Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2021/0001

 

                    

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Байчууд Мянганбуугийн Очирхуяг /РД79121213/-ийн  нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудсын тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцуулж, Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуягийг олонхийн санал авсныг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч М.Очирхуягийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Машбат нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч М.Очирхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт эхэлж, үргэлжилж байна. Хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг даргад Ардчилсан намын бүлгээс төлөөлөгч Ш.Идэрбаясгалан, Монгол Ардын намын бүлгээс төлөөлөгч М.Очирхуяг нар дэвшиж, нийт төлөөлөгчдөөс /ЗЗНДНТУХ/-д зааснаар нууцаар санал хураах үйл ажиллагааг явууллаа.

Саналын хуудаст 2 хүний нэр бичигдэж, хэрхэн тэмдэглэгээ хийх зааварчилгаатай байсан. Нийт төлөөлөгчдөөс нууцаар санал хурааж, саналын хуудсыг тоолоход Ардчилсан намын бүлгээс төлөөлөгч Ш.Идэрбаясгаланд 23 хүний, Монгол Ардын намын бүлгээс төлөөлөгч М.Очирхуягт 18 хүний санал өгсөн гэж тоолж, дүнг гаргаж танилцуулсан.

Гэтэл Ардчилсан намын бүлгээс төлөөлөгч Ш.Идэрбаясгаланд санал өгсөн төлөөлөгч нараас хамгийн багадаа 13 төлөөлөгчийн санал тэмдэглэсэн хуудаст тусгай тэмдэглэгээ хийгдсэн байсныг тооллогын комиссын гишүүн Б.Нямдаваа хэлснээр тооллогын комисс дүнгээ танилцуулж чадахаа больсон. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч Идэрбаясгалан гэсэн нэрийн аль нэг үсгийн дээд талд цэг тавьж тэмдэглэсэн байсан ба зарим төлөөлөгч нар за өгсөн шүү гэж тэмдэглэсэн саналын хуудсаа өргөж нийтэд харуулах зэрэг илтэд хууль зөрчсөн үйлдлүүдийг санал хураалтын явцад гаргаж байсан.

Ингэснээр Хурлын дарга Г.Мөнгөнхуяг нь суудлаасаа босч тооллогын комиссын гишүүдтэй очиж маргалдан улмаар саналын хуудсыг булаан авч уг саналын хуудсыг тооллогын комиссын гишүүдэд өгөхгүй “чи ав” гэж Хурлын ажлын албаны ажилтан руу хандан хэлж байсан. Энэхүү үйлдлүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 “... нэг хүн нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг ... сонгогдсонд тооцно” гэсэн заалтыг буюу төлөөлөгчдийн нууцаар санал өгөх, сонгох, сонгогдох эрхэд халдсан явдал гэж үзэж байна.

Энэхүү үйлдлүүд нь төлөөлөгчдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан, Сонгуулийн хууль зөрчсөн хэрэг гэж үзээд бид энэ асуудлаар Тагнуул, Цагдаагийн байгууллагад шийдвэрлүүлэхээр хандсаны дагуу тухайн байгууллагынхан ирж саналын хуудсыг битүүмжилж авсан.

Ингээд энэхүү хууль бус асуудлыг шийдвэрлээгүй байхад төлөөлөгчдийн олонхийн хүчээр хүч түрэмгийлэн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоолыг батлуулсан.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ...” гэсэн заалтыг зөрчин төлөөлөгчдийн саналаа чөлөөтэй илэрхийлэх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох, нөгөө талаас аймгийн Засаг даргад нэр дэвшигч миний аймгийн Засаг даргаар сонгогдох эрхэд халдсан учраас дээрх Хурлын хуралдааны 06 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ... сөргөөр нөлөөлсөн, мөн хуулийн 48.2.4 “захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэсэн заалтуудыг зөрчиж  гаргасан захиргааны акт гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Ш.Идэрбаясгаланд санал өгсөн саналын хуудаснаас 13 хуудсанд тэмдэглэгээ хийгдсэн байна гэдгийг Тооллогын комисс танилцуулсан бөгөөд Ш.Идэрбаясгалангийн санал авсан 23 хуудаснаас тэмдэг, тэмдэглэгээтэй 13 хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байх тул дараагийн буюу 18 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч М.Очирхуяг би Засаг даргаар томилогдох үндэслэлтэй гэж үзэж байна.

Энэхүү асуудлаар манай МАН-ын бүлгийн дарга Л.Төмөрбаатар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаа буруу тодорхойлсон болон бусад асуудлаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан тул сонгогдох эрх зөрчигдсөн Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуяг миний бие нэхэмжлэл гаргаж байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудасны тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцож, Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуяг намайг олонхийн санал авсныг тогтоож, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Очирхуяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: “Өмнө би Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудасны тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцож, Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуяг намайг олонхийн санал авсныг тогтоож, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Анхдугаар хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргад АН-аас төлөөлөгч Ш.Идэрбаясгалан, МАН-аас төлөөлөгч М.Очирхуяг миний бие нэр дэвшиж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Идэрбаясгалан авсан гэж тооллогын комиссоос танилцуулсан боловч Тооллогын комиссын гишүүд хоорондоо маргалдаж, нэр дэвшигч Ш.Идэрбаясгалан 23 төлөөлөгчийн, М.Очирхуяг 18 төлөөлөгчийн санал авсан боловч олонхийн санал авсан гэх төлөөлөгч Ш.Идэрбаясгаланд санал өгсөн 23 саналын хуудасны 13 нь тэмдэг, тэмдэглэгээтэй байна гэсэн маргаан гарснаар хууль хяналтын байгууллагынхан ирж саналын хуудсыг битүүмжлэн авч шалгах ажиллагаа явуулсан. Энэ шалгалтын ажиллагаа дуусаагүй байхад Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 06 тоот тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж, Ерөнхий сайд нь нэр дэвшигч Ш.Идэрбаясгаланг аймгийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.

Иймд миний өмнөх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага нь ач холбогдолгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлагатай боллоо.

Тийм учраас Засаг даргад нэр дэвшигч Ш.Идэрбаясгаланд санал өгсөн гэх 23 саналын хуудасны 13 хуудсыг хүчингүйд тооцвол Ш.Идэрбаясгалан нь 10 хүний санал буюу надаас бага хувийн санал авсан.

Энэхүү дээрх саналын хуудсанд тэмдэг тавьж байгаа үйлдлүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 11 дүгээр зүйлийн 11.4 “... нэг хүн нэр дэвшсэн бол илээр, хоёр түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг ... сонгогдсонд тооцно” гэсэн заалтыг буюу төлөөлөгчдийн нууцаар санал өгөх, сонгох, сонгогдох эрхэд халдсан явдал гэж үзэж байна.

Энэ хууль зөрчсөн үйлдлүүдийг Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд бид энэ асуудлаар Тагнуул, Цагдаагийн байгууллагад шийдвэрлүүлэхээр хандсан тул тухайн байгууллагынхан ирж саналын хуудсыг битүүмжилж авсан байгаа.

Нэр дэвшигч Ш.Идэрбаясгаланд санал өгөхдөө саналын хуудсанд тэмдэг тавьж буй үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ...” гэсэн заалтыг зөрчин төлөөлөгчдийн саналаа чөлөөтэй илэрхийлэх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох, нөгөө талаас аймгийн Засаг даргад нэр дэвшигч миний аймгийн Засаг даргаар сонгогдох эрхэд халдсан явдал гэж үзэж байгаа юм.

Ш.Идэрбаясгаланд санал өгсөн саналын хуудаснаас 13 хуудсанд тэмдэглэгээ хийгдсэн байна гэдгийг Тооллогын комисс танилцуулсан бөгөөд Идэрбаясгалангийн санал авсан 23 хуудаснаас тэмдэг, тэмдэглэгээтэй 13 хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байх тул дараагийн буюу 18 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч М.Очирхуяг би Засаг даргаар томилогдох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудасны Ш.Идэрбаясгаланг сонгосон тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцож, Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуяг намайг олонхийн санал авсныг тогтоож, улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч надад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрх олгоогүй. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргыг сонгох, санал хураахад олонх болсон намаас нэг хүнийг нэр дэвшүүлж харин Монгол Ардын намаас М.Очирхуягийн нэрийг дэвшүүлсэн байдаг. Санал хураалт явагдаад дуусахад тооллогын комисс гарын үсэг зурна, зурахгүй гэх маргаан үүссэн. Тухайн үед саналын хуудасны зураг болгоныг авч баримтжуулах боломж байгаагүй. Тэмдэглэгээтэй саналын хуудас байна гэж маргалдахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг очиж тэмдэглэгээтэй саналыг хуудсыг булааж авсан гэж яригддаг. Төрийн эрх мэдлийг авах гэсэн увайгүй үйлдэл хийж буруу жишиг тогтох вий хэмээн бодож байна. Өнөөдрийн байдлаар М.Очирхуяг нь аймгийн Засаг даргаар томилогдох боломжгүй. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар олонх болсон намаас Ш.Идэрбаясгалангийн нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайд баталсан. Өмгөөлөгчийн хувьд аймгийн иргэдийн Хуралд холбогдуулж гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийхэд 17 тэмдэглэгээтэй саналын хуудас гарч ирсэн. Үүнээс үзвэл саналын хуудсан дээр тэмдэглэгээ хийхийг зохион байгуулсан хэн нэгэн этгээд байгаа гэж бодож байна. Ингээд үүнийг шалгуулахаар гомдол гаргаж Тагнуулын байгууллагаас саналын хуудсыг ирж авсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж прокурор тогтоол гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай М.Очирхуягт мэдэгдсэн зүйл байдаггүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар саналын хуудсанд тэмдэглэгээ хийх нь зөрчил юм. Цагдаа, прокурор, тагнуулын байгууллагаас нэхэмжлэгчид энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл өгөөгүй нь хэргийг шалгаж дуусаагүй гэж ойлгож байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг М.Очирхуяг авсан гэдгийг тогтоолгож, тэмдэглэгээтэй саналын хуудсыг хүчингүйд тооцуулж, тухайн үед олонхийн буюу 23 хүний санал авсан гэх Ш.Идэрбаясгалангийн тэмдэглэгээтэй 17 хуудсыг хасахад 5 хүний санал авсан гэж ойлгогдож байна. Хэн хэн гэдэг хүмүүс саналын хуудсаа тэмдэглэсэн бэ гэдгийг тогтоох боломжгүй боловч зорилгогүйгээр ийм үйлдэл хийнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл төлөөлөгч нарын нууцаар санал өгөх ёстой эрхэнд нь халдсан гэж ойлгогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, зохион байгуулалтын асуудлууд хэлэлцсэн.

Энэхүү хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус бүр нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай” тогтоолын 5 дугаар зүйлийн 5.16-д “Аймгийн Засаг даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна гэж тус тус заасны дагуу аймгийн Засаг даргад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Шаравдоржийн Идэрбаясгаланг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Мянганбуугийн Очирхуягийг тус тус нэр дэвшүүлсэн.

Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн дагуу нууц санал хураалтыг явуулсан. Уг нууц санал хураалтын дүнгээр аймгийн Засаг даргад нэр дэвшигч Ш.Идэрбаясгаланг дэмжсэн 23 саналын хуудас, М.Очирхуягийг дэмжсэн 18 саналын хуудас тоологдож, нийт санал өгсөн төлөөлөгчдийн олонхи буюу 56 хувь нь Ш.Идэрбаясгаланг дэмжсэн.

Нэхэмжлэгч М.Очирхуягийн нэхэмжлэлтэй танилцахад “саналын хуудаст тусгай тэмдэглэгээ хийсэн” гэх гомдлыг дурдсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нууц санал хураалтын саналын хуудаст тусгай тэмдэглэгээ хийгдсэн нь саналын хуудас хүчингүй болох үндэслэл болно гэж заагаагүй. Мөн тус саналын хуудас дээр тэмдэглэсэн тэмдэглэгээг хэн гэдэг төлөөлөгч тэмдэглэсэн нь мэдэгдэхгүй, нууц санал гэснийг зөрчөөгүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан Шаравдоржийн Идэрбаясгаланг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг баталж, аймгийн Засаг даргаар томилуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоол, холбогдох баримтын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхий сайд Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилохоос татгалзсан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалт явуулах, санал тэмдэглэхэд хууль тогтоомж зөрчөөгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан Шаравдоржийн Идэрбаясгаланг Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилохоос татгалзсан тул анхдугаар хуралдааны аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, санал хураалт хүчингүй болсон.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ ...” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит II хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцсэн.

Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг аймгийн Засаг даргад Шаравдоржийн Идэрбаясгаланг дахин нэр дэвшүүлж, харин Монгол ардын намаас аймгийн Засаг даргад хүний нэрийг дэвшүүлээгүй тул хуралдааны дэгд заасны дагуу илээр санал хураалт явуулж, нийт төлөөлөгчдийн олонхийн буюу 60,5 хувийн санал авч, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 02 тоот тогтоолыг баталж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Машбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болон ээлжит бус хоёрдугаар хуралдаан явагдаж олонхийн санал авсан намаас Ш.Идэрбаясгалангийн нэрийг Засаг даргад нэр дэвшүүлж, харин Монгол ардын намаас М.Очирхуягийн нэрийг дэвшүүлсэн байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан нь зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгохтой холбоотой зохицуулалт юм. Хэрвээ аймгийн Засаг даргад 2-3 хүн нэр дэвшсэн тохиолдолд ямар байдлаар санал хураах талаар хуулийн зохицуулалт байхгүй тул хуралдааны дэгээр зохицуулж нууц санал хураалт явуулдаг. Ингээд нууц санал хураалтыг зохион байгуулж 41 төлөөлөгч оролцон санал өгч Ш.Идэрбаясгалан 23 хүний санал, М.Очирхуяг 18 хүний санал авч олонхийн саналаар Хөвсгөл аймгийн Засаг даргад Ш.Идэрбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад миний сонгох, сонгогдох эрхэд халдсан гэдэг. Үүнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М.Очирхуягийн сонгох, сонгогдох эрхэд халдсан зүйл байхгүй. Хуульд зааснаар олонхийн санал авсан бол сонгогдсонд тооцно. Нууц санал хураалт дээр саналын хуудас дээр нэмэлт тэмдэглэгээ тавьсан бол тухайн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, Хурлын дэг дээр ч байхгүй. Нууц санал хураалт хуулийн дагуу явагдсан гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 17 саналын хуудас тэмдэглэгээтэй байсан гэдэг ч хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 9 саналын хуудас тэмдэглэгээтэй байгаа. Гэхдээ эдгээр 9 саналын хуудас нь би дэмжсэн шүү, саналаа өгсөн шүү гэх зүйл байхгүй, нууц байх зарчмыг алдагдуулаагүй учраас саналын хуудсыг хүчинтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж нар шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч М.Очирхуяг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудсын тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцуулж, Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуягийг олонхийн санал авсныг тогтоолгож, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “1.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудсын тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцуулж, 2.Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуягийг олонхийн санал авсныг тогтоолгож, 3.Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах”-ыг хүссэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа /акт/-ны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1 дэх шаардлагадаа Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудсын тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцуулахыг хүссэн. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны үеэр Хурлын төлөөлөгчдөөс Засаг даргыг сонгох талаар саналаа илэрхийлсэн саналын хуудсууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Учир нь Хурлын төлөөлөгчдийн саналаа илэрхийлсэн саналын хуудсууд нь захиргааны байгууллагаас гаргасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр биш юм.

Харин тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол хэлбэрээр гаргасан байдаг ба нэхэмжлэгч түүнтэй маргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудсын тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцуулах” хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Очирхуягийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасныг зөрчөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн “2.Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуягийг олонхийн санал авсныг тогтоолгож, 3.Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч оролцож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж хэлэлцэх асуудлын дарааллын 4 дүгээрт аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр тогтож, улмаар Ардчилсан намын бүлгээс Ш.Идэрбаясгаланг, Монгол ардын намын бүлгээс М.Очирхуягийг тус тус нэр дэвшүүлж, Ш.Идэрбаясгалан хорин гурав, М.Очирхуяг арван найман төлөөлөгчийн санал авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэлээр[1] тогтоогдож байна.

Гэвч Ш.Идэрбаясгалангийн төлөө санал өгсөн 23 саналын хуудсуудаас 17 саналын хуудаст ямар нэгэн тэмдэглэгээ хийгдсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл[2], Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 220 дугаар тогтоолоор[3] тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.Очирхуяг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан нууц санал хураалт явуулах журмыг зөрчсөн тул  Ш.Идэрбаясгалангийн санал авсан 23 хуудаснаас тэмдэг, тэмдэглэгээтэй 13 хуудсыг хүчингүй болгож, дараагийн буюу 18 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч М.Очирхуяг би Засаг даргаар томилогдох үндэслэлтэй” гэж тайлбарласан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолыг[4] баталжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 5 дугаар зүйлийн 5.16-д “Аймгийн Засаг даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна” гэж[5] заасан байна.

Аймгийн Засаг даргад хоёр хүний буюу Ш.Идэрбаясгалан, М.Очирхуяг нарын нэр дэвшсэн тул нууц санал хураалт явуулах нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолтой нийцнэ. Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нууц санал хураалтын саналын хуудаст тусгай тэмдэглэгээ хийгдсэн нь саналын хуудас хүчингүй болох үндэслэл болно гэж заагаагүй. Саналын хуудас дээр тэмдэглэсэн тэмдэглэгээг хэн гэдэг төлөөлөгч тэмдэглэсэн нь мэдэгдэхгүй, нууц санал гэснийг зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь саналын хуудаст ямар нэгэн тэмдэглэгээ хийх нь нууц санал хураалт гэсэн утгыг алдагдуулах эрсдэлтэй. Жишээлбэл төлөөлөгчид хэн ямар тэмдэглэгээ хийх вэ гэдгээ урьдчилсан тохиролцож үүнийгээ баримтжуулж дараа нь саналын хуудас дахь тэмдэглэгээтэй тулган үзэх, эсвэл хэн ямар тэмдэглэгээ тавьснаа санал хураалтын дараа нэг бүрчлэн өчиж саналын хуудас дахь тэмдэглэгээтэй тулгах байдлаар хэн ямар санал өгснийг тогтоож болох бодит эрсдлийг саналын хуудаст тэмдэглэгээ хийснээр үүсгэнэ. Энэ нь саналаа нууцаар гаргах төлөөлөгчдийн эрхийг хөндөхөөс гадна ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчимд үл нийцнэ.

Саналын хуудаст тусгай тэмдэглэгээ хийхийг Хурлын хуралдааны дэгээр хориглоогүй боловч тэмдэглэгээ бүхий саналын хуудсуудыг хүчинтэйд тооцсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх зарчим баримтална”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэснийг тус тус зөрчсөн байна.

Хариуцагчийн “Хурлын хуралдааны дэгд нууц санал хураалтын саналын хуудаст тусгай тэмдэглэгээ хийгдсэн нь саналын хуудас хүчингүй болох үндэслэл болно гэж заагаагүй” гэх тайлбар хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг тойрон гарах үндэслэл биш бөгөөд Хурлын аливаа шийдвэр, үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.

Нэхэмжлэгчийн маргаж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн эсэхэд  дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан бөгөөд энэ нь зөвхөн Хурлын даргыг сонгох харилцааг зохицуулсан байх тул Засаг даргыг сонгох эрх зүйн харилцаанд үйлчлэхгүй.

Харин аймгийн Засаг даргыг сонгох эрх зүйн харилцаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу батлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баримтлахаар байна.

Хэдийгээр тэмдэглэгээ хийсэн саналын хуудсуудыг хүчинтэйд тооцож, улмаар Ш.Идэрбаясгаланг олонхийн санал авснаар шийдвэрлэсэн нь хууль бус байх боловч нэхэмжлэгч М.Очирхуягийн “Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуяг намайг олонхийн санал авсныг тогтоож, улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү” гэх шаардлагыг хангах боломжгүй юм.

Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, ...-ийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан ... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “... Хурал нь ... дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: ... г/Засаг даргыг томилуулах, ... санал гаргаж ... уламжлах”, 26 дугаар зүйлийн 26.2-т “ ... аймаг, ...-ийн Засаг даргад ... уг Хурлын хуралдаанд оролцсон ... төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заасан.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдахад 41 төлөөлөгч оролцсон болох нь тус хуралдааны тэмдэглэлээр[6] нотлогдож байгаа ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Засаг даргад нэр дэвшигч нь Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан байх шаардлагатай бөгөөд энэ нь дор хаяж 21 төлөөлөгчийн санал авсан байхыг илэрхийлнэ.

Гэтэл нэр дэвшигч М.Очирхуяг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс 18 төлөөлөгчийн саналыг авсан[7] байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан байх шаардлагад хүрэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Очирхуягийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох саналын хуудсын тэмдэглэгээтэй саналын хуудсуудыг хүчингүйд тооцуулах” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Очирхуягийн нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлага болох “Засаг даргад нэр дэвшигч М.Очирхуягийг олонхийн санал авсныг тогтоолгож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

[1] Хэргийн 28-53 дугаар хуудас

[2] Хэргийн 79-106 дугаар хуудас

[3] Хэргийн 109 дүгээр хуудас

[4] Хэргийн 60-72 дугаар хуудас

[5] Хэргийн 64 дүгээр хуудас

[6] Хэргийн 28 дугаар хуудас

[7] Хэргийн 94-102 дугаар хуудас