Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                             Б.Цагаанцоож

             Улсын яллагч                                           Д.Уранчимэг

             Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     С.Сувдаа, Ш.Цэдэн

             Хохирогч                                                   Ц.Эрдэнээ

                        Гэрч                                                           Ц.Эрдэнэсувд

                         Шүүгдэгч                                                            П.Энхтайван, С.Тунгалагтуяа, Г.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Энхтайван, С.Тунгалагтуяа, Г.Гантулга нарт холбогдох 201618020027 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэ-Мандал суманд төрсөн, халх, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Бороогийн гол гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө 3 удаа ял шийтгэгдэж байсан, 1. 1986.06.11 ДАСДШ-ийн 2 31-р тогтоолоор ЭХ-н 63а-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, 1987.05.26-нд ялын хугацаа дуусч суллагдсан, 2. 1998.06.08- ДАСДШ ЭХ-н 138.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, 3. 1999.06.03 ДАСДШ 20-р тогтоолоор ЭХ-ийн 211.1-д зааснаар 3 жил 4 сар 14 хоногийн хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлж 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр суллагдсан, Боржигин овогт Пүрэвдоржийн Энхтайван /РД:ТК:60032016/

 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 29 настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 221-р зөрлөг Зараа толгой гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Сүрэнгийн Тунгалагтуяа /РД:МБ:87020123/

 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, халх, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот СБД 13-р хороо ногоон талбайн 3-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Дуутан овогт Ганзоригийн Гантулга /РД:МБ:87012019/ 

 

Яллагдагч П.Энхтайван, С.Тунгалагтуяа, Г.Гантулга нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг Бороо гэх газраас Дархан уул аймгийн 1 дүгээр баг Чулуутын 4-01 тоотод оршин суух Ц.Эрдэнээгийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Энхтайван мэдүүлэхдээ: ... Миний бие “Баянсуудал” ХХК-ийн малыг 2006 оноос хойш 10 жил маллаж байна. Сүүлийн хэдэн жил хамтран амьдрагч Мөнхзултай хамт маллах болсон. Мөнгө төгрөгөөр дутагдаад байхаар нь ойр зуурын хэрэглээний зүйлээ авах гээд 2016 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө хамтран амьдрагчтайгаа ярьж байгаад 2 хонь зарахаар болж айл саахалт байдаг Тунгалагтуяа руу утасдаж дуудсан юм, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тунгалагтуяа мэдүүлэхдээ: ... 2016 оын 01 дүгээр сарын 12-ны шөнө Энхтайван ах над руу шөнө утсаар яриад чи ахдаа боломжтой бол 2 хонь зараад өгөөч ахад нь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ та Эрдэнээ ахад хэлээд заруулж болоогүй юм уу гэхэд босс завгүй гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд 4 цагаас хүүхдээ цэцэрлэгээс аваад хүүхдүүдийнхээ хоол унд бэлдээд орой болчихсон. Хүнд за гээд хэлчихсэн юм чинь маргааш нь мөн хүүхэд шуухад гээд оройтох учраас шөнө 23 цагийн үед Гантулга руу яриад ойрхон манай ах байдаг юм аа 2 хонь зараад өгөөч гээд байна 2-лаа хамт очоод ирье гэсэн. Гантулга энэ орой болсон хойно болох юм уу гэхэд болох байлгүй дээ би маргааш хүүхэд шуухад гээд завгүй гэж хэлээд Гантулга бид хоёр Энхтайван ахынд очсон. Шөнө болохоор зам сайн мэдэгдээгүй. Энхтайван ах, бид нарыг тосож авсан. Энхтайван ахыг хэд хоног тамхи татаагүй гэхээр нь тамхи, шүдэнз,  давс зэргийг авч очсон. Айлд очиж байгаа юм чинь гээд нэг том пиво авсан. Бид 2 гэрт нь ороод пиво өгтөл Энхтайван ах өөрөө задалж уучихаад бид нарт пивонаасаа хийж өгөхөөр нь бид 2 уухгүй та дараа уухгүй юу гэсэн чинь Энхтайван ах пивоо авдартаа хийсэн. Та хонь малаа барьсан юм уу гэсэн чинь эхнэр бид хоёр хоёулаа байгаа болохоор хонио бариагүй гээд Энхтайван ах, түүний эхнэр, Гантулга бид 4 хамт гарсан. Гантулга бид 2 малын хашааны үүдэн дээр нь зогсож байтал Энхтайван ах эхнэртэйгээ нэг хонь бариад гараад ирсэн. Тэр хонийг нь Гантулга, Энхтайван ахын эхнэртэй хөтлөөд гарсан. Дараагийн хонийг нь Энхтайван ах бид 2 хамт гаргасан, би хэрэг хийгээгүй, ядарсан хүнд тус болох гээд энэ хэрэгт холбогдчихоод байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулга мэдүүлэхдээ: ... 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9 цаг 30 минутын үед Тунгалагтуяа над руу залгаад хөдөө манай ах байдаг юм. 2 хонь зараад өгөөч гээд байна. Надтай хамт яваад ирээч гэсэн тэгэхэд нь би маргааш явж болдоггүй юм уу өнөөдөр оройтчихсон байна шүү дээ гэхэд маргааш найз  нь хүүхэд шуухад гээд оройтох байх өнөө орой хамт яваад ирээч гээд гуйгаад байхаар нь би машинтайгаа хамт явсан юм. Тэгэхэд анх удаа Энхтайван гэх хүнийг харсан. Бид хоёрыг очиход 2 хонио бариагүй байсан болохоор Энхтайван гэх хүн эхнэрийн хамт Тунгалагтуяа бид дөрөв малын хашаа руу нь орж хонь барьсан. Энхний барьсан хонийг Мөнгөнзул гэх эмэгтэй бид 2 хашаанаас хөтөлж гаргаад дараагийн хонийг нь Энхтайван гэх хүн Тунгалагтуяатай хамт чирч гаргасан. Хоёр хониныхоо хөлийг боогоод машины арын багаажинд хийсэн. Би тухайн үед хулгайн хонь гэдгийг мэдээгүй. Хар зам дээр нэг машин бид нарыг шахаад зогсоосон тэр үед л би хулгайн хэрэгт оролцсоноо ойлгосон. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнээ мэдүүлэхдээ: ... Энхтайванг одоо хүртэл үнэнээ хэлэхгүй байгааг гайхаж байна. 2015 оны 7 дугаар сард манай хонь уулын энгэрт бэлчиж байхад манай хүүхэд ааваа хонь тасарчихсан юм шиг харагдаад байна, цөөхөн харагдаад байна гэсэн тэгэхээр нь би маргааш нь өнжөөд нөгөөдөр нь хонио тоолоход 30 гаруй 40-өөд хонь дутсан байсан. Тэгээд би хонь хариулдаг хүүхдээсээ асуухад юм дуугардаггүй юм л даа хөөрхий. Тэгээд юм хэлээгүй. Би ч ерөнхийд нь ажиглахаар шийдсэн. 2015 оны 09 дүгээр сард манай нэг үхрийг алаад жалганд шулаад хаячихсан байсан. Тухайн үед би цагдаад хэлээд шалгуулсан. Энхтайванаас ямар учиртайг асуухад юм хэлээгүй. Хэрэг гардагийн өмнөх долоо хоногт ээж Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гээд явахад манай эхнэр хонин дээр үлдсэн юм. Тэр хүн надад би шөнө хониныхоо малын хашааны хаалгыг 2 давхар уясан. Гэтэл өглөө хонины амыг нэг дангаар уяад шинэ цасан дээр хонь чирээд малын хашаанаас гаргасан хонины туурайны чирэгдсэн мөр гарсан байна. Тэгээд хойшоо очоод үзэхэд эд нарын машин тавьдаг газар нэг портер, нэг жижиг машин ирсэн байсан гэхээр нь за яахав наад Энхтайванаа ажиглаж бай гэсэн. Тэгээд би маргааш нь ирээд харахад яах аргагүй тийм дүр зураг харагдсан. Тухайн үед манай эхнэр хонио тоолоход бас 30 гаруй хонь алга болсон байсан. Ээжтэй хамт Эрдэнэсувд гэх манай дүү үлдсэн. Эрдэнэсувд Энхтайван нэг л биш байна гэж хэлсэн. Хэрэг гардагийн өмнөх өдөр Шонх гэж хүн ирээд нүүрс зарж байна авах хүн байна уу гэхэд Энхтайван шөнө гараад алга болсон. Ирэхдээ нилээн халамцуу нэг шил архитай орж ирээд архинаасаа уучихаад авдартаа хийсэн гэсэн. Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа ийм хэрэг гарсан. Хэрэг гарахын өмнөхөн Эрдэнэсувд над руу яриад Энхтайван нэг л биш байна. Бууз хийлгээд тогоондоо хавирга чанаад хоол хийгээд байна гэсэн тэгэхээр нь би сайн ажиглаж байгаараа өнөө орой заавал хүн ирэх ёстой гэж хэлсэн юм. Бид нар Дарханаас гараад Баруунхараагийн наана явж байтал Эрдэнэсувд надруу утсаар залгаад Энхтайваныд нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд хоол унд идэж байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгвэл сайн харж бай наадах чинь хонины хот руу яг орно шүү гэж хэлсэн. Тэгтэл Энхтайван нөгөө 2 хүнээ дагуулаад хоттой хонь руу орсон. Эцсийн эцэст Энхтайвангийн хамтран амьдрагч гээд байгаа тэр эмэгтэйг ажиглая гэсэн санаатай байсан юм. Мөнгөнзул гэдэг хүнийг энэ хүмүүс мэдрэл муутай юм байдаг гэлээ. Тэгсэн мөртлөө тэр хүнтэй зөвшилцөөд хонь гаргахаар болсон гэж хэлж байдаг. Хэрэв тийм байсан юм бол Энхтайвантай 3 жил хамт амьдрахдаа Энхтайваны хиртэй хувцсыг нь угааж, хүйтэнд даарахд нь халуун хоолтой нь байлгахгүй л байсан байх. Түүнээс Энхтайванд тэр эмэгтэй гай болсон зүйл байхгүй. Эдгээр асуудлуудаас болоод хүнээр хяналтын камер авчирч тавиулаад би хойноос нь хөөж очиж барьсан. Хэрвээ би камер тавиагүй байсан бол хулгайн гэмт хэрэг хэд давтагдахыг би мэдэхгүй. Асуудал нь энд байсан. Энхтайван, Тунгалагтуяа 2 хоорондоо холбоо сүлбээтэй. Гантулгыг мэдэхгүй юм байна. Гэхдээ Гантулга намайг хар зам дээр машиныг нь анх зогсоогоод машины цонхыг нь онгойлгоод харахад Гантулга “намайг ийм юманд орооцолдуулаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд” машиныхаа урд хэсгийг гараараа цохиж байсан. Би машиныхаа багаажийг ойлго гээд Гантулгад хэлэхэд багаажаа ойлгосон. Хэргийн эзэн хэнгэрийн дохиур бол тэр эмэгтэй Тунгалагтуяа юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Эрдэнэсувд мэдүүлэхдээ: ... Хониноос дутаад байна гэхээр нь малын хашааныхаа урд хяналтын хэсэгт камер тавьсан юм. Хэрэг гарсан он сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ах Эрдэнээ ээжийг аваад Улаанбаатар хотод очиж үзүүлэхээр явсан байсан учраас тухайн өдөр би гэртээ байсан юм. Намайг хяналтын камераар харж байхад Энхтайван нэг л биш  ийш тийшээ утсаар яриад бууз боолгож бэлдүүлээд, орой нь хавирга чанаад байхаар нь би ахад энэ талаар хэлсэн юм. Ах Эрдэнээ ч наад Энхтайванаа сайн харж байгаарай өнөө орой заавал хүн ирэх ёстой гэсэн. Тэгсэн ахын хэлсэн ёсоор орой  нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирсэн. Эрэгтэйгийнх хувьд гэрт орж ирчихээд ийш тийшээ хараад анх удаа ирж байгаа байдалтай байсан бол эмэгтэй нь олон удаа ирж байсан бололтой хоол унд идэж уугаад сурмаг гэгч нь байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй 2 тэднийд ирэхдээ нэг сав пивотой ирсэн. Энхтайван пивийг задалж уучихаад авдартаа хийчихсэн харин энэ 2 хүн уухгүй байсан. Хэсэг гэрт нь байж байгаад хоттой хонь руу 4-лээ ороод хоёр хоёроороо нэг нэг хонь чирээд хашаанаас гаргасан. Би ганцаараа байсан учраас ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Ах Эрдэнээ рүү энэ талаар мэдэгдээд эдгээр хүмүүсийн араас нь хөөсөөр байгаад барьж авсан гэжээ.

Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнээ мэдүүлэхдээ: ... Сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 12-нд 23 цаг 40 минутын орчим намайг Дарханд гэртээ байхад Бороод байрладаг манай бригад дээрээс манай төрсөн дүү Ц.Сувдаа өөрийнхөө 99099032 дугаарын утсаар над руу залгаад манай малчин Энхтайван нэг л бишээ утас шөрмөсөө оролдоод нэг л тогтворгүй байна би камераар хараад сууж байна гэхээр нь чи наадахаа сайн ажиглаж бай гэж би Сувдаад хэлсэн. Сувдаа тэд нарын хөдөлгөөнийг бригад дээрээс хянаад над руу утсаар холбогдоод байсан юм. Тэгээд Сувдаа дахиж утасдаад Энхтайваны гэрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд хоол цай болоод архи ууж байна гэхээр нь би Дарханаас машинтайгаа гарч давхиад Баруунхараа дээр явж байтал Сувдаа дахин над руу залгаад Энхтайван ирсэн 2 хүнийхээ хамт эхнэрээ дагуулаад хот руу ороод бужигнуулаад байна гэхээр нь би тэр чигээрээ давхиад Таширын даваа уруудаад бригадын гэрэл харагдахаар нь машиныхаа гэрлээ унтрааж зогсоод машин гарч ирэхийг хүлээсэн.Тэгэхэд Сувдаа над руу дахин утасдаад нөгөөдүүл чинь хотноос 2 хонь аваад гарлаа гэж хэлсэн. Тэгээд би машиндаа хүлээгээд сууж байтал манай бригадын тэндээс Бороогийн голын дунд гармаар машины гэрэл гараад ирэхээр нь би шууд доошоо уруудаад Зүүнхараа чиглэлд явж байгаа дүр үзүүлтэл нөгөө машин эргээд Ташир өгсөөд Баянгол сум руу чиглээд явсан. Тэгэхээр нь би араас нь дагаад машинтайгаа Баянгол сум руу чиглээд явсан. Нөгөө машин явсаар хар зам руу нийлээд Улаанбаатар хот руу чиглээд хар замаар явсан. Тэгэхээр нь би араас нь давхиж очоод нөгөө машины урдуур нь орж аваараа татаж зогсоод нөгөө машиныг зогсоосон. Тэгээд буугаад нөгөө машин дээрээ очтол сонота-3 маркын 18-34 СЭҮ дугаартай машин байсан ба дотор нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Арын хаалгыг нь онгойлготол манай нэг хонийг хөлийг нь боогоод суудлын ард юмаар хучаад тавьсан байсан. Тэгээд багаажийг нь онгойлготол бас нэг хонийг хөлийг нь боогоод хийсэн байсан. Тэгээд би нөгөө машинтай хүмүүсийг дагуулаад Баруунхараа орж цагдаад хүлээлгэн өгсөн /ХХ-ийн 16-р хуудас/, .... Ер нь бол хонь алдагдсаныг өөрөө ажиглаад л байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад бол огт мэдэгдэж байгаагүй. Би өөрөө хонь цөөрөөд байгааг мэдээд тэгээд арга буюу хяналтын камер суурилуулсан юм /ХХ-ийн 18-р хуудас/, .... Энхтайван манай малыг 2006 оноос хойш маллаж байгаа юм. Манай үхэр, адууг малладаг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

          Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Эрдэнэсувд мэдүүлэхдээ: ... Тэнд манайхны зарим нэг малыг Энхтайван гэдэг нөхөр харж малладаг. Бас хонь, ямаа зэргийг манай эгч Сэлэнгээгийн охин Хонгорзул /Онгоо/ нар малладаг юм. Би энэ байдлыг сонсож мэдээд ээждээ болон ах Эрдэнээ нарт дуулгаж хэлэхэд арай ч үгүй байлгүй гээд үнэмшихгүй байсан ба ер нь камер тавиад үзье гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд Эрдэнээ ах нэг өдөр ирж Энхтайван, Мөнгөнзул нарт мэдэгдэлгүй хүмүүсээр камер тавиулаад явснаас хойш 10 орчим хоногийн дараа буюу 2016 оны 01 сарын 12-ны орой Энхтайван гэр дотроо орж гараад нэг л сэжиг бүхий байгаад байгаа нь гэрт нь байрлуулсан камерт харагдаж байсан. Үргэлжлүүлээд хараад байсан чинь 23 цаг 00 минутын үед гэрт нь эмэгтэй, эрэгтэй 2 хоёр хүн ирээд хоол унд идээд пиво ууцгаагаад сууж байснаа 4-үүлээ гэрээс гарсан. Харин малын хотонд байрлуулсан камерт Энхтайван гэрээсээ гараад нөгөө 3-гаа хонины хот руу дагуулж ороод нэлээд удаж байгаад 2 том хонь хашаанаас гаргаж хоёр хоёроороо барьж цааш явж байгаа нь харагдсан. Би тухайн орой Энхтайваныг сэжиг бүхий байгаа байдлын талаар Эрдэнээ ахдаа урьдчилан хэлсэн байсан бөгөөд хонийг аваад явсаны дараа Эрдэнээ ах эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг замд нь саатуулахд үнэхээр манай хоёр хонийг машиндаа ачаад явж байсан юм байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 14-р хуудас/, Илтгэх хуудас /ХХ-ийн 12-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 33-р хуудас/, 94872573 дугаарын 2015-12-10-ны 2015 оны 06 дугаар 14-ний өдрийн гадагш ярьсан болон илтгэсэн мессежны жагсаалт /ХХ-ийн 47-48-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /ХХ-ийн 99-100-р хуудас/, 99623412, 99391130 утасны гадагш ярьсан болон илгээсэн мессежны жагсаалт /ХХ-ийн 123-125-р хуудас/

Мөрдөн байцаалтанд С.Тунгалагтуяа: ... Би түүнийг ядарсан зүдэрснийг нь мэддэг болохоор л туслах зорилгоор ирсэн юм. Уг нь Энхтайван ах тухайн өдөр 13 цагийн 00 минутын  үед утсаар над руу холбогдож хэлсэн … Ямар ч байсан 2 хонийг гэртээ аваачаад маргааш нь сумын төвөөр явах үедээ аль нэг хүнтэй тохироод худалдчихъя даа гэж бодож байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 71-р хуудас/

Мөрдөн байцаалтанд  П.Энхтайван мэдүүлэхдээ: ... Би өвөл хувцас хунар муутай хөл гар даараад хувцас авч өмсөхийн тулд 2 хонь хулгай хийсэн юм. Мөн хааяа цай давс зэрэг хүнсэнд хэрэглэх зүйлүүд дуусчихдаг байсан. Тийм болохоор дээрх зүйлүүдийг худалдаж авахын тулд хийсэн хэрэг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 79-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Г.Гантулга мэдүүлэхдээ: ... Би сэжигтнээр байцаагдах үедээ болсон хэргийн талаар бүгдийг ярьсан. Би гэмт хэрэг үйлдээгүй, зөвхөн жоохноо буюу Тунгалагтуяагийн гуйлтаар явж байгаад хэрэгт холбогдчихоод байна.

           Хэрэг үйлдээгүй болохоор нэмж ярих зүйл байхгүй /ХХ-ийн 113-р хуудас/ Тээврийн хэрэгсэл саатуулсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 9-р хуудас/ хоёр тооны хонийг С.Эрдэнээд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 11-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэрэг гарах үед хийж бэхжүүлсэн гэх СД/ /ХХ-ийн 14-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Гантулгын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 127 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 86 дугаар хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 82 дугаар хуудас/, С.Тунгалагтуяагийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 128 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 86 дугаар хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 83 дугаар хуудас/, П.Энхтайваны оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 129 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 84 дүгээр хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг Бороо гэх газраас Дархан уул аймгийн 1 дүгээр баг Чулуутын 4-01 тоотод оршин суух Ц.Эрдэнээгийн 2 тооны хонийг хулгайлж 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон харин шүүгдэгч Г.Гантулга нь шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа нартай бүлэглэн Ц.Эрдэнээгийн 2 тооны хонийг хулгайлж 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Гантулга нь П.Энхтайван, С.Тунгалагтуяа нартай бүлэглэн Ц.Эрдэнээгийн 2 тооны хонийг хулгайлж 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Эрдэнээ мэдүүлэхдээ:  ... Энхтайван, Тунгалагтуяа хоёр хоорондоо холбоо сүлбээтэй. Гантулгыг мэдэхгүй юм байна. Намайг хар зам дээр Г.Гантулгын машиныг нь анх зогсоогоод машины цонхыг нь онгойлгоод харахад Г.Гантулга Тунгалагтуяад хандаж “намайг ийм юманд орооцолдуулаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд машиныхаа урд хэсгийг гараараа цохиж байсан....гэх, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч С.Тунгалагтуяа мэдүүлэхдээ: ... шөнө 23 цагийн үед Гантулга руу яриад ойрхон манай ах байдаг юм аа 2 хонь зараад өгөөч гээд байна 2-лаа хамт очоод ирье гэсэн. Гантулга энэ орой болсон хойно болох юм уу гэхэд болох байлгүй дээ би маргааш хүүхэд шуухад гээд завгүй гэж хэлээд Гантулга бид хоёр Энхтайван ахынд очсон .... Энхтайван ах тосч ирээд энд машинаа орхичихоо. Манай гэр лүү машин очдоггүй юм аа гэж хэлсэн ...гэх /ХХ-ийн 71 дүгээр хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч П.Энхтайван мэдүүлэхдээ: ... 2016 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө хамтран амьдрагчтайгаа ярьж байгаад 2 хонь зарахаар болж айл саахалт байдаг Тунгалагтуяа руу утасдаж дуудсан юм, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... Гантулга өмнө нь манайд ирж байгаагүй гэх /ХХ-ийн 80 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Гантулга мэдүүлэхдээ: ... Баруунхараа дөхөөд хар зам руу нийлэх гэж байхад Тунгалагтуяа хот руу чиглээд зүүн гар тал руугаа эргэ гээд байхаар нь зүүн гар тал руу эргээд хар замаар хот руу чиглээд 400-500 метр орчим явж байтал араас цагаан өнгийн Патрол машинтай хүмүүс ирээд урдуур зам хөндлөн хааж зогссон ... Эхлээд би хулгайн хонь гэдгийг нь мэдээгүй байсан. Сүүлд нь мэдсэн...гэх /ХХ-ийн 64 дүгээр хуудас/ мэдүүлэг зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.Гантулга нь С.Тунгалагтуяа, П.Энхтайван  нартай бүлэглэж Ц.Эрдэнээгийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж 400000 төгрөгний хохирол учруулсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу  гэм буруугүйд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Гантулгад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа  нар нь шунахайн сэдэлтээр бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг Бороо гэх газраас Дархан уул аймгийн 1 дүгээр баг Чулуутын 4-01 тоотод оршин суух Ц.Эрдэнээгийн 2 тооны хонийг хулгайлж 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа  нар нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулахдаа  бүлэглэж үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа нарт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Эрдэнээ хулгайд алдсан 2 тооны хонио авч хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Энхтайван, С.Тунгалагтуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                             

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дуутан овогт Ганзоригийн Гантулгад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Энхтайван, Боржигон овогт Сүрэний Тунгалагтуяа нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр П.Энхтайванг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, С.Тунгалагтуяаг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  П.Энхтайванд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, С.Тунгалагтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үед хийж бэхжүүлсэн гэх дискийг энэ хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар С.Тунгалагтуяагийн эзэмшлийн нас гүйцсэн 5 /тав/ эр хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар  П.Энхтайванд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн  хугацаагаар, С.Тунгалагтуяад оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  П.Энхтайван, С.Тунгалагтуяа нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   П.Энхтайван, С.Тунгалагтуяа  нарт урьд авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Гантулгад урьд авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.