Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 004/2014/0034/З |
Дугаар | 221/МА2015/0016 |
Огноо | 2015-01-07 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2015/0016
М.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч М.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэртэй, М.А-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2012-2013 онуудын төсвийн үйл ажиллагаа, сангуудад хийсэн санхүүгийн хяналт шалгалттай холбогдуулан улсын ахлах байцаагч Ж.Ц нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 0004369 дугаар бүхий захиргааны зөрчилд ногдуулан 576000 төгрөгийн шийтгэврийг чам дээр бичсэн, одоо төлөөлөгч гэж тус газрын санхүүгийн хэлтсийн байцаагч н.Б надад хэлж тухайн шийтгэврийг мэдсэн.
...Миний гомдол гаргаж байгаа гол шаардлага нь улсын байцаагчийн зүгээс шийтгэвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа. Учир нь, дотоод хяналт болон байгууллагын хэмжээнд баримтлах дүрэм, журам батлах эрх надад байхгүй. Хууль тогтоомжид зааснаар тухайн дүрэм журмыг байгууллагыг удирдаж байгаа албан тушаалтны зүгээс батална. Дотоод хяналтын ажил хангалттай байсан эсэх асуудал бол өмнө нь дүнгийн хурал дээр яригдсан асуудал байгаа. Байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байна гэсэн үндэслэлээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шийтгэвэр бичих хууль зүйн үндэслэлгүй. Миний зүгээс хяналт шалгалтын явцад саад учруулсан зүйл байхгүй, шалгалт хийгдэх явцад Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан. Дуусахаас нь өмнө ирж, дүнгийн хурал дээр нь суусан, шалгалт хийсэн улсын байцаагч нарын зүгээс намайг дуудсан асуудал огт байхгүй. Над дээр шийтгэвэр бичих гэж байгаа талаар албан ёсоор танилцуулаагүй, дүнгийн хурал дээрээ бас энэ талаар яриагүй. Би дүнгийн хурлын дараа хоёр байцаагч акт, албан шаардлага авч ирж танилцуулах үед өөртөө шийтгэвэр бичигдсэн талаар мэдсэн. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу шийтгэвэр бичигдэх гэж байгаа талаар танилцуулж, эрх, үүрэг танилцуулах хэрэгтэй байсан. Миний зүгээс урьдчилаад мэдэн бол тайлбар хийж, түүнийгээ нотлох баримтаа гаргаж өгөх байсан. Энэ тайлбар хийх нөхцөл боломжоор хангаагүй шийтгэвэр гаргасанд нь гомдол гаргаж байна.
2012, 2013 онд хийсэн үйл ажиллагааг дүгнээд акт төлбөр тавьсанд гомдолтой байгаа. 9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгээд тэр бүр дээр хяналтаа тавьсан байхад 9 тэрбум хүрэхгүй зөрчил илрүүлээд түүнийгээ дотоод хяналт муугаас болсон гээд сууж байгаа нь буруу гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хууль, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих эрхтэй, гэхдээ байгууллагын дотоод үйл ажиллагаанд үнэлэлт өгөх эрхгүй гэж үзэж байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагч хууль, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих эрхтэй, гэхдээ байгууллагын дотоод хяналт муугаас болсон гээд сууж байгаа нь буруу гэж үзэж байна.Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх журам гэж байгаа.
Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын байцаагч санхүүгийн баримтан дээр шалгалт хийж байхдаа өөр асуудал руу ороод шалгалт хийж болохгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх дүгнэх журам тусдаа байхад дотоод үйл ажиллагаанд шалгалт хийх эрх хэмжээгүй байсан гэж үзэж байгаа. Иймд, тухайн шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/109 дүгээр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/08/006/03/56 дугаар удирдамжуудын дагуу Говь-Алтай аймгийн “Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс”-ийн санхүүгийн болон нийгмийн халамжийн сангуудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам заавал мөрдөх стандартын мөрдөлтийн байдалд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газрын зорилго зорилтыг чиглүүлэн 05 дугаар сарын 26-аас 06 дугаар сарын 25-ны хооронд ажлын 23 хоногт хяналт шалгалт хийв. Шалгалтыг Санхүү, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга улсын ахлах байцаагч Ж.Ц миний бие ахалж, санхүүгийн хяналт шалгалтын 3 байцаагчид хамтран хийж шалгалтаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа, сантай холбоотой нийт 38028,3 мянган төгрөгийн зөрчил илэрч, 31495,3 мянган төгрөгийн зөрчилд албан шаардлага, 6533,0 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр, Есөнбулаг сумын халамж үйлчилгээний нэгжтэй холбоотой нийт 21025,9 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 18600,0 мянган төгрөгийн зөрчилд албан шаардлага, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуурамч баримтаар замын зардал, түлшний үнийн хөнгөлөлт олгосон 19 хүнтэй холбоотой 24256,9 мянган төгрөгийн зөрчил илэрснээс нас барсан 2 хүний 312,2 мянган төгрөгийг хасаж, 17 хүнээр 2112,7 мянган төгрөгийг нөхөн төлүүлж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон.
Нэхэмжлэгч М.А нь Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй, өөр байцаагчаар дамжуулан надад мэдэгдсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөрчсөн гэжээ. Шалгалтын дүнг өмнө нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга М.З, эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилсан байдлаар удаа дараа танилцуулсан бөгөөд М.А нь Улаанбаатар хотод явсан гэсэн шалтгаанаар шалгалтын явцад байгаагүй ба 06 дугаар сарын 26-нд мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдирж суусан хурал дуусаад гарч ирээд М.З, М.А нарт захиргааны хэрэг бүртгэлийг хийхээр дуудуулсан боловч М.А орж ирээгүй, М.З дарга орж ирээд шалгалтын дүнг зөвшөөрч байна. Харин 5720,0 мянган төгрөгийн актыг албан шаардлага болгох талаар саналаа хэлээд материалуудаа өгөөд явуулчих, гарын үсэг зураад явуулчихъя. Бид нар ажилтай, яараад байна гээд явсан.
“Мэргэжлийн хяналтын шалгалтын ерөнхий шаардлага, стандарт” Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 10.2.1-д Хяналт шалгалтын явцад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтан, ажилтнаас хяналт шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хяналт шалгалт явуулахгүй байх, хяналт шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хяналт шалгалт явуулахгүй буюу хойшлуулах үндэслэл биш бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага тооцон, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хяналтын шалгалтын материалд хавсаргана гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтын дагуу хамгийн доод хэмжээ болох 576,0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор мэргэжлийн хяналтын газраас 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 34/408/02/05 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагаар “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах тухай”4 заалттай хугацаагүй үүргийг мэргэжлийн хяналтын газрын дарга Ч.А өгсөн бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 122 тоот албан бичиг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2009 оны 29 дүгээр тушаалын хавсралт, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудын 2009 оны тушаал, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний 2012 онд хийх ажлын төлөвлөгөө хавсаргасан хариу ирүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/155 дугаар “Журам батлах тухай” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2, 8.2.1, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн захирамж гарган батлагдсан журмын үйл ажиллагаанд мөрдөж, дотоод хяналт шалгалт зохион байгуулсан тухай дүнг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сум, агентлагийн болон аж ахуй нэгж, төсөвт байгууллагуудын удирдлагад даалгасан захирамжийн хэрэгжилт хангалтгүй. Улсын хэмжээнд нийгмийн халамжийн сангууд болон хэлтсийн үйл ажиллагаанд нэгдсэн зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалт хийгдсэн. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн газарт зөрчил их гарсан тул эрүүгийн цагдаагийн газартай хамтран томоохон хэмжээний хяналт шалгалт хийсэн юм.
...2012 оны 10 дугаар сараас энэ байгууллага дээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Энэ өөрчлөлтөөр М.А нь хуучин орон тоон дээрээ ажиллаж байгаад, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргын Б/25 дугаар тушаалаар Ерөнхий газрын албаны даргатай зөвлөлдөж тус газрын захиргааны албаны даргын албанд М.А-ийг томилж, байгууллагын дотоод хяналтыг хариуцсан ажилтны үүргийг давхар орлон гүйцэтгүүлсэн. Энэ нь тухайн үеийн тогтоол, цалингийн баримтаар нотлогдож байна. 2013 оны 08 дугаар сараас н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн дотоод хяналтын ажилтнаар шинээр томилогдоод, М.А нь захиргааны албаны даргын үүрэгт ажлаа дангаар гүйцэтгэх болсон. Өмнө нь хийсэн хяналт шалгалтын бичиг баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, авсан арга хэмжээнүүд нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Тиймээс би эдгээр баримтуудыг үндэслэн энэ хүний дотоод хяналт шалгалт нь үндэслэлгүй гэсэн үнэлэлт өгсөн. Нэхэмжлэгчийн хэлсэн дотоод хяналтын журмыг баталж, мөрдүүлэх эрх байхгүй гэдэг нь үнэн. Дотоод хяналтын нэгж ажилтнаа томилсон байхад тэр хүн өөрийнхөө үйл ажиллагаанд мөрдөх журмаа боловсруулаад байгууллагын даргаар батлуулах боломжтой байсан. Дотоод хяналт хариуцсан ажилтан байхгүй байсан бол байгууллагын удирдлагатай хариуцлагын арга хэмжээ тооцох байсан. Гэтэл дээрээс томилогдсон тусгай ажилтан байгаа юм чинь тухайн хүний зүгээс хууль болон дээрээс тогтоосон тогтоолын дагуу журмаа боловсруулж байгууллагын даргаараа хянуулж батлуулаад өөрийнхөө ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх байсан. Энэ байгууллага дотоод хяналт шалгалтын журамгүй явж байгаа нь өнөөдөр зөрчил болж байна. Засгийн газрын 311 дүгээр тогтоолд зааснаар энэ нийтлэг журмын дагуу байгууллага бүр дотооддоо журам баталж, мөрдүүлэхээр заасан байгаа. 2012, 2013 оны ажлын төлөвлөгөө гэж гаргасан байгаа. Тухайн төлөвлөгөөг нь нэг бүрчлэн нарийвчлан шалгаж тус бүрт нь үнэлж нэгдсэн дүгнэлтийг хийсэн байгаа. Тухайн ажлыг шалгахад Нийгмийн халамж үйлчилгээний газраас гаргаж өгсөн баримт бичгийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Би хуулийн хүрээнд дээрээс ирсэн удирдамж чиглэл, байгууллагын зорилго, зорилт, шалгалтынхаа удирдамжийн дагуу хяналт шалгалтаа бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн. Иймд тухайн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0004269 дүгээр захиргааны зөрчлийн шийтгэврийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.А давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц-д гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх үндэслэлдээ “... Үүнээс үзэхэд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга нь дотоод хяналтын чиглэлээр журам боловсруулж баталж мөрдөөгүй гэдэг нь дараах зүйлээр нотлогдож байна” гээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ” гэсэн хэсгийг зөрчсөн байна гэж үзсэн бөгөөд уг хуулийн 2 дугаар бүлэг нь “Хяналт шалгалтын талаарх төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”-ийг, 7 дугаар зүйл нь “Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”-ийг тус тус зааж өгсөн заалт юм.
Манай хэлтсийн хувьд Засгийн газраас байгуулагддаг НХҮЕГазрын шууд харьяа босоо удирдлагатай нэгж тул уг хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн дагуу салбарын хэмжээнд мөрдөгдөх дотоод хяналтын журмыг баталж мөрдүүлэх эрхийг ХАХНХЯам, НХҮЕГазарт олгосон байна. Дээр нь миний бие тус хэлтсийн дарга нь бус нэгжийн буюу албаны дарга нь тул тушаал гаргах болон дотоод журам баталж мөрдүүлэх эрхгүй юм. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй.
Мөн шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн бөгөөд уг хуулийн 3 дугаар бүлэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага болон бусад байгууллага, хуулийн этгээдийн хяналт шалгалтын талаарх бүрэн эрх”-ийг, уг бүлгийн 13 дугаар зүйл нь “Хяналт шалгалтын талаарх байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг” тус тус зааж өгсөөр байтал намайг дээрх журмыг баталж мөрдөх боломжтой байсан гэж үзсэн нь буруу байна.
Дээрх хуулиар манай салбарын хувьд, манай хэлтсийн хувьд эрх баригч нь миний бие биш тул уг хуулиар олгосон эрхийг эдлэх эрхгүй учир үүрэг хүлээхгүй бөгөөд Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан нийтлэг журмын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар дотоод хяналт шалгалтын журмыг манай хэлтэс, хэлтсийн дарга, цаашилбал миний бие батлах ёсгүй юм. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаагүй.
Шүүх “Дотоод хяналт шалгалт хангалгүй гэсэн үндэслэл нь хэдийгээр тус хэлтэс нь хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг хэлтсийн даргаагаа батлуулан хяналт шалгалтын төлөвлөгөөндөө аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах тухай тусгасан байх боловч төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллаж байгаагүй гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас нотлогдож байна” гэж үндэслэлдээ дурдсан нь нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллах эсэх нь тухайн байгууллагын дотоод асуудал бөгөөд заавал биелэгдэх үүрэг биш бөгөөд энэ мэтээр буруутгах нь тухайн хэрэгт ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр дээр шүүх хуралдааны үед миний хэлсэн зарим тайлбар, хариултуудын утга найруулгыг алдагдуулсан, хэт товчилж, алдаатай бичсэн байна.
... Мөн тус хэлтсийн дотоод хяналт шалгалтын ажил хангалтгүй гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Ц нь шийтгэвэр бичиж захиргааны шийтгэл ногдуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-ыг үндэслэсэн.
Гэтэл шийтгэл ногдуулсан заалтанд дотоод хяналт шалгалтын ажил хангалтгүй бол торгох талаар заагаагүй, дотоод хяналт шалгалтын ажил хангалттай эсэхийг үнэлж тогтоосон үйл ажиллагаа нь эргэлзээтэй, аливаа байгууллагын дотоод болон албан хаагчийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үнэлэлт дүгнэлт өгч шийтгэл ногдуулах эрхгүйг, надад байгууллагад мөрдөгдөх аливаа төрлийн дүрэм журмыг баталж мөрдүүлэх эрх байхгүй гэдгийг мөн энэ талаар хариуцагч шүүх хурлын үед энэ хүнд хяналт шалгалтын дотоод журам батлах эрх байхгүй гэдгийг баталж хэлсээр байтал шүүх эдгээрийг үнэлэлгүй хэлэлцэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, 16 дугаар зүйлийн 16.-1-т зааснаар бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ” гэж дүгнэлт гаргасан нь буруу юм.
Шүүхээс захиргааны актын улмаас зөвхөн миний субъектив эрх зөрчигдсөн талаар, миний эрх хэмжээнд шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх талаар үнэлж дүгнэлгүйгээр дүгнэлт гаргасан нь дээрх захиргааны актын хууль бус байдлын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох учиртай гэж үзэж байна.
Иймд, анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Нэхэмжлэгч М.А-ээс “1. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц-ын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0004369 дүгээр захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийг хүчингүй болгуулах, 2. Сум дундын 5 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 679 дүгээр захирамжийг түдгэлзүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага[1] гаргажээ.
1. Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, уг эрхийг нь зөрчиж байгаа шалтгаан нөхцөлийг өөрөө тодорхойлон гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр хэргийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч М.А-ээс нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан байхад нэг шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, нөгөө шаардлагатай нь холбогдуулан нэхэмжлэгчээс уг шаардлагыг дэмжсэн эсэхийг тодруулалгүйгээр шийдвэрлээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
2. Хэргийн 26-36, 40-41, 43-48, 52-53, 60-75, 89-90, 106-113, 115-128, 207-217, 219-226 дугаар хуудаснуудад авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтууд авагдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 31.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг тус тус зөрсөн байна.
Иймд, шүүх дээрх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хуульд заасан шаардлагыг хангуулан авах, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзвэл нотлох баримтаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй.
3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд хяналт шалгалтын талаарх байгууллага, аж ахуйн нэгжийн үүргийг тодорхойлсон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны дарга М.А-ийг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” гэсэн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх маргаж буй захиргааны шийтгэврийг нэхэмжлэгчийн ямар зөрчилд холбогдуулан тавьсан, дээрх хуульд заасан үүрэг нэхэмжлэгчид хамаарах эсэх, журам тогтоох эрх хэмжээ байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг зөвхөн дотоод хяналт шалгалт хариуцан ажилладгийн хувьд журам боловсруулж, баталж, мөрдөөгүй гэсэн дүгнэлт хийж, улсын ахлах байцаагч Ж.Ц-ын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0004369 дүгээр захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...М.З-т 0004368 дугаартай шийтгэврийн хуудсаар 960.000 төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж хэрэгт хамааралгүй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1]Хэргийн 1 дэх хуудас