| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2016/00489/И |
| Дугаар | 183/ШШ2017/02431 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2017/02431
| 2017 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2017/02431 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А-тай 2004 онд танилцаж, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр том охин А.М, 2008 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дунд охин А.О, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бага охин А.Э нар төрсөн. Амьдарч байх хугацаанд бид хоорондоо таарамжгүй харилцаатай болж, хэд хэдэн удаа хэрэлдэж, Д.А намайг жирэмсэн байхад хүртэл гар хүрч байсан. Мөн Д.А-н эцэг эх, ах дүү нь амаар доромжилж, бидний харилцаанд нөлөөлсөн. Улмаар миний бие 2015 оны 5 дугаар сараас хойш Д.А-аас тусдаа амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдрах хугацаанд би бага охиноо авч, хоёр том охиноо авах гэхэд Д.Асургууль нь ойрхон учраас би хүүхдүүдээ энд байлгаад хүргэж өгч чадна гэсэн. Тэгээд хуучин газраасаа нүүгээд нэг айлын хашаанд бууж, хүүхдүүдээ гал түлэхгүй хүйтэн гэрт айлын эрэгтэй хүүхдүүдтэй хамт үлдээсэн байсан. Би тусдаа амьдрах хугацаандаа эвлэрэх гэж оролдсон ч боломжгүй гэдгийг ойлгож шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, хоёр том охиноо өөр дээрээ авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад Д.А амиа хорлоно гэж намайг сүрдүүлсэн бөгөөд би Цагдаагийн байгууллагынхантай хамтарч Д.А-ийг гэрт нь хариулсан. Д.А нь хүүхдүүдтэйгээ холбоо барьдаггүй, намайг залгахаар утсаа ч авдаггүй. Том охин маань аав руугаа залгахаас айгаад байна гэдэг. Намайг байхгүй хойгуур Д.Ахүүхдүүд рүүгээ залгаж айлгасан байсан. Цаашид Д.Алтанхуягтай хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гурван хүүхдээ би өөрийн асрамжид авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна. Уг мөнгийг хүүхдүүддээ зарцуулах болно. Би 3 хүүхдийнхээ боловсролд их анхаарч одооноос дугуйлан секцэнд хамруулж байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний нэр дээр байдаг хэдэн мал байдаг, түүнийгээ авна, би өөрөө очиж авч чадахгүй, хүн явуулж авахуулна. Аав нь ирээд ав гэдэг тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй. Д.А-ийг хүүхдүүдтэйгээ холбоотой байж байгаарай гэж хэлье, уулзаж холбоотой байхад нь миний зүгээс цааргалах, татгалзах зүйл байхгүй гэв.
Хариуцагч Д.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд танилцаж 2006 онд гэр бүлж болж, гурван хүүхдийн эцэг эх болцгоосон. Бид эхний жилүүдэд хэвийн сайхан амьдарч байсан. Би С.Бгийн магистрын төлбөрийг төлөх гээд Баян-Өлгий аймаг руу ажлаар яваад ирэхэд С.Б бага охиноо аваад хамт ажилладаг хүнтэйгээ суугаад гэрээсээ явчихсан байсан. Үүнээс болж бидний хооронд маргаан гарч улмаар маргаан даамжирч, 2015 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд С.Байгальмаа бага охинтойгоо, би хоёр том охинтойгоо амьдарч байсан ба анх С.Б-г шүүхэд нэхэмжлэл гаргах үед хоёр том охиноо өөрийн асрамжид авна, тэр хоёртой амьдарч чадна гэж сэтгэл шулуудсан байсан. Гэтэл хүүхдүүдтэйгээ ярих болгонд ээж нь эцэгтэйгээ яах гэж уулздаг юм гэж загнаад байдаг байсан. Түүнээс хойш би хүүхдүүдээ бодоод ээж нь загнаад байдаг юм байна гээд утсаар ярихаа больсон. Одоо ч би хүүхдүүдтэйгээ утсаар ярихаас айдаг. Гэхдээ хүүхдүүд маань том болоод ухаарах байх гэж боддог. Хүүхдүүд маань одоо сургууль сургууль дамжаад явж байгаа нь хэцүү байна. Манай ах, дүү, ээж аав хүн дарамтлах хүн биш. Эвлэрүүлэн зуучлахад хандах хугацаанд эхнэртэйгээ эвлэрэх боломжтой гэж бодож байсан ч С.Б хамт ажилладаг н.Б гэдэг хүнтэй дотносч хамт амьдардаг болсон байсан. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Одоо хоёр том хүүхдийг өөрийн асрамжид авна гэж булаалцалдахгүй, гурван хүүхдээ эхийнх нь асрамжид хамт үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Хүүхдүүдтэйгээ уулзаж, утсаар ярьж байхыг л хүсэж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хэдэн мал манай аав дээр байдаг. Аав С.Б-г малаа ав гэж хэлдэг, хүн явуулаад авахуулахад татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Д.А, С.Б нар 2004 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх бөгөөд тэдний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин А.М, 2008 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин А.О, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин А.Э нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
С.Б, Д.Анар зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж 2015 оноос хойш тусдаа амьдарч, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэмж, эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохирсон байх тул тэдний тохирсноор гэрлэлтийг цуцалж, 2007 оны 01 дүгээр сарын 13-нд төрсөн охин А.М, 2008 оны 7 дугаар сарын 06-нд төрсөн охин А.О, 2013 оны 5 дугаар сарын 31-нд төрсөн охин А.Э нарыг эх С.Б-гийн асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдүүдийг эцэг Д.А-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,
26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”,
26.4-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”,
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх,
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “…эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”,
9 дүгээр зүйлийн 3-т “хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж тус тус заасан байна.
С.Б нь хууль болон конвенцийн дээрх заалтуудын дагуу охин А.М, А.О, А.Э нарыг эцэг Д.А-ийн хайр халамжийг хүртэх, түүнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, эцэг Д.А-ийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эх С.Б-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.А, С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А.М, 2008 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.О, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин А.Э-нарыг эх С.Б-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 13-нд төрсөн охин А.М, 2008 оны 7 дугаар сарын 06-нд төрсөн охин А.О, 2013 оны 5 дугаар сарын 31-нд төрсөн охин А.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрийг эцэг Д.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А-ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч С.Б-д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
7.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН