Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/02063

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 10 сарын 02 өдөр

      Дугаар 183/ШШ2017/02063

              Улаанбаатар хот

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.Г-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ш-т холбогдох

 

     Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Г, хариуцагч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч И.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ш-тай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Ш.Б төрсөн. Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцаа таарч тохирохгүй, бие биенээ ойлгохгүй байснаас болсон юм. Эвлэрүүлэх хугацаа авах шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн жил тусдаа амьдарч байгаад дахин эргэж нийлж хамт амьдрах гэж оролдсон боловч бүтэлгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

            Хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Г бид хоёр 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Ш.Б төрсөн. И.Г-ны хэлж байгаа бүгд үнэн, бид зан харьцааны хувьд таарч тохирохгүй байснаас хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                         

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

   Б.Ш, Б.Ш нар 2013 онд танилцаж, гэр бүл болж, гэрлэлтээ 2014 онд албан ёсоор батлуулсан байх бөгөөд тэдний дундаас 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү Ш.Б төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

          Б.Ш, И.Г нар зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохирч, маргаангүй байх тул И.Г, Б.Ш нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй. 

 

   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д... “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” хэмээн заасан ба хүү Ш.Б-ийг эх И.Г-ны асрамжид үлдээхийг хариуцагч Б.Ш хүлээн зөвшөөрсөн, талууд энэ талаар маргаагүй байх тул хүү Ш.Б-ийг эх И.Г-ны асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

  Зохигчдын дундаас төрсөн хүү Ш.Б нь бусад хүүхдийн адил эрх эдлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тухайн хүүхдийн эцгийн хувьд түүнийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд зааснаар хүүхдийг сар бүр эцэг Б.Ш-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

 Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                  ТОГТООХ нь:

     1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Ш, И.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 8 дугаар сарын 09-нд төрсөн хүү Ш.Б-ийг эх И.Г-ны асрамжид үлдээсүгэй.

 

           3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн хүү Ш.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Ш-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

           4.Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

           

    5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-аас 100.200 төгрөгийг гаргуулж И.Г-д олгосугай.

 

     6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

             

                        ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН