Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ч. Улсын яллагч Б.******* Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 2123001400011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 25-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар:*******, утас: *******/

Шүүгдэгч М.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 76.8 килограмм хонин арцыг 2020 оны 09 дүгээр сард бусдаас худалдан аваад, Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах өөрийн хашаандаа нэн ховор ургамал болох 76.8 килограмм хонин арцыг хадгалж байгаад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумаас Улиастай сум руу “Сузуки Свипт” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 3.456.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч М.******* нь нэн ховор ургамал болох 76.8 килограмм хонин арцыг 2020 оны 09 дүгээр сард бусдаас худалдан авсан, Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах өөрийн хашаандаа нэн ховор ургамал болох 76.8 килограмм хонин арцыг хадгалсан, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумаас Улиастай сум руу “Сузуки Свипт” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримтууд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “...Би ******* сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаагийн хувьд байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгчийг арц худалдан авч хадгалсан талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...2020 оны намар 09 сард миний нөхөр ******* аймаг яваад ирэхдээ машиндаа 4 шуудайтай арц ачиж ирээд түлээний амбаарт оруулж хураасан юм. Тухайн үед би түүнээс “юун арц вэ?” гэж асуухад худалдаж авсан юм. Улаанбаатар хот руу явуулна гэж хэлж байсан юм. Тэгээд түүнээс хойш миний нөхрийн бие өвдөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан бөгөөд Улаанбаатар хотод нилээд байж байгаад 2020 оны 12 сард гэртээ ирэхэд нөгөө арц түлээний амбаарт байж л байсан юм. Тэгээд энэ намар 10 сарын 11-ний өдөр миний нөхөр ******* нөгөө хэдэн шуудайтай арцаа Улаанбаатар хот руу явуулна гээд яваад өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаад баригдчихлаа гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч М.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2020 оны намар 09 дүгээр сард “Арц худалдан авна” гэсэн зарыг өөрийнхөө “Magsarjalam Altai” гэх урьд нь хэрэглэж байсан хаяг дээрээ утасны дугаарынхаа хамтаар зар тавьж зарын дагуу үл таних дугаараас эмэгтэй хүн залгаж арц байгаа гэж яриад би Улиастай сумын төвд НТ гэх нэртэй шатахуун түгээх станцын дэргэд очиж үл таних эмэгтэй хүнтэй уулзсан. Тэгээд тэр эмэгтэйтэй ярьж тохироод бэлэн мөнгө тоолж өгөөд 5 том шуудайтай арц авсан. Тэгээд авсан арцыг Завхан аймгийн ******* сумын ******* багт байх хадам эцгийнхээ гэрийн амбаарт аваачиж тавьж хадгалж байгаад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* сумаас Улиастай сум руу тээвэрлэж яваад цагдаагийн алба хаагчдад баригдсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч М.*******ийн үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба нэн ховор ургамал болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.ын гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай “...1.5 шуудай, 76.8 кг арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурамч хонин арц (Juniрerus pseudossabina Fisch. Et Mey) 2. 5 шуудай, 76.8 кг арц нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “Ховор ургамал”-ын жагсаалтад орсон. 3. Тухайн хураагдсан 5 шуудай, 76.8 кг арц арцны экологи эдийн засгийн үнэлгээ 2020 оны 09 дүгээр сарын байдлаар гаргасан болно. № Арцны нэр Латин нэр /зүйл/ Нэг кг арцны Экологи эдийн засгийн үнэлгээ Нийт арцны тоо /кг/ Экологи эдийн засгийн үнэлгээ, /төгрөгөөр/ 1. Хонин Арц Juniрerus pseudossabin a 45.000 76.8 кг 3.456.000 Нийт 76.8 кг 3.456.000 гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгчийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арц худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч М.*******ийг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг худалдан авч, хадгалсан, тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч М.******* нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг худалдан авсан тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 3.456.000 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологиэдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэж зааснаар 3.456.000х5=17.280.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хохирлоос шүүгдэгч нь 1.728.000 төгрөгийг нөхөн төлсөн тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 15.552.000 төгрөгийг шүүгдэгч М.*******ээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. улсын дугаартай “Suzuki Swift” маркийн тээврийн хэрэгслийг 3200000 төгрөгөөр үнэлсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаартай “” ХХК-нийн Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн үнэлгээгээр тогтоогджээ. Шүүгдэгчийн хонин арц худалдан авч тээвэрлэхдээ ашигласан улсын дугаартай “Suzuki Swift” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл иргэн Б.гийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Б.гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5 уут хонин арцыг улсын орлого болгож, хонин арцыг тээвэрлэсэн Б.гийн эзэмшлийн улсын дугаартай “Suzuki Swift” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3200000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. М.******* нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 01 жил 06 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил /06/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч М.*******ийн дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ 06 /зургаа/ сарын жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.*******т 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 уут хонин арцыг, иргэн Б.гийн эзэмшлийн улсын дугаартай “Suzuki Swift” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3200000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого тус тус болгосугай.

8. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.гийн эзэмшлийн улсын дугаартай “Suzuki Swift” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгчээс 15552000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА