин Д болохоор дээр нь суучихсан цээж рүү нь цохиод байгаа харагдсан. Тэгээд С очоод Дийг нөхрийн дээрээс “яагаад байгаа юм бэ” гээд татаад авсан нөхөр босоод ирсэн чинь цээж нь цус болчихсон байхаар нь юу болов оо, та чинь яаж байгаа юм бэ гэж хэлтэл нөхөр юу ч дуугараагүй буцаад саваад арагшаа унахаар нь яаж байна гээд түргэн дуудсан. Тэгсэн түргэн тусламжаар ДашН, Аэмч хоёр ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач архи үнэртүүлсэн байсан, Д бол нэлээн согтуу байсан. Талийгаач блок буулгаж байхдаа архи уусан байх. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэхдээ агсан согтуу тавиад байдаггүй. Д бол юм уухаараа ер нь агсан нөхөр байгаа юм. Талийгаач блок зөөгөөд шууны дотор талд арьс нь зулгарсан, өөр гэмтэл байгаагүй. Гэдсэндээ 2-3 хэсэг газарт улаан тууралттай юм шиг мэнгэтэй. Намайг гэрээс Уыг дуудах гээд гарахад талийгаач орон дээрээ унтаж байсан. Би уг нь огт удаагүй ирэхэд гадаа газарт хэвтчихсэн Д дээр нь суучихсан цээж рүү нь цохиж байсан. Хүнээ үхүүлсэн хүн гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх28-30/
- Гэрч Ц.Уын “Би 2021 оны 08 сарын 29-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад талийгаач ах Чгэрт орсон. Тэгсэн талийгаач баруун талын орон дээрээ унтаж байсан. Гэрт нь чанасан толгой байхаар нь би идээд сууж байсан чинь хүн чанга чанга хашхирсан, би дуугаар нь Д ахыг байна гэж таньсан. Тэгээд гэрээс гараад очтол эмээг унагаачихсан гэрийнх нь үүдээр байсан усыг өшигчөөд агсраад байхаар нь дүү С хамт машинд суулгаад
цагдаагийн байрны гадаа буулгаж өгчихөөд явсан. Би сумын цагдаа
Мид “наад хүнээ битгий явуулаарай” гэж хэлээд явсан. Тэгээд гэртээ хариад гагнуур хийгээд байж байхад талийгаачийн эхнэр А гадаа ирээд “Д ирээд агсам тавиад байна” гэхээр нь дүү Сочоод ир гээд
явуулсан. Тэгсэн хүн хашхирах шиг болохоор нь талийгаачийн хашаанд ороод
очтол талийгаач гэрийнхээ зүүн урд талд дээшээ хараад хэвтсэн, цээж нь цус
болчихсон байсан. Дүү болохоор Дийн хоёр гарыг нь барьчихсан хашхирч орилоод сууж байсан. Талийгаач архи хэрэглэсэн үгүйг мэдэхгүй. Д ах нэлээн согтуу байсан. Би талийгаачийн биед юугаар гэмтэл учруулсныг мэдэхгүй, дүү С хэлэхдээ “Д ахын гарт нь нэг юм байсан, юу байсан талаар мэдэхгүй, гараас нь аваад шидсэн гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /хх35-36/
- Насанд хүрээгүй гэрч Ц.С “Би 2021 оны 08 сарын 29-ны өдөр хөдөөнөөс ирээд Гурвансайхан суманд У ахындаа мотоциклын эд зүйл янзалж байсан. Талийгаачийн эхнэр болох Аэгч хашааны хажууд ирээд “Дийг орилоод байна, агсам тавиад байна хурдан хүрээд ирээ” гэж дуудсан. Тэгээд би гүйгээд очтол зүүн гэрийн зүүн урд талд талийгаач газар дээшээ хараад хэвтчихсэн, дээр нь Д ах гараад суучихсан байхаар нь сандарч очоод Дийг шууд арагш нь татаж түлхэж унагасан. Тэгсэн гарт нэг юм харагдахаар нь гараас нь булааж аваад шидсэн. Гарт нь яг юу байсныг би сайн санахгүй байна. Тэгээд цааш нь болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Сүүлд харж байхад талийгаачийн цээжин дээр цус болсон байгаа харагдсан. Д нэлээн их согтуу байсан. Талийгаач Чимэд-Ойдовыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг би сайн мэдэхгүй байна. Би талийгаач дээр очиж хараагүй зайнаас харж байхад цээж нь цус болсон байгаа харагдсан. Хаана ямар гэмтэл байсныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-39-40/
- Гэрч Т.Г“Намайг 2021 оны 08 сарын 29-ний өдөр Гурвансайхан сумын 5-р баг Чингийн 8-13 тоотод гэртээ байхад 15 цагийн үед хүү Д хөдөөнөөс ирсэн. Ирэхдээ халамцуу орж ирээд жаахан байж байгаад гараад явсан. Тэгсэн 19 цагийн үед байх Д гэрт орж ирээд “чанга, чанга дуугараад миний машин хаана байна” гэхээр нь би хөдөө Ц байгаа ш дээ гэж хэлсэн чинь уурлаад гэрийн гадаа байсан юм аваад шидэхэд нь би хөл муутай болохоор газар унасан. Тэгсэн У ирээд цагдаа руу Дийг аваад явсан. У цагдаа дээр орхичихлоо, ирэхгүй байх гэж хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад хүү Д гэрт орж ирээд “та нар намайг цагдаад өглөө” гээд уурлаад байсан, тэгэхээр нь би намайг байвал улам янз бүр болоод байна гэж бодоод гараад жорлон руу явсан. Би хөл муу болохоор удаан явдаг. Тэгээд жорлон орчихоод гараад ирсэн чинь талийгаачийн гэрийн зүүн урд талд талийгаач газар дээшээ хараад хэвтчихсэн, С Дийг дараад суучихсан “гүрээг нь ханачихлаа ш дээ” гээд С орилоод байсан. Чнэг их цус гарч байгаа харагдаагүй цээжээр нь цус болчихсон байсан. У, А нар бас хажууд нь байсан. Намайг гэрээс гарахад Д гэрт үлдсэн юм. Жорлон орох гээд явсан хойгуур талийгаач хүү Чгэрт ороод авч гарч ирсэн юм байна лээ. Уг нь намайг жорлон руу явж байхад талийгаач гэрийн гадаа байгаа харагдаагүй. Өмнө нь Д ирж агсам тавиад Уыг аваад явахад талийгаач хүү гэртээ унтаж байсан гэж А хэлсэн. Д ер нь бол архи уудаг, заримдаа ирээд надад агсан тавьдаг, заримдаа зүгээр л унтаад өгдөг. Өчигдөр Д нэлээн согтуу, юу болсон юм надад уурлаад байсан, их л догшин байсан. Хэдэн өдөр хөдөөгүүр явж байгаад ирж байгаа юм. Талийгаач хүү бас архи уудаг гэхдээ агсам согтуу тавиад байдаггүй юм. Дийн нүүр царайг анзаарч хараагүй ээ, архи уучихсан ууртай байхаар нь айгаад байсан. 40 литрийн бетон авч шидэх гэж байгаад өөрөө савж унасан. Гэрийн гадуур байсан юм ийш, тийш нь авч шидээд л байсан. Чбиед гэмтэл шарх байсан үгүйг мэдэхгүй ээ. Өчигдөр уг нь талийгаач хүү блок буулгасан, Дтэй уулзалдаагүй юм, хэрэлдэж маргалдсан юм байхгүй. Д, талийгаач хүү Чхоёр архи уусан үедээ маргах гээд байдаг байсан юм. Маргалдаад бие биеэ цохиж зодож байсан юм бол байхгүй ээ. Манай гэрт байдаг атвёрк мөн байна. Би ойр зуурын юманд хэрэглэдэг атвёрк байна. Тэр атвёрк жижиг төмөр чихрийн саванд л гэрийн баруун хойд талд буланд л байж байдаг байсан юм. Д намайг цохиж зодсон асуудал байхгүй, юм авч шидэж байхад нь хөл муутай болохоор газар унасан. Д 1984 оны 05 сарын 06-ны өдөр Гурвансайхан суманд төрсөн айлын бага хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр сумын төвд өссөн. Аравдугаар анги төгсөөд уг нь Хүмүүнлэгийн сургууль авсан боловч орхичихоод ирсэн. Дараа нь хотод темс төгссөн. Тэрнээс хойш хөдөө амьдарч байгаа. Д надтай нэг ам бүлд байдаг боловч хамт амьдардаггүй, хөдөө төрсөн ах Ц байдаг юм. Д гэр бүл зохиогоогүй ээ хүүхэд байхгүй” гэх мэдүүлэг /хх42-44/
- Гэрч Ц.Цын “Намайг 2021.08.29-ний өдөр эмнэлгийн баруун талын хашаанд дүүгийндээ байшинг шавардаж байхад Д утсаар залгаад “хөдөөнөөс саяхан орж ирлээ” гэхээр нь дүүгийнд юм хийж байна гэхэд хүрээд ирсэн. Тэгээд карт аваад архи авах гэж дэлгүүр явсан. Хараа нэртэй 0.5 литрийн архи О, Д ах бид гурав хувааж уусан. Архиа дуусгаад Д холдохгүй гээд гараад явсан. Д ах надтай уулзахдаа юм хэрэглээгүй зүгээр л байх шиг байсан. Бид гурвын хооронд хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-50/
- Гэрч О.А“2021 оны 08 сарын 29-ний өдөр би жижүүр эмч байсан. 2021 оны 08 сарын 29-ний орой 20:05 минутад миний 86998389 дугаар руу 89687444 дугаараас “Д согтуу ирээд Ойдов ахын чинь цээжин хэсэг рүү нь атвёрк зоочихлоо. Цээжнээс нь цус гараад уначихсан огт хөдлөхгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу би Чингийн 8-13 тоот болох хашаанд нь очсон. Очиход гэрийнхээ зүүн урд талд, толгой нь баруун урагшаа, хөл нь зүүн хойшоо харсан байдалтай 2 гараа дэлгээд дээшээ хараад унасан байсан. Цээжин хэсэг дээр нь цус нөжирч урссан байсан. Тэгээд гүрээний лугшилт мэдэрч, хүүхэн хараа гэрлийн урвал харсан, зүрхний цохилт чагнаж, даралт хэмжиж үзэхэд тодорхойлох амин үзүүлэлт байгаагүй, нас барсан байсан. Ар гэрийн хүмүүсээс “ийм байдалд ороод удаж байна уу” гэхэд “удаагүй, дөнгөж саяхан ийм зүйл боллоо” гэж хэлсэн. Надтай хамт их эмч ДашН очиж үзсэн. Их эмч бид 2 битүү цус болсон газраас цусыг арчиж, шарх болсон газрыг хайсан. Намайг дуудлагаар очиход Д гадаа байгаагүй. Цагдаа цаашаа аваад явсан байсан байх. Талийгаачийг гэртээ унтаж байсан гэж эхнэр нь хэлж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг нь мэдээгүй. Д гадаа харагдаагүй тул биед нь гэмтэл шарх байсан талаар мэдэхгүй байна. Талийгаачийн бие дээр цээжинд зүрхэн тус газар нь 1 см орчим зүсэгдсэн шарх байсан, цус шүүрч нөжирсөн байсан, бас зүүн гарын булганы дээд хэсэгт цус гарсан байсан. Гар нь хөх няц болоод хавдсан зүйл байхгүй байсан. Цогцсын ойр хавьд атвёрк байгаагүй. Тэнд байсан хүмүүс гэрийн зүүн талд модон хашааны наана нэг атвёрк байсан гэж ярьцгааж байсан. Би очиж хараад цагдаад нь хүн ойртуулж болохгүй байх шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-55/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 42 тоот “Ж.Чцогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Цээжний зүүн дээд хэсэгт 1, 2-р хавирганы завсраар, өвчүү орчмын шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч гол судасны нум хэсгийг хатгаж, үнхэлцгийн хөндийд орж төгссөн 9 см гүн хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндий дэх сул цус 250 мл, зүрхний чихэлдэлт, цээж, зүүн шуунд язарсан шарх, шуу, бугалга, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зулгарсан болон хатгагдсан шарх нь 3-5х1-2 мм талбай бүхий хэмжээтэй хатуу ирмэг бүхий үзүүртэй 8-10 см урттай нарийн зүйлээр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн гэмтэл байна. Биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан байна. Амь хохирогч нь В(III) бүлгийн цустай байсан байна. Амь хохирогч нь үнхэлцгийн хөндийд цус хурсны улмаас зүрх чихэлдэж нас барсан байна.” гэх дүгнэлт /хх-82-87/
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2021 оны 09 сарын 13-ний өдрийн 703 дугаартай “Ж.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Д нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Д нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Ж.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-102-103/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-6-16/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-17-20/
-Яллагдагч Ж.Дийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/
- Амь хохирогч Ж.Чбиед үүссэн шарх, гэмтлүүд, шинжилгээний явц, байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-88-92/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-142/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-140/
- Эд мөрийн баримт ногоон өнгийн иштэй атвёрк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг, Чингийн 8-13 тоот хашаанд Ж.Чнас барсан үйл явдал болсон, амь хохирогч Ж.Чцогцост “Цээжний зүүн дээд хэсэгт 1, 2-р хавирганы завсраар, өвчүү орчмын шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч гол судасны нум хэсгийг хатгаж, үнхэлцгийн хөндийд орж төгссөн 9 см гүн хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндий дэх сул цус 250 мл, зүрхний чихэлдэлт, цээж, зүүн шуунд язарсан шарх, шуу, бугалга, өвдөгт зулгаралт” гэмтэл учирсан, амь хохирогч нь “үнхэлцгийн хөндийд цус хурсны улмаас зүрх чихэлдэж” нас барсан болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Амь хохирогч Ж.Чцогцост илэрсэн, түүнийг үхэлд хүргэсэн дээрхи гэмтлүүдийг шүүгдэгч Ж.Д нь атвёркоор хатгаж учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Дийн өөрийн төрсөн ах буюу амь хохирогч Ж.Чцээжин тус газар нь атвёркоор хатгаж, түүнийг үхэлд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Дийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Ж.Д гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтад нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагч нар дүгнэлтдээ шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж байгаа боловч шүүгдэгч Ж.Дийн мэдсээр байж, санаатайгаар хүний цээжин тус газар атвёркоор хатгаж амь насыг нь хохироож байгаа шууд санаатай үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамааруулан үзэх боломжгүй юм.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Ж.Дд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нөхцөл шаардлагад “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байхаас гадна “Учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал”-ыг харгалзан үзэхээр заасан байна. Шүүгдэгч Ж.Дийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь амьд явах эрх дахин сэргэх, амь нас хохирсон хор уршиг арилах боломжгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Ж.Дийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан хасаж тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн эд зүйлгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн иштэй атвёрк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхгийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н овогт Ж Дийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Ж Дд 8 /найман/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 8 /найман/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хассугай.
5. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ногоон өнгийн иштэй атвёрк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР
З.ШҮРЭНЧУЛУУН