Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар ШЦТ/2021/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын  яллагч Б.Оргилболд

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мт холбогдох эрүүгийн ..... тоот  хэргийг 2020 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн төрсөн, 53 настай, дээд боловсролтой, тэтгэвэрт, Сэргэг ХХК-д гэрээт харуул хамгаалалтын газар ээлжийн ахлах ажилтай,  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хангай овогт Л. М гэв. РД:/ТА........../

 

Шүүгдэгч Л.М нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг Салхитын уурхайн хажуу талын зам дээр иргэн Ё.Б саатуулан зогсоож, шалгах явцдаа гартаа барьж байсан гар станцаараа нүүрэн тус хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зовхинд цус хуралт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021.09.03-ны өдөр оройн ээлжинд 18 цаг 30 минутад уурхайн хамгаалалтын шөнийн ээлжийн ахлахаар албан үүрэг гүйцэтгэж явсан. 23 цагийн үед уурхай болон шинэ кемп хоёрын дундуур явдаг замыг тасалсан орон нутгийн зам явдаг. Уурхайн удирдлагын зүгээс уурхайн бүсэд гаднын хөдөлгөөн орж байгаа учир тус замыг хаасан. Тухайн орой хаасан замын хаалттай хэсэгт нэг машин тулж очоод хашаа дагаад явсаар Постын гадаа түр зогсоод хөдлөөд явсан. Хаагдсан замаар явсан болохоор би шалгах гэж очсон. Намайг машинаас буугаад “хаанахын хулгайч вэ” гэж хэлсэн гэсэн байсан. Би төрийн албанд 26 жил ажилласан, хүнтэй яаж харьцаа мэднэ. Намайг станцаар цохисон гэж ярьсан. Тийм явдал болоогүй. Б өөрөө мөрөнд зүүсэн байсан станц булаасан. Энэ станцаар манай ахлах Одууд гэсэн. Станцаа булаацалдаж байхад зүүн гараараа хамарт нь хүрсэн, би цохиогүй. Станцаа булааж аваад бүлгийн дарга руугаа ярих гэтэл станц ажиллахаа больсон байсан. Цуг явж байсан Б наад хүнээ хараад байж бай, би Одуудъя гээд явсан. Отай ирэхэд машинаа аваад явсан байсан. Бүлгийн дарга болон хамгаалалтын нэг ажилтантайгаа араас нь хамт цуг очсон. Би Б сайн танина. Тэгэхэд хүн танихгүй болтлоо согтуу байсан юм байна лээ. Хажууд нь нялх хүүхэд тэвэрсэн эхнэр нь явж байсан. Быг арай гайгүй юм байна гээд машиныг өгөөд явуулъя гэсэн. Тийм үйл явдал болсон. Мэдүүлэг өгөхдөө 2-3 удаа станцаар цохисон гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Бүлгийн даргатай хамт бид нар араас нь очиход “айраг өгөх гээд очиход танай хамгаалагч араас цохилоо” гэсэн. Намайг сайн таних ёстой. Би 2 жил ажиллаж байгаа, намайг танихгүй болтлоо согтсон байсан” гэв.

 

Хохирогч Ё.Б: “...Би 2021.09.03-ны шөнө 21 цагийн үед байх Гурвансайхан сум 3-р баг Салхитын уурхайн зүүн талд 800 м орчим газар байх өөрийн эзэмшлийн хороон дээр очоод унаж явсан Бонго-2 маркийн 41-71 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4-н ханатай жижиг монгол гэр ачаад уурхайн хойгуур хашаа дагасан замаар яваад уурхайн харуулын пост дээр харуулын дарга От хөдөө гэрээсээ авчирсан айраг өгөх гээд очсон чинь байхгүй байхаар нь хөдөө гэр рүүгээ хөдлөөд явсан юм. Тэгсэн чинь араас дээрээ гэрэл анивчуулсан харуулын машин ирээд намайг зогсоогоод миний ачиж явсан ачаа руу гэрэл тусгасан. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод мэндэлсэн чинь тэр харуулын машинтай ирсэн хүн надад хандаж “хаанахын хулгайч вэ” гэж хэлэхээр нь би “нутгийн иргэн байна” гээд хэлсэн юм, тэгсэн чинь намайг зүс үл таних хүн машинаасаа бууж ирээд баруун гартаа барьсан гар станцаараа миний нүүрэнд 3-н удаа цохисон. Тэгсэн чинь миний хамраас цус гараад доошоо газар суун тусахад манай машинаас хамт явсан Б бууж ирээд “юу болоод байна” гэсэн чинь намайг цохисон хүн гар станцаараа нэгээ, нэгээ гээд яриад гүйгээд явсан. Тэгээд Болбаатар надаас юу болсон талаар асуухаар нь “намайг хаанахын хулгайч вэ” гээд асуухаар нь би “нутгийн иргэн байна” гэсэн чинь цохичихлоо гэж хэлсэн юм. Тэгээд би цаашаа машинаа Баар унуулаад 1 км орчим газар явж байсан чинь харуулын машин дахин араас ирэхээр нь би Быг зогс гээд машинаа зогсоосон чинь харуулын дарга О, мөн зүс танихгүй хоёр хүн байсан. Тэгэхээр нь тэр хүмүүст хандаж “та нар миний ачааг шалгах гэж байгаа бол одоо шалгаад үз” гэж хэлсэн, тэгээд би авчирсан айргаа харуулын дарга От өгсөн. От хандаж “танд айраг өгөх гэж ирээд би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн тэгсэн чинь миний ачааг шалгалгүй харуулын дарга О хамт ирсэн хоёр хүнтэйгээ яваад өгсөн. Би Баар машинаа унуулаад гэр рүү явсан өөр зүйл болоогүй. Би тухайн хүнийг зүс харвал танина. Урьд өмнө нь харж байгаагүй. Миний хамар, зүүн нүд рүү 3-н удаа баруун гартаа барьж байсан гар станцаараа цохиод яваад өгсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй. Одоо миний хамар хугарсан. Эмчид үзүүлэн чихээс хийлгэсэн байгаа. 2021.09.03-ны шөнө зодуулснаас хойш шөнө унтаж чадахгүй толгой, хамар, нүүр их өвдөж зовуурьтай маш хэцүү байна. Миний машинд манай эхнэр Нямдаваа, Салхитын уурхайн цахилгаанчин ажилтай Б нар явсан өөр хүн байгаагүй. Би гомдолтой. Эмчилгээний төлбөр, бүх явсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

 

Гэрч Д.Оын: “...Би 2021.09.03-ний шөнө Гурвансайхан сумын 3-р багийн нутаг Салхитын уурхайд харуулын даргын үүрэг гүйцэтгээд амарч байсан чинь 22-23 цагийн хооронд манай харуулын шөнийн ээлжийн ахлах Л.М станцаар намайг дуудаад “1-р пост дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд би харуулын 1-р пост дээр ирсэн чинь харуулын ахлах Л.М “станц эвдэрсэн, хувцас урагдсан тул 1-р постын станцаар холбоо барилаа” гэж хэлсэн, тэгээд надад Мэндбаяр “1-р постын хажуу талын замаар цагаан өнгийн Бонго маркийн машин орж ирсэн тэгээд хамгаалалтын албаны машиныг шүргэх гээд зогссон, тэгээд жолооч нь бууж ирэхэд уурхайн зүүн талд Б гэх малчин залуу байсан. Тэгээд харуулын ахлахын гар станц эвдчихлээ, тэгэхээр нь машинаа уурхайгаас хойд зүгт 200-300 орчим газарт замын уулзвар хэсэгт харуулын машиныг орхиж 1-р пост дээр ирж танд хэллээ” гэж байсан, тэгээд би харуулын ахлах Л.М, хамгаалагч Э.Э нарыг аваад харуулын машин дээр ирэхэд цагаан өнгийн Бонго маркийн машин хөдлөөд яваад өгсөн байсан, би араас нь очиж зогсоогоод уулзахад цагаан өнгийн Бонго маркийн машинаас нутгийн малчин Б бууж ирэхээр нь харсан чинь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байгаа харагдсан. Тэгээд би очоод машин дотор байгаа хүмүүсийг харсан чинь эхнэр бололтой нэг эмэгтэй бага насны хүүхэд тэвэрчихсэн сууж байсан, хажуу талд нь уурхайн цахилгаанчин Б нар байсан. Тэгээд би Бд хандаж “харанхуй шөнө нялх хүүхэд суулгачихаад согтуу машин барьж явж болохгүй Баар машинаа бариулаад болгоомжтой яваад амраарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б  Б машинаа бариулаад яваад өгсөн би М, Э нарыг аваад харуулын пост руу явсан. Өөр зүйл болоогүй. Мэндбаяр харуулын үүрэг гүйцэтгэж байсан болохоор эрүүл байсан, харин Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой их үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч О.Бын: “...Би 2021.09.03-ний шөнө Гурвансайхан сумын 3-р багийн нутаг Салхит уурхайд цахилгаанчны ажил хийдэг юм тухайн өдөр ажлаасаа буугаад 14 хоног амралтаа аваад Эрдэнэдалай суманд байх гэр лүүгээ явах гээд унаа хайгаад явж байсан чинь уурхайн зүүн талд байх малчин Б аймгийн төв рүү өөрийн хороон дээрээс гэр ачаад явна гэхээр нь хүлээж байгаад хамт шөнө 21 цагийн үед Б, Б эхнэр Нямдаваа, нарын хамт Б эзэмшлийн цагаан өнгийн Бонго маркийн 41-71 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад “Салхит”-ын уурхайн хажуу талын замаар явж байсан чинь гэнэт машины араас нэг машин ирээд зогсоосон юм. Тэгээд Б машинаас буугаад араас ирсэн машины хүнтэй уулзаж байтал гэнэт Б харуулын машинтай ирсэн хүн нүүр лүү цохичихоод пост руу “1-р постоо” гээд станцаараа яриад зугтаагаад явсан. Тэгэхээр нь би Б очоод харсан чинь нүүр нь цус болчихсон хамраас нь их цус гарч байсан. Тэгээд Б бид нар машиндаа суугаад явж байсан чинь араас харуулын машин дахин ирээд чанга яригчаар “зогс” гэж хэлхээр нь зогссон юм, тэр машинаас харуулын дарга О, 2 харуулын хүнтэй бууж ирэхээр нь Б машинаасаа буугаад очсон. Тэгээд Б, От хандаж “тантай уулзах гээд ирсэн чинь намайг зодчихлоо, тэр хүн чинь хаанахын хулгайч вэ гэхээр нь би нутгийн хүн байна гээд хэлсэн чинь намайг зодчихлоо, уг нь айргийг чинь өгөх гээд ирсэн чинь урд пост дээр аваачаад өг гэхээр очсон юм, та шалгах гэж ирсэн бол шалга” гэж хэлсэн чинь шалгахгүй Б өгсөн айргийг О аваад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Намайг харж байхад араас ирсэн харуулын ажил хийдэг хүн “хаанахын хулгайч вэ” гээд цохичихсон байсан. Б би тэр ирсэн хүнд чи яахаараа зүгээр явж байгаа хүнийг зоддог юм гэж хэлхээр нь би машинаас буугаад очсон чинь тэр зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Б харахад хамраас нь их цус гарч байсан, гадаа харанхуйн байсан болохоор өөр зүйл сайн харагдахгүй байсан. Би тухайн хүмүүсийг харвал танина нэрийг нь сайн мэдэхгүй байна. Б надад хэлэхдээ өмнө нь айраг өгнө гэж ярьсан тэгсэн чи харуулын дарга О урд пост дээр авчраад өг гэж хэлсэн гэж ярьж байсан. Би болон Б бид хоёр жаахан айраг уусан байсан, харин О болон хамт ирсэн 2 хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг мэдэхгүй. Ер нь зүгээр явж байгаа малчин хүнийг барьж аваад зоддог чинь болохгүй гэж бодож байна. Тухайн үед Б, хүнтэй ямар нэг  байдлаар маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Гэрч Э.Энхбатын: “...Би 2021.09.03-ний шөнө Гурвансайхан сумын 3-р багийн нутаг Салхитын уурхайн шөнийн 1-р пост буюу шалган нэвтрүүлэх дээр үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 23-00 цагийн үед харуулын ахлах Л.М 1-р пост дээр станц нь 2 хэсэг болчихсон өмсөж байсан цамцны цахилгаан урагдсан байдалтай гаднаас орж ирээд харуулын дарга Одуудаад 1-р постоос хойд зүгт Бонго маркийн машинтай согтуу хүн явж байна гээд намайг Д.Отай хамт дагуулаад Л.М очих гээд явсан юм. Тэгсэн чинь цагаан өнгийн Бонго маркийн машин уурхайгаас хойд зүгт замаар явж байгаа харагдсан. Тэгэхээр нь харуулын машин замын уулзвар дээр байж байхаар нь харуулын ахлах Л.М надад хандаж ажлаа орхичих гээд харуулын дарга Оын хамт намайг аваад явсан. Уурхайгаас ойролцоогоор 1 км газар хойд зүг рүү яваад цагаан өнгийн Бонго маркийн машиныг харуулын машины чанга яригчаар “зогс” гэж хэлээд зогсооход машинаас нутгийн малчин зүс таних хүн бууж ирэхэд хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Машин руу нь нь харахад нялх хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэй, уурхайн цахилгаанчин Б гэх хүний хамт байж байсан. Тэгээд нутгийн малчин хүнд “одоо болгоомжтой яваад амарчих” гэж харуулын дарга О хэлэхэд машиндаа суугаад явсан. Бид нар харуулын пост руугаа явсан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 192 дугаартай: “Б биед тархи доргилт, зовхинд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-24-25/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/

- Багийн засаг даргын тодорхойлолт /хх-53/

- Ажлын газрын тодорхойлолт /хх-54/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/

           - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/

- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 51/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Л.М нь  2021 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг Салхитын уурхайн хажуу талын зам дээр иргэн Ё.Б саатуулан зогсоож, шалгах явцдаа гартаа барьж байсан гар станцаараа нүүрэн тус хэсэгт нь цохиж бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Мт зодуулсны улмаас хохирогч Ё.Б биед “тархи доргилт, зовхинд цус хуралт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 192 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа ба харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө эмчилгээний зардалд 70.000 төгрөг, бензин шатахуунд 114.800 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг нийт 984.800 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилснээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Сод Монгол Группээс авсан 30.000 төгрөгийн шатахууны зардал энэ хэрэгтэй холбоотой болох нь нотлогдохгүй байх тул хасаж бусад 954.800 төгрөгийн хохирлыг энэ хэрэгт хамааралтай гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 400.000 төгрөгийг хохирогчийн дансанд төлсөн тул нийт хохирлын дүнгээс хасаж тооцон шүүгдэгчээс 554.800 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол барагдуулсан болон цаашид барагдуулахаар илэрхийлж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овгийн Л М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Маас 554.800 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Бд олгосугай.

 

5. Шүүгдэгч Л.Маас нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН