Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

 

 

 

 

 

                           2021/ШЦТ/222

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2112000000131 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн ....................тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархад овогт Бын Б/РД:КЕ................/

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг нутаг дэвсгэр, Бортолгойн 59-08 тоотод 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Лын толгойн тус газар заазуураар цохиж, зүүн хөмсөгнөөс чамархай руу чиглэсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2112000000131 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Лын өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын ........... байх найз Б.Бийнд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед түүний эхнэр Ч.Эийн хамт бид 3 байсан. Тухайн үед Б.Б бид хоёр 2 ширхэг 2.5 литртэй пиво, 0.75 литртэй 1 ширхэг шилтэй архи зэргийг уусан. Тэгээд Ч.Э хоол хийгээд байж байхад Б.Б эхнэр рүүгээ чи яв, эсвэл би явъя гэх зэргээр хэрүүл хийх гээд байхаар нь би, чи боль гэж хэлэхэд надтай Б.Б нь хэрүүл маргаан хийх гээд утгагүй юм яриад би баян чи яахын гэх зэргээр үг хэлэхээр нь би чиний баян гэж юу байдаг юм гэж хэлэхэд надтай зодолдох гээд Б.Б босож ирээд байхаар нь би түүнийг боль гэж хэлээд гэрийнх нь зүүн талын орон дээр тайвшруулах гээд дарахад Б.Б нь агсарч босож ирээд гэрийнхээ аяга тавганы шүүгээнээс юм хайж байснаа ногоон өнгийн иштэй заазуур гаргаж ирээд миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн асуудал болох үед манай найз Б.Б, Ч.Э нар байсан. Тэгэхдээ намайг Б.Б заазуураар цохих үед Ч.Э гэрээс гарсан байж байгаад цохисны дараа буцаж орж ирээд цагдаа дуудна гээд гараад явсан. Б.Б миний толгой хэсэг рүү 1 удаа заазуураар цохисон. Харин Ч.Э намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Ч.Э эрүүл байсан. Харин Б.Б бид хоёр согтуу байсан. Толгой өвдөж, нүд бүрэлзэж байна. Намайг өмнө зодож, цохиж байгаагүй. Надад хүн зодож, цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

           *Гэрч Ч.Эийн өгсөн:

           “...Намайг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд Архангай аймгийн 4 дүгээр баг, Бортолгой хорооллын ........... тоот хашаанд байх гэртээ байж байхад манайд гаднаас манай нөхөр Б.Б, Д.Л хоёр гадуур архи ууж явж байгаад согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ Б.Б, Д.Л хоёрт цай хийж өгчихөөд байж байхад Б.Б хоол идмээр байна гэхээр нь би хоол хийж гал дээрээ буцалгаж байхад Б.Б, Д.Л хоёр хоорондоо нэгнээ баян, ядуугаар нь дуудаад муудалцаад хэрэлдээд байсан. Тэгтэл би жорлон орж бие засчихаад гэр рүү буцаад ороход Б.Б, Д.Л хоёр нь гэрт ноцолдоод гэрийн зүүн талын модон орон дээр нэгнээ дарж аваад байсан. Тэгтэл манай нөхөр Б.Б босож ирээд аяга тавганы шүүгээнд байх ногоон өнгийн иштэй заазуурыг аваад Д.Лын баруун хөмсөг, дух орчимд нь нэг удаа цохиход Д.Лын толгой, нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон байж байхад манай гэрт хөрш айлын эгч Д.Н орж ирэхээр би Н эгчийн хамт гэрээс гараад хөрш болох М.Баар цагдаа дуудуулсан. Тэгээд Н эгч бид хоёр буцаад гэр рүүгээ ороход Б.Б гэрийнхээ үүдэн дээр суучихсан, Д.Л нь байхгүй байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирэхэд Д.Лыг манай урд талын 58 дугаар гудамжны үзүүрт байна гэж байсан. Мөн удалгүй түргэний машин ирээд Д.Лыг аваад явсан. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч нэгнээ баян. ядуугаар нь дуудаад маргалдаад байсан. Манай нөхөр Б.Б Д.Лын баруун хөмсөг, дух орчимд нь нэг удаа заазуураар цохисон. Тэгтэл Д.Лын толгой, нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон гоожоод байсан. Манай нөхөр Б.Бийг Д.Л зодож, цохисон зүйл байхгүй. Манай нөхөр Б.Б Д.Лын толгойд нь 1 удаа заазуурдсан, өөрөөр зодож, цохисон зүйл байхгүй. Б.Б бид хоёр 2015 оноос хойш хамт амьдарч байна Албан ёсоор гэр бүл болсон зүйл байхгүй. Иргэн Б.Б, Д.Л нар нь согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Бийн өгсөн:

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 173 дугаартай“...Д.Лын биед зүүн хөмсөгнөөс чамархай руу чиглэсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг нутаг дэвсгэр, Бортолгойн 59-08 тоотод иргэн Д.Л нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хохирогч Д.Лын”...Тэгээд Ч.Э хоол хийгээд байж байхад Б.Б эхнэр рүүгээ чи яв, эсвэл би явъя гэх зэргээр хэрүүл хийх гээд байхаар нь би, чи боль гэж хэлэхэд надтай Б.Б нь хэрүүл маргаан хийх гээд утгагүй юм яриад би баян чи яахын гэх зэргээр үг хэлэхээр нь би чиний баян гэж юу байдаг юм гэж хэлэхэд надтай зодолдох гээд Б.Б босож ирээд байхаар нь би түүнийг боль гэж хэлээд гэрийнх нь зүүн талын орон дээр тайвшруулах гээд дарахад Б.Б нь агсарч босож ирээд гэрийнхээ аяга тавганы шүүгээнээс юм хайж байснаа ногоон өнгийн иштэй заазуур гаргаж ирээд миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Эийн “...Б.Б, Д.Л хоёрт цай хийж өгчихөөд байж байхад Б.Б хоол идмээр байна гэхээр нь би хоол хийж гал дээрээ буцалгаж байхад Б.Б, Д.Л хоёр хоорондоо нэгнээ баян, ядуугаар нь дуудаад муудалцаад хэрэлдээд байсан. Тэгтэл би жорлон орж бие засчихаад гэр рүү буцаад ороход Б.Б, Д.Л хоёр нь гэрт ноцолдоод гэрийн зүүн талын модон орон дээр нэгнээ дарж аваад байсан. Тэгтэл манай нөхөр Б.Б босож ирээд аяга тавганы шүүгээнд байх ногоон өнгийн иштэй заазуурыг аваад Д.Лын баруун хөмсөг, дух орчимд нь нэг удаа цохиход Д.Лын толгой, нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон байж байхад манай гэрт хөрш айлын эгч Д.Н орж ирэхээр би Н эгчийн хамт гэрээс гараад хөрш болох М.Баар цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 173  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Бийн хүний биед зүүн хөмсөгнөөс чамархай руу чиглэсэн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар бариултай заазуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР