| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2016/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/217 |
| Огноо | 2021-09-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/217
2021/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Хохирогч: Ж.Х
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ, Т.Оюунчимэг
Шүүгдэгч: А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А Од холбогдох эрүүгийн 2012000440155 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай ................................ суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын 2 шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоолыг биелэлтийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял ногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, тус сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заанаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогтой Аийн О/РД:АМ................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Хохирогч Ж.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 18 тооны адуугаа алдаж одоог хүртэл эрэн сурвалжилж явж байгаа. Тэгсэн н.Н ахаас асуутал сураг гарсан. Айлын хашаанд азаргыг барьж уяад адууг нь туусан байх. Адуутай ганц халиун зүсмийн содон гүү байсан. Түүнийг янзалж өгсөн байсан, би хохирч байна. Би адуугаа хайж 2, 3 жил хайж явсан учраас адуугаа эрж хайсан зардлаа төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг,
* Эрүүгийн 2112000440155 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Хын өгсөн:
“...2018 оны 01 дүгээр сарын 27-ны орой буюу 5 дахь өдөр би адуундаа яваад Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг Ууж гах газраас хээр азаргатай адуугаа олоод Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг Хушт гэх газарт мод руу шахаад орой бүрэнхий тасарч байхад үлдээсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өглөөний 11 цагийн орчимд адуу үлдээсэн газар уруу дурандаад адуу байхгүй байхаар нь очиж хайгаад азаргаар нь олж чадаагүй.2018 оны жилийн эцсээр 20 адуу тоолуулж, түүнээсээ 1 тооны адууг идшиндээ идэж,1 адууг нь гаднаа унаж хэрэглэж байсан ба харин үлдсэн 18 тооны адуугаа бүгдийг хулгайд алдаад одоог хүртэл олж чадахгүй эрэл сурал болж байна.Би өөрийнхөө алдсан адуунуудаа нэг бүрээр нь им тамга, нас, хүйс, им тамга, үнэлж байгаа мөнгө төгрөгөөр нь яривал.
1. Хээр зүсмийн, нас нийлсэн, зөв талын гуяан дээрээ саран тамгатай, дэлтэй, ямар нэгэн содон шинж тэмдэггүй азарга-5 сая төгрөгөөр
2. Бор хээр зүсмийн, нас нийлсэн, ташаан толгой дээрээ 5 тоо тамгатай, гүүн солгойн дэлтэй, содон шинж тэмдэггүй гүү-1.5 сая төгрөгөөр
3. Бор хээр зүсмийн, нас нийлсэн, ташаан толгойн дээрээ 5 тоо тамгатай, хүзүүндээ шар хадагтай, гүү-1.5 сая төгрөгөөр
4. Хонгор зүсмийн, нас нийлсэн, тамгагүй, зөв талын чих нь араасаа босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, гүү-1.5 сая төгрөгөөр
5. Цагаан хонгор зүсмийн, хар голтой, нас нийлсэн, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй, гүү-1.5 сая төгрөгөөр
6. Улаан хонгор зүсмийн, хар голтой нас нийлсэн, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй, гүү-1.5 сая төгрөгөөр
7. Улаан хээр зүсмийн, нас нийлсэн, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, гүү-1.5 сая төгрөгөөр
8. Халиун зүсмийн, соёолон насны, сувиа, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй содон шинж тэмдэггүй, байдсан гүү-1.3 сая төгрөгөөр
9. Бор хээр зүсмийн,соёолон насны,сувиа,тамгагүй,зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, байдсан гүү-1.3 сая төгрөгөөр
10. Сувдан сартай,хээр зүсмийн, соёолон насны,тамгагүй,зөв талын чих нь босоо сүйх имтэй,содон шинж тэмдэггүй, үрээ1.5 сая төгрөгөөр
11. Хээр зүсмийн, соёолон насны, тамгагүй,зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, үрээ-1.5 сая төгрөгөөр
12. Хонгор зүсмийн, нас нийлсэн,тамгагүй,зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, гүү-1.5 сая төгрөгөөр
13. Хээр зүсмийн, нас нийлсэн, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй,гүү-1.5 сая төгрөгөөр
14. Хонгор халзан зүсмийн, тамгагүй, зөв талынх нь чих босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, охин сарвай-1 сая төгрөгөөр
15. Хонгор зүсмийн хар голтой, тамгагүй, зөв талыг чих нь босоо сүйх имтэй,содон шинж тэмдэггүй, охин сарвай-1 сая төгрөгөөр
16. Хонгор зүсмийн хар голтой, тамгагүй,зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, охин сарвай-1 сая төгрөгөөр
17. Хонгор зүсмийн хар голтой, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй,охин сарвай-1 сая төгрөгөөр
18. Хээр зүсмийн, тамгагүй, зөв талын чих нь босоо сүйх имтэй, содон шинж тэмдэггүй, эр сарвай-1 сая төгрөгөөр үнэлнэ.
2019 оны 06 дугаар эхээр шиг санаж байна би Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу баг Давааны гарам гэх газар хонь ялгаж аваад манай нутгийн Нацаг гэж дууддаг ахтай таарцгаасан. Тэгээд би өөрийнхөө адуу алдсан талаар ярихад Нацаг ах надад хандаад би танай адууг хэн хулгай хийсэн талаар мэднэ, чиний хоёр хамрын нүхэнд чинь хулгай хийсэн хүн нь байгаа гэж хэлээд салцгаасан юм.Тэр өдрийнхөө орой нь би Нацаг ахынд очиж түүнийг эхнэр болох Агийнх нь хамт өөрийнхөө гэрт авчирч цай уулгасан тухайн үед Нацаг ах манай адууг хэн хэн хулгай хийсэн талаар дэлгэрэнгүй ярьсан би одоо яг юу ярьсан талаар нь бол сайн санахгүй байна ямар ч л байсан манай нутгийн хоёр залууг хулгай хийж гаргаад Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу баг Баянгол тооройт гэх газрын эхэнд Өвөрхангай аймгийн хэдэн хулгайч нарт аваачиж өгсөн тэгээд Өвөрхангай аймаг Хархорин сумын Усжуулахын хоолой гэх газарт 4-5 хоноод цаашаа Шанхын хийд рүү азаргыг нь унаад тууж яваад тэнд гаргаж янзалсан талаа ярьсан энэ талаар Нацаг гэх хүнээс асуувал мэднэ. Би Нацаг ахыг манайд ярьж байхад нь түүний ярьсан яриаг нууцаар бичлэг хийж авсан түүнийгээ цагдаад өгөх хүсэлтэй байна. Нацаг ахыг би худлаа хэлээд байна гэж бодоод 2019 оны 07 дугаар сарын 10-ны үеэр шиг санаж байна би Өвөрхангай аймаг Хархорин сум Шанх гэх газарт танихгүй айлуудаар явж адуугаа сураглахад манай адуу алга болох үеэр манай 4 тооны сарвай тухайн газар орчмоор амьд явж байсан гэж зүсээр нь бүүр ярьж байсан түүнээс үзэхэд Нацаг ах бол үнэн зүйл ярьсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 6-8 дугаар тал/
* Гэрч Ж.Дийн өгсөн:
“...2018 оны 02 дүгээр сарын сүүлээр 02 дугаар сарын эхээр шиг санагдаж байна ямар ч л байсан цагаан сар дөхөж байсан.Тэгсэн нэг өдөр манай талийгаач дүү болох нь Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг Баянгол гэх газарт нутагладаг Сосго Аийн хүү болох Т гэж дууддаг залуугийн хамт Тулгын мотоциклоор Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг Ногоон Нацаг гэх айл уруу хэвийн боов хийнэ гээд яваад 2 хоноод 3 өдрийнхөө шөнө 01 цагийн орчимд А.О нь ганцаараа мотоциклтойгоо Архангай аймаг Хотонт сумаас ирлээ хөлдөж үхэх нь гэсээр ирээд гал түлээд унасан тэр үед би өөрийнхөө дүү болох Ж.М нь асуухад араас ирж яваа гээд тодорхой зүйл яриагүй тэгсэн 1 цаг гарангийн дараа Ж.М нь гэртээ орж ирсэн тэгээд цай цүү ууж нилээн дулаацаж байгаад А.О нь хадмындаа очино гээд манай дүү гаргаж өгнө гээд тэр хоёр гарсан.Түүнээс хойш цагийн дараа манай дүү гэртээ буцаж орж ирээд унтаад өгсөн.Тэрний маргааш өглөө 09 цагийн орчимд манай гэрийнхэн босоод байж байхад А.О давхиад орж ирээд манай дүү болох Ж.Мг аваад хоёулаа хамт гараад өдөрхөн хоёулаа нэг орж ирээд гараад тухайн өдрийн маргааш өдөр нь 15 цагийн орчимд буцаж гэртээ ирэх үедээ А.Огын мотоциклтой манай дүү Ж.М тэр хоёр нилээн хэдэн тооны адуу туусан ирээд манай хашаанд хашиж байгаад манай дүү А.О тэр хоёр халиун зүсмийн нэг тооны гүүг барьж аваад уяж үлдээгээд нөгөө адуунуудаа А.О нь туугаад явсан тэгээд нэлээн хэсэг хугацааны дараа А.О нь буцаж ирээд нөгөө уясан байсан 2 тооны халиун зүсмийн адуугаа Ж.М, А.О хоёр гаргаж янзалсан тухайн үед миний хөл хугарсан байсан учраас босож тусалж чадаагүй харин манай эгч гэр орны ажил ихтэй байсан учраас мөн тэр хоёрт хамжиж чадаагүй.Тэгээд А.О, Ж.М нар адууныхаа махыг манайд өгөөд харин арьс ширийг нь аваад явсан ба манай дүү төд удалгүй хүрээд ирсэн харин А.О нь тэр өдрөө ирээгүй маргааш нь манайд нэлээн мөнгөтэй согтуу орж ирсэн.Тэр үед манайд би ганцаараа хэвтэж байсан тэгсэн А.О нь 1 шил том архи гаргаж ирээд бид хоёр хамт хувааж уусан тэр үед би А.Оас ямар учиртай адуунууд авчирсан юм бэ гэхэд А.О нь надад хандаад танай дүү Ж.М бид хоёр Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу багт оршин суух Ногоон Нацаг гэх айл уруу цагаан сарын боов хийх гээд явах үедээ хулгай хийж ирсэн тухайгаа хэлсэн тэгээд намайг цагдаа сэргийлэхэд битгий хэлээрэй гэж гуйж байсан. Тэгээд А.О бид хоёр нөгөө архиа хувааж ууж дуусаад А.О явсан. Хэдэн тооны адууг байсныг бол мэдэхгүй ямар ч л байсан хэвтэж байх үед адуу мал пижигнээд байсан мөн хаалга онгорхой байхад хаалган дээгүүр явж байгаа нь харахад 10 нэлээн гарсан тооны адуу байсан манай хашаанд оруулж ирж хашаад халиун зүсмийн гүү барьж авч, уяад тэгээд л гаргасан тухайн адуунууд дунд содноос гэвэл нэг тооны бор халиун зүсмийн содон адуу байсан цаагуур нь хонгор бараан зүсмийн адуунууд л байсан.Яг гар ч хараагүй болохоор би сайн мэдэхгүй байна ямар ч л байсан тэр содон бор халиун зүсмийн адууг гаргаж янзлаад махыг нь манайд өгөхөд түүнийг нь хоол хүнсэндээ хэрэглэхэд нь ямар ч л байсан бүдүүн гүү биш гэхдээ нээх бага насны жижиг гүү биш сайхан дундын л гүү байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 17-20 дугаар тал/
* Гэрч Ж.Дийн дахин өгсөн:
“...Манай дүү Ж.М, А.О нар Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу багт оршин суудаг Д.Н буюу Ногоон Нацаг гэх айлд цагаан сарын хэвийн боов хийнэ гэж яваад ирэх үедээ 10 нэлээн илүү тооны адуу хулгай хийж ирсэн ба тухайн үедээ Д.Н ахын эмээлийг гуйж хулгай хийхдээ ашигласан гэж манай дүү болох Ж.М нь надад ярьж байсан юм. Манай дүү Ж.М, А.О нар нь адуугаа хулгай хийж ирээд авч явснаас хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2018 оны цагаан сараас өмнө би гэртээ байж байхад Д.Н нь гэрт ирээд манай дүү болох Ж.Мг асуусан. Би асуух үед нь түүнд хандаад гадуур яваа гээд манай дүү таныг эмээлийг тохоод ирсэн эмээлийг чинь өгсөн юм уу, бас хэдэн тооны адуу хулгай хийж ирсэн байна хэний адуу бэ гэж асуухад юу ч дугаралгүй гараад явсан. Тухайн адуунуудыг авчирч хашсан үед би уурлаад өөрийнхөө дүүгээс ямар учиртай адуу болох талаар асуухад би боов хийх гэж яваад ирэхдээ адуу хулгай хийж тууж ирсэн ба тэр үедээ Д.Нийн эмээлийг тохож ирсэн гэж ярьж байсан. Түүнээс хойш адуугаа А.О авч яваад 2-3 хоноод ирэх үедээ манайд халамцуу орж ирээд бид хоёр суугаад архи ууж байхдаа Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг Д.Н буюу Ногоон Нацаг гэх айлд уруу боов хийх гэж яваад ирэхдээ хэдэн адуу хулгай хийж ирсэн түүнээсээ таниад бор халиун гүүг өгсөн гэдгээ ярьж байсан түүнээс өөр хэний адуу, хэдэн тооны адуу хулгай хийсэн гэдгээ дэлгэрэнгүй яриагүй. Түүний дараа 2019 оны зун манай дүү нас барахаасаа өмнөх нь надад хандаад ярихдаа 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг уруу Д.Н гэх айлд боов хийх үедээ хулгай хийж олж ирсэн адууны талаар жиг жуг яриа гараад эзэн нь мэдсэн юм шиг байна одоо яана аа гэж ярьж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,
* Гэрч Д.Нийн өгсөн:
“...2018 оны 01-р сарын 20-нд гарчихсан хагас сайн өдөр би Хотонт сумын төвөөс эхнэр Атай хамт захиргааны араас малын тэжээл ачаад сумын төвөөс гэж явахад сумын төвд М, Аийн банди Та хоёр үстэй дээл өмсчихсөн их дулаалсан мотоциклтой явж байсан.Намайг сумын төвөөс урд зүгт гэр рүүгээ харих гэж явахад миний урд ж.М, Т хоёр ороод сумын төвийн урд даваа даваад явсан. Би гэртээ харьсан. Маргааш гэртээ явган малд явсан. Нөгөөдөр нь буюу хоёр хоногийн дараа Х манайд ирээд адуугаа сурахаар нь хоёр хоногийн өмнө намайг сумын төвөөс тэжээл авахаар явахад танай адуу Уужийн өмнө байсан гэдгийг хэлсэн. Сумын төвөөс буцаад гарахад хараагүй гэж хэлсэн. Ж.Хыг явсны дараа намайг хонинд явж байхад Хуштын ард мотоциклтой хүн нэг явган хүн цасан дээр адуу туугаар явсан мөр гарсан байсан. Цасан дээрх мөрийг нь дагаж явахад бараан нүүр рүү ороод мэдэгдэхээ больсон. Ж.Х нараас адуугаа асуугаад танай ойролцоо байсан. Та мэднэ гэж яриад байхаар би гар утсаар хар хогтой Даваа гэж хүнтэй ярьсан. Даваа нараас хэний адуу юм бэ? Гэж асуусан.Би миний өөрийн адуу байгаа юм гэж хэлсэн. Даваа Хархорины зүүн талд ногооны хашаан дотор 10 гаран үзэгдээгүй адуу байна гэж хэлсэн. Би Ц гэж Хархорины Шанхад оршин суудаг хүнтэй утсаар ярьсан. Ц манай энд хонгор халзан даагатай дөрвөн даага яваад байна. Эзэнгүй дааганууд хаанаас ирснийг мэдэхгүй байна гэж ярьсан. Энэ талаар Хт ярьсан. Даваагаас тэр адууг хэн хариулж байгаа талаар асуухад М, Та хоёр хариулаад байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 23-25 дугаар тал/
* Гэрч Д.Нийн дахин өгсөн:
“...Ж.Х гэх айл адуу алдсан үед Өвөрхангай аймаг Хархорин сумаас А.О, Ж.М нар манайд цагаан сарын боов хийлцэх гэж ирээд 1 өдөр боов хийлцсэн.Тэгээд тэр өдрийнхөө 18 цагийн орчимд надаас Ж.М эмээл гуйгаад миний хэрэглэдэг байсан эмээл гуйж аваад тэр хоёр мотоциклтой харих гээд явсан.Түүнээс хойш эмээл өгөхгүй удаад байсан сүүлд манай эхнэр А Өвөрхангай аймаг Хархорин сумаас Ж.М гэх айлаас өөрөө очиж миний эмээлийг авчирсан. Тухайн үед би сумын төв яваад манай гэрт Ж.М, А.О нар үлдээд боов хийж үлдсэн.Тэгээд тэр өдрийн оройноо манайхаас эмээл аваад явсан, тэрний маргааш өдөр нь Ж.Хын адуу нь алаг болсон байсан. Тэгээд би Ж.Мгийн ах болох Ж.Д буюу Хар даваатай ярихад Ж.М, А.О нар нь тухайн шөнө нь Ж.Хын адууг хулгай хийж ирсэн гэж надад хэлсэн Ж.Хын адуу алга болохын урд өдрийн буюу тухайн орой нь тэр хоёр манайхаас эмээл аваад мотоциклтой гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28 дугаар хуудас/,
* Гэрч Д.Нийн дахин өгсөн:
“...Ж.Дтой уулзаад Ж.Д нь манай Ж.М А.О нар нь манайд цагаан сарын боов хийх гэж яваад ирэхдээ А.О нь мотоцикльтойгоо түрүүлж ирээд араас нь манай дүү болох Ж.М таны эмээлийн тохсон адуу тууж ирсэн байна тэр адуу нь хээр азаргатай байсан танай тэндээс хөөж ирсэн хэний адуу бэ гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй л гэж хэлсэн. Тэгсэн тэр адууг Ж.Д тэр адууг А.О туугаад явсан гэж ярьсан. Тэр өвөл Ж.Хынх адуу алдсан. Манайхаас А.О, Ж.М нар явснаас хойш 1 хоногийн дараа Ж.Хын адуу алга болсон гээд байгаа газар нь малд явж байхад 1 мотоциклтой хүн явсан, түүний хажууд талд дахин нэг явган хүн адуу тууж уулнаас бараан газар руу буусан мөр байсан, би түүнийг л хэлсэн. Тухайн адуу алга болох үеэр 4 тооны сарваа байна гэхээр нь тэдний адуунаас үлдэгдэл байж магадгүй л гэж бодож ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 29-30 дугаар тал/
*Гэрч Д.Нийн дахин өгсөн:
“...Д буюу хар Даваатай 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр санагдаж байна, уулзаж энэ хэргийн талаар асуухад тухайн үед А.О, Ж.М хоёр манай гадаа мотоцикльтой адуу тууж ирээд халиун гүү манай хашаанд алж өгөөд махыг нь манайд үлдээгээд явсан. Тэгээд өөрсдөө буюу А, А.О хоёр адуугаа туугаад явсан гэж хэлсэн. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Онгоцны буудал гэх газар өөрийн малаа маллаж амьдарч байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 238-239 дүгээр тал/
* Гэрч Л.Агийн өгсөн:
‘’…2018 оны 01 дүгээр сарын 27-ний үеэр орой Ж.М А.О нар манайд боов хийх гэж ирээд хоноод маргааш нь боов хийж дуусаад манай нөхөр бид хоёр өвс авах гээд Хотонтод явж байхад Хадаагийн адуу Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Хушигтийн ар гэх газар байсан тэгээд манай нөхөр бид хоёр Хотонт орчоод буцаад гэртээ ирэхэд Ж.М нь Манай нөхөр Ноос эмээлээ өгчих гээд гуйгаад аваад явсан.Маргааш нь Хадаа адуугаа хайгаад явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,
* Насанд хүрээгүй гэрч Х.Тгийн өгсөн:
‘’...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр манай хээр азаргатай 18 тооны адуугаа хулгайд алдсан юм тэгсэн харин манай голын Н.Н гэж хүн нь 2019 оны 06 дугаар сарын эхээр манай адууг хэн хулгай хийсэнг гэрчилж өгнө гэж ярьж байгаад манай гэрт цай уухаар ирсэн юм тэгээд тэр үед манай адууг хулгай хийсэн хүмүүсийн талаар яриад эхлэхээр нь гар утсаараа бичлэг хийсэн гэхдээ бол тухайн бичлэгийг өөрийн адууны хэрэгт ашиглах зорилгоор бичлэг хийсэн мөн тухайн гэрч хийх гээд байгаа хүнийг буцаад үнэн зөвөөр нь хуулийн байгууллагын өмнө ярихгүй байх гэж бодсон мөн аав ч гэсэн тэгж надад хэлсэний үндсэн дээрээс би бичлэг хийсэн. Хийсэн бүх бичлэгээ цагдаад өгсөн одоо бол бичлэгтэй холбоотой зүйл байхгүй мөн тус бичлэгийг цагдаагаас өөр хүнд үзүүлээгүй, өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 дугаар хуудас/,
* Гэрч Д.Тын өгсөн.
‘’...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу баг Хужрын голын доод үзүүрт нутагладаг манай багийн иргэн Ж.Х нь 1 азарга адуугаа хулгайд алдаад олж авч чадаагүй. Ж.Хаас өөр тус жил азарга адуу хулгайд алдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
* Гэрч Б.Цын өгсөн.
“...Би Ж.Хын төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм харин А.О манай эхнэрийн төрсөн дүү Ж.М нь бол манай саахалт айлын хүмүүс байгаа юм. А.Од өөрийн гэсэн мал идээ байхгүй.2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу баг Хужрын голын Хушит гэх газраас Ж.Х ах нь хээр азаргатай 18 тооны адуу хулгайд алдсан. Би тухайн үед Д.А буюу хадам аавынхтайгаа саахалт нутаглаж байсан. Тийм ээ бүгдийг нь таньдаг. Ёстой тийм зүйл байхгүй би баттай хэлж чадна. Өвөрхангай аймаг Хархорин сум Хотонт хоёрын хооронд л байдаг байсан. Тухайн 2 залуу хоёулаа үг дуу цөөтэй хүмүүс байгаа юм гэхдээ урьд өмнө А.О, Ж.М нар нь Өвөрхангай аймаг Хархорин сумаас хонь хулгай хийсэн гээд шоронд ороод өнгөрсөн хавар суллагдаж гарч ирсэн. Би А.Отай Ж.Х ахын адууны талаар ярихад дуугүй болоод хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд юм дуугараагүй би түүнээс хойш дахиж би яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
* Хас үнэлгээ ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 321 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 76 дугаар хуудас/
* Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэг,
* Багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн А.Огын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт /1-р хх-175-199 дүгээр хуудас/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 145 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 01 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэр Хушт гэх газраас иргэн Ж.Хын 18 тооны буюу олон тооны адуу алдагдаж 16.500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.О нь бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Ж.Хын “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны орой буюу 5 дахь өдөр би адуундаа яваад Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг, Ууж гах газраас хээр азаргатай адуугаа олоод Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу баг, Хушт гэх газарт мод руу шахаад орой бүрэнхий тасарч байхад үлдээсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өглөөний 11 цагийн орчимд адуу үлдээсэн газар уруу дурандаад адуу байхгүй байхаар нь очиж хайгаад азаргаар нь олж чадаагүй.2018 оны жилийн эцсээр 20 адуу тоолуулж, түүнээсээ 1 тооны адууг идшиндээ идэж,1 адууг нь гаднаа унаж хэрэглэж байсан ба харин үлдсэн 18 тооны адуугаа алдсан. Тэгээд би өөрийнхөө адуу алдсан талаар ярихад Нацаг ах надад хандаад би танай адууг хэн хулгай хийсэн талаар мэднэ, чиний хоёр хамрын нүхэнд чинь хулгай хийсэн хүн нь байгаа гэж хэлээд салцгаасан юм. Тэр өдрийнхөө орой нь би Нацаг ахынд очиж түүнийг эхнэр болох Агийнх нь хамт өөрийнхөө гэрт авчирч цай уулгасан тухайн үед Нацаг ах манай адууг хэн хэн хулгай хийсэн талаар дэлгэрэнгүй ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Нийн “...Ж.Х гэх айл адуу алдсан үед Өвөрхангай аймаг Хархорин сумаас А.О, Ж.М нар манайд цагаан сарын боов хийлцэх гэж ирээд 1 өдөр боов хийлцсэн. Тэгээд тэр өдрийнхөө 18 цагийн орчимд надаас Ж.М эмээл гуйгаад миний хэрэглэдэг байсан эмээл гуйж аваад тэр хоёр мотоциклтой харих гээд явсан. Түүнээс хойш эмээл өгөхгүй удаад байсан сүүлд манай эхнэр А Өвөрхангай аймаг Хархорин сумаас Ж.М гэх айлаас өөрөө очиж миний эмээлийг авчирсан. Тухайн үед би сумын төв яваад манай гэрт Ж.М, А.О нар үлдээд боов хийж үлдсэн. Тэгээд тэр өдрийн оройноо манайхаас эмээл аваад явсан, тэрний маргааш өдөр нь Ж.Хын адуу нь алаг болсон байсан. Тэгээд би Ж.Мгийн ах болох Ж.Д буюу Хар даваатай ярихад Ж.М, А.О нар нь тухайн шөнө нь Ж.Хын адууг хулгай хийж ирсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Агийн “...2018 оны 01 дүгээр сарын 27-ний үеэр орой Ж.М А.О нар манайд боов хийх гэж ирээд хоноод маргааш нь боов хийж дуусаад манай нөхөр бид хоёр өвс авах гээд Хотонтод явж байхад Хадаагийн адуу Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Хушигтийн ар гэх газар байсан тэгээд манай нөхөр бид хоёр Хотонт орчоод буцаад гэртээ ирэхэд Ж.М нь Манай нөхөр Ноос эмээлээ өгчих гээд гуйгаад аваад явсан. Маргааш нь Хадаа адуугаа хайгаад явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дийн 2020 оны 03 сарын 03-ны өдөр өгсөн “...Манай дүү Ж.М, А.О нар Архангай аймаг Хотонт сум Улаан чулуу багт оршин суудаг Д.Н буюу Ногоон Нацаг гэх айлд цагаан сарын хэвийн боов хийнэ гэж яваад ирэх үедээ 10 нэлээн илүү тооны адуу хулгай хийж ирсэн ба тухайн үедээ Д.Н ахын эмээлийг гуйж хулгай хийхдээ ашигласан гэж манай дүү болох Ж.М нь надад ярьж байсан юм. Манай дүү Ж.М, А.О нар нь адуугаа хулгай хийж ирээд авч явснаас хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2018 оны цагаан сараас өмнө би гэртээ байж байхад Д.Н нь гэрт ирээд манай дүү болох Ж.Мг асуусан. Би асуух үед нь түүнд хандаад гадуур яваа гээд манай дүү таныг эмээлийг тохоод ирсэн эмээлийг чинь өгсөн юм уу, бас хэдэн тооны адуу хулгай хийж ирсэн байна хэний адуу бэ гэж асуухад юу ч дугаралгүй гараад явсан. Тухайн адуунуудыг авчирч хашсан үед би уурлаад өөрийнхөө дүүгээс ямар учиртай адуу болох талаар асуухад би боов хийх гэж яваад ирэхдээ адуу хулгай хийж тууж ирсэн ба тэр үедээ Д.Нийн эмээлийг тохож ирсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тын өгсөн ‘’...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Архангай аймаг Хотонт сумын Улаан чулуу баг Хужрын голын доод үзүүрт нутагладаг манай багийн иргэн Ж.Х нь 1 азарга адуугаа хулгайд алдаад олж авч чадаагүй. Ж.Хаас өөр тус жил азарга адуу хулгайд алдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба харин шүүгдэгч А.Огын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Т.Оюунчимэг нар нь А.Од холбогдох хэрэг нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай санал тус тус няцаагдаж байгаа болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэрч Д.Нийн мэдүүлгийг эргэлзээтэй зөрүүтэй гэж байгаа боловч гэрч Д.Нийн мэдүүлгүүдэд өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн, нэг үйл явдлыг өөр өөр байдлаар мэдүүлээгүй байхгүй бөгөөд дахин мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн мэдүүлэг дээр өөр үйл явдлыг нэмж ярьсан зүйл тогтоогддог, мөн гэрч Ж.Доос мэдүүлэг авахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөх эрхийг сануулж мэдүүлэг авсан, харин Ж.Дийн эхний мэдүүлэгт оролцсон өмгөөлөгчийн гарын үсэг тайлалгүй хэн гэдэг хүн оролцсон нь тодорхойгүй байх тул түүний өмгөөлөгчийн хамт гэрчээр дахин мэдүүлсэн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой гэж дүгнэсэн, гэрч Л.Бямбахишигийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй болно. Хохирогч Ж.Х нь 2018 оны 01 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 18 тооны адуугаа алдсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Х, гэрч Д.Н, Д.Т, Л.А, Б.Ц нарын мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч адуугаа алдаагүй, эсхүл өөр цаг хугацаанд адуу алдсан байх магадлалтай талаар ямар нэгэн баримт баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч адуугаа алдсан цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн эсэхийг шалгах, шүүгдэгч А.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон тул тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж нэмж гэрч асуулгах талаар гаргасан өмгөөлөгч нарын саналыг хүлээн аваагүй болно.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч А.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч А.Огын бусадтай бүлэглэн хохирогч Ж.Хын 18 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Огыг бусадтай бүлэглэж олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн...” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, шүүгдэгч А.Огын бусадтай бүлэглэн 2018 оны 01 сарын 27-наас 28-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтөөс өмнөх үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг зөвтгөж Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хт 16.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Огыг бусадтай бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүх тогтоосон, тухайн хэрэгт холбогдсон гэх хүн нас барсан, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй тул хохирогч Ж.Хт учирсан хохирлын тал хувь болох 8.250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчид нийцнэ гэж үзлээ. Харин хохирогч Ж.Х нь малаа эрж хайсны зардалд 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан боловч тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-д энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ...энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” гэж тус тус заасан. Шүүгдэгч А.О нь шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй, дараагийн шатны шүүхэд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа шүүгдэгч, өмгөөлөгч нар илэрхийлсэн болно. Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлага буюу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт 6/зургаа/ хоног цагдан хоригдсон тул уг хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Од Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогтой Аийн Огыг бусадтай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Огыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Огын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оас 8.250.000/найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хотонт сумын ............... гэх газар оршин суух хаягтай, Ө овогт Жийн Х/РД:АМ............/-т олгож хохирогч нь өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР