Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/184

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******өд холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг Доод жаргалант гэх газарт 2017 оны 07 сарын 09-ний өдөр 07-28 БНА улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчиж явсан *******ын амь насыг хохироож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал 2 болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ш.******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: Хохирогч Г.Нямаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 сарын 09-ний өдөр манай хүргэн Ш.******* өөрийнхөө 07-28 БНА улсын дугаартай машинаар манай гэрийн хажууд байх Могойт гэх газраас мод авчирах гэж талийгаач Мангал, манай бэрүүд болох Туяа, , Жамбалдагва нар явсан юм. Тухайн үед эд нарын хэнд ч янз бүрийн гэмтэл учраагүй. Би яаг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Машин онхолдсон гэсэн. Цуг явсан Туяа ирээд хэлсэн. Манайхаас хүмүүс очоод үзэхэд манай охин нас барсан байсан гэж хэлсэн. Надад янз бүрийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Болгоомжгүй байдлын улмаас ийм юм үүссэн болохоор гомдолгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/ Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 сарын 09-ний өдрийн 10 цагийн үед *******, талийгаач 2 ойрхон модонд явчихаад иръе гэсэн. 4 шуудай авч машинд суусан. Машин дотор талийгаачийн төрсөн ах Жамбалдагва, , бид хэд хойно суусан юм. Машиныг ******* жолоодож талийгаач урд жолоочийн хажууд суусан. Өмнө нь машины хүндэрүүлэгчийг талийгаачаар бариулж явдаг байсан юм. Тэр өдөр хүндэрүүлэгчийн бариулан эсэхийг мэдэхгүй байна. Тэр хүндэрүүлэгчийг ******* өөрөө янзалсан гэж хэлж байсан. Тэгээд гэрээс гараад 3-4 км зайд байх модны хормой руу гарах гэж байхад машин хүч алдаад ухарсан. Ухарангуутаа машин унтраад хойшоогоо ухараад эхэлсэн. Тэгээд хажуу талаар өнхөрсөн байх. Нэг мэдэхэд би машинаас гарсан байсан. Талийгаачийн ууц нь цухуйж харагдаж байсан. Машины 4 дугуй нь дээшээ харсан байсан. Тэгээд би түүнээс хойшхи юмнуудыг сайн санахгүй байна. Машин дотор байсан бүх хүмүүс зүгээр байсан гэх мэдүүлэг/ хх-ийн 30-32-р хуудас/

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ******* машинаа унаад авгай Мангалыг урд суулгаад Туяа, Болдоогийн авгай, би, манай эхнэр бид нар хойно сууж явсан. Гэрээс 2-3 км зайтай Могойт гэх газраас мод авахаар явсан. Замдаа модны ёроол руу өгсөөд нийлээн явсан байхад хүндэрүүлэгч мултарсан. Мултраад нээх биш хурдтай хойшоогоо ухарахад ******* сандарсан байх гар тормозоо татаад рүлээ баруун гар тийшээ дарсан юм. Тэгсэн машин эхний эргэлтээр бүтэн эргээд хэсэг хугацаанд зогсоод хазайж байхад нь хойно сууж байсан хүмүүс буусан юм. Эхний эргэлтэнд талийгаачийн хаалга нээгдэж гараад гадагш унасан, хоёр дахь эргэлтэнд түүнийг машинд дарагдсан гэж бодож байна. Машин 2 бүтэн эргээд зогссон. ******* бүгд зүгээр үү гэхэд газарт Мангал газарт хэвтэж байсан. Бид нар түүнд ойртож үзэхэд амьсгал хураасан байсан гэх мэдүүлэг / хх-ийн 40-41-р хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай: Талийгаачийн биед бүсэлхийн L2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны дарагдал няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, уушгины ар гадаргуугийн няцрал, баруун 1, 2-р хавирга, зүүн 1-6-р хавирганы хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун хацар бугалга, хэвлий гуя, өгзөг, нуруу, өвдөгт зулгаралт, дух, хацар, шанаа, бугалга, цээж, гуя, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ.

Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед бүсэлхий нурууны L2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны дарагдал, няцрал гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна. 2017 оны 07 сарын 09-ний өдрийн 16:00 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр талийгаач нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой байна гэх дүгнэлт / хх-ийн 57-59-р хуудас/

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, 07-28 БНА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.******* нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд ямар нэгэн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх бүртгэл байхгүй байна. Иргэн Ш.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна. Осол хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн асуултанд хариулах боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 51- 52-р хуудас/ -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 5-12/ -цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-23/ -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, ослын акт /хх-н 48-50/ -Ш.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74-75/ -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/ -тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87-88/ -жолоочийн хариуцлагын албан журамын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-ийн 89-90/ -эвлэрлийн гэрээ /хх-ийн 91-94/ 4 -мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 95/ болон шүүх хуралдаанд гаргаж Эрдэнэцогт сумын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нийт 2 хуудас,

Шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Доод жаргалантын могойт гэх газар руу 07-82 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож урд талын суудалд талийгаач Мангалыг суулгаж, хойд талд нь Жамбаа ах авгайтайгаа, Туяа, Хорлоо нарын хамт явж байсан. Хойд суудлыг авсан байсан учир тэд хөлөө жийгээд сууж байсан. Гэрээс гараад Могойт руу өгсөөд бэл хэсэг дээр нь очиход машины туслах мултарсан. Мултраад ухарсан юм. Ухараад явж байх үед нь сандраад рүлийг зүүн тийш нь дарахад машин 2 удаа өнхөрсөн. Ийм л зүйл болсон. Урьд нь машины хүндэрүүлэгч нь мултардаг байсан. Тэрийг нь би цагаан сарын өмнө янзалаад унахгүй байж байгаад тухайн өдөр унахад ийм асуудал үүссэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 69- 70-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны болон Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэлээ.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Ш.*******өд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирогч Г.Нямаа нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байх ба шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ үеэс эхлэн тоолсугай.

6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.*******өд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шүүгдэгч Ш.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******өд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ